| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзий-Отгон |
| Хэргийн индекс | 144/2017/0083/Э |
| Дугаар | 25 |
| Огноо | 2018-02-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Амгалан |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 25
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Оюунтунгалаг,
Улсын яллагч: Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр прокурорын газрын хяналтын прокурор А.Амгалан,
Хохирогчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Оюунтунгалаг,
Шүүгдэгч Т.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон Ду овогт Товуугийн Цд холбогдох 1729000580024 дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Ц нь 2017 оны 09 дүгээр сарын 24-ний орой Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд буюу Баянхөөвөрийн 8-1 тоотод иргэн С.Отгонтуяатай маргаж, улмаар эрх чөлөөнд нь хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Ц мэдүүлэхдээ: “...2017 оны 09 дүгээр сарын 11-нд өдөр хүүхдэдээсурах бичиг Улаанбаатар хотруу захиад 09 дүгээр сарын 20-ны өдөр Отгонтуяагийн эгчээр ном нь ирсэн. Дайвар дайхдаа уг нь утасаар мэдэгддэг гэтэл хэлэлгүй Отгоод өгсөн байсан. Тэгээд би утасаар асуутал би аймагт ирцэн байна. Отгонтуяагийнд орхисон гэж хэлсэн. Отгонтуяагаас асуутал танай хүүхэд чинь хотоос ирсэн 40,000 төгрөгний өртэй гэхээр нь би хүүхдийн хичээл ном хоцроод хэцүү байна. тэр хүүхдийн зардалыг бол өөрөө өгнө, ажил хийж байгаа, түүний иргэний үнэмлэхийг нь барьцаанд тавиад сурах бичгийг нь өгчих гээд 3 хоног гуйсан. Тэгэхэд нөхөрт нь хэл гэж хэлсэн би хэлэх гээд залгахад хотод явж байна. Отгоод хэлээд ав гэж байна гэж хэлэхэд сурах бичгийг өгөөгүй, сүүлдээ утасаа ч авахгүй байхаар нь эгчрүү нь залгаад хэлсэн чинь Отгонтуяа тэгдэг юмаа сонин зантай, юунд нь тэрийг барьцаалаад байдаг байнаа. Өртэй хүмүүсийнхээ иргэний үнэмлэхийг нь барьцаалж авна биз, өгчихөөр юм байгаан гэсэн 16 цагийн үед утсаар ярьж байсан. Хүүхдүүд нь гэртээ байгаа, Отгоо 18 цагаас ажлаасаа буудаг юм. Одоо гэрт нь очоод хүүхдүүдтэй нь яриулаатах, баруун хойд шкафэн дээр байгаа гэж эгч нь хэлсэн болохоор би түүнийдагуу л гэрт нь очсон. Гэрт нь очиход байгаагүй, эгчийнх нь нөхөр Бямбажавд хэлсэн чинь би мэдэхгүй, хүүхдүүд нь ч байхгүй, тэгэхээр нь би ажил дээр нь 2, 3 удаа очиход Отгонтуяа байгаагүй, цаг 18 цаг өнгөрөөд 19 цаг болох гэж байхаар нь хойно айлд байж байгаад очиход байхгүй байсан. Намайг очиход нөгөө хүн ажилаасаа буугаад нүүр, гараа угааж байсан тэгээд ирсэн үү гэж асуухад ирээгүй байна би утасруу нь яриатая гээд утас нь холбогдохгүй байна гэсэн. Эгч нь номыг нь өг гээд залгаад байсан чинь утасаа унтраасан байгаа. Тэгээд сүүлд нь хамт явсан хүн рүү нь залгаад, гэрт чинь хүн ирчээд хүлээгээд байна ирээч гэхэд гэртээ ирцгээсэн. Орж ирээд надтай дугараагүй, нилээн сууж байтал намайг номоо авах гэж ирэв үү? гэхээр нь тиймээ хүүхдийн ном байхгүй хэцүү байна. Эгчдээ өгчих, манай тэр хүүхэд аав дээрээ байдаг. Тийм учраас гэрт нь очоод ааваас нь бичиг баримтыг нь авчих, одоо ажил хийж байгаа тэгээд мөнгөө авчих гэхэд тийм юм байхгүй юу яриад байгаан гэсэн. Тэр үед бүгд пиво уусан байсан. Мөнгөнцэцэгийн мэдүүлэг дээр хүүхдийн үсний найранд очсон гэдэг намайг ажил дээгүүр нь очоод байхад, 2 цагаас хойш байхгүй байсан. Мөнгөнцэцэг үүдэнд зогсоод утасаараа бичлэг хийсэн. Гэтэл тэр бичлэгийг устгасан болохоор надад нотлоод гэрчлэх зүйл алга байна. Би уг нь цагдаад утасан дээр нь бичлэг байгаа гэхэд шалгаад юу ч байхгүй байна гэсэн. Эгч нь хүүхдийнхээ номыг авах гээд ирсэн гэхэд чи юу яриад байгаан. Тэр хүүхдийнхээ мөнгийг өгөөд ав гэсэн эгчид нь одоо мөнгө алга байна гэхэд намайг зодох гээд байсан. Манай хүү ээжийг битгий зодоорой гэж хэлэхэд юу яриад хуцаад байгаан гээд өөдөөс дайраад байсан. Би цагдаад нь хэлээд шийдвэрлүүлье. Эгч чинь очоод ав гэсэн болохоор би ирсэн. Түүнээс биш гэрт нь хэрүүл маргаан хийх гэж ирээгүй. Гарах гэтэл Отгонтуяа гараас бариад гаргаагүй, чи цагдаад хэлдэг хэн юм гээд шанааруу 2 цохиод авсан. Миний утасыг булааж аваад толгой руу цохиод, шидсэн. Намайг хэл амаар доромжилоод шороо цацаад, би чамайг эгчдээ хэлж хараал хийлгэнэ. Овог, нэр, жилээ хэлээтэх гээд байхаар нь би хурдан гараад явсан. Цагдаа дуудсан байгаа гэхээр нь ирэхийг хүлээж байгаад шээс хүрэхээр нь бие засах гээд гарсан чинь битгий нойлд оруул бузар гичийг, нойл бузарлачина гэхээр нь би өөр газар очиж бие засахаар явсан. Нөгөө өртэй хүүхдээсээ иргэний үнэмлэхийг нь авчирж өгөөд номоо авъя гэж бодоод очтол, барилга дээр ажиллаж байгаа учираас гэртээ байгаагүй одоо очлоо гэхээр нь хүлээж байтал ирсэн. Тэгээд иргэний үнэмлэхийг нь аваад очсон. Бид 2 хоёр тийшээ зугтаагаагүй худлаа мэдүүлэг өгсөн байна. Би 55 наслахдаа хүн зодож байгаагүй, нилээн сүүлд Отгоо миний хамрыг юунд цохьсон юм гэж асууж байсан. Анаржаргалыг хойш урагш нь татаад байсан тэгж байхдаа хүзүүнд нь зүүсэн бөөгийн толинд цохигдсон. Тэгтэл намайг цохисон гэж хэлсэн. Намайг холд зайл гээд байхаар нь би түлхсэн гэхдээ би нүүрлүү нь зодсон. 4 хүүхэн 1эрэгтэй хүн тал бүрээс татаад байхад би хаагуур нь Отгоог зодох юм. Тэд нар олуулаа би ганцаараа байсан хүн. Дэндүү нэг талыг барьж ажиллаад байсан. Шинжээч эмчийн дүгнэлтийг надад өгөөгүй, би шинжилгээ хийлгэхээр байна. энэ хэргээс хойш толгой, зүрх их өвддөг. Би сум дундын эмнэлэгт очиж үзүүлэхэд даралт их байна, тайван бай гэж хэлсэн гэв.
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4 дүгээр хуудас/,
Хохирогч С.Отгонтуяагийн: ”...миний чээж рүү түлхэж, нүүр рүү цохих гэж дайрсан. Хүүхэд нь мөн миний ээж рүү битгий дайраад бай гээд л дайраад байсан. тэгэхээр нь би гэрт битгий хэрүүл хийгээд бай, гарч хэрүүлээ хий гээр гар гээд гаргах гэтэл над руу дайраад л хүүхэд нь би сахиустай хүн гээд нулимаад байсан. Тэгэхээр нь би чам шиг хүүхэдтэй ярихгүй ээжтэй чинь ярьж байна гээр Анаржаргалын чээж рүү нэг удаа түлхсэн. Тэгэхэд ээж нь хүүхэд түлхлээ гээд дайраад миний нүүр, хамар орчим 2-3 удаа гараараа цохисон. Манай гэрт байсан Занданбал босож ирээд “та нар гэрт нь ирчхээд хүн зодоод байхдаа яадаг юм, арай дэндэж байна” гээд Ц бид хоёрыг салгах гэхэд Ц хүүхдийн хамт Занданбалын үснээс зулгаасан. Тэр үед би нүүр рүүгээ цохиулаад хэсэг зуур толгой манараад байж байхад манай найз Мөнгөнцэцэг гаднаас орж ирээд цагдаа дуудсан. Тэгээд гэрээс гараад байж байхад Ц бие засъя гээд хүүхдийн хамт хоёр тийшээ зугтаад явсан. ...тэр хүү ээжтэйгээ над руу дайрч давшлаад байсан. Гэхдээ тэр хүү намайг гэмтээчхээр цохиж зодоогүй. ...би 2 удаа аймаг руу явж зураг авахуулж, эмчилгээ хийлгэсэн. 200,000 орчим төгрөгийн зардал гарсан. Би эдгээр зардлын баримтуудыг цуглуулж амжаагүй байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 дугаар хуудас/,
Гэрч Г.Мөнгөнцэцэгийн: ”...Отгоо хүн зодоод байна, Мөнгөө цагдаа дуудаарай гээд хашхирахаар нь би утсаар цагдаа дуудаад гэрт ортол Отгоогийн хамар нь мурийсан, хавдсан, бага зэрэг хөхөрч, цус гарсан байсан. Мөн уруул нь язарсан байсан байхаа. Зандан мөн миний үсийг зулгаагаад гээд гартаа үс барьчихсан зогсож байсан. Тэгээд байж байтал нөгөө эгч бие засмаар байна гэхээр нь би жорлон зааж өгөхөд Отгоо түүнийг жорлондоо оруулахгүй гэсэн. Тэгээд цагдаа дуудсан байж бай гэтэл тэр эгч хашаанаас гараад баруун урд зүг рүү яваад өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,
Гэрч Э.Саранчимэгийн: “...Отгонтуяагийн гэрт нэг эгч Занданбал эгчийн үснээс зулгаасан байдалтай байхаар нь би очиж салгасан. Тэр үед Мөнгөнцэцэг цагдаа дуудсан гэж байсан, цагдаа дуудсан гэсэн чинь нөгөө эгч хүүхдийн хамт гараад хоёр тийш салаад яваад өгсөн.” гэх мэдүүлэг /хх-н 23 дугаар хуудас/,
Гэрч О.Занданбалын: “...тэр эгчийг Отгонтуяа гар битгий хэрүүл хийгээд бай гэхэд тэр эгч гарахгүй гээд маргалдаад Отгонтуяаг чээж рүү нь түлхисэн, тэгэхэд Отгонтуяа мөн түүний урдаас түлхсэн, тэгж байтал нөгөө эгч Отгонтуяагийн нүүр рүү гараараа цохиод авсан. Тэгээд Отгонтуяа нүүрээ дараад суухаар нь би “та яаж байгаа юм бэ настай хүн байж” гээд түүний цамцнаас таттал тэр эгч миний үснээс зулгаагаад доошоо дарсан байсан. Тэр үед нэг хүн ирж салгасан. Түлхэлцэж байгаад Отгонтуяагийн нүүр рүү нэг удаа цохисон. Надад ямар нэг гэмтэл учраагүй, миний үснээс л зулгаасан юм. ...тэр эгч манай хүү бөө шүү гээд л дайраад нөгөө хүүхэд нь сонин сонин дуугараад байсан. ... тэр хүүгийн биед хүн гэмтээчхээр ил харагдах зүүсэн барьсан юм байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-н 24-25 дугаар хуудас/,
Гэрч Ц.Бямбажавын: “...би өрлөгөө дуусгаад гадаа гар нүүрээ угааж байхад гэр дотор хэрүүл маргаан болоод байсан, тэгээд би гар нүүрээ угаачхаад гэр рүү ортол Отгонтуяагийн нүү цохисон гээд Отгонтуяагийн хамар мурийсан уйлсан байсан. ...Зандан та миний үсийг зулгаалаа гээд гартаа үс барьсан байдалтай байсан. Зандан, Отгонтуяа, тэр эмэгтэй нарыг зодолдоход салгасан гэсэн.” гэх мэдүүлэг /хх-н 26 дугаар хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 204 дугаартай шинжээчийн: ”...С.Отгонтуяагийн биед тархи доргилт, хамрын таславчийн мухуйлт, зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстад язарсан шарх, чээжний урд дээд хэсэгт цус хуралт, арьсны улайлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 29 дүгээр хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 206 дугаартай шинжээчийн: ”...Т.Цгийн биед духанд зулгаралт, шанаад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 37 дугаар хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 207 дугаартай шинжээчийн: ”...О.Анаржаргалын биед баруун, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 40 дүгээр хуудас/,
Т.Цгийн яллагдагчаар өгсөн: “...манай хүүхэд Оюунтуяагийн эгчээр ном өгч явуулсан байсан. тэгээд Оюунтуяагийн утас руу залгаад “хүүхдийн хичээл тасраад байна. Номыг өгөөч гэж хэлэхэд манай нөхрөөс ав гэсэн. Тэгээд нөхөр рүү нь ярихад эхнэрээс ав гээд бие биенээсээ холдуулаад байсан. Манай нэг хүү Улаанбаатараас ирэхдээ тэдний машинд сууж дараа зардлаа өгнө гэж ирсэн байсан. Хүү маань өөрөө ажил хийж байгаад зардлаа өгнө хэлсэн байсан. Тэр зардлыг надаас нэхээд номыг барьцаалаад байсан. ....би Оюунтуяаг цохисон эсэхээ санахгүй байна. Ямар ч байсан түүний чээж рүү түлхэж байснаа санаж байна. Түүний чээжинд учирсан гэмтлийг би учруулсан байх, бусад гэмтэл нь миний үйлдлээс болоогүй би түүний хамар нүүрэнд хүрээгүй”” гэх мэдүүлэг /хх 47-49 дүгээр хуудас/
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд багийн Засаг даргын тодорхойлолт /хх-н 35 дугаар хуудас/
Т.Цгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах ял шалгуурын хуудас /хх-н 51 дүгээр хуудас/,
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн Засаг даргын тодорхойлолт /хх-н 52 дугаар хуудас/,
Шүүгдэгч Т.Цгийн гэрэл зураг, гарын дардас /хх-ийн 53-54 дүгээр хуудас/
Т.Цгийн арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-н 49-67 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Т.Ц нь 2017 оны 09 дүгээр сарын 24-ний орой Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд буюу Баянхөөвөрийн 8-1 тоотод иргэн С.Отгонтуяатай маргаж, улмаар эрх чөлөөнд нь хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч С.Отгонтуяагийн биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Т.Цгийн хохирогчийг цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм.
Иймд шүүгдэгч Т.Ц гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
“Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” хэдий ч энэ хэргийн хохирогч С.Отгонтуяа нь эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахад гарсан зардал 200,000 төгрөг нэхэмжилсэн боловч дээрх хохирол, төлбөртэй холбогдуулан нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Шүүгдэгч Т.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг харгалзан, торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Т.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон Ду овогт Товуугийн Цг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Цг 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Цд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/-н сарын хугацаанд тус бүр 150,000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Ц нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч С.Отгонтуяагийн нэхэмжилсэн 200,000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч С.Отгонтуяа нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбогдон цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч Т.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Т.Цгийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Т.Цд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Т.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН