| Шүүх | Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | В.Давааням |
| Хэргийн индекс | 116/2024/0008/З |
| Дугаар | 116/ШШ2024/0041 |
| Огноо | 2024-12-06 |
| Маргааны төрөл | Газар, |
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 116/ШШ2024/0041
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Давааням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн оршин суух, *******гийн /РД:/
Хариуцагч: Дорнод аймгийн Засаг дарга нарын хооронд үүссэн “Газар эзэмших эрхийн хугацааг сунгаж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг даалгах” тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., өмгөөлөгч Г., Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А., Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Нэхэмжлэгч Х.ын зүгээс Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулан, “Газар эзэмших эрхийн хугацааг сунгаж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.
1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг “нэхэмжлэгч Х.ын эзэмшлийн 2008 оны ******* дугаар бүхий гэрчилгээтэй, нэгж талбарын ******* дугаартай, граж үйлчилгээний зориулалттай, 1300 м2 газрын эзэмших эрхийн хугацааг сунгаж өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн хугацааг хуульд заасны дагуу сунгахыг хариуцагч Дорнод аймгийн Засаг даргад даалгах” гэж тодруулсан.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай” 151 дүгээр захирамжаар “...9 дүгээр багийн нутаг дэвсгэр дэх ...1300 м2 талбай бүхий газрыг 6 дугаар багийн иргэн ...Х.т гражийн зориулалтаар ...шилжүүлэн эзэмшүүлсэн”[1] байна.
2.2. Дорнод аймгийн Засаг даргын 2008 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 90 дүгээр захирамжийн хавсралтын 3 дугаарт “... 6 дугаар багийн иргэн, *******гийн т, 9 дүгээр багийн нутаг дэвсгэр дэх 1 дүгээр байрны баруун талд 1300м2 талбай бүхий газрыг граж үйлчилгээний зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн олгосон”[2] байна.
2.3. Дээрх захирамжийг үндэслэн 2008 оны 03 дугаар сарын 18-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээний ******* дугаарт бүртгэн, нэгж талбарын ******* дугаар бүхий 1300м2 газрыг 15 жилийн хугацаатай граж үйлчилгээ зориулалтаар эзэмшүүлэхээр гэрчилгээ[3] олгожээ.
2.4. Иргэн Х. нь 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Засаг даргад хандан “...эзэмших эрхийн газрын ашиглах хугацаа 2023.03.13-нд дуусаж байгаа тул авто грашийн үйлчилгээ чиглэлээр эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж өгнө үү”[4] хүсэлт гаргасан байна.
2.5. Х.аас 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр тус шүүхэд хандаж “Газар эзэмших эрхийн хугацааг сунгаж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. [5]
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч Х.ын зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: миний бие Дорнод аймаг Хэрлэн сум ******* баг -ны 1 дүгээр байрны баруун талд Засаг даргын 2008.03.13-ны өдрийн 90 дугаартай захирамжаар 1300 м2 газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрхийг олж авч, газар эзэмших эрхийн ******* дугаартай гэрчилгээний дагуу үйл ажиллагаа явуулж байна. Уг газар миний хүү Алтанбаганын нэр дээр 240 м2 талбайтай автомашины гражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй байдаг бөгөөд 20 машины гражийг зориулалтын дагуу ашиглаж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдэж, ******* тоот гэрчилгээг эзэмшиж байна.
2023 оны 03 дугаар сард газрын эрхийн 15 жилийн хугацаа дуусахаас өмнө сунгуулах тухай хүсэлтээ гаргасан боловч өнөөдрийг хүртэл шийдээгүй байна. Миний бие Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “...Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана”, 37.1.1-д “...газар эзэмших эрхийн гэрчилгээ”, 37.1.2-д “газрын төлбөрийг төлсөн тухай баримт”, 37.1.3-д “байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаар тодорхойлолтыг хавсаргаж хүргүүлсэн боловч Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-д “...Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба бүртгэнэ...” гэж заасныг зөрчиж бүтэн 5 сарын хугацаанд шийдээгүй эс үйлдэхүйг гаргаж байна.
Гэтэл Дорнод аймгийн Засаг даргын 2023.07.07-ны өдрийн 1/1755 тоот мэдэгдлээр газрын төлбөрийг төлөөгүй, иймд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох болсныг мэдэгдье гэжээ. 2008 оноос хойш газрын төлбөрийг тогтоосон хугацаанд тогтмол төлсөөр ирсэн. 2019 оноос Газрын тухай хуулийн 9 дүгээр зүйлд Газрын төлбөр ногдуулах /Энэ зүйлийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/ гээд 1-д: “...Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно...” 2-т “...Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ...”, 3-т “...Эрхийн улсын бүртгэлд газар эзэмших, ашиглах эрх шинээр бүртгэгдсэн бол газрын төлбөрийн асуудал хэмжээг хувь тэнцүүлэн ногдуулж 10 хоногийн дотор татварын албанд хүргүүлнэ...”, 4-т “...Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ газрын суурь үнэлгээ, газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, бүс, газар эзэмших, ашиглах зориулалтын итгэлцүүр, төлбөрийн хувь, хэмжээ, өөрчлөгдсөн тухай бүр уг өөрчлөлттэй холбогдуулан газрын төлбөрийг шинэчлэн ногдуулж 30 хоногийн дотор татварын албанд хүргүүлнэ...”, 5-д ...Татварын алба энэ зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасан газрын төлбөрийн ногдуулалтын талаарх мэдээллийг газар эзэмшигч, ашиглагч этгээдэд цахим, бусад хэлбэрээр мэдэгдэнэ...” гэсэн хуулийн зохицуулалт хэрэгжиж эхэлсэн.
2019 онд батлагдсан газрын төлбөрийг төлөх хуулийн зохицуулалт нь Газрын алба газрын жилийн төлбөрийг ногдуулж Татварын албанд хүргүүлдэг болсон. Татварын алба нь газрын төлбөрийн нэхэмжлэл үүсгэж байж гэмээн сая газрын төлбөр төлөх эрх үүсдэг. Үүнтэй холбогдуулж удаа дараа очиж уулзахад Татварын алба төлбөрийн нэхэмжлэл үүсгэж өгөхгүй байсан. Иймээс газрын төлбөр төлөх боломжгүй байсаар байгаад 2023 онд бүрэн төлж, төлбөрийн үлдэгдэлгүй болсон. Миний бие газрын тухай хуульд заасны дагуу төлөгдөөгүй байсан газрын талбөрүүдийг бүрэн төлсөн. Өнөөдрийн байдлаар нэг ч төгрөгийн татварын өр төлбөргүй байгаа болно. Энэ газрын тухай хуулийн 39, 40 дүгээр зүйлд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг дуусгавар болгох, хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй байна. Мөн миний бие өөрийн хүүгийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгийг өмчилж, өнөөдрийг хүртэл үйл ажиллаагаа явуулж байна. Энэ газар аймгийн төвийн үнэ бүхий газар учраас энэ мэтчилэн хууль бус ажиллагааны улмаас хүчингүй болгуулах, дуусгавар болгуулах үндэслэлгүй гэж үзэж байна. Дорнод аймгийн Засаг даргад гомдлыг гаргасан бөгөөд энэ нь ЗХХШТХ-ийн 92 дугаар зүйлд заасан гомдлыг гаргаж, шүүхийн урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хангагдсан тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймээс Хаянгаагийн миний газар эзэмших эрхийн хугацааг сунгаж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн хугацааг сунгаж өгөхийг даалгуулж өгнө үү гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрлэн сумын 6-р багийн иргэн Х. нь орон сууцны 1 дүгээр байрны баруун талд 1300м2 газрыг эзэмших эрхийг олж авч гэрчилгээний дагуу үйл ажиллагаа явуулж байна. 2023 оны 03 дугаар сард газар эзэмших 15 жилийн хугацаа дууссан. Хугацаа дуусахаас өмнө газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах хүсэлтээ гаргасан боловч одоог хүртэл сунгаж өгөөгүй байна. Ингэхдээ газар эзэмших эрхийн гэрчилгээ, газрын төлбөр төлсөн тухай баримт, тодорхойлолт зэргийг хавсаргаж өгсөн. Уг шийдвэрийг үндэслэн сумын дансанд газрын даамал, газрын албаны бүртгэлд бүртгэгдэнэ гэж заасныг зөрчиж бүтэн 5 сарын хугацаанд шийдвэрлээгүй. Иймд газрыг эзэмших эрхийн хугацааг сунгаж өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн хугацааг сунгаж өгөхийг даалгаж өгнө үү гэв.
3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2008 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 15 жилийн хугацаагаар газрыг эзэмшүүлсэн. 1 дүгээр байрны баруун талын газрын гэрээ болон гэрчилгээнд сунгалт хийх хүсэлтийг 2023 онд гаргасан. Хариуцагч талаас 404 м2 газрыг илүү эзэмшилж байна мөн хашаалсан гэдэг үндэслэлээр хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна гэсэн хариуг өгсөн. Хариуцагчийн газар эзэмшигчийн эрхийн хугацааг сунгахаас татгалзаж байгаа тохиолдолд нөхцөл байдал тодорхой бус бол эрхийн хугацааг сунгах үүрэгтэй байдаг. Газар эзэмшүүлэгчээс газрыг эзэмшүүлэх ашиглахтай холбоотой эрх, үүргийг цаг тухайд нь хэрэгжүүлэх ёстой байдаг. Хариуцагч захиргааны байгууллага нь талбайг чөлөөлөх аливаа шийдвэр гаргаагүй атлаа ингэж тайлбар гаргаж байгаа нь хууль бус гэж үзэж байна. Дээрх үндэслэлээр газрын гэрчилгээг сунгахгүй байх үндэслэл байхгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Газрын төлбөрийг өнөөдрийг хүртэл төлсөн. Нэмж хэлэхэд илүү газар хашаалсан байлаа ч гэсэн гэрчилгээний хугацааг сунгахгүй байх үндэслэл болохгүй. Татвараа цаг тухайд нь төлж ирсэн. Мөн төлбөрийг ч тухай бүрт нь төлсөн байгаа. Хугацааг сунгахгүй байх үндэслэл байхгүй учраас хугацааг сунгаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
3.4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1300м2 газрыг эрхийн хугацааг сунгаж өгөхөд хариуцагч талаас татгалзахгүй гэдгээ хэд хэдэн удаа илэрхийллээ. Дараагийн дугаарт илүү эзэмшиж байгаа гэх 404 м2 газрыг эзэмшиж байгаа учраас хугацааг сунгах боломжгүй гэж тайлбар гаргаж байна. Тэгвэл хариуцагч талаас шийдвэр гаргахад нөлөөлөх бодит нөхцөл байдлыг захиргааны байгууллага өөрөө тогтоох ёстой. Илүү газар эзэмшиж байгаа талаар энэ хугацаанд мэдэгдлийг нэхэмжлэгч талд өгч байгаагүй. Үндэслэлгүйгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахгүй байна гэж харж байна. Иймд газрын эрхийн хугацааг сунгах бүрэн боломжтой гэж үзэж байна. Илүү хашаалсан хэсгийг нэхэмжлэгчийн хувьд бусдаас худалдаж авсан байдаг. Үүнийг өөрийн нэр дээр шилжүүлэх хүсэлтийг газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт хүргүүлсэн. Гэвч яг одоо 1300м2 газартай холбоотой асуудлыг хэлэлцэж байгаа учраас дурдах шаардлагагүй гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дахь хэсэгт заасныг баримтан шийдвэрлэх боломжтой гэж харж байна гэв.
3.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрлэн сумын Засаг даргын 2004 оны 151 дүгээр захирамжаар "Хэрлэн сумын 9 дүгээр баг, 1 дүгээр байрны баруун талд байрлах 1300м2 талбай бүхий газар”-г “******* *******” ХХК-аас иргэн Х.т гражийн зориулалтаар шилжүүлэн эзэмшүүлж, кадастрын зураглалыг үйлдсэн байна. Үүний дараа Дорнод аймгийн Засаг даргын 2008 оны 90 дүгээр захирамжаар дээрх газрын эзэмших эрхийн гэрчилгээнд өөрчлөлт оруулж, “Граж, үйлчилгээний зориулалт”-тай болгон шинэчлэн олгосон байна. 2023 оны 4 дүгээр сараас 7 дугаар сарын хооронд тухайн иргэний газартай холбоотой асуудлыг аймгийн Засаг даргын дэргэдэх Хот байгуулалтын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхэд газрын төлбөрөө төлөөгүй болон эзэмшлийн газраасаа илүү хэсгийг эзэмшиж байгаа үөрчил илэрсэн тул бодит нөхцөл байдлыг тогтоох захиргааны ажиллагааг явуулах шаардлага үүссэн. Мөн дээрх газарт хэмжилт хийж, бодитоор эзэмшиж байгаа газрын хэмжээг тогтоох зорилго бүхий ажлын хэсгийг аймгийн Засаг даргын тамгын газрын дарга баталж, байгуулсан. Тус ажлын хэсэг 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр тухайн газар дээр очиж хэмжилт хийхэд, нэхэмжлэгч Х. нь аймгийн Засаг даргын 2008 оны 90 дүгээр захирамжаар олгогдсон газраас 404м2 газрыг дур мэдэн илүү эүэмшиж, ашиглаж байгаа бодит нөхцөл байдал тогтоогдсон болно. Энэ нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4-т заасныг зөрчиж байгаа бөгөөд илүү эзэмшиж байгаа газар нь Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс санхүүжих 206 282 246 төгрөгийн төсөвт өртөгтэй “Нийтийн орон сууцны 19 дүгээр байрны баруун талаас орон сууцны 2 дугаар байр хүртэл хатуу хучилттай авто зам”-ын ажлыг хийж гүйцэтгэх талбайтай давхцаж байгаа. Мөн нэхэмжлэг Х. нь газрын төлбөрөө төлөх үүргээ 2008, 2016, 2020, 2021, 2022 он болон 2023 оны хагас жилийн байдлаар биелүүлээгүй тул Газрын тухай хуулийн 40.1.1, 40.1.5-д заасны дагуу аймгийн Засаг дарга нь 2023 оны 1/1755 дугаар албан бичгээр тухайн газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай мэдэгдлийг хүргүүлсэн бөгөөд аймгийн Засаг даргын тамгын газрын даргын баталсан ажлын хэсгийн дүгнэлтээр зохих зөвшөөрөлгүйгээр 404м2 газрыг илүү эзэмшиж, ашиглаж байгаа нь тогтоогдсон тул тухайн газрын эүэмших эрхийн гэрчилгээг сунгах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс шүүхэд гаргасан хариу тайлбар, нотлох баримтаа дэмжиж байна. Нэхэмжлэгч талаас аймгийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг даалгах гэж нэхэмжлэлд дурдсан. Газартай холбоотой хугацаа сунгуулах хүсэлт ирэхэд тухайн газрын мэдээллийг судалдаг. Нэгж талбар бүхий эрхийн гэрчилгээтэй тохиолдолд аймгийн Засаг даргаас сунгах ажиллагааг хийдэг. Энэ иргэнээс хүсэлт ирсэн учраас хот байгуулалтын зөвлөлд хүргүүлсэн. Энэ үед илүү газар эзэмшиж байгаа учраас сунгах боломжгүй байна. Нэхэмжлэгч талаас хууль бус эс үйлдэхүй гээд байдаг. Тэгвэл яг ямар хуулийг зөрчиж байгаа нь тодорхой бус хэвээр байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид иргэний өргөдлийн дагуу ажиллагааг явуулдаг. Газар эзэмших эрхийн гэрчилгээ бүхий 1300м2 газраас илүү газрыг бодит байдал дээр хашаалсан болж таараад байгаа юм. Тиймээс иргэний хүсэлтийн дагуу шууд шийдвэрлэх боломжгүй байна. Яг 1300м2 газар нь аль хэсэгт багтаж байгааг харах боломжгүй байна. Тиймээс хот байгуулалтын зөвлөлийн хурлаар оруулсан. Олонхийн саналаар дэмжээгүй учраас сунгаж чадаагүй. Нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг шууд шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал нөлөөлж өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нөхцөл заасан байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс хууль зөрчөөгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, шүүх хуралдааны явцад “Нэхэмжлэгч Х.ын эзэмшлийн 2008 оны ******* дугаар бүхий гэрчилгээтэй, нэгж талбарын ******* дугаартай, граж үйлчилгээний зориулалттай, 1300 м2 газрын эзэмших эрхийн хугацааг сунгаж өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн хугацааг хуульд заасны дагуу сунгахыг хариуцагч Дорнод аймгийн Засаг даргад даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ ... Хуульд заасан хугацаанд газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ гаргаж өгснийг хариуцагч шийдвэрлээгүй, тухайн газраа зориулалтын дагуу ашиглаж байгаа, газар дээр үл хөдлөх хөрөнгө өмчилдөг, газар эзэмших хугацааг сунгаж өгөхгүй хууль бус эс үйлдэхүй гаргаж байгаа” гэж тодорхойлдог.
3. Хариуцагчаас татгалзлын үндэслэлээ, “ ... Х. нь захирамжаар олгосон газраас 404 м2 газрыг дур мэдэн илүү эзэмшсэн, илүү эзэмшиж буй газар нь авто замын ажлыг гүйцэтгэх талбайтай давхцаж байгаа, газрын төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, газар эзэмших эрх дуусгавар болсон, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5-д заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох мэдэгдэл хүргүүлсэн” гэж тайлбарладаг.
4. Иргэн Х.т Хэрлэн сумын Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай” 151 дүгээр захирамжаар “...9 дүгээр багийн нутаг дэвсгэр дэх 1 дүгээр байрны баруун талын “******* *******” ХХК-ний эзэмшилд авсан 1300 м2 талбай бүхий газрыг, өөрсдийн хүсэлтийн дагуу газар эзэмших эрхийг шилжүүлэн эзэмшүүлснээр маргаан бүхий газрыг эзэмших эрх анх үүссэн байна.
5. Дорнод аймгийн Засаг даргын 2008 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 90 дүгээр захирамжаар, Аймгийн төвийн 1 дүгээр бүс инженерийн шугам сүлжээ бүхий газарт газар эзэмшиж байгаа хавсралтад дурьдсан 5 аж ахуй нэгж, байгууллага, иргэн буюу хавсралтын 3 дугаарт ... 6 дугаар багийн иргэн, *******гийн т, 9 дүгээр багийн нутаг дэвсгэр дэх 1 дүгээр байрны баруун талд 1300м2 талбай бүхий газрыг граж үйлчилгээний зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн олгосон байна.[6]
6. Дээрхээс иргэн Х. нь маргаан бүхий газрыг 2008 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс хойш 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрх баталгаажсан бөгөөд дээрх үйл баримтын талаар талууд маргадаггүй.
7. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах”-аар зохицуулсан.
8. Иргэн Х.ын дээрх газрыг эзэмших эрхийн хугацаа нь эрхийн гэрчилгээ олгосон буюу гэрээ байгуулсан өдрөөс эхлэн тооцвол 2008 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс эхэлж, 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр дуусахаар байна.
9. Иргэн Х. нь 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Засаг даргад хандаж, “... Газар эзэмших эрхийн хугацаа 2023.03.13-нд дуусгавар болж байгаа тул хугацааг сунгаж өгнө үү”[7] гэсэн хүсэлтийг гаргасан бөгөөд, дээрх хүсэлт нь Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын өргөдөл гомдлын бүртгэлд бүртгэгдсэн[8] байна.
10. Дээрхээс иргэн Х.ыг Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан хугацаанд багтаж, газар эзэмших эрхээ сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад хандаж гаргасан гэж дүгнэх үндэслэлтэй бөгөөд хүсэлтээ гаргасан үйл баримтын талаар хариуцагч маргаагүй.
11. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба цахим системд бүртгэж, газар эзэмших гэрчилгээ, гэрээг баталгаажуулна” гэж заасан.
12. Иргэний зүгээс газар эзэмших хугацаа сунгуулах тухай хүсэлтээ гаргасан байхад хуульд заасан 15 хоногийн дотор өргөдлийг хянаж, газар эзэмших эрхийн хугацаа сунгах эсэх шийдвэрээ гаргаагүй, газар эзэмших хугацаа сунгасан эсэх талаар хуульд заасан хугацаанд хариу өгөөгүй байх тул Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан үүргээ биелүүлээгүй хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус байна.
13. Маргаан бүхий газрыг нэхэмжлэгч нь бодит байдлаар одоог хүртэл эзэмшилдээ байлгаж, тухайн газар дээр гражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө байршиж байгаа бөгөөд энэ үйл баримтын талаар талууд маргаагүй.
14. Хариуцагчаас, “... газар эзэмших эрхийн харилцаа дуусгавар болсон” гэж маргаж байгаа хэдий ч Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д зааснаар “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” бол газар эзэмших эрх дуусгавар болохоор зохицуулсан. Иргэн Х. нь хуульд заасан хугацаанд газар эзэмших эрхээ сунгуулах тухай хүсэлтээ гаргасан байх тул дээрх үндэслэлээр газар эзэмших эрх дуусгавар болсон гэж үзэх боломжгүй.
15. Түүнчлэн хариуцагчаас, Дорнод аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 1/1755 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр, “... Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5 заалтыг тус тус үндэслэн газрын ******* дугаартай нэгж талбарт олгогдсон ******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл бүрдсэн болохыг мэдэгдэж байна.” гэснээс үзэхэд 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар газар эзэмших эрх дуусгавар болоогүй байгаа нь тогтоогдож байх бөгөөд дээрх мэдэгдлийн дагуу газар эзэмших эрхийг хүчингүй болгох талаар шийдвэр гараагүй болохыг хариуцагчийн төлөөлөгч нар шүүх хуралдааны явцад мэдүүлдэг.
16. Хариуцагчаас, “... Нэхэмжлэгч нь захирамжаар олгогдсон газраас 404 м2 газрыг илүү эзэмшиж байгаа тул газар эзэмших эрхийг сунгах боломжгүй.” гэж тайлбарладаг. Шинжээчийн дүгнэлтийн хавсралтаар ирүүлсэн “Газрын кадастрын мэдээллийн сангийн мэдээллийг ажлын хэсгийн хэмжилтийн үр дүнтэй давхцуулсан байдал”-ын зурагт бодит талбайн хэмжээ 1704 м2, газрын кадастрын мэдээллийн санд баталгаажсан байдал 1300 м2 гэж талбайн зураглалыг үйлдэж ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгчийн сунгуулахыг хүссэн 1300 м2 талбай, илүү эзэмшсэн гэх 404 м2 талбай бүхий газар нь харилцан давхцалгүй байх тул нэхэмжлэлийн шаардлага бүхий газарт хамааралгүй, илүү эзэмшсэн гэх газрыг чөлөөлүүлэх эрх нь хариуцагч болон эрх бүхий байгууллагад нээлттэй байна.
17. Хариуцагч болон эрх бүхий бусад байгууллагын зүгээс 2023 оноос одоог хүртэл иргэн Х.аас маргаан бүхий газрыг болон илүү эзэмшиж буй гэх газрыг чөлөөлүүлэх агуулга бүхий шийдвэр, мэдэгдэл хүргүүлж байсан талаар үйл баримт тогтоогдоогүй.
18. Хариуцагчаас, “...Газрын төлбөр төлөх үүргээ зөрчсөн” гэж мэдүүлдэг ч энэ үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай шийдвэр гаргаагүй байна. Нэхэмжлэгчээс газрын төлбөрийг 2023 онд бүрэн төлж, төлбөрийн үлдэгдэлгүй болсон гэж мэдүүлсэн бөгөөд нэхэмжлэгч болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэн Г.******* нарын гарын үсэг бүхий 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт”-аар “төлбөрийн үлдэгдэл 0 төгрөг байна”[9] гэсэн баримт, Монголын татварын албаны тодорхойлолтын татварын тооцооллын үлдэгдэлд “газрын төлбөр” үлдэгдэлгүй[10] гэсэн баримтууд хэрэгт авагдсан байна.
19. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан газар эзэмших хүсэлтийг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 39 дүгээр зүйлийн 39.1.1-т заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч Х.ын эзэмшлийн 2008 оны ******* дугаар бүхий гэрчилгээтэй, нэгж талбарын ******* дугаартай, граж үйлчилгээний зориулалттай, 1300 м2 газрын эзэмших эрхийн хугацааг сунгаж өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн хугацааг хуульд заасны дагуу сунгахыг хариуцагч Дорнод аймгийн Засаг даргад даалгасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.т олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.ДАВААНЯМ
[1] Хавтаст хэргийн 16 дугаар хуудас
[2] Хавтаст хэргийн 66 дугаар хуудас
[3] Хавтаст хэргийн 67 дугаар хуудас
[4] Хавтаст хэргийн 20 дугаар хуудас
[5] Хавтаст хэргийн 1-3 дугаар хуудас
[6] Хавтаст хэргийн 66 дугаар хуудас
[7] Хавтаст хэргийн 43 дугаар хуудас
[8] Хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас
[9] Хавтаст хэргийн 23 дугаар хуудас
[10] Хавтаст хэргийн 25 дугаар хуудас