| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 102/2020/02617/И |
| Дугаар | 210/МА2020/02408 |
| Огноо | 2020-12-21 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 210/МА2020/02408
Н ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/02964 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н ХХК-ийн хариуцагч НШШГт холбогдуулан гаргасан эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.М,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: У.И,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Болдсайхан нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 00493 дугаартай шүүгчийн захирамжаар Н ХХК-иас 465 037 016 төгрөгийг гаргуулж, "Заамархаан ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Улмаар НШШГ 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр "Н ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа хууль зөрчин явуулж байна. Тухайлбал, НШШГ 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 17250793, 192800113/04-25 дугаар бүхий Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг гаргаж, Нарийн гол гоулд" ХХК-ийн эзэмшлийн МҮ-006364, МҮ-007700 дугаартай ашиг малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Хэдийгээр "Н ХХК шүүхийн шийдвэрээр бусдад төлөх өр төлбөр 1 072 037 062 төгрөгийн өртэй байгаа боловч арван тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий батлагдсан нөөцтэй, компанийн эзэмшлийн дээрх хоёр тусгай зөвшөөрлүүдийг түдгэлзүүлж байгаа нь хууль бус бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна. "Нарийн гоулд" ХХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт заасны дагуу битүүмжилсэн хөрөнгийг чөлөөлүүлэх болон шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдлыг 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Саяболдод гаргахад гомдлыг үндэслэлгүй гэсэн хариуг 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 5/40 дугаартай албан бичгээр өгсөн. Мөн ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Саяболдын 5/40 дугаартай Тогтоол-ыг эс зөвшөөрч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч хурандаа А.Намсамандад гомдол гаргасан боловч гомдлыг үндэслэлгүй байна гэсэн хариуг 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 04/1934 дугаартай албан бичгээр өгсөн. Тэрээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан дээрх арга хэмжээ болон гаргасан шийдвэрүүдийг, ахлах, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нарын тогтоолыг эс зөвшөөрч байгаа тул "Н ХХК, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 122 дугаар зүйлийн 122.5 дах хэсэгт заасны дагуу гомдлоо шүүхэд гаргаж байна. Иймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 17250793,19280013/04-25 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай Тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Учир нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2017/00493 дугаартай Шийдвэрээр Н ХХК-иас 467 520 151 төгрөгийг гаргуулж, Заамархаан ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Манай байгууллагад Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/Ш32017/07914 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, 783 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудсын хамт 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр бичигдэн ирсэн. Нэхэмжлэгч Ж.Баасанханд нэхэмжлэлдээ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа хууль зөрчиж, 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг гаргаж, төлбөр төлөгч компанийн МҮ-006364, МҮ-007700 дугаартай Ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Улмаар 10 тэрбумын үнэлгээ бүхий нөөцтэй зөвшөөрлүүдийг нийтэд нь түдгэлзүүлж байгаа нь хууль бус Шүүхийн шийвдэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй, тус компаниас гаргасан гомдлыг 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргахад гомдлыг үндэслэлгүй гэсэн хариуг 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр өгсөн бөгөөд гомдлыг эс зөвшөөрч Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргахад 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр үндэслэлгүй талаар хариуг өгсөн гэж тайлбарлаж байна. Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгчид удаа дараа төлбөрөө төлөхийг мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэртэй төлбөрөөс нэг ч төгрөгийг сайн дураар төлөөгүй шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байна. Мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Н ХХК-ийн эзэмшил, өмчлөлд хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн талаарх холбогдох бүртгэлийн газруудаас тодруулсан албан бичгүүдийг үндэслэн, компанийн эзэмшилд бүртгэлтэй тусгай зөвшөөрлийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, арилжааны банкууд дахь харилцах болон хадгаламжийн дансны зарлагын гүйлгээг төлбөрийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоож, төлбөрийн үнийн дүнгийн хэмжээгээр хасалт хийх мэдэгдлийг банкуудад хүргүүлсэн боловч дансандаа үлдэгдэлгүй талаар хариу ирүүлсэн. Иймд төлбөр төлөгч компанийн эзэмшлийн МҮ-006364, МҮ-007700 дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг битүүмжилсэн ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасны дагуу иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээний хүрээнд гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг тогтоосон хугацаанд бүрэн гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг гүйцэтгэсэн тул мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-т зааснаар хөрөнгийг худалдан борлуулах, хамгаалах зорилгоор эд хөрөнгийг битүүмжилсэн ажиллагаа хууль зөрчөөгүй ба төлбөр төлөгч компани 3 жилийн хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй атлаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэх тухай бүрт шүүхэд хандан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж, ажиллагааг удаашруулж байгаа нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, шийдвэр гүйцэтгэл, шүүхийн байгууллагыг үл хүндэтгэсэн үйлдэл гаргаж байна гэж үзэхээр байгаа тул нэхэмжлэлийн шаардпагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5, 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2 дахь хэсэгт заасныг баримтлан Н ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГт холбогдох эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: НШШГ нь 2020 оны 4 дүгээр сарын 20- ний өдрийн 17250793, 192800113/04-25 дугаар бүхий Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг гаргаж төлбөр төлөгч Н ХХК-ийн эзэмшлийн МҮ-006364, МҮ-007700 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн захиран зарцуулах эрхийг нийтэд нь түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Н ХХК-ийн бусдад төлөх өр төлбөр 1 072 037 062 төгрөг байхад 10 орчим тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий батлагдсан нөөцтэй тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт нийцэхгүй байгааг шүүх анхаарч үзсэнгүй. Хэргийн оролцогчийн эрх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны жүрмыг зөрчсөн түхайд нэхэмжлэгч талын зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасны дагуу шүүгчээс татгалзахад хүсэлт шийдвэрлэх үе шат дуусгавар болсон гэсэн үндэслэлээр хүсэлтийг хэлэлцэлгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6, 105 дугаар зүйлийг тус тус ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.4-т зааснаар шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй гэж заасан байх бөгөөд уг иргэний хэргийн хянан шийдвэрлэсэн шүүгч Г.Ариунаа өмнө нь Н ХХК-тай холбоотой хэргийг хянан шийдвэрлэж шийдвэр гаргаж байсан нь ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдлыг бий болгосон гэж үзэхээр байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1. 47 дугаар зүйлд заасны дагуу шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хууль зүйн үндэслэлийг заагаагүйд гомдолтой байна. Энэ нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч НШШГт холбогдуулан эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулахаар шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2017/00493 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон Н ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 465 037 016 төгрөгийг гаргуулж Заамархаан ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. /хх-22-24/
Дээрх шүүхийн хүчин төгөлдөр захирамжийг үндэслэж 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 00783 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 17250793 дугаар бүхий шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 17250793, 17250793/04-225 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудаар Н ХХК-ийн эзэмшлийн MV-006364, MV-007700 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн эрхийг битүүмжилсэн үйл баримт тогтоогдсон байна. /хх-79-83 дахь тал/
Хэргийн 91 дүгээр талд авагдсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 13/548 дугаар албан баримтаар Н ХХК-ийн алтны үндсэн ордын нөөц нь ашигт малтмалын нөөцлийн улсын нэгдсэн тоо бүртгэлд алтны боломжтой /С зэргээр/ нөөцийг химийн цэврээр 1638.85 кг нөөцтэй гэж бүртгэгдсэн болно гэж тусгагдсан байна. Нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасны дагуу бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгуулахаар шаардах эрхтэй.
Төлбөр төлөгч Н ХХК-ийн битүүмжлэгдсэн эд хөрөнгүүд нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн эрх боловч уг хөрөнгө нь өөрийн гэсэн үнэлгээтэй эд хөрөнгийн шинжтэй эрх гэж үзэхээр байна.
Дээрх Н ХХК-ийн эзэмшлийн MV-006364, MV-007700 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмших, ашиглах эрхийг хязгаарлаж битүүмжлэхдээ тухайн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хязгаарлах хүрээ болон эд хөрөнгөтэй холбоотой шинж байдал нь нөгөө тал болох төлбөр төлөгчийн төлбөрийн шаардлага буюу гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг биелүүлэхэд ямар хувь хэмжээтэй эсэхийг тогтоохгүйгээр дээрх MV-006364, MV-007700 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хоёуланг нь зэрэг битүүмжилсэн ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасны дагуу төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагаа явагдаагүй тул хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй. Учир нь эрхийг хязгаарлах хүрээ болон хугацааг тухайн хөрөнгийн шинж чанар, гүйцэтгэх үүрэг, түүнийг эзэмшиж, ашиглаж байгаа хэлбэр, гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг биелүүлэхэд эзлэх хувийг харгалзан шийдвэр гүйцэтгэгч бие даан тогтоох үүргээ биелүүлээгүй байна.
Харин, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-т хуульд заасан бүрэн эрхээ хэтрүүлэн, хувийн ашиг сонирхлоор ажиллагаа явуулж эд хөрөнгийг битүүмжилсэн гэж тайлбарлан мэтгэлцсэн боловч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй бөгөөд иргэний шүүхийн шийдвэрлэх асуудлын хүрээнд хамааралгүй, шийдвэр гүйцэтгэлийн ажилалгааны явцад мөрдөгдөх зарчим нь өөр асуудал юм.
Иймээс анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг залруулж шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 9.4.7 дах хэсгийг баримталж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 17250793, 17250793/04-225 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудыг хүчингүй болгож өөрчлөлт оруулах бошломжтой.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...шүүгчийг татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэж татгалзан гарах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хэлэлцээгүй, ноцтой зөрчсөн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй. Учир нь шүүгчийг татгалзах хүсэлтийг хэлэлцэлгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нөхцөл байдал шүүх хуралдааны явцад илрээгүй, түүнтэй холбоотой татгалзлыг шийдвэрлээгүй болох нь хэрэгт авагдсан шүүх хуралдааны тэмдэглэл болон бусад баримтуудаар тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.
Түүнчлэн, шинжээч томилуулах шаардлагагүй. Учир нь эд хөрөнгөтэй холбоотойгоор эд хөрөнгийн үнэ цэнэ байдал нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны хүрээнд төлүүлэх төлбөрийн эзлэх хувь зэргийг харгалзан үзэж бие даан шийдвэр гүйцэтгэгч өөрөө тогтоох учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дахин шинжээч томилох шаардлагагүй гэж үзнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/02964 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг ...Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 9.4.7-д заасныг баримтлан 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 17250793 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ