| Шүүх | Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Паламын Амаржаргал |
| Хэргийн индекс | 116/2024/0018/З |
| Дугаар | 116/ШШ2024/0038 |
| Огноо | 2024-11-18 |
| Маргааны төрөл | Газар, |
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 116/ШШ2024/0038
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Амаржаргал даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймагт оршин суух, *******ын ******* /РД:*******/
Хариуцагч: Дорнод аймгийн Засаг дарга нарын хооронд үүссэн “Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт орших өмчлөлийн 66 м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгөд ногдох 66 м2 талбай бүхий газрыг эзэмшүүлсэн шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, эзэмшүүлсэн шийдвэр гаргахыг даалгах”-тай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******, хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч Ц.******* нь Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулан, “Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт орших өмчлөлийн 66 м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгөд ногдох 66 м2 талбай бүхий газрыг Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 22 дугаар зүйлийн 22.1.1, 22.1.2 дахь хэсгүүдэд үндэслэн газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт зааснаар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хариуцагч Дорнод аймгийн Засаг даргад Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсгүүдийг үндэслэн даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан[1].
1.2. Ц.******* нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт орших өмчлөлийн 66 м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгөд ногдох 66 м2 талбай бүхий газрыг эзэмшүүлсэн шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, эзэмшүүлсэн шийдвэр гаргахыг даалгах” гэж тодруулсан.
Хоёр: Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 79 дүгээр тогтоолоор “...******* сумын 6 дугаар багийн эзэмшлийн 1973 онд ашиглалтад орсон 66м2 талбай бүхий модон хийцтэй, ...конторын зориулалттай барилгыг ашиглалтаас хасч дуудлагаар худалдах, ...дуудлага худалдааг хууль журмын дагуу зохион байгуулахыг Орон нутгийн өмчийн алба /Б.*******/-д даалгажээ[2].
2.2. Дуудлага худалдааг 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулж, Ц.*******, М.******* нар оролцон, дуудлага худалдааны ялагчаар *******ын ******* 40 400 000 төгрөгийн эцсийн дүнгээр ялалт байгуулжээ[3].
2.3. Иргэн Ц.******* нь 2023, 2024 онд Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт, Дорнод аймгийн Орон нутгийн өмчийн газарт, Дорнод аймгийн Засаг даргад тус тус хандан “...66 м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан авч, ногдох 66 м2 талбай бүхий газрыг гэрчилгээжүүлж албан ёсоор эзэмших” хүсэлт гаргасан байна.
2.4. Дорнод аймгийн Засаг даргаас 2024 оны 1/1064 дүгээр албан бичгээр[4] “...барилгын доорх газрыг давуу эрхээр эзэмшүүлэх шийдвэр гаргах боломжгүй” аймгийн Орон нутгийн өмчийн газраас 2024 оны 22 дугаар албан бичгээр[5] “...уг барилгын доорх газар нь ямар нэгэн хуулийн этгээд, иргэний эзэмшилд бүртгэгдээгүй байна” аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2017 оны 424[6], 2021 оны 1/343[7], 2024 оны 1/452 дугаар албан бичгээр[8] “барилгын доорх газрыг эзэмшүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн” хариуг хүргүүлж байсан байна.
2.5. Нэхэмжлэгчээс Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулан 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газраас зарлагдсан дуудлага худалдаанд оролцож Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутагт орших “...Хуучин 6 дугаар багийн ажлын албаны байр...” байрлаж байсан 1973 онд ашиглалтанд орсон 66м2 талбайтай модон хийцлэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 40.400.000 /дөчин сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр худалдан авсан. Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газраас 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулсан дуудлага худалдааны дагуу иргэн Ц.******* надад 2017 оны 04 дүгээр сард үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсныг нотлох бүхий л бичиг баримтыг өгсөн боловч тухайн үл хөдлөх хөрөнгөө гэрчилгээжүүлж албан ёсоор өмчлөх эрх үүсэхгүй өнөөдрийг хүрээд байна. Учир нь үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа 66м2 талбай бүхий эдэлбэр газрын хууль ёсны өмчлөгч Ц.******* надад эзэмшүүлэх шийдвэр гаргалгүй орхигдуулснаар нэхэмжлэгч Ц.******* миний бие нь Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний хуулиар олгогдсон өмчлөх эрхээ хуульд заасан үндэслэл журмыг бүрэн хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсч, 2017 оны 04 дүгээр сараас эхлэн өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна. Тодруулбал: Монгол Улсын Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “...Эрх бүхий байгууллагаас олгосон газрын зөвшөөрөл, зургийн даалгавар, норм нормативын баримт бичиг, стандарт, технологийн даалгавар, тоног төхөөрөмжийн паспорт, техникийн нөхцөл, инженер хайгуулын судалгаанд үндэслэн боловсруулагдсан байх...” 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт “...Эрх бүхий байгууллагаас олгосон газрын зөвшөөрөл...” 22.1.2 дахь хэсэгт “...Барилга бариа газрын нэгж талбарын кадастрын зураг, түүний нөхцөл байдлыг харуулсан гэрэл зураг...” гэж үл хөдлөх эд хөрөнгө буюу барилгад тавигдах шаардлагыг тодорхойлж өгсөн бөгөөд аливаа барилга байгууламж, үл хөдлөх эд хөрөнгийг түүний оршин байх үндэс суурийг тодорхойлсон нэгж талбарын дугаар бүхий, эрхийн зөрчилгүй газар, тухайн газрын хууль ёсны дагуу эзэмших хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүйгээр өмчлөх, өмчлөх эрхийг бүхэлд нь хэрэгжүүлэх хууль зүйн боломжгүй юм. Нэхэмжлэгч Ц.******* миний зүгээс дуудлага худалдааны ялагч болж, хууль ёсны өмчлөх эрх үүссэн 2017 оны 04 дүгээр сараас эхлэн аймгийн Орон нутгийн өмчийн газар, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар болон хариуцагч Дорнод аймгийн Засаг даргад хандаж “...Дуудлага худалдааны дагуу худалдан авч үл хөдлөх эд хөрөнгөд ногдох эдэлбэр газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргаж өгнө үү...” гэсэн хүсэлтийг удаа дараа гаргасаар ирсэн боловч тухай бүрт нь илт хууль зүйн үндэслэлгүй тайлбар, дүгнэлт хийж хүлээн авахаас татгалзсан хариу өгч ирсэн тул хуульд заасан эрхийн хүрээнд шүүхэд нэхэмжлэл гаргах замаар өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх зайлшгүй шаардлага үүсээд байна. Нэхэмжлэгчийн хувьд 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт, 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Орон нутгийн өмчийн газарт, 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр аймгийн Засаг даргад тус тус хандаж маргаан бүхий асуудлын талаар хүсэлт, гомдол гаргасан бөгөөд дээрхи үйл баримтыг Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлүүдэд заасан үндэслэл журмын дагуу захиргааны үйл ажиллагаа, захиргааны актад гомдол гаргах урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ. Нөгөө талаас нэхэмжлэгч Ц.******* миний 2017 оны 04 дүгээр сард дуудлага худалдааны ялагч болж худалдан авсан Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт орших үл хөдлөх эд хөрөнгө бүхий 66м2 талбайтай газар нь бусад иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны өмчлөл, эзэмшил, ашиглалт бүхий газартай бүхэлдээ буюу хэсэгчилсэн байдлаар давхацсан гэх нөхцөл байдал байхгүй бөгөөд хариуцагч Дорнод аймгийн Засаг даргаас Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт зааснаар газар эзэмшүүлэх шийдвэр гаргахад мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасан “...Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна...” гэх хууль зүйн зохицуулалт зөрчигдөхгүй, газар эзэмшүүлэх шийдвэр гаргах хууль зүйн боломжтой болохыг нотлон харуулж байна. Иймд Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт орших иргэн Ц.*******ийн өмчлөлийн 66 м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгөд ногдох 66 м2 талбай бүхий газрыг Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 22 дугаар зүйлийн 22.1.1, 22.1.2 дахь хэсгүүдэд үндэслэн газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт зааснаар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хариуцагч Дорнод аймгийн Засаг даргад Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсгүүдийг үндэслэн даалгаж өгөхийг хүсье гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Өмнө нь өгсөн нэхэмжлэл дээр хуулийн зүйл заалтыг нэхэмжлэлд дурдсан байсан. Даалгах шаардлага гаргахад ямар нэг татгалзсан шийдвэр байхыг шаарддаг. Энэ татгалзсан шийдвэр нь Дорнод аймгийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1064 тоот албан бичгээр илэрсэн. Тиймээс уг татгалзсан хариу нь хууль бус болохыг тогтоолгож, газар олгохгүй байгаа үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгож, 66м2 газрыг олгохыг даалгах болгож тодруулсан. Нэхэмжлэгч Ц.******* нь 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ******* сумын Засаг даргын Тамгын газраас зарлагдсан дуудлага худалдаанд оролцсон. Үүнээс ******* сумын 6 дугаар багт байрлах 66м2 объектийг 40 400 000 төгрөгөөр авч ялсан байдаг. Үүнээс хойш Засаг даргад тухайн объектийн газрыг авах хүсэлт гаргасан боловч шийдвэрлэж өгөхгүй явсаар ирсэн. Ингээд хамгийн сүүлд аймгийн Засаг даргад хандсан боловч татгалзсан хариуг өгсөн. Газрыг эзэмшүүлэх боломжгүй зөвхөн объектийг дуудлага худалдаанд оруулсан байна гэж тайлбарласан. Мэдээж тухайн үед Ц.******* дуудлага худалдаанд оролцох объектийн газрыг асууж тодруулахад “объектийг дагалдана” гэдэг тайлбарыг өгч байсан. Гол нь газрын хамт гэж ойлгож худалдаж авсан гэдгээ илэрхийлдэг. Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших эрх олгуулах тухай хүсэлтээ гаргасан. Гэвч “газрыг дуудлага худалдаагаар зараагүй” гэж тайлбарладаг. Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэгт энэ талаар тодорхой зааж өгсөн байдаг. Тухайн объектийн газраас нь салгах боломжгүй юм. Мөн иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсэгт үл хөдлөх хөрөнгө нь газартай салшгүй үндсэн бүрдэл хэсэгт байх талаар дурдсан байдаг. Барилга, газар хоёр нь бие биеийнхээ бүрдэл хэсэг болж байгаа. Объектийг худалдаж байгаа бол өөрөө нэг зүйл болж дуудлага худалдаанд оролцсон байгаа. Зөвхөн баталгаажуулахын тулд Засаг даргад хандсан байдаг. Хариуцагч талаас Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт заасныг дурддаг. Үүн дээр дуудлага худалдааны талаар дурдсан байдаг. Мөн тухайн хэсэг газрыг зөвхөн гэр бүлийн зориулалтаар л ашиглах зохицуулалттай байгаа. Тиймээс заавал дуудлага худалдаа явуулах шаардлагагүй юм. *******ийн хувьд худалдаж авсан нь үнэн. Энэ эрхээ л баталгаажуулах хүсэл сонирхолтой байгаа юм гэв.
3.3. Хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ш.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Тус иргэнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 79 дүгээр тогтоолоор Орон нутгийн өмчийн албанаас зохион байгуулсан дуудлага худалдаанд оролцож худалдан авсан ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт хуучин 6 дугаар багийн Засаг даргын ажлын албаны барилга байгууламжийг эзэмших эрхийн бичгийг авсан байгаа боловч барилгын доор газрыг эзэмших эрхийн гэрчилгээг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу аваагүй байна. Монгол Улсын Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасны дагуу барилгын доорх газрыг давуу эрхээр эзэмшүүлэх талаар шийдвэр гаргах боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2016 оны шийдвэрийн дагуу дуудлага худалдаанд оролцож ******* сумын 6-р багийн нутаг дэвсгэрт байрлах 66м2 объектийг дуудлага худалдаанд ялалт байгуулж авсан. Гэвч газрыг хуулийн дагуу эзэмших эрхийг аваагүй байна гэж үзэж байна. Иймээс хариуцагч талаас газрыг олгохоос татгалзаж байгаа юм. Газар эзэмшүүлэх хүсэлтийг дуудлага худалдаагаар эзэмшүүлэхээр заасан хуулийн заалт байгаа учраас давуу эрх олгож захирамж гаргах боломжгүй байна гэж үзэж байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгчээс “Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт орших өмчлөлийн 66 м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгөд ногдох 66 м2 талбай бүхий газрыг эзэмшүүлсэн шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, эзэмшүүлсэн шийдвэр гаргахыг даалгах тухай” шаардлага гаргасан.
3. Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 79 дүгээр тогтоолоор “Аймгийн Засаг даргын санал, Санхүү төрийн сангийн хэлтсийн даргын удирдамжийн дагуу байгуулагдсан “Ашиглалтгүй байгаа барилгуудын талаар санал боловсруулах” ажлын хэсгийн дүгнэлтийг хянан хэлэлцэж, ашиглалтын шаардлага хангахгүй болсон, ******* сумын 6 дугаар багийн эзэмшлийн 1973 онд ашиглалтад орсон 66м2 талбай бүхий модон хийцтэй, 30 360 000 төгрөгийн балансын үнэтэй, үлдэх өртөг байхгүй, конторын зориулалттай барилгыг ашиглалтаас хасч дуудлагаар худалдах, ...дуудлага худалдааг хууль журмын дагуу зохион байгуулахыг Орон нутгийн өмчийн алба /Б.*******/-д даалгажээ.[9]
4. Дуудлага худалдааг 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулж, Ц.*******, М.******* нар оролцон, дуудлага худалдааны ялагчаар *******ын ******* 40 400 000 төгрөгийн эцсийн дүнгээр ялалт байгуулсан нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, мөн дуудлага худалдааны тэмдэглэл, нэхэмжлэгч хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар нотлогдсон бөгөөд оролцогчид энэхүү дуудлага худалдааны талаар маргаагүй болно.[10]
5. Иргэн Ц.******* нь 2023, 2024 онд Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт, Дорнод аймгийн Орон нутгийн өмчийн газарт, Дорнод аймгийн Засаг даргад тус тус хандан “...66 м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан авч, ногдох 66 м2 талбай бүхий газрыг гэрчилгээжүүлж албан ёсоор эзэмших” хүсэлт гаргасан байна.
6. Дорнод аймгийн Засаг даргаас 2024 оны 1/1064 дүгээр албан бичгээр “...барилгын доорх газрыг давуу эрхээр эзэмшүүлэх шийдвэр гаргах боломжгүй” аймгийн Орон нутгийн өмчийн газраас 2024 оны 22 дугаар албан бичгээр “...уг барилгын доорх газар нь ямар нэгэн хуулийн этгээд, иргэний эзэмшилд бүртгэгдээгүй байна” аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2017 оны 424 , 2021 оны 1/343 , 2024 оны 1/452 дугаар албан бичгээр “барилгын доорх газрыг эзэмшүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн” хариуг хүргүүлж байсан байна[11]. Өөрөөр хэлбэл энэхүү маргаан бүхий газар өнөөдрийн байдлаар эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр бусдын эзэмшил, ашиглалтанд олгогдоогүй байна.
6.1 Гэтэл Дорнод аймгийн ******* сумын Засаг даргаас 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1/1105 “...дуудлага худалдаа зохион байгуулахад конторын зориулалттай барилгыг газрын хамт худалдан авсан гэж үзээд үнийн дүнг бүрэн төлсөн” гэсэн албан бичгийг тус шүүхэд ирүүлсэн, мөн Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргаас 2024 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 1/838 дугаартай “Тус аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт хуучин багийн ажлын байрыг дуудлага худалдаагаар худалдан авч гэр бүлийн хэрэгцээнд ашиглах тул доорхи газрыг Ц.*******ид гэр бүлийн хэрэгцээнд эзэмшүүлэхэд татгалзах үндэслэлгүй” гэсэн албан бичгийг ирүүлжээ.[12]
7.Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих ... эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна“ гэж хуульчилжээ.
7.1 Нэхэмжлэгч нь тухайн газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмших хүсэлтээ удаа дараа холбогдох албан тушаалтнуудад илэрхийлж байгаа нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 буюу “Газрын тухай хуулийн 29.1-29.3-т заасан зориулалт”-д хамаарах бөгөөд зөвхөн тухайн барилгын суурын 66м.кв хэмжээгээр, тухайн газраа гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшихээр хүсэж байгаа нь тухайн хуульд заасан иргэнд гэр бүлийн хэрэгцээнд эзэмшүүлэх газрын хэмжээнээс хэтрээгүй байна.
7.2. Иймд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-т заасны дагуу нэхэмжлэгчид, маргаж буй тухайн объектын доорхи газрыг эзэмшүүлэх боломжтой юм.
8.Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь өөрийн дуудлага худалдаагаар авсан 66м2 бүхий объектынхоо доорх газрыг илүү хэмжээгээр бус зөвхөн энэхүү объектынхоо хэмжээгээр гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар авахаар маргаж байгаа нь дээрхи хуулийн зохицуулалтыг зөрчөөгүй, Газрын тухай хуульд заасны дагуу дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэх зохицуулалтанд хамаарахгүй байна.
9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах...” гэж зааснаар даалгах шаардлагын хувьд захиргааны хууль бус татгалзал, эс үйлдэхүй тогтоогдож, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
9.1. Тухайн газрын хувьд дуудлага худалдаа, төсөл шалгаруулалт явагдаагүйч нэхэмжлэгчид эзэмшүүлэхгүй байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.
10. Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т “...байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна” гэсэн заалт нь “эд юмсын бүрдэл хэсэг” гэсэн ойлголтыг тодохойлсон хууль зүйн тодорхойлолт бөгөөд түр зуурын хэрэгцээ хангах зориулалттайгаас бусад, байнгын зориулалттай газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байх зарчмыг тодорхойлсон заалт юм.
11. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 33 дугаар зүйлийн 33.1.1-т заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч Ц.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт орших өмчлөлийн 66 м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгөд ногдох 66 м2 талбай бүхий газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Дорнод аймгийн Засаг даргад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.*******ид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.АМАРЖАРГАЛ
[1] Хавтаст хэргийн 1, 19-20-р хуудас
[2] Хавтаст хэргийн 9-р хуудас
[3] Хавтаст хэргийн 12-14-р хуудас
[4] Хавтаст хэргийн 6-р хуудас
[5] Хавтаст хэргийн 8-р хуудас
[6] Хавтаст хэргийн 73-р хуудас
[7] Хавтаст хэргийн 74-р хуудас
[8] Хавтаст хэргийн 64-р хуудас
[9] Хавтаст хэргийн 9-р хуудас
[10] Хавтаст хэргийн 12-22-р хуудас
[11] Хавтаст хэргийн 6-8-р хуудас
[12] Хавтаст хэргийн 105,127-р хуудас