Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 24

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Улсын яллагч: Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газрын хяналтын прокурор А.Амгалан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхбат,

Шүүгдэгч Б.А,

Нарийн бичгийн дарга Б.Оюунтунгалаг нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ад холбогдох 1729000760055 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.А нь 2017 оны 06 дугаар сарын 12-ны Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Налих багийн нутаг дэвсгэр буюу “Хөтөл булаг” гэх газраас усны эхийг хашсан 13 ширхэг төмөр торон хашааг машин механизм ашиглаж хулгайлан, бусдад орон нутгийн зах зээлийн үнэлгээгээр 273,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дугаар хуудас/,

Эд зүйл, баримт, бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол, хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хавтаст хэргийн 7-9-р хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 10-15-р хуудас/,

Эд зүйл хураан авах, хүлээлгэн өгөх тухай тэмдэглэл / хавтаст хэргийн 16-20-р хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 21-25-р хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч Ж.Зоригтбаатарын: “...Өмнөговь аймгийн Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2015 оны үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу 15 суманд 20 булгийн эхийг хашиж хамгаалах ажлын хүрээнд Баян-Овоо суманд “Хөтөл булаг”-ийн эхийг 2015 оны 09 дүгээр сард “Өтгөн буян” ХХК нь ажлыг гүйцэтгэн хүлээлгэн өгсөн тайлан байдаг. Яг ямар өртгөөр хийсэн талаар би сайн мэдэхгүй байна. ...алдагдсан эд зүйлийг тухайн зах зээлийн үнээр шууд бодож гаргасан үнэлгээ “Вендо” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. ...алдагдсан байсан 13 ширхэг хашааг буцаагаад авчихсан учир одоо надад гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31, 38, 96-р хуудас/,

Гэрч Л.Энхсарангийн: “...Би Баян-Овоо сумын байгаль хамгаалагчийн ажлыг 2015 оны 02 дугаар сараас 2017 оны 10 дугаар сар хүртэл хийсэн. ...”Хөтөл булаг”-ийн хашааг төмөр угалникаар гагнаж, хүрээ хийгээд торлосон, нэг торон дээр нь “Булаг шандаа хайрлан хамгаалъя” гэсэн хаяг самбартай торон хашаа байгаа. “Хөтөл булаг”-ийн торыг хамгаалуулж, хүнд хүлээлгэн өгөөгүй. Ямар нэгэн харуул хамгаалалт байхгүй...” гэсэн мэдүүлэг /хавтас хэргийн 23-24-р хуудас/,

“Вендо” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний Ц17-51 дугаартай дүгнэлт, үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 40-47-р хуудас/,

Гэрч Ч.Ганзоригийн: “...А би наад хашааг хаана байгааг мэдэхгүй гэж байсан. Тэгээд би зургийг үзэхэд сумын байгаль хамгаалагч Ж.Зоригбаатараас гаргасан өргөдөлтэй хамт ирүүлсэн “Хөтөл булаг” гэх газар усны эхийг хашсан байсан гэх хашааны зураг байсан. Ингээд төлөөлөгч бид хоёр тэр өдрөө “Хөтөл булаг” гэх газар очиж, төлөөлөгч хэргийн газрын үзлэг хийгээд тэндээсээ цааш хашааг хайж 2 орчим км яваад уулын ам буюу гуу жалга бүхий газарт хүрээ нь эвдэрч хуучирсан 13 ширхэг хашааг нуусан байдалтай байсныг гэрэл зургаар төлөөлөгч бэхжүүлэн авсан.” гэсэн мэдүүлэг /хавтас хэргийн 97-98-р хуудас/,

Б.Агийн яллагдагчаар өгсөн: “...уг хашааг барьснаас хойш малчин бид нарт хүндрэлтэй асуудал гараад байсан учир 2017 оны 06 дугаар сард хашааг буулгаад бууцан дээрээ хураачхая гэж бодоод нийт 16 ширхэг 1 метрийн урттай, барагцаагаар 1.60 метр өндөртэй төмөр хашаа байснаас 13 ширхэгийг нь ганцаараа буулгаж өөрийн эзэмшлийн “Бонго пронтер” маркийн 37-16 ӨМА улсын дугаартай машиндаа ачаад бууц руугаа явж байгаад бууцны ойролцоо жалганд хурааж орхисон. ...түүнээс хойш хашааг хүн сураглаж ирээгүй, 2017 оны 10 дугаар сард хэсгийн төлөөлөгч ирээд уг хашааг үзэж, тоолоод зургийг аваад “яах гэж хашааг энд авчирсан юм. Хэн энд авчирсан юм бэ” гэж асуухаар нь би “булаг усан дээр тор татаад байхаар нь мал, амьтан ус ууж чадахгүй байна. Тэгээд би буулгаад энд хураачихсан юм. Хашааны эзэн ирвэл авна биз гэж хариулсан. Төлөөлөгч “наад хашаагаа сумын төв дээр аваад очоорой гээд явсан. Би хашааг ачаад сумын төв орж төлөөлөгчид 13 ширхэг хашааг хүлээлгэн өгсөн” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 59-р хуудас/,

Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Налих багийн Засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 62-р хуудас/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 63-р хуудас/

Б.Агийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хавтаст хэргийн 64-70-р хуудас/,

Тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрчилгээ /хавтаст хэргийн 72, 83-р хуудас/,

Б.Агийн үл хөдлөх хөрөнгийн лавлагаа болон арилжааны банкууд дахь дансны хуулгууд /хавтаст хэргийн 76-80-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх бөгөөд прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд Б.А нь 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Налих багийн нутаг дэвсгэр буюу “Хөтөл булаг” гэх газраас усны эхийг хашсан 13 ширхэг төмөр торон хашааг машин механизм ашиглаж, нууц далд аргаар авах үйлдэл нь бусдад /орон нутгийн зах зээлийн үнэлгээгээр/ 273,000 төгрөгийн хохирол учруулж хохирол, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь  Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын эд хөрөнгөд халдаж хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм. 

Иймд шүүгдэгч Б.Аг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж заасны дагуу, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заасныг журамлан шүүгдэгч Б.Ад холбогдуулан Өмнөговь аймгийн Сум дундын 1 дүгээр прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон өөрчлөн зүйлчилж шийдвэрлэв.  

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон болон хувийн байдлыг нь харгалзан үзэж 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулах хорих ялыг тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, Б.Агийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Зоригтбаатар нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй.

2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн мөрдөгчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгож, 37-16 ӨМӨ улсын дугаартай Вонго пронтер маркийн тээврийн хэрэгслийг Б.Ад буцаан олгох нь зүйтэй.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хээхий овогт Батаагийн Аг хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Б.Ад холбогдуулан Өмнөговь аймгийн Сум дундын 1 дүгээр прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад 3 /гурав/-н жилийн хорих ял оногдуулсугай.   

4. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан 3 /гурав/-н жилийн хорих ялыг 3 /гурав/-н жилийн хугацаагаар тэнссүгэй.

5. Б.А нь тэнсэгдсэн 3 /гурав/-н жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах талаар тайлбарласугай. 

6. 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн мөрдөгчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгож, 37-16 ӨМӨ улсын дугаартай Вонго пронтер маркийн тээврийн хэрэгслийг Б.Ад буцаан олгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Б.Агийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Зоригтбаатар нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Ад урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ӨЛЗИЙ-ОТГОН