Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2021/00299

 

021 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2021/00299

 

 

ЗОӨ ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШШ2020/02468 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч ЗОӨ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ДЗС ХХК-д холбогдох

Худалдах, худалдах авах гэрээг хэсэгчлэн цуцалж, хохиролд 120 595 000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, худалдах худалдан авах гэрээний үүрэгт 89 856 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 21 тоот худалдах, худалдан авах гэрээ байгуулан ОХУ Биробиджанск заводод үйлдвэрлэсэн 2 КТП-2500-6/04 ДУ/11н трасформатор худалдан авах гэрээ байгуулсан эхний удаа 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 137 500 000 төгрөг, дараагийн удаа 2018 оны 9 дүгээр сарын 03 ны өдөр 60 000 000 төгрөгийг шилжүүлэн уг трансформаторыг аваад Багануурын цахилгаан станцад суурилуулан тавихаар болоход уг худалдан авсан трансформаторын ячейкууд /хуваарилах хайрцаг/ хуучин, залгуурууд ажиллахгүй, гаалийн эрхийн бичиг баримтууд нь бодитоор байхгүй, интернетээс татаж авсан зүйл байсан тул захиалагч тал уг тоног төхөөрөмжийг суурилуулахаас татгалзсан. Бид тоног төхөөрөмжийг 7 дугаар сарын 07-ны өдөр Тавилан ХХК-ийн агуулахад очиж ЭХХТ хяналтын 2 инженер болох Ц.Элбэгзаяа, С.Жигжиджав, ашиглагч тал болох Багануур дүүргийн дулааны станцын цахилгааны инженер Н.Гэлэгмаа манай инженер техникийн ажилтнууд болон худалдагч тал болох ДЗС ХХК захирал Э.Батсайхан нар бүгд байсан. Төслийн захиалагч нь ЭХХТТӨААТҮГ юм. ЭХХТ-ийн хяналтын инженерүүд, Багануур дүүргийн дулааны станцын цахилгааны инженер, гүйцэтгэгчийн инженер техникийн ажилтнууд хуралдаж зөвлөлдөж байсан. Худалдагч талд энэ талаар учир байдлыг хэлсэн боловч бид шинэ тоног төхөөрөмж нийлүүлсэн, эрхийн доголдолгүй, гаалийн бичиг баримтыг олж өнгө гэж хэлээд утсаа ч авахгүй алга болсон. Арга буюу 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр уг тоног төхөөрөмжийг Багануурын дулааны станцад суурилуулахаар авч явсан. Энэ тоног төхөөрөмжийн 1 хэсэг болох /ячейк/ хуваарилах хайрцагны дээд тал мөн, хайрцагны дотор талдаа битүү зэв, очоод угсархад 0.4 кв нам талын оруулгын 4000А электрон 2 автомат эвдэрхий, 600А 2ш автомат, мөн холбогч 4000А автоматикийн автомат залгуур ажиллахгүй байсан. Багануурын дулааны станцын цахилгааны инженер Н.Гэлэгмаа нэхэмжлэгч нар Даурский золотой сопки ХХК-ийн захирал Э.Батсайхан руу нийлүүлсэн тоног төхөөрөмж чинь эвдэрхий ажиллахгүй байгааг угсралтын үед ирж үзэж танилц хэмээн Э.Батсайхантай ярьсан, маргааш цуг Багануур явъя гэж яриад дахиад л утсаа авахаа больсон. 2018 оны 9 дүгээр сарын сарын 17-ны өдөр техникийн комиссын хурал хуралдаж тоног төхөөрөмж, хуучин эвдэрхий байна гэснээр техникийн комисс хүлээж аваагүй. ДЗС ХХК-д гэрээний үүргийн дагуу төлөх 78 000 000 төгрөгийг хүчингүй болгож гэрээг хэсэгчлэн цуцалж өгнө үү. Бид хариуцагчийн трансформаторыг нь суурилуулаад ячейкийг нь суурилуулаагүй. Ячейка нь хэлхээний битүү утастай төхөөрөмж бөгөөд зарим автоматууд нь ажиллахгүй байсан, гаргаж тавьсан. Шүүхээс хэргийн газарт үзлэг хийж зургийг хавтаст хэрэгт аваад гэрчүүд болон ЭХХТөв, Багануурын дулааны станц ТӨХК нь техникийн бичиг баримтгүй хуучин гэж тодорхойлоод эдгээр 0.4-н кВа-н хуваарилах хайрцгуудыг тавиулахгүй гэсэн. Иймд хариуцагчийн худалдагчийн буруугаас болж гэрээ биелэгдэх боломжгүй болсон тул БНХАУ-аас гэрээ хийж шинээр оруулж ирсэн 0.4-н кВа-н хуваарилах хайрцаг, гаалийн татварын зардал нийт 120 595 000 төгрөг гарсан тул эдгээрийг хариуцагч талаар төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн байгаа. ДЗС ХХК-ийн захирал Э.Батсайханд манай компанийн зүгээс 2018 оны 8 дугар сарын 06-ны өдрийн 01/61 тоот бичгээр тоног төхөөрөмжийн бичиг баримтууд болон гаалийн бичгийг эх хувиар нь хүлээлгэж өгнө үү гэсэн хүсэлт хүртэл явуулсан боловч хариу өгөөгүй. Бид нийлүүлсэн тоног төхөөрөмжөө буцаан авч, авсан мөнгөө эргүүлэн төл гэж хэлэхэд чадахгүй гэж байсан. Эд хөрөнгө доголдолтой хэсгээр гэрээг цуцалж буй тул үлдэгдэл мөнгийг манай ЗОӨ ХХК төлөх боломжгүй гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ДЗС ХХК ньЗОӨ ХХК-тай 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр КТП-2500-6/04 ДУ/11н трансформаторыг нийт 275 000 000 /НӨАТ орсон/ төгрөгөөр худалдахаар худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр урьдчилгаанд 137 000 000 төгрөгийг, 9 дүгээр сарын 03-ны өдөр 38 000 000, 9 дүгээр сарын 04-ний өдөр 19 000 000 төгрөг шилжүүлэн авч сүүлд 3 000 000 төгрөгийг бэлнээр авсан. Худалдах худалдан авах гэрээний дагуу тоног төхөерөмжийг бүрэн бүтэн ямар нэг эд хөрөнгийн биет байдлын болон эрхийн доголдолгүй хөрөнгө шилжүүлж өгсөн.

 Гэрээний дагуу тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг худалдан авагчид хүлээлгэж өгөх хүртэл бүтэн 3 cap худалдан авагчийн инженер техникийн ажилчид болон захиалагч тал гэгдэх хөгжлийн төвийн инженер техникийн ажилчид цөм байлцан хүлээж авч авч суурилуулсан. Хоёр автомат ажиллахгүй байсныг солих боломжтой. Гэтэл үлдсэн 78 000 000 төгрөгийн төлбөрөө төлөхгүй гэрээг хэсэгчлэн цуцлах тухай нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн эөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч захиалагч Эрчим хүчний хөгжлийн төвөөс санхүүжилт 75 000 000 төгрөгөө авч чадахгүй ийм асуудал үүсгэж байна. Тэгсэн атал 120 сая төгрөгийн үнэтэй тоног төхөөрөмж оруулж ирсэн гэдэг нь ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү. ЗОӨ ХХК нь гэрээний үнийн үлдэгдэл 78 000 000 төгрөгийг одоо болтол төлж барагдуулахгүй зайлсхийж, янз бүрийн шалтаг шалтгаан тоочиж өнөөдрийг хүрсэн байх тул тус компаниас 78 000 000 төгрөг, алдангид 11 856 000 төгрөг, нийт 89 856 000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

Гуравдагч этгээд ЭХХТТӨААТҮГ-ын төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуульд Багануур дулааны станцын ерөнхий цахилгаан тэжээлийн, шинэчлэлт, цахилгаан хөдөлгүүрүүдийн инвертер шинэчлэн суурилуулах төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас явуулсан тендер шалгаруулалтаар ЗОӨ ХХК нь шалгарч барилга угсралтын ажил гүйцэтгэхээр 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн ЭХА-002/2018 тоот гэрээ байгуулсан. Төсөл хөтөлбөрийн барилга угсралтын ажил нь ажлын зургийн хүрээнд дараах ажлууд хийгдэнэ. Үүнд: 6 кВ-ын 60 м хүчний кабель, гаргалгааны гүйдлийн трансформатор, 6/0.4 кВ-ын 2x2500 кВА чадалтай хүчний трансформатор, 0.4 кВ-ын оруулгын 2, секц холбогч 1, гаргалгааны 12 ячейк, 0.4 кВ-ын секц холбогч АВР угсрах, гаргалгааны ячейк бүрт 0.4 кВ-ын гүйдэл, хүчдэл, бодит болон хуурмаг чадал, давтамж, чадлын итгэлцүүр, фазын дараалал зэрэг параметрүүдийг хэмжих хэрэгсэл, 0.4 кВ-ын хуваарилах байгууламжийн I ба II секцийн хүчдэлийн утгыг харах, хадгалах, хянах хэмжих хэрэгслүүдийг хянах хяналтын HMI холболт хийх дэд станцын барилгын дотор завсар, дотор гэрэлтүүлэг, галын функт хийх

 Хийгдсэн ажил: Гүйцэтгэгч ЗОӨ ХХК нь 2018 оны 9 дүгээр сарын 04-нөөс 15-ны өдрүүдэд төслийн талбайд өөрийн худалдан авсан трансформатор, 0.4 кВ-ын ячейкуудыг угсарсан. Төслийн угсралтын үед Багануурын дулааны станцын цахилгаан тэжээлийг тасалж тус станцыг бүрэн зогсоож хуучин тоноглолыг буулган шинээр угсрах тоноглолыг суурилуулсан. ЗОӨ ХХК-ийн төслийн талбайд угсарсан тоноглол болох хүчний трансформатор болон ячейкуудыг шалгаж үзэхэд уг трансформаторууд нь 2007 онд үйлдвэрлэгдэж 2016 онд Монгол Улсад импортлогдож ирсэн гэсэн мэдээлэл өгсөн боловч хадгалалтын горим хангаагүй, хуучин, гаалийн бүрдүүлэлт, техникийн паспорт, ашиглалтын заавар зэрэг гарал үүслийн баримт бичиггүй мөн техникийн нөхцөлд тусгагдсан IEC 6000076-10 стандарт, КЕМА гэрчилгээтэй байх, өмнө ашиглагдаж байгаагүй шинэ байх зэрэг шаардлагыг хангаагүй тул хүчний трансформатор болон автомат хянах хэмжих хэрэгсэл нь ажиллагаагүй 0.4 кВ-ын ячейкуудыг солих үүрэг даалгаврыг тус компанид тавьсан. Захиалагч байгууллагын шаардлагын дагуу ЗОӨ ХХК нь 2019 онд 0.4 кВ-ын хуваарилах байгууламжийн ячейкуудыг бүрэн сольсон бөгөөд хүчний трансформаторыг солих хүртэл техникийн комиссоор хүлээн авах боломжгүй тухай гүйцэтгэгч компанид мэдэгдэл хүргүүлсэн гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1, 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус баримтлан гэрээ хэсгээр цуцлагдсан тул доголдолтой 0.4 кВ-ийн ячейкуудыг ЗОӨ ХХК-аас гаргуулж ДЗС ХХК-д, ДЗС ХХК-аас 1 787 632,77 төгрөгийг гаргуулж ЗОӨ ХХК-д тус тус олгож, нэхэмжлэгч ЗОӨ ХХК-ийн ДЗС ХХК-аас хохиролд 118 807 368 төгрөг нэхэмжилсэн шаардлага, ДЗС ХХК-ийн ЗОӨ ХХК-аас тоног төхөөрөмжийн үнийн үлдэгдэл 78 000 000 төгрөгийг алдангийн хамт нийт 89 856 000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу ЗОӨ ХХК -аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 308 875 /547 950+760 925/ төгрөг, хариуцагч ДЗС ХХК -аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 607 230 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ДЗС ХХК-аас 591 502 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЗОӨ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага буюу гэрээг хэсэгчлэн цуцлах шаардлагаасаа татгалзаж, доголдолтой эд зүйлийн улмаас учирсан хохиролд 120 595 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилдэг. Гэтэл шүүх шийдвэрээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гаргах ёстой байтал хуульд нийцэхгүй. Мөн зарим зүйлийг сэлбэсэн гэх тоног төхөөрөмжийн үнэлгээ байхгүй байхад төдийгүй хоёр унтраалга буюу автоматыг гар ажиллагаатай гэх мэтээр сольсон нь үнийн дүнгийн хувьд ялимгүй үнэтэй байхаар байхад манай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хасаж гаргуулахгүйгээр шийдвэрлэсэн нь ойлгомжгүй. Шүүх нэхэмжлэгчийн гаргаагүй шаардлагын хүрээнд "....шүүх гэрээгээр худалдан авагчид шилжүүлсэн цахилгаан хувиарлах байгууламж ячейкуудыг худалдагчид буцааж, худалдагчид төлөгдөөгүй байсан тоног төхөөрөмжийн үлдэгдэл үнэ 78 000 000 төгрөгийг худалдан авагчаар төлүүлэхгүй байх нь зүйтэй гэж үзнэ..." гэсэн нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс давж шийдвэр гаргасан. Мөн доголдолтой хэсгээр нь буцаахаар шийдэхдээ шүүх өөрөө шийдвэртээ дурдсанчлан "....станцын сольсон тоног төхөөрөмжийн эд ангиас зарим зүйлийг авч сэлбэж тоног төхөөрөмжийг ажиллуулж өвлийг өнгөрөөсөн...." хуучирч ашиглагдсан эд зүйлийг буцааж олгуулж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна. Учир нь зарим автомат тээвэрлэлтээс гарсан байж болох гэрлийн шил зэргүүдийг сольсон талаар нэхэмжлэгч болон гуравдагч эттээдээс мэдүүлдэг боловч хэрэгт авагдсан баримтуудаар лац ломбо хайрцаг савтай нь бүх талууд байж хүлээж авсан байдаг бөгөөд дээрх гэрээгээр тохирсон маркийн тоног төхөөрөмжийг бүх талуудын мэргэжлийн хүмүүс оролцож хүлээж авснаас нилээдгүй хугацааны дараа төлбөрөө шилжүүлж байсан нь дээрх зүйл доголдолгүй байсныг гэрчлэх үйл баримт болохыг анхаарч үзэх шаардлагатай байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч ЗОӨ ХХК нь хариуцагч ДЗС ХХК-д холбогдуулан 2018 оны 6 сарын 12-ны өдрийн 21 тоот худалдах, худалдах авах гэрээг хэсэгчлэн цуцалж, гэрээний үүрэгт төлөх 78 000 000 төгрөгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг анх гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс гэрээний гүйцэтгээгүй үнийн дүнд 78 000 000 төгрөгийг, алданги 11 856 000 төгрөгийн хамт, нийт 89 856 000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хохиролд 120 595 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, гэрээг цуцлах, 78 000 000 төгрөгийг хүчингүй болгуулах тухай шаардлагаасаа татгалзаж байсан боловч шүүх хуралдаан дээр 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 21 тоот худалдах, худалдах авах гэрээг доголдолтой хэсгээр цуцалж, доголдолтой эд хөрөнгө нийлүүлсний улмаас учирсан хохирол 120 595 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болох нь 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх, 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх тухай хүсэлт, шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг баримтаар тогтоогдсон байна. /хх-ийн 123, 190, 2хх-ийн 13/

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ өөрчлөх, ихэсгэх, багасгах, шаардлагаасаа татгалзах эрхтэй бөгөөд анхан шатны шүүх талуудыг энэ шаардлагын хүрээнд мэтгэлцүүлснийг үндэслэсэн тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс давж шийдвэр гаргасан гэсэн хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Зохигчдын хооронд 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 21 тоот худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч буюу хариуцагч компани ОХУ-ын Биробиджан заводын үйлдвэрлэсэн 2КТП-2500-6/0,4 ДУ/11н маркын трансформатор, 0.4 кВ-ын цахилгаан хуваарилах самбар /ячейк/ зэргийг нэхэмжлэгч компанид нийлүүлэх, нэхэмжлэгч нь трансформаторын үнэ 275 000 000 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр тохиролцжээ. /хх-ийн 8-11/

Нэхэмжлэгч ЗОӨ ХХК нь Багануур дулааны станцын ерөнхий цахилгаан тэжээлийн шинэчлэлт, цахилгаан хөдөлгүүрүүдийн инвертер шинэчлэн суурилуулах төсөл хэрэгжүүлэх этгээдийг шалгаруулах Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын тендерт шалгарч барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр гэрээ байгуулсан ба уг төслийн ажлын хүрээнд дээрх 21 тоот гэрээг байгуулжээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд худалдагч тал биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэг хүлээдэг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж зөв дүгнэсэн байна.

Нэхэмжлэгч нь 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд гэрээний үнэд 197 500 000 төгрөгийг хариуцагчид төлж, гэрээнд заасан трансформатор, Багануур дулааны станцад хүргэж 10 хоногийн хугацаанд суурилуулсан боловч 0.4 кВ-ын цахилгаан хуваарилах самбар /ячейк/ ажиллахгүй байсан. Уг тоног төхөөрөмжийн дагалдах бичиг баримт байхгүй, техникийн шаардлагуудыг бүрэн хангахааргүй байсан болох нь гэрч С.Мөнхбатын хэлхээнд залгаж үзэхэд хамгаалалтын хэлхээ нь ажиллахгүй, хянах боломжгүй, байсан учраас хуучин ашиглаж байсан автоматуудыг тавьсан, автомат удирдлагагүй, гар ажиллагаатай байсан учраас хуучин гэж дүгнэсэн... гэх мэдүүлэг, 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Барилга, байгууламжийг ашиглалтанд оруулах техникийн комиссын ..0.4 кВ-ийн ячейкуудыг солиулж хүлээн авч ашиглалтанд оруулах шаардлагатай... гэж заасан акт, Эрчим хүчний хөгжлийн төвийн 2018 оны ...гаалийн бүрдүүлэлт үзүүлээгүй, техникийн нөхцөлд заасан гэрчилгээтэй байх, IEC60076-10 стандартын шаардлагыг хангахааргүй гэж үзэж байсан... гэсэн 827 тоот албан бичиг, Багануур дүүргийн шүүхээс 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хийсэн ажиллахгүй байгаа 0.4 кВ-ын хуваарилах самбарыг гаргаж тавьсан байгаа... болохыг харуулсан үзлэгийн тэмдэглэл, техникийн тодорхойлолт зэрэг хэрэгт авагдсан хийгээд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байна. /хх-ийн 32-33, 65-69, 93-94, 184, 245-248/

Иймд хариуцагч компанийг Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт заасан биет байдлын доголдолгүй хөрөнгө нийлүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзэхгүй. Нэхэмжлэгч компанийн зүгээс гэрээний зүйл болох тоног төхөөрөмжийг хүлээн авахаас өмнө холбогдох бичиг баримт, гаалийн бичиг баримтыг хүлээлгэж өгөхийг хариуцагч компаниас удаа дараа шаардсан, тоног төхөөрөмж нь доголдолтой, ажиллахгүй байгаа тухай удаа дараа мэдэгдэж байсан боловч хариуцагч нь доголдлыг арилгах, шаардлагатай баримт бичгийг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбар, ЗОӨ ХХК 2018 оны 01/61 дугаартай албан бичиг, 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн тоног төхөөрөмж нийлүүлэлтийн гүйцэтгэлийн талаарх ярилцлагын тэмдэглэл зэргээр тогтоогдож байх бөгөөд 2019 оны 5 дугаар сард БНХАУ-аас шинээр 0.4 кВ-ын цахилгаан хуваарилах самбарыг төхөөрөмжийг оруулж ирж суурилуулж ажиллуулснаар доголдлыг өөрөө арилгасан болох нь барааг худалдан авч хилээр нэвтрүүлсэн тухай гаалийн мэдүүлэг, холбогдох этгээдүүдийн тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 117, 118 /

Иймд хариуцагчийн нийлүүлсэн 0.4 кВ-ын цахилгаан хуваарилах самбар бүхий трансформатор нь биет байдлын доголдолтой гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч нь Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй, Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь доголдолтой хэсгээр гэрээг цуцлахаар шаардлага гаргасан нь үндэслэлтэй.

Нэхэмжлэгч дээрх эд хөрөнгийн доголдлыг арилгаж, тоног төхөөрөмж дахин худалдан авч хохирол учирсан гэж хариуцагчаас 120 595 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч шүүх тоног төхөөрөмжийг БНХАУ-аас хилээр оруулж ирэхэд гарсан зардалд татвар хураамжид төлсөн 1 787 632 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимд нийцүүлэн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд нийцнэ.

Хариуцагчийн нийлүүлсэн 0.4 кВ-ын цахилгаан хуваарилах самбар доголдолтой болох нь тогтоогдсон тул гэрээний зүйлийн үнийн үлдэгдэл 78 000 000 төгрөг, алданги гэж 11 856 000 төгрөг, нийт 89 856 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар цуцлагдсан тул хариуцагч буюу худалдагчид эд хөрөнгийн үнэ төлөхийг худалдан авагчаас шаардах эрх үүсэхгүй.

Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт монгол хэлэнд байгаа үгийг гадаад үгээр хэрэглэсэн нь буруу болсон тул залруулж найруулгын өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШШ2020/02468 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтын ячейкуудыг... гэснийг ...цахилгаан хуваарилах самбаруудыг... гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 607 230 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

Н.БАТЗОРИГ