Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2023/ДШМ/918

 

           

 

 

    2023            9             13                                        2023/ДШМ/918

Х.Год холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Г.Ганбаатар, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Батбаатар,

хохирогч Ч.А, түүний өмгөөлөгч Д.Дарханбаатар,

шүүгдэгч Х.Гын өмгөөлөгч Б.Дашдорж,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/465 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдоржийн гаргасан давж заалдах гомдлоор Х.Год холбогдох 2303000770103 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Сэрж овгийн Хишигсүрэнгийн Х.Г, 1980 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, “Юнайтед платиниум” ХХК-д гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 21а байрны 40 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:МЮ80031115/;

Шүүгдэгч Х.Г нь 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 08 цагийн орчимд Алфарьд маркийн 85-59 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана” гэж заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Ч.Аг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Х.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Х.Гыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу доорх гомдлыг гаргаж байна.

...Тухайн осол болсон замд явган хүний гарц байсан байхад явган хүний гарцаар гараагүй хохирогчийн буруутай үйлдлээс уг осол гарах болсон шалтгаан нөхцөл бүрдсэн байхад Х.Гын үйлдэл осол гарахад нөлөөлснөөр үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, Замын хөдөлгөөний дүрмийн 5.12-т “явган зорчигчид хориглосон үйлдлийг гарцгүй газраас зам хөндлөн гарч осол гарах шалтгаан нөхцөлийг эхлэн бүрдүүлсэн болох нь ослын газрын зураг, хохирогчийн мэдүүлэг, гэрч Х.Г, яллагдагчийн мэдүүлгээр нотлогдож байхад X.Х.Гын үйлдлээс осол гарах шалтгаан болсон гэж магадлагаанд буруу дүгнэсэн нь Х.Гын эрх зүйн байдлыг дордуулах гол үндэслэл болсон.

Мөн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт: “Асфальтан, шулуун тэгш, халтиргаатай, цаг агаар тогтуун, суурингийн доторх үзэгдэх орчин чөлөөтэй, явган хүний замтай, явган хүний гарцтай, хашлагтай, хайсгүй, 4 эгнээ зам байв.” гэж тэмдэглэгдсэн. Уг тэмдэглэлийн үзэгдэх орчин чөлөөтэй гэж тэмдэглэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Осол болсон газар буюу Х.Гын гол зам руу нэвтэрч байгаа туслах замын баруун гар талд үзэгдэх орчинг хязгаарласан өндөр хашаа байсан байхад үзэгдэх орчин чөлөөтэй гэж тэмдэглэсэн байна. Замын хөдөлгөөний дүрмийн Нийтлэг үндэслэл 1.2.42 “Үзэгдэлт хязгаарлагдмал нөхцөл” гэж “байгалийн тогтоц, газрын тэгш бус байдал, замын нугачаа, инженерийн болон ногоон байгууламж, барилга, объект, түүнчлэн тээврийн хэрэгсэлд замын дагуух үзэгдэх орчин байдлыг хэлнэ” гэж заасан нь тухайн хашаа нь үзэгдэх орчинг хязгаарласан объектод хамаарахаар байсан байхад уг тэмдэглэлд орхигдуулж буруу тэмдэглэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд хэргийн бодит байдлыг тогтоохоор хуульчлан заасан. Үүнд, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг хуульчилсан нь хэрэгт шалгагдаж байгаа хүний гэм буруу үгүйсгэгдэх, цаашлаад гэм буруу, ял шийтгэлийн асуудалд шууд нөлөөлөх хүчин зүйл юм. Тийм ч учраас хууль тогтоогч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хуульчлан зааж өгсөн ч уг хэргийн хувьд дан ганц мөрдөгчийн магадлагаанд үндэслэж байгаа нь хэргийн бодит байдлыг тогтооход учир дутагдалтай байхад уг баримтад тулгуурлан гэм буруутайд тооцсон.

... Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол...” гэж заасан бөгөөд X.Х.Г нь туслах замаас гол зам руу баруун гар тийш эргэж хөдөлгөөний чиг өөрчлөхдөө Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй, харин мөрдөгчийн магадлагаагаар буруутгаад байгаа Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх нөхцөлийг хангана” гэсэн нь А/ Тухайн авто машин түр буюу удаан зогсолт хийгээд хөдөлгөөнд оролцох тохиолдолд зам орчны байдлыг биеэр шалгах нөхцөл үүсдэг. Харин Х.Гын хувьд түр ба удаан зогсолт хийгээгүй нь орчныг биеэр шалгах үүрэг үүсэхгүй. Б/ тухайн зам дээр баруун эргэх үйлдэл хийхэд явган хүний гарц болон тэмдэг тэмдэглэгээ байхгүй байсан нь уг замаар явган зорчигч гарч явааг ухамсарлах боломжгүй, нөгөө талаас баруун гар талд үзэгдэх орчин хязгаарласан хашаа байсан нь явган зорчигчийг харах боломжгүй байдлыг бий болгосон. В/ Х.Гын баруун эргэх үйлдэл хийсний улмаас хохирогч тэмдэг тэмдэглээгүй, хориглосон газраар зам хөндлөн гарсан нь шалтгаант холбоо байхгүй зэрэг нь миний үйлүүлэгчийн хийсэн үйлдлийг буруутгах заалт биш байна. Харин Х.Г нь хохирогчид гэм буруугүйгээр хохирол учруулсан гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлыг улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан үйлдэлд хамаарахаар байгаа тул хэргийг цагаатгах саналтай оролцсон боловч уг шийтгэх тогтоолд өмгөөлөгчийн санал дүгнэлтийг хэрхэн яаж үгүйсгэсэн талаар бичээгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

Иймд Х.Год холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлыг улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан бол хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзнэ” гэж заасныг үндэслэн хэргийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Ч.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мөрдөгчийн магадлагаанд дурдсан замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүй гэдэгтэй санал нэг байна. Учир нь, шүүгдэгч намайг мөргөж унагаад машинаасаа бууж ирэхдээ “...Намайг уучлаарай. Би цаанаас машин ирж байна уу гэж харснаас биш баруун талаас машин ирж байгаа эсэхийг харсангүй. ...” гэж хэлсэн учир гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Д.Дарханбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үзэгдэх орчин хязгаарлагдсан байсан гэж шүүгдэгчийн өмгөөлөгч хэлж байгаа боловч хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлд үзэгдэх орчин чөлөөтэй байсан талаар дурдсан. Түүнчлэн, Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дүгээр зүйлд “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх нөхцөлийг хангана” гэж заасан. Шүүгдэгч Х.Г уг заалтыг зөрчсөн гэдэг нь түүний мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогддог. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гэм буруугүйгээр бусдад гэмтэл учруулсан гэж байна. Мөрдөгчийн магадлагаа болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Х.Г нь Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дүгээр зүйлийг зөрчсөн гэдэг нь тогтоогдсон учир гэм буруугүйгээр бусдад гэмтэл учруулсан нь үгүйсгэгдэнэ. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “хохирогч нь тухайн үед гарцгүй газраар зам хөндлөн гарч байсан” гэж хэлж байна. Хэдийгээр хохирогч нь зам хөндлөн гарсан боловч энэ нь гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлд хамаарахгүй бөгөөд зөрчлийн шинжтэй үйлдэл. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Прокурор Ч.Батбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” гэж байна. Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн магадлагаагаар Х.Гыг Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дүгээр зүйлийг зөрчсөн гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн. Учир нь, гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн гэж үзсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Прокуророос Х.Гыг 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр 08 цагийн орчимд Алфарьд маркийн 85-59 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана” гэж заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Ч.Аг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүхээс гэмт хэрэгт холбогдсон хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход уг шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт нь хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж олж авсан, бэхжүүлсэн байх, түүний эх сурвалж тодорхой, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэдгийг хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар нотолсон байх ёстой.

Шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт тус бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд уг шаардлагыг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хангаагүй байна. 

Тодруулбал, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт гол ач холбогдол бүхий нотлох баримт нь автотээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн ямар зүйл, заалтыг хэрхэн, яаж зөрчсөн эсэх талаарх техникийн шинжээчийн дүгнэлт болон мөрдөгчийн магадлагаа байдаг.

Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгчийн 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 255 дугаартай магадлагаанд “...Алфард маркийн 85-59 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Х.Г нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас осол хэрэг үйлдэгдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна.

-Явган зорчигч Ч.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12-т “Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах” гэсэн заалтыг зөрчсөний улмаас осол хэрэг үйлдэгдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна” гэж жолооч болон явган зорчигч Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргажээ.

Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.34-т “түр зогсолт” гэж жолооч тээврийн хэрэгслээ 5 минутаас илүүгүй хугацаагаар зориуд зогсоосон үйлдлийг. Зорчигчдыг буулгах, суулгах буюу ачаа ачих, буулгахад үүнээс илүү хугацаагаар зогсоосон үйлдэл нь түр зогсолтод хамаарна”; 1.2.35-д “удаан зогсолт” гэж зорчигчдыг буулгах, суулгах буюу ачаа ачих, буулгахаас бусад тохиолдолд жолооч тээврийн хэрэгслээ 5 минутаас дээш хугацаагаар зориуд зогсоосон үйлдлийг” хамааруулан ойлгохоор заасан байна.

Мөн хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Х.Г нь гэрчээр “...Академи хотхоны замаар явж байгаад туслах замаас төв замруу буюу Сурын талбайн урд зам руу нийлэхээр урдаас хойш чиглэлд явж байгаад ертөнцийн зүгээр баруун талаас ирж байгаа машинуудыг хараад зогссон. ...би 2 дугаар эгнээгээр явж байсан машин өнгөрөх үед нь баруун гар тийш эргэх үйлдэл хийх үед яг машины баруун урд хэсэгт хүн тулж харагдсан, тэр үед би шууд тоормос гишгэхэд явган зорчигчийг машины баруун урд хэсгээр түлхэж унагаагаад машин зогссон.” /хх 32/ гэж мэдүүлснээс үзвэл жолооч түр буюу удаан зогсолт хийгээгүй, хөдөлгөөнөө үргэлжлүүлэх явцдаа хохирогч гэх Ч.Аг харсан нөхцөл байдал авагджээ.

 Зам тээврийн ослын хэрэгт холбогдсон жолоочийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхийн тулд хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох зорилгоор тусгай зөвшөөрөл бүхий шинжээчийг томилж дүгнэлт гаргуулах зайлшгүй шаардлагатай бөгөөд томилогдсон шинжээч нь зохих тусгай мэдлэг, туршлагыг эзэмшсэн, гаргасан дүгнэлт нь шинжлэх ухааны үндэслэл бүхий аргачлал, хууль ёсны нотлох баримтад тулгуурласан, тавигдсан асуултад бүрэн дүүрэн хариулт өгч чадсан эсэхээс хамаарч тухайн дүгнэлтийн нотолгооны ач холбогдол тодорхойлогдоно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Оролцогч шинжээчийн дүгнэлт, тайлбарыг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, шинжээчид асуулт тавих, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаж болногэж,

мөн хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл шүүх, прокурор, мөрдөгч шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэнэгэж тус тус заажээ.

Мөрдөгчийн магадлагааг яллагдагч, түүний өмгөөлөгчөөс үл зөвшөөрч шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасныг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож, зөвхөн мөрдөгчийн магадлагааг үндэслэн шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” үндэслэлд хамаарч байна.

Х.Гыг Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана” гэж заасныг  зөрчсөн талаар дүгнэлт гарчээ.

 Дээрх Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т жолооч дүрмийн заалтыг зөрчсөн гэж үзэх хэд хэдэн нөхцлийг заасан байх бөгөөд Х.Г нь уг нөхцлүүдээс алийг нь зөрчсөн гэж үзэх үндэслэл шинжээчийн дүгнэлтэд тодорхой биш, түүнчлэн яллах дүгнэлтэд түүнийг буруутгах хууль зүйн үндэслэл тодорхой бус тусгагджээ.

Хэрэг хянан шийдвэрлэхэд чиглэсэн ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарчим, шаардлагад нийцсэн байх учиртай бөгөөд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг дүгнэхгүй орхигдуулнсаас гадна хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг дээрх байдлаар зөрчсөн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Эдгээрийг нэгтгэн дүгнэвэл анхан шатны шүүх нь шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулж, нотлох баримтын хүрэлцээтэй байдлыг хангалгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгов.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул шүүгдэгч Х.Год урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

Давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдоржийн давж заалдах журмаар гаргасан гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/465 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Х.Год урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.      

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.АРИУНХИШИГ

 

                                 ШҮҮГЧ                                                              Г.ГАНБААТАР

 

                     ШҮҮГЧ                                                              Т.ӨСӨХБАЯР