Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 116/ШШ2024/0040

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Амаржаргал даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

 

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн  оршин суух, *******ын ******* /РД: *******/,

 

Хариуцагч: Дорнод аймгийн сумын Засаг даргын хооронд үүссэн Дорнод аймгийн сумын Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/70 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, өмгөөлөгч С., хариуцагч Э., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Нэхэмжлэгч Т.******* нь Дорнод аймгийн сумын Засаг даргад холбогдуулан “Дорнод аймгийн сумын Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/70 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

 Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Дорнод аймгийн сумын Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/158 дугаар захирамж /хавсралтын 26/-аар *******ын *******т ... сумын 4 дүгээр баг, ийн хойно өвөлжөөний  зориулалтаар 1 га газрыг арван таван жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байна[1].

2.2. Дорнод аймгийн сумын Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/70 дугаар захирамжаар ...Газрын тухай хууль, тогтоомж, гэрээний үүргээ биелүүлээгүй тул сумын багийн нутаг дэвсгэрт улаан төмрийн хойно орших *******ын *******ын эзэмшиж буй 1 га газрын эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ[2].

2.3. Нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд Дорнод аймгийн Засаг даргад гомдол гаргахад, Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ш. 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1/1752 дугаар албан бичгээр “...Т.******* нь “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.5, 4 дүгээр зүйлийн 4.4, 4.7, 4.20, 5 дугаар зүйлийн 5.3 дахь заалт болон Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д “Газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна. Иймд сумын Засаг даргын 2024 оны А/70 дугаар захирамжийг эрх зүйн үндэслэлгүй захиргааны акт гэж үзэх боломжгүй байна” гэсэн хариу өгсөн байна[3].

2.4. Т.*******ын зүгээс тус шүүхэд хандан, Дорнод аймгийн сумын Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/70 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан[4].

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч Т.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие Дорнод аймгийн сумын Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/158 тоот захирамжийн дагуу ******* нэгж талбарын дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Э-******* дугаартай, Дорнод аймаг, сум, 4-р багийн нутаг дэвсгэрт төмрийн хойно 01 хаягт орших 10000м.кв газрыг газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшдэг болсон. Гэтэл Дорнод аймгийн сумын Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1/265 тоот албан бичгээр “...Газрын тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1-д заасан нөхцөл байдал бий болсон тохиолдолд сумын Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох заалтыг үндэслэн Т.*******ын газар эзэмших эрхийн гэрчилгээг 2024 оны 06-р сарын 14-ний өдрөөр тасалбар болгох шийдвэрийг гаргах болсныг үүгээр мэдэгдэж байна” гэж надад мэдэгдсэн.

Миний бие уг мэдэгдлийг хүлээн авч, 2024 оны 06-р сарын 14-ний өдөр Дорнод аймгийн сумын Засаг даргад хандан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл байдал үүсээгүй болохыг, Газрын тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1-д заасан нөхцөл байдал үүсээгүй болохыг тайлбарлан холбогдох албан бичгийг хүргүүлсэн. Гэвч миний эзэмшлийн дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээг Дорнод аймгийн Засаг даргын 2024 оны 06-р сарын 26-ны өдрийн А/70 тоот захирамжаар Газрын тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1, 53-р зүйлийн 53.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн цуцалсан бөгөөд Дорнод аймгийн сумын газрын даамлын зүгээс 2024 оны 07-р сарын 19-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалсан захирамж гарсныг мэдэгдэн, миний бие тухайн өдөр захирамжийг хүлээн авсан. Энэхүү шийдвэрийг гаргах үед газар эзэмшигч миний Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль, Газрын тухай хуулиар тус тус хамгаалагдсан эрх, газар эзэмшигчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус шийдвэр гаргах үндэслэл бий болоогүй байсан болно. Тодруулбал:

1. Газар эзэмших эрхийг авснаас хойш Дорнод аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болох Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2024 оны 04-р сарын 10-ны өдрийн 170 тоот “Зөвшөөрөл олгох тухай” албан бичгийн  дагуу худаг гаргасан, мөн газрын газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмших гэрээнд заасан зориулалт буюу өвөлжөө хаваржааны дагуу ашиглахад шаардлагатай ажлуудыг хийж гүйцэтгэсэн бөгөөд тухайн газарт нэг ч тооны мал бэлчээгээгүй, байршуулаагүй болно.

2. Тухайн газар эзэмших эрхийг авснаас хойш өөрийн эзэмшил газраа Газрын тухай хууль болон Газар эзэмших гэрээнд заасан нөхцөл болзол, Газар эзэмших эрхийн гэрчилгээ, Газар эзэмших гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж байгаа бөгөөд аливаа гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ямарваа нэгэн байдлаар зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй болно.

3. Тухайн газар эзэмших эрхийг авснаас хойш өөрийн эзэмшил газраа Газрын тухай хууль болон Газар эзэмших гэрээнд заасан нөхцөл болзол, Газар эзэмших эрхийн гэрчилгээ, Газар эзэмших гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж байгаа бөгөөд өөрийн эзэмшлийн газраа бүхэлд нь эсхүл зарим хэсгийг аливаа гуравдагч этгээдэд ашиглуулаагүй. Харин өвөлжөө, хаваржааны дагуу ашиглахад шаардлагатай хашаа, саравч барьсан.

4. Монгол Улсын  Дээд шүүхийн 2008 оны 03-р сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолын 1.9-д “хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан ...удаа дараа... гэдгийг мөн хуулийн 40.1.2-40.1.6-д зааснаас бусад хэлбэрээр хууль тогтоомж, гэрээний нөхцөл, болзлыг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн байхыг ойлгоно, мөн зүйл, хэсэгт заасан ...ноцтой зөрчил...-ийг газар эзэмшүүлэх гэрээний талууд гэрээний нөхцөл, болзлын онцлогтой холбогдуулан харилцан тохиролцож тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг гэрээнд нэрлэн заасан байвал зохино” гэж заасан байдаг.

Дээрх Монгол Улсын Дээд шүүхийн тайлбараас үзвэл миний бие Газрын тухай хууль тогтоомж, гэрээний нөхцөл болзлыг 2 буюу түүнээс дээш удаа зөрчөөгүй, аливаа газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг ноцтой зөрчсөн зөрчил гаргаагүй байх тул Дорнод аймгийн сумын Засаг даргын А/70 тоот захирамж нь сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны акт юм. 

Иймд Дорнод аймгийн сумын Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/70 тоот захирамжийг хүчингүй болгож, миний зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээж өгнө үү гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.******* нь А/158 тоот захирамжийн дагуу тоот нэгж талбарын дугаартай ийн хойно 01 тоот хаягт өвөлжөө хаваржааны зориулалттай 1 га газрыг эзэмшиж авсан. Гэтэл Дорнод аймгийн сумын Засаг даргын зүгээс Т.*******ын газар эзэмших эрхийг цуцалсан шийдвэрийг танилцуулсан. Т.******* нь уг мэдэгдлийг хүлээн аваад сумын Засаг даргад газар эзэмших эрхийг цуцлах нөхцөл байдал үүсээгүй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг зөрчөөгүй талаараа илэрхийлсэн. Гэтэл үүнийг хүлээн зөвшөөрөхгүй сумын Засаг дарга нь газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалсан захирамжийг гаргаж, газрын даамал гардуулсан. Ингээд уг захирамж, шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа юм. Нэхэмжлэлийн шаардлага нь Дорнод аймгийн сумын Засаг даргын А/70 тоот захирамжид дурдсан газрын төлбөр төлөөгүй, Газрын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3 дахь хэсэгт заасан нөхцөл байдал үүссэн гэж мэдэгдсэн. Гэвч Т.*******ын хувьд ийм зүйл болоогүй гэж эсэргүүцдэг.

Байгаль орчин аялал жуулчлалын газраас олгосон зөвшөөрлийн дагуу худаг гаргаж, өвөлжөө хаваржааны зориулалтаар хашаа барьж, байшин барьсан. Мөн энэ хугацаанд нэг ч мал бэлчээгээгүй. Гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмшиж, ашиглахаар бэлтгэж байсан. Өөрийн эзэмшил газраа бусдад ашиглуулсан зүйл байхгүй. Өөрөө л эзэмшиж ашиглахаар бэлтгэж байсан. Аливаа гуравдагч этгээдэд ашиглуулаагүй, үйл ажиллагаа ч явуулаагүй байгаа. Малын зүчээ барихаар бэлтгэж байсан ч мөн л ашиглаагүй. Монгол Улсын Дээд шүүхийн тайлбарт удаа дараа гэдгийг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн байхыг ойлгоно, ноцтой зөрчил гэдгийг гэрээнд нэрлэн заасан байвал зохино гэж дурдсан байдаг. Т.*******ын хувьд ноцтой зөрчил гаргаагүй, удаа дараа гэрээг зөрчсөн зүйл байхгүй болно. Иймээс сөрөг нөлөөлөл бүхий А/70 дугаар захирамжийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: сумын Засаг даргын гаргасан захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 24.2, 24.3, 24.4 дэх хэсгийг баримталсан байгаа. Сонсох ажиллагааг дутуу хийсэн. 20 нэр бүхий иргэн гомдол гаргасан гэж байгаа бол энэ хүмүүсийн эрх ашиг яаж хөндөгдөж байгааг тайлбарлах ёстой байсан. Гэтэл энэ талаар баримт хэрэгт байхгүй байна. Захиргааны байгууллагын шийдвэр үндэслэл бүхий байх, хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимтай байдаг. Гэвч энэ бүхнийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Мөн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн хэсэг ч харагддаг. Т.*******ын хувьд гэрээний зүйл заалтыг зөрчөөгүй юм. Газар эзэмших эрхийг цуцлах нөхцөл байдал үүсээгүй байхад газар эзэмших эрхийг цуцалсан шийдвэрийг гаргасан байна. Т.*******ын хувьд 2023 оны 12 дугаар сард газар эзэмших эрхээ авсан ба ашиглаж ч амжаагүй байхад нь буюу 06 дугаар сард нь газар эзэмших эрхийг цуцалсан. Тухайн газар дээр Т.*******ын хувьд худаг гаргасан, байшин барьсан, зүчээ хүртэл барьсан ба үүнд 200 гаруй сая төгрөг зарцуулсан байна. Захирамжид үндэслэсэн Газрын тухай хуулийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар удаа дараа ноцтой зөрчсөн зүйл үнэхээр болж амжаагүй юм. Хэдэн иргэд цуглаад л зөв үү буруу юу гэж яриад л олонхийн саналаар дэмжигдсэн байна. Олон иргэн ярихаар бүх зүйл үнэн зөв болчихдог зүйл биш юм. Тиймээс бодит нөхцөл байдалд тохирсон шийдвэр гарч чадаагүй байна. Бодит байдал дээр үнэхээр газраа ч ашиглаж чадаагүй. Өвөлжөөндөө буух гээд л бэлтгэж байсан. Мөн Газрын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3 дахь хэсэгт зааснаар хадлангийн талбайд мал бэлчээсэн зөрчил гаргасан гэж үзсэн. Гэтэл энэ нөхцөл байдал үгүйсгэгдэж байгаа. Үгүйсгэгдэж байгааг мэдсээр байж энэ хуулийг зааж өгч байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болж байна. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн эрхийн талаар ярьж байна. Нэгэнт хуулийн дагуу газар эзэмшиж байгаа иргэн нь ямар эрхтэй талаар хуульчилж өгсөн байгаа. Бусдад газар эзэмших эрхээ шилжүүлэх, ашиглуулах эрхтэй. Гэтэл үүнийг нь үүргээ зөрчсөн мэтээр тайлбарлаад байх юм. Гэрээний 5, 6 дугаар зүйл дээр нарийвчлан заасан байгаа хэдий ч хуулийг давсан гэрээ хэлцэл байж болохгүй юм. Дээрхээс үзэхэд Газрын тухай хууль тогтоомж болон гэрээний заалтыг зөрчсөн бодит нөхцөл байдал тогтоогдоогүй болох нь бүрэн харагдаж байна. Зарим иргэдийн хувьд ирээдүйд мал оруулах боломжтой талаар дурдаад байх шиг байна. Энэ нь өөрөө үндсэн хуульд заасан бусдын эрхэд ноцтойгоор халдсан зөрчил болохгүй юм. Зөрчлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан зөрчлийн арга хэмжээ авагдах, торгох шийтгэл ногдуулах зохицуулалттай заалт болж байгаа юм. Удаа дараа гэдэг зүйлс яригдах боломжгүй юм. Ер нь бол удаа дараа байтугай нэг ч удаа зөрчил гаргаагүй, гаргаж ч амжаагүй байна. Ноцтой зөрчил гэдгийг мөн Улсын Дээд шүүхийн тайлбарт дурдсан байдаг. Ноцтой зөрчлийг гэрээн дээр нарийвчлан зааж өгсөн байх ёстой байдаг. Гэтэл гэрээнд энэ талаар огт дурдаагүй байна. Тиймээс бодит байдал дээр иргэн Т.*******ын газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлах шаардлага байгаагүй, нөхцөл байдлыг үнэн зөвөөр тогтоогоогүй уг шийдвэрийг гаргасан байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

3.4. Хариуцагч Дорнод аймгийн сумын Засаг дарга Э. шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.******* нь сумын Засаг даргын 2023 оны А/158 дугаар захирамжийн дагуу сумын 4-р багийн нутаг дэвсгэр төмрийн хойно 01 тоот хаягт байрлах 10 000мкв өвөлжөө, хаваржааны зориулалттай, ******* нэгж талбарын дугаартай, Э-******* эрхийн улсын бүртгэлийн дугаартай газрыг эзэмшсэн. 2024 оны 03 дугаар сард сумын Засаг даргын орлогч Э.Батбаярт 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, төмрийн хойно, хадлангийн бүсийн ойр орчим “АПУ” компанийн адуу орж ирэх гэж байна гэх дуудлага мэдээлэл ойр орчмын айл өрхүүдээс удаа дараа ирсэн. 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр иргэнээс ирсэн дуудлага мэдээллийн дагуу Засаг даргын тамгын газраас ажлын хэсэг газар дээр нь очиж танилцахад Т.******* нь өөрийн эзэмшлийн газарт “******* ******* тал” ХХК-аар эргэлтийн 4 цэгийг тогтоолгон, БОАЖГ-ын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 170 дугаар зөвшөөрөл олгох тоотын дагуу “Ус *******” компаниар худаг гаргах зөвшөөрөл авсан байсан ба уг өдрийн байдлаар 20х6 хэмжээтэй хундам цутгасан, худаг нь өвөлжөө, хаваржааны газартаа багтсан байсан. Хүмүүсийн малыг хараад цалин авч амьдардаг нь бүх л хүнд харагдаж байгаа. Гэхдээ ард нь байгаа аж ахуй нэгж нь “АПУ” ХХК байсан учраас иргэд ихээр бухимдаж байсан. Нийт 58 иргэн гарын үсэг зураад над дээр орж ирсэн. Үүний дагуу сонсох ажиллагаа явуулсан. Сонсох ажиллагааг хуулийн дагуу явуулсан гэж миний хувьд бодож байна. Т.*******тай би хэд хэдэн удаа холбогдож утсаар ярьж байсан. Нутаг орныхоо нөхцөл байдлыг бодох хэрэгтэй, иргэдийн гомдол үнэхээр хүндрэлтэй байна гэдэг талаар хэлж зөвшилцсөн. Дараа нь гомдол гаргаад байгаа хүмүүсийг уулзуулж ярилцуулсан. Энэ үед Т.******* өөрөө ч сууж байсан. “АПУ” ХХК-ийн малчин гэх хүн нь хоёр ч удаагийн хуралдаанд суусан. Сонсох ажиллагааг бүрэн хийсэн. Тухайн газрын хэсгийн хүмүүс хүртэл ирж суусан. Ер нь бол ганц Т.*******т хандаж хэлээгүй бүхий л иргэдэд хандаж тайлбарыг гаргасан. Т.*******ын хувьд “АПУ” ХХК-тай хамтарч ажиллаж байгаа талаар иргэд маш хүчтэй гомдол гаргасан. Тухайн газарт мал бэлчээсэн талаар 2-оос 3 удаа иргэдийн гомдол ирсэн юм. Тухайн хэсгийн газар эзэмшигч иргэдийн хувьд маш сонор сэрэмжтэй ажилласан. Яг газар руу ороогүй, чиглээд ирэх үед нь л гомдол гаргадаг болсон. Тухайн газарт мал маллаагүй нь үнэн. Би аль болох мэдрэмжтэй хандаж, иргэнээ дэмжих гэсэн боловч “АПУ” ХХК-нд газар олгосон мэт санагдаж байна. Хууль зөрчиж газар олгоогүй. Гэтэл энэ асуудал нь багийн хэмжээний, цаашлаад сумын хэмжээний асуудал үүссэн юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

            2. Дорнод аймгийн сумын Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/158 дугаар захирамж /хавсралтын 26/-аар *******ын *******т ... сумын 4 дүгээр баг, ийн хойно өвөлжөө, хаваржааны   зориулалтаар 1 га газрыг арван таван жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдөр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж,газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ.[5]

 

            3. Дорнод аймгийн сумын Засаг даргаас 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагааг явуулж хурлын тэмдэглэл үйлдэж,  2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1/265 дугаартай мэдэгдлийг иргэн Т.*******т хүргүүлсэн байна.[6]

 

3.1 Ингээд Дорнод аймгийн сумын Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/70 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.15, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, 24.4, 24.5 дахь заалт, 26 дугаар зүйлийн 26.1, 49 дүгээр зүйлийн 49.1, 49.3.3 дахь заалт, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.2, 53 дугаар зүйлийн 53.3 дахь заалт, Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.5, 4 дүгээр заалтын 4.4, 4.7, 4.20, 5 дугаар зүйлийн 5.3 дахь заалтыг тус тус үндэслэн...Газрын тухай хууль, тогтоомж, гэрээний үүргээ биелүүлээгүй тул сумын багийн нутаг дэвсгэрт төмрийн хойно орших *******ын ******* /*******/-ийн эзэмшиж буй 1 га газрын эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.

 

3.2 Нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр дээрхи захирамжийг хүчингүй болгуулахаар Дорнод аймгийн Засаг даргад гомдол гаргахад, Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ш. 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1/1752 дугаар албан бичгээр “...Т.******* нь “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.5, 4 дүгээр зүйлийн 4.4, 4.7, 4.20, 5 дугаар зүйлийн 5.3 дахь заалт болон Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д “Газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно” гэсэн заалтын тус тус зөрчсөн байна. Иймд сумын Засаг даргын 2024 оны А/70 дугаар захирамжийг эрх зүйн үндэслэлгүй захиргааны акт гэж үзэх боломжгүй байна” гэсэн хариу өгсөн байна.[7]

 

            4. Дорнод аймгийн сумын Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/70 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлийн талаар: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор хуульчилсан.

 

            4.1 Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан “удаа дараа” гэдгийг мөн хуулийн 40.1.2-40.1.6-д зааснаас бусад хэлбэрээр хууль тогтоомж, гэрээний нөхцөл болзлыг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн болохыг ойлгоно. Мөн “ноцтой зөрчил”-ийг газар эзэмшүүлэх гэрээний талууд гэрээний нөхцөл, болзлын онцлогтой холбогдуулан харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг гэрээнд нэрлэн заасан байхыг ойлгох бөгөөд өөрөөр хэлбэл Засаг даргын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох захирамжийн хууль зүйн үндэслэлд энэхүү заалтыг хэрэглэж байгаа нь газрын хууль тогтоомж, гэрээний заалтыг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн болохыг нотлох баримтаар тогтоосон байх ёстой. 

           

            4.2. Дорнод аймгийн сумын Засаг даргаас 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн сумын Газрын албаны мэргэжилтэн, иргэн Т.******* нарын хооронд байгуулсан “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”[8]-ний  3 дугаар заалтын 3.5-д “Газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно”, 4 дүгээр заалтын 4.4-т “ Бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх”, 4.7-д “Эзэмшлийн газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулах бол эрх бүхий Засаг даргаас зөвшөөрөл авч, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх”, 4.20-д “Холбогдох хууль тогтоомжоор тогтоосон бусад эрх, үүрэг, хариуцлага хүлээх”, 5 дугаар заалтын 5.3-т “Газрыг гэрээний нөхцөлийн дагуу эзэмшээгүй...” гэх гэрээний заалтуудыг зөрчсөн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 болон  2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн сумын Газрын албаны мэргэжилтэн, иргэн Т.******* нарын хооронд байгуулсан “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний холбогдох заалтуудыг иргэн Т.******* хэрхэн зөрчсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

 

            4.3. Харин  Нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1,  Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний холбогдох заалтуудыг зөрчөөгүй болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч болон түүнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, тухайн маргаан бүхий газар дээр шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэл[9] зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

5. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-д “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баимтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж тус тус хуульчилсан. Гэтэл захиргааны байгууллагаас энэхүү хуульд заасан бодит нөхцөл байдлыг тогтоох талаар ямар ажиллагаа явуулсан нь тодорхойгүй бөгөөд захиргааны байгууллагаас дээрхи хуульд заасан үүргээ биелүүлээгүй нь төрийн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаатай шууд холбоотой.

 

5.1. Дорнод аймгийн сумын Засаг даргын тамгын газраас 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр иргэнээс ирсэн дуудлага мэдээллийн дагуу Засаг даргын тамгын газраас ажлын хэсэг газар дээр нь очиж танилцахад Т.******* нь өөрийн эзэмшлийн газарт “******* ******* тал” ХХК-аар эргэлтийн 4 цэгийг тогтоолгон, БОАЖГ-ын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 170 дугаар зөвшөөрөл олгох тоотын дагуу “Ус *******” компаниар худаг гаргах зөвшөөрөл авсан байсан ба уг өдрийн байдлаар 20х6 хэмжээтэй саравч барьсан гэсэн зүйлийг зөвхөн  тогтоосон бөгөөд иргэн Т.******* нь тухайн газар дээрээ бусдын малыг оруулсан, тухайн газраа бусдад эзэмшүүлсэн гэсэн бодит нөхцөл байдал шүүхээс тухайн газар дээр үзлэг хийх явцад ч тогтоогдоогүй юм.  

 

6. Мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д “Газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно” гэсэн заалтыг зөрчсөн гэж хариуцагч талаас маргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд өнөөдрийн байдлаар иргэн Т.******* нь тухайн өөрийн өвөлжөөний газраа бусдад шилжүүлээгүй нь бодит нөхцөл байдал дээр тогтоогдсон байхад нэхэмжлэгчийг нотлох баримтгүйгээр шууд буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна.

 

7. Иймд Дорнод аймгийн сумын Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/70 дугаар захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 35 дугаар зүйлийн 35.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч Т.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорнод аймгийн сумын Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/70 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорнод аймгийн сумын Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.*******т олгосугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2  дахь хэсэгт зааснаар шүүхийн  шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  14  хоногийн дотор  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.      

                   

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               П.АМАРЖАРГАЛ

 

[1] Хавтаст хэргийн 37-38-р хуудас

[2] Хавтаст хэргийн 5-р хуудас

[3] Хавтаст хэргийн 6-р хуудас

[4] Хавтаст хэргийн 1-3-р хуудас

[5] Хавтаст хэргийн 23-24, 10-12-р хуудас

[6] Хавтаст хэргийн 6, 29-35-р хуудас

[7] Хавтаст хэргийн 7-9-р хуудас

[8] Хавтаст хэргийн 23-24-р хуудас

[9] Хавтаст хэргийн 61-62-р хуудас