Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2021/00300

 

2021 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2021/00300

 

 

 

Б.Д-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 104/ШШ2020/00367 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Д-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.А-д холбогдох

 

гэм хорын хохиролд 5 059 623 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Д-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хариуцагч Н.А-гийн 89-25УНҮ улсын дугаартай приус 20 маркийн автомашинтай явж байгаад Төв аймгийн замд осолд орсон. Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2019/ШЦТ/321 дугаар тогтоолоор Н.А-г гэм буруутайд тооцож, эрүүл мэндэд учирсан хохирлыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан. 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн гэм хорын хохирлыг барагдуулах тухай шийдвэр гарсан боловч хариуцагч Н.А- өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй. Би Улаанбаатар хотод Тээвэр зуучлалын байгууллагад нэг сарын 1 000 000 төгрөгийн цалинтай ажилладаг байсан. Авто машины осолд орсноос хойш групп тогтоолгож, 2019 оны 9 дүгээр сараас сар бүр 350 000 төгрөг авах болсон. Миний авч байсан 1 000 000 төгрөгийн цалингаас сар бүр авдаг группийн мөнгө 350 000 төгрөгийг хасаж тооцож, 2020 оны 1-6 дугаар сарын цалингийн зөрүүг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна. Иймд хариуцагч Н.А-гаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд эмчилгээний зардал 1 159 623 төгрөг, 2020 оны 1-6 дугаар сарын нийт цалингийн зөрүү 3 900 000 төгрөг, нийт 5 059 623 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Мөр овогт Нямдаваагийн Амарсанаагаас 4 906 123 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Сэцэнван овогт Батбаярын Даваасүрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 153 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,-д зааснаар хариуцагч Н.А-гаас  93 447 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Б.Д- улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Намжилцэрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйл, 40 дугаар зүйлийн 40.2 дахь хэсэгт тус тус заасан. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн "Амвэй тээвэр зууч" ХХК-д барааны мэргэжилтэн, тооцоо гаргагч ажилтай хэмээн сүлжээний бизнесийн ажлын цалинг сарын 1 000 000 төгрөгийн цалинтай гэж үзэж 1-6 сарын цалин 3 900 000 төгрөгийг гаргасан шийдвэрлэсэн буруу хэмээн үзэж байна. Учир нь Б.Д- нийгмийн даатгал шимтгэл төлдөггүй тогтмол цалинтай эсэх нь тодорхойгүй, мөн Нийгэм хамгаалал хөдөлмөрийн сайдын "дундаж цалин хөлс тодорхойлох" журмын 7а -д "...хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж хөлсөөр тооцно" гэж заасан байхад шүүх сарын цалин 1 000 000 төгрөг хэмээн шууд үзэж нэхэмжлэгчийн цалинг гаргуулж шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг өөрчилж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж, Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б.Д- нь хариуцагч Н.А-д холбогдуулан өөрт учирсан гэм хорын хохиролд цалингийн зөрүү 3 900 000 төгрөг, эмчилгээ хийлгэхэд гарсан болон бусад зардал 1 159 623 төгрөг, нийт 5 059 623 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2019/ШЦТ/321 дугаар шийтгэх тогтоолоор хариуцагч Н.А- нь 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Зуун мод сумын 4 дүгээр багийн нутагт Налайх дүүргээс Зуунмод явах чиглэлд 89-25УНҮ улсын дугаартай Приус-20 маркийн автомашиныг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас замын хажуу руу гарч онхолдон зам тээврийн осол гарган Б.Д-гийн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон байна. / хх-ийн 6-15 /

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй ба гэм буруугийн талаар хариуцагч маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Д-гийн биед баруун уушги няцрал, цээжний хөндийн хий, шингэн хуралдалт, баруун 3-10 дугаар хавирга хоёрлосон хугарал, умдаг ясны хугарал, ахар сүүлний S18 S2, S3-р нугалмын хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний ухархайн ханын хугарал, зүүн нүдний доод дээд зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал тархи доргилт зэрэг гэмтэл хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан. Нэхэмжлэгч мэс засалд орсон болох нь эмнэлгийн тодорхойлолт, амбулаториор эмчлүүлэгчдийн карт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Амвэй тээвэр зууч ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 14 тоот цалингийн талаар тодорхойлсон албан бичиг, 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны цалин авч байсан гүйлгээтэй холбоотой Б.Д-гийн эзэмшлийн ХААН банкны 5013070727 тоот дансны дэлгэрэнгүй хуулга, Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвар алдалтыг 69 хувиар тогтоосон, 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн хөдөлмөрийн чадвар алдалтыг 69 хувиар, 9 дүгээр сарын 03-ны өдрийн хөдөлмөрийн чадвар алдалтыг 69 хувиар тогтоосон шийдвэрүүд, Б.Д-гийн 910248 дугаартай тахир дутуугийн тэтгэврийн дэвтрийн хуулбар зэрэг баримтаар нэхэмжлэгч Б.Д- нь зам тээврийн осолд орох үедээ Амвэй тээвэр зууч ХХК-д 1 000 000 төгрөгийн цалин бүхий ажил эрхэлж байсан, одоо ослын улмаас тогтоогдсон тахир дутуугийн тэтгэвэр 350 000 төгрөгөөр тогтоосон үйл баримт хэрэгт баримтаар нотлогдсон. / хх-ийн 16-35 /

 

Нэхэмжлэгч Б.Д-г дээрх гэмтэлтэй холбоотойгоор хагалгаанд орсон, хөдөлмөрийн чадвараа 69 хувь алдсан, эмчилгээ хийлгэсэн, ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа үйл баримтыг хариуцагч няцаагаагүй тул хариуцагч Н.А- нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Д-гийн зам тээврийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг бууруулсан хэмжээгээр төлөх үүрэгтэй байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн гаргасан тооцоолол, зардлын баримт, төлбөр төлсөн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, эмчилгээ хийлгэхэд гарсан болон бусад зардал 1 006 123 төгрөг, цалингийн зөрүүд / 1 000 000 350 000 / * 6 сар = 3 900 000 төгрөг, нийт 4 906 123 төгрөгийг Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулж шийдэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ. / хх-ийн 55-60, 62-69 /

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо Б.Д- нийгмийн даатгал шимтгэл төлдөггүй тогтмол цалинтай эсэх нь тодорхойгүй гэж тайлбарлаж байгаа боловч нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос төлөгдөөгүй явдалд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй байхаас гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч тал тайлбар татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй тохиолдолд шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан хэргийн нөхцөл байдлын талаар дүгнэлт хийснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй болно.

Анхан шатны шүүх хуульд заасан журмын дагуу иргэдийн төлөөлөгчийг оролцуулсан ба маргааны үйл баримт болон зохигчийн гэм буруугийн талаар нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэсэн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг шүүх шийдвэртээ тусгасан байна.

 

Дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 104/ШШ2020/00367 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77 360 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

Н.БАТЗОРИГ