| Шүүх | Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | В.Давааням |
| Хэргийн индекс | 116/2022/0026/З |
| Дугаар | 116/ШШ2024/0039 |
| Огноо | 2024-11-28 |
| Маргааны төрөл | Газар, |
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 116/ШШ2024/0039
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Давааням даргалж, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Эрдэнэтуяа, Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн тоотод оршин суух, гийн /РД:/,
Хариуцагч: Дорнод аймгийн Засаг даргын хооронд үүссэн “Иргэн Д.ын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гаргасан хүсэлтийг зохих ёсоор хүлээн авч шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Дорнод аймгийн Засаг даргад даалгах” тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., иргэдийн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Анх нэхэмжлэгч Д. нь Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулан, “Дорнод аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, хууль ёсоор эзэмшиж байгаа Хэрлэн сумын 6-р баг, ийн 33 дугаар байрны 01 тоотод байрлах м2 газрын гэрчилгээний хугацааг сунгахыг Дорнод аймгийн Засаг даргад даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан[1].
1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг “Иргэн Д.ын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гаргасан хүсэлтийг зохих ёсоор хүлээн авч шийдвэрлээгүй хууль бус эс үйлдэхүйг тогтоолгож, газар эзэмших эрхийн хугацааг сунгах, газар эзэмших эрхийн гэрчилгээг шинээр олгохыг Дорнод аймгийн Засаг даргад даалгах” гэж тодруулсан.[2]
Хоёр: Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 279 дүгээр захирамжийн хавсралтаар нэр бүхий иргэдэд ахуйн зориулалтаар 0.07 га хүртэл газрыг эзэмшүүлжээ[3].
2.2. Дээрхи захирамжийг үндэслэн иргэн гийн нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, хороолол 33 дугаар байр, 700 м2 газрыг, Х ******* дугаар гэрчилгээгээр “Ахуйн зориулалт”-аар 10 жилийн хугацаатай эзэмшиж, 2001 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ******* дугаартай газар эзэмших гэрчилгээг шинэчлэн олгож, уг гэрчилгээгээр 891 м2 газрыг 15 жилийн хугацаатайгаар “Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах, эзэмших гэрээ”-г байгуулсан.[4]
2.3. Мөн дээрхи газар дээр хувийн орон сууцны зориулалттай тоосгон байшин барьж, 2006 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай гэрчилгээг авсан байна[5].
2.4. Иргэн Д. нь 2010 оны 12 дугаар сарын 02[6], 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр, 2019 оны 07 дугаар сарын 22[7], 2020 оны 11 дүгээр сарын 03-ны[8] өдөр Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт, 2020 оны 05 дугаар сарын 10[9], 2022 оны 02 дугаар сарын 17-ны[10] өдөр Дорнод аймгийн Засаг дарга, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт тус тус хандан “...газар эзэмших эрхийн хугацааг сунгаж, гэрчилгээ шинэчлэх” хүсэлтүүдийг гаргасан байна.
2.5. Нэхэмжлэгчээс Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулан 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 116/ШШ2023/0001 дүгээр шийдвэрээр “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж” шийдвэрлэсэн[11].
2.6. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2023/0235 дугаар магадлалаар “...116/ШШ2023/0001 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасан” байна[12].
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д. нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р баг, ийн 33 дугаар байрны 01 тоотод оршин суудаг бөгөөд уг тоотын газрыг зориулалтын дагуу хууль ёсоор эзэмшиж байгаа билээ. Дээрх газрыг Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 1997.11.28-ны өдрийн 279 тоот захирамжийн дагуу Х ******* дугаар гэрчилгээгээр “Ахуйн зориулалт”-аар эзэмшиж эхэлсэн. Мөн 2001.06.20-ны өдөр ******* дугаартай газар эзэмших гэрчилгээг шинэчлэн авч, 15 жилийн хугацаатайгаар “Иргэн аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах, эзэмших гэрээ”-г байгуулсан. Энэхүү газарт барьсан хувийн орон сууцны тоосгон байшиндаа 2006.02.07-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай ******* тоот гэрчилгээг авч 1996-2002 оны хооронд 26 жил амьдран сууж байна. 2014.04.07-нд эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг гаргуулж, эдлэн газрын улсын тоо бүртгэлд бүртгүүлэн газраа зориулалтын дагуу ашиглаж ирсэн. 2001.06.20-ны өдрийн “Газар эзэмших гэрээ”-ний 15 жилийн хугацаа дуусахаас өмнө буюу 2010.12.02-ны өдөр ******* тоот улсын бүртгэлийн дугаар бүхий газар эзэмших гэрээг шинэчилж өгөх хүсэлт гаргасан боловч эрх бүхий байгууллагаас шийдвэрлэж өгөөгүй байдаг. Мөн 2019.07.22, 2020.11.03-ны өдөр Дорнод аймгийн ГХБХБА-нд, 2020.05.10, 2022.02.17-ны өдөр Дорнод аймгийн Засаг даргад газар эзэмших эрхийн хугацааг сунгаж, шинээр гэрчилгээ гаргуулахаар эрх бүхий албан тушаалтнуудад тус тус хүсэлт гаргадаг боловч 2019.09.01-нд Хот байгуулалтын зөвлөлөөр хэлэлцээд дэмжигдээгүй гэсэн хариу өгснөөс өөрөөр эрх бүхий этгээд нь шийдвэр гаргахгүй байх, хариу үл өгөх зэрэг эс үйлдэхүйгээр газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигчийн Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т Монгол Улсын иргэн нь “Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэсэн иргэний үндсэн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчиж ирлээ.
Иргэн Д.ын эзэмшиж байгаа газар нь 2014.04.07-ны өдрийн газар хэмжилт, баталгаажуулалтын тусгай зөвшөөрөл бүхий “Очир-Эрдэнийн тал” ХХК-ний гаргасан Байршлын кадастрын зургийн бодит хэмжилтээр м2 байгаа нь нотлогддог ба газрын нэгдмэл санд иргэн Д.ын эзэмшилтэй нэгж талбарын дугаараар албан ёсоор бүртгэлтэй байдаг ба ....Иргэний хуулийн 85.2-т заасны дагуу давуу эрхээр өмчилж авах эрх үүссэнийг тодорхойлно.
Дорнод аймгийн Засаг даргын хууль бус үйлдлийг тогтоолгох, одоо эзэмшиж байгаа газар буюу 700м2 газрыг эзэмших хугацааг сунгуулахыг Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Хуулийн хугацаандаа газар эзэмших эрхээ сунгуулах хүсэлтээ гаргаж байсан. Нийт 6 удаа хүсэлт гаргасан боловч хангаж шийдвэрлэж өгөхгүй байсаар өнөөдрийг хүрч байгаа. 2016.05.16-ны өдөр Газрын тухай хуульд заасны дагуу хүсэлтээ гаргаж байсан талаар баримт байна. Шинээр томилогдсон Засаг даргын хувьд энэ хэрэгтэй бүрэн танилцаагүй байна хэргийн талаар бүрэн мэдээлэл аваад холбогдъё гэж мэдэгдсэн. Одоо энэ иргэний хувьд сэтгэл санаа тун хүнд байгаа. Насаараа амьдарсан газраа алдах дээрээ тулаад байна. Үнэхээр инженерийн шугам сүлжээ байршиж байгаа бол тухайн хэсгийг гаргаж баталгаажуулах бүрэн боломжтой. Хувийн хэрэг дотор Д.ын гаргасан бүхий л баримтууд, хүсэлтүүд нь байгаа атлаа огт бүртгэлгүй байгаа нь харагддаг. Энэ талаар шүүх үзлэг хийж баталгаажуулсан. ******* гэж яг ямар хүн гэдгийг мэдэхгүй байна. Энэ хүн хүлээн авсан атлаа цааш шилжүүлдэггүй. Эдгээр нөхцөл байдал нь иргэний буруу огт биш юм. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. миний бие өөрт олгогдсон эрхийн дагуу ...иргэн Д.ын 2016.05.16-ны өдөр гаргасан хүсэлтийг зохих ёсоор хүлээн авч шийдвэрлээгүй хууль бус эс үйлдэхүйг тогтоолгож, иргэн Д.ын газар эзэмших эрхийн хугацааг сунгах, газар эзэмших эрхийн гэрчилгээг шинээр олгохыг Дорнод аймгийн Засаг даргад даалгах гэж шаардлагыг тодотгож байна гэв.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсан Хэрлэн сумын 6 дугаар багийн иргэн Д.д Хэрлэн сумын Засаг даргын 1997.11.28-ны өдрийн 279 дүгээр захирамжаар 891м2 газрыг ахуйн зориулалттай 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн гэх боловч тус захирамжид иргэн Д.д газар олгосон талаар шийдвэр байхгүй байна. 0.7 га хүртэлх газрыг олгохоор шийдвэрлэсэн шийдвэр байгаа нь харагддаг. Энэ захирамж нь өөрөө 1997 онд гарч, газар эзэмших эрхийн гэрчилгээ нь 2001 онд гарсан байна. 1997 онд захирамж гарсан бол тухайн жилдээ газар эзэмших эрхийн гэрчилгээг авсан байх ёстой. Тухайн иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ дуусгавар болохоос өмнө хүсэлтээ гаргасан боловч эрх бүхий байгууллагаас шийдвэрлэж өгөөгүй гэж нэхэмжлэлд дурдсан байдаг. Гэтэл хуульд газар эзэмших эрхийн хугацаа дуусахаас 30-аас доошгүй хугацааны өмнө хугацаа сунгуулах хүсэлтээ гаргахаар хуульчилсан. Гэтэл аймгийн Засаг даргад ямар нэг хүсэлт гаргаж байгаагүй. Сүүлд шүүхээс нотлох баримт гаргуулах албан бичиг ирүүлсний дагуу хариуг бүрэн хүргүүлсэн. 2016 онд гаргасан гэх хүсэлт нь аймгийн Засаг даргад ирж байгаагүй юм. Хэрэв газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах хүсэлтийг гаргаагүй бол газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болохоор хуульд заасан байгаа. Иймээс газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болсон гэж үзэж байна. Хэдийгээр хуульд давуу эрхээр эзэмших, өмчлөх эрхийг олгохоор заасан хэдий ч 2016 оноос хойш тухайн газрыг хууль ёсоор эзэмшиж байсан талаар баримт байхгүй учраас хууль бусаар эзэмшиж, ашиглаж ирсэн гэж үзэхээр байна. Сумын Засаг даргын саналын дагуу газрыг эзэмшүүлдэг. Иргэний хувьд газар эзэмших хүсэлтээ аймгийн Засаг даргад гаргахаар хуульчилсан байгаа. Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас ирүүлсэн тайлбарт аймгийн ерөнхий архитектор болон “ДБЭХС” ТӨХК-ийн инженерийн дүгнэлтийг тусгасан. Үүн дээр иргэн Д.ын эзэмшил газрын дундуур дулаан болон цэвэр усны магистрал дээр байршиж байгаа нь харагддаг. Барилга байгууламж нь 2 м зайтай байхаар заасан. Ингээд дараа нь хамгаалалтын зурвас үүсгэх албан бичгийг ирүүлсэн байдаг, ...хамгаалалтын зурвас дээр өмчлөх, барилга барих зэргийг хязгаарладаг. Ингэснээр Чойбалсан хотын дулаан дамжуулах үйл ажиллагаанд чирэгдэл учрах боломжтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.3. Иргэдийн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Миний бие энэхүү хэргийг иргэн Д.д газрыг шийдвэрлэж өгөх саналтай байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч Дорнод аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгчээс, шүүх хуралдааны явцад “Иргэн Д.ын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гаргасан хүсэлтийг зохих ёсоор хүлээн авч шийдвэрлээгүй хууль бус эс үйлдэхүйг тогтоолгож, Д.ын газар эзэмших эрхийн хугацааг сунгах, газар эзэмших эрхийн гэрчилгээг шинээр олгохыг Дорнод аймгийн Засаг даргад даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Газрыг 1997 оны захирамж гарснаас хойш хууль ёсоор, бодитоор эзэмшиж байгаа, газар эзэмших эрхээ сунгуулахаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусахаас өмнө хуульд заасан хугацаанд хүсэлтээ гаргасан боловч хариуцагч одоог хүртэл шийдвэрлэлгүй хууль бус эс үйлдэхүй гаргаж байна, дээрх газартаа амины орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө өмчилж, одоо хүртэл оршин сууж байгаа” гэж тодорхойлдог.
3. Хариуцагчаас татгалзлын үндэслэлээ, “... Хэрлэн сумын Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 279 дүгээр захирамжаар 891м2 газрыг ахуйн зориулалттай 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн гэх боловч тус захирамжид иргэн Д.ын нэр байхгүй, түүнчлэн эзэмшил газрын дундуур дулаан болон цэвэр усны магистрал шугам байршиж байгаа тул хугацаа сунгах боломжгүй, 2016 онд гаргасан гэх хүсэлт нь аймгийн Засаг даргад ирж байгаагүй, сунгуулах хүсэлт гаргаагүй тул газар эзэмших эрх дуусгавар болсон, аймгийн Засаг даргын зүгээс эс үйлдэхүй гаргаагүй” гэж маргадаг.
4. Иргэн Д.д Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 279 дүгээр захирамжийг үндэслэж, Х******* дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээ”-ээр 700 м2 газрын газар эзэмших эрхийг 10 жилийн хугацаатайгаар, ахуйн зориулалтаар эзэмших эрх анх олгогдсон байна.
5. 2001 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн олгож, Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт 891 м2 газрыг 15 жилийн хугацаатайгаар иргэн Д.д эзэмшүүлж, 2001 оны 06 дугаар сарын 20-ны өдөр “Иргэн, аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших гэрээ”-г Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч Я.*******ийн баталснаар, газрын асуудал хариуцсан ажилтан Б.*******тай байгуулсан байна.
6. Дээрхээс иргэн Д. нь маргаан бүхий газрыг 2001 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс хойш 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрх баталгаажсан бөгөөд дээрх үйл баримтын талаар талууд маргадаггүй.
7. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах”-аар зохицуулсан.
8. Иргэн Д.ын дээрх газрыг эзэмших эрхийн хугацаа нь эрхийн гэрчилгээ олгосон буюу гэрээ байгуулсан өдрөөс эхлэн тооцвол 2001 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхэлж, 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр дуусахаар байна.
9. Иргэн Д. нь 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Засаг дарга болон Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын албанд хаяглаж, “... Газар эзэмших гэрээний хугацаа дуусч байгаа тул газар эзэмших гэрээ, гэрчилгээг шинэчлэн хугацааг сунгаж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан болох нь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас албан бичгийн хавсралтаар, тухайн газрын нэгж талбарын хувийн хэрэгт хавсаргагдсан баримтаас өргөдлийг хуулбарлан ирүүлсэн хувь[13], мөн шүүхээс тухайн газрын ******* дугаартай хувийн хэрэгт үзлэг хийхэд “...61 хуудас материал байгаагаас Д.ын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гаргасан дээрх өргөдөл хавсаргагдсан[14]” зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
10. Иймд Д. нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан хугацаанд багтаж, газар эзэмших эрхээ сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад хандаж гаргасан байна гэж шүүх дүгнэлээ.
11. Дээрх өргөдлийг бүртгэж хүлээн авах үүрэг нь өргөдөл шийдвэрлэх этгээдэд хамаарах тул өргөдөл бүртгэгдээгүй нөхцөл байдалд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй.
12. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба цахим системд бүртгэж, газар эзэмших гэрчилгээ, гэрээг баталгаажуулна” гэж заасан.
13. Иргэний зүгээс газар эзэмших хугацаа сунгуулах тухай хүсэлтээ гаргасан байхад хуульд заасан 15 хоногийн дотор өргөдлийг хянаж, газар эзэмших эрхийн хугацаа сунгах эсэх шийдвэрээ гаргаагүй, иргэнд хариу өгөөгүй байх тул Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан үүргээ биелүүлээгүй хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус байна.
14. Маргаан бүхий газрыг нэхэмжлэгч нь бодит байдлаар одоог хүртэл эзэмшилдээ байлгаж, газар дээр нэхэмжлэгчийн 2006 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Ү-******* дугаарт бүртгэлтэй Үл хөдлөх өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ бүхий хувийн сууцны зориулалттай, 60м2 талбай бүхий үл хөдлөх хөрөнгө байршиж, нэхэмжлэгч одоог хүртэл амьдарч байгаа талаар тайлбарладаг бөгөөд энэ үйл баримтын талаар талууд маргаагүй.
15. Хариуцагчаас, “... газар эзэмших эрхийн харилцаа дуусгавар болсон” гэж маргаж байгаа хэдий ч Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д зааснаар “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” бол газар эзэмших эрх дуусгавар болохоор зохицуулсан. Иргэн Д. нь хуульд заасан хугацаанд газар эзэмших эрхээ сунгуулах тухай хүсэлтээ гаргасан үйл баримт тогтоогдож байх тул дээрх үндэслэлээр газар эзэмших эрх дуусгавар болсон гэж үзэх боломжгүй.
16. Түүнчлэн хариуцагч болон эрх бүхий бусад байгууллагын зүгээс 2016 оноос одоог хүртэл иргэн Д.аас газрыг чөлөөлүүлэх агуулга бүхий шийдвэр, мэдэгдэл хүргүүлж байсан талаар үйл баримт тогтоогдоогүй бөгөөд, энэ талаар шүүх хуралдааны явцад хариуцагчийн төлөөлөгчөөс “газар чөлөөлөх ямар нэг ажиллагаа хийгээгүй” гэж мэдүүлсэн байна.
17. Хариуцагчаас, “...эзэмшил газрын дундуур дулаан болон цэвэр усны магистрал шугам байршиж байгаа тул хугацаа сунгах боломжгүй” гэж тайлбарлаж байгаа хэдий ч “хамгаалалтын зурвас тогтоосон” гэх үйл баримт тогтоогдоогүй.
18. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Б.*******гийн дүгнэлтийг үндэслэл бүхий байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
19. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.ын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гаргасан хүсэлтийг зохих ёсоор хүлээн авч шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч Дорнод аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 39 дүгээр зүйлийн 39.1.1-т заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч Д.ын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гаргасан хүсэлтийг зохих ёсоор хүлээн авч шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч Дорнод аймгийн Засаг даргад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.д олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.ДАВААНЯМ
ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭТУЯА
ШҮҮГЧ Б.БАЯРМАА
[1] Хэргийн 1-р хавтасны 1, 19-20-р хуудас
[2] Хэргийн 2-р хавтасны 79-р хуудас
[3] Хэргийн 1-р хавтасны 7, 33-р хуудас
[4] Хэргийн 1-р хавтасны 8-11-р хуудас
[5] Хэргийн 1-р хавтасны 14-р хуудас
[6] Хэргийн 1-р хавтасны 15-р хуудас
[7] Хэргийн 1-р хавтасны 15-р хуудас
[8] Хэргийн 1-р хавтасны 18-р хуудас
[9] Хэргийн 1-р хавтасны 17-р хуудас
[10] Хэргийн 1-р хавтасны 19-р хуудас
[11] Хэргийн 1-р хавтасны 57-62-р хуудас
[12] Хэргийн 1-р хавтасны 82-85-р хуудас
[13] Хэргийн 2-р хавтасны 37, 40 дүгээр хуудас
[14] Хэргийн 2-р хавтасны 43-45 дугаар хуудас.