2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 191/ШШ2025/00992

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 03

191/ШШ2025/00992

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, **** дугаар хороо, Сонсголон **** гудамж, **** тоотод оршин суух, Б овогт Б-ийн Г /РД:НХ**********/,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ***** дугаар хороо, Н 1 дүгээр гудамж, **** тоотод оршин суух, У******** овогт К-ийн А /РД:ПЮ***************/,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ******дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, **** дүгээр байр, **** тоотод оршин суух, Б овогт Б-ийн Э /РД:ЛЖ************/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ***** дугаар хороо, ***** дүгээр хороолол, их тойруу, Сити оффис ****** тоотод байрлах, Б.Ө ХХК /РД:*********/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууны өмчлөгч болохыг тогтоолгох, уг эд хөрөнгийн эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч К.А, Б.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, нэхэмжлэгч Б.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н, хариуцагчийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд Д.З, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.М тэмдэглэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.1.Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Б.Ө ХХК-д холбогдуулан орон сууны өмчлөгч болохыг тогтоолгох, уг эд хөрөнгийн эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Ц.Х цогцолбор үйлчилгээний төвтэй орон сууцны А блок 2-р орц, 1 давхар N загварын 72 тоот 39,87 мкв 1 өрөө орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгох, уг эд хөрөнгийн эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай.

Нэхэмжлэлийн үндэслэл:

Хэд хэдэн нэхэмжлэгч нь нэг хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргаж болно хэмээн заасны дагуу миний бие энэхүү нэхэмэжлэлийг гаргаж байна.

Б.Г миний бие "Б.Ө ХХК-тай түүний гүйцэтгэх захиралтай харилцан тохиролцож, тус компанийн хэрэгжүүлж буй "Ц.Х цогцолбор үйлчилгээний төвтэй орон сууцны төслийн, А блок ***-р орц, *** давхар N загварын *** тоот, 39,87 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцыг захиалан бариулахаар 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр № 2019/44-1 дугаартай "Орон сууц захиалгын гэрээ байгуулсан билээ.

Энэхүү гэрээгээр "Б.Ө ХХК нь Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн ****-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Ц.Х цогцолбор үйлчилгээний төвтэй орон сууцны төслийн орон сууцыг 2022 оны 1 дүгээр улиралд багтаан байнгын ашиглалтад оруулж захиалагчид хүлээлгэн өгөх. Харин захиалагч Б.Г нь уг орон сууны үнэ болох нийт 55,818,000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулах үүргийг талууд тус тус хүлээсэн байдаг. 

Ийнхүү нэхэмжлэгч Б.Г миний бие Орон сууц захиалгын гэрээгээр хулээсэн үүргээ бүрэн биелүүлж гэрээний 4 дүгээр зүйл 4.1-д заасан төлбөр болох 55,818,000 төгрөгийг гэрээний 4.2-т заасан дансанд бүрэн шилжүүлсэн байдаг.

Тухайлбал: 2021 оны 07 сарын 19-ны өдөр 55,818,000 төгрөгийг бүрэн шилжүүлсэн байдаг.

Гэвч хариуцагчийн зүгээс гэрээний 2 дугаар зүйл 2.2-т заасан ...Барилгыг 2022 оны 1 дүгээр улиралд багтаан ашиглалтад хүлээлгэн өгөх... үүргээ эс биелүүлж өнөөдрийг хүртэл байрыг нэхэмжлэгчид шилжүүлж өгөхгүй байгаа нь гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлж барагдуулсан нэхэмжлэгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөд байна.

Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэгч Б.Г намайг Хан-Уул дүүрэг, ****-р хороо, Ц.Х цогцолбор үйлчилгээний төвтэй орон сууцны А блок ***-р орц, *** давхар N загварын *** тоот 39,87 мкв 1 өрөө орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгох, уг эд хөрөнгийн эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах гэжээ.

 

1.2.Нэхэмжлэгч К.А нь хариуцагч Б.Ө ХХК-д холбогдуулан орон сууны өмчлөгч болохыг тогтоолгох, уг эд хөрөнгийн эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Хан-Уул дүүрэг, *** дугаар хороо, Ц.Х цогцолбор үйлчилгээний төвтэй орон сууцны В блок *** дугаар орц, *** давхар G загварын **** тоот 51,32 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгох, уг эд хөрөнгийн эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай.

Нэхэмжлэлийн үндэслэл:

Хэд хэдэн нэхэмжлэгч нь нэг хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргаж болно хэмээн заасны дагуу миний бие энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

К.А миний бие Б.Ө ХХК-тай түүний гүйцэтгэх захиралтай тохиролцож, тус компанийн хэрэгжүүлж буй Ц.Х цогцолбор үйлчилгээний төвтэй орон сууцны төслийн В блок *** дугаар орц, *** давхар G загварын *** тоот 51,32 м.кв 2 өрөө орон сууцыг захиалан бариулахаар 2020.04.01-ний өдөр №2018/06 дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулсан болно.

Энэхүү гэрээгээр Б.Ө ХХК нь Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ц.Х цогцолбор үйлчилгээний төвтэй орон сууцны төслийн орон сууцыг 2020 оны 4 дүгээр улиралд багтаан байнгын ашиглалтад оруулж, захиалагчид хүлээлгэн өгөх. Харин захиалагч К.А нь уг орон сууцны үнэ болох нийт 56,452,000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулах үүргийг талууд тус тус хүлээсэн байдаг.

Ийнхүү нэхэмжлэгч К.А миний бие Орон сууц захиалгын гэрээ-гээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, гэрээний 4 дүгээр зүйл 4.1-д заасан төлбөр болох 56,452,000 төгрөгийг гэрээний 4.2-т заасан дансанд бүрэн шилжүүлсэн байдаг. Тодруулбал: 2020.04.01-ний өдөр 56,452,000 төгрөгийг бүрэн шилжүүлсэн байдаг.

Гэвч хариуцагчийн зүгээс гэрээний 2 дугаар зүйл 2.2-т ...Барилгыг 2020 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтад хүлээлгэн өгөх... үүргээ эс биелүүлж өнөөдрийг хүртэл байрыг нэхэмжлэгчид шилжүүлж өгөхгүй байгаа нь гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлж барагдуулсан нэхэмжлэгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөд байна.

Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэгч К.А намайг Хан-Уул дүүрэг, *** дугаар хороо, Ц.Х цогцолбор үйлчилгээний төвтэй орон сууцны В блок, **** дугаар орц, 1 давхар G загварын **** тоот 51,32 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгох, уг эд хөрөнгийн эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

1.3.Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Б.Ө ХХК-д холбогдуулан орон сууны өмчлөгч болохыг тогтоолгох, уг эд хөрөнгийн эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Хан-Уул дүүрэг, **** дугаар хороо, Ц.А цогцолбор үйлчилгээний төвтэй орон сууцны А блок **** дугаар орц, *** давхар K загварын *** тоот 42,73 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгох, уг эд хөрөнгийн эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай.

Нэхэмжлэлийн үндэслэл:

Б.Э миний бие Б.Ө ХХК-тай түүний гүйцэтгэх захиралтай тохиролцож, тус компанийн хэрэгжүүлж буй Ц.Х цогцолбор үйлчилгээний төвтэй орон сууцны төслийн А блок 2 дугаар орц, 6 давхар K загварын 86 тоот 42,73 м.кв 2 өрөө орон сууцыг захиалан бариулахаар 2020.07.28-ны өдөр №2019/134 дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулсан болно.

Энэхүү гэрээгээр Б.Ө ХХК нь Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ц.Х цогцолбор үйлчилгээний төвтэй орон сууцны төслийн орон сууцыг 2021 оны 1 дүгээр улиралд багтаан байнгын ашиглалтад оруулж захиалагчид хүлээлгэн өгөх. Харин захиалагч Б.Э нь уг орон сууцны үнэ болох нийт 53,500,000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулах үүргийг талууд тус тус хүлээсэн байдаг.

Ийнхүү нэхэмжлэгч Б.Э миний бие Орон сууц захиалгын гэрээ-гээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж гэрээний 4 дүгээр зүйл 4.1-д заасан төлбөр болох 53,500,000 төгрөгийг гэрээний 4.2-т заасан дансанд бүрэн шилжүүлсэн байдаг. Тодруулбал: 2020.07.30-ны өдөр 53,500,000 төгрөгийг бүрэн шилжүүлсэн байдаг.

Гэвч хариуцагчийн зүгээс гэрээний 2 дугаар зүйл 2.2-т Барилгыг 2021 оны 1 дүгээр улиралд багтаан ашиглалтад хүлээлгэн өгөх... үүргээ эс биелүүлж өнөөдрийг хүртэл байрыг нэхэмжлэгчид шилжүүлж өгөхгүй байгаа нь гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлж барагдуулсан нэхэмжлэгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөд байна.

Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэгч Б.Э намайг Хан-Уул дүүрэг, **** дугаар хороо, Ц.Х цогцолбор үйлчилгээний төвтэй орон сууцны А блок **** дугаар орц, **** давхар K загварын **** тоот 42,73 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгох, уг эд хөрөнгийн эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

2.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд О.У.ОМЗ ББСБ" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүхэд гаргасан тайлбартаа:

...Тус шуухэд хянан хэлэлцэж буй Б.Г нарын нэхэмжлэлтэй Б.Ө ХХК-д холбогдох иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож буй О.Ч ОМЗ ББСБ" ХХК нь нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

"Б.Ө" ХХК /****/ болон Д.З /РД:РЭ***************/ нар нь О.Ч ОМЗ ББСБ" ХХК-д:

Нэг. 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ХУЗГ21/55 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 999,972,798.87 төгрөг, хүүнд 437,367,463.74 төгрөг, нийт 1,437,340,262.61 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, тус гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Б.Ө ХХК-ийн өмчлөлийн

1.Улсын бүртгэлийн Ү-******** дугаартай, Хан-Уул дүүргийн *****-р хороо, Буянт ухаа /*******/, наадамчдын зам гудамж ******** тоот хаягт байрлах 14061.6 м.кв талбайтай, Орон сууцны зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө;

2. Улсын бүртгэлийн Ү-********* дугаартай, Хан-Уул дүүргийн ******-р хороо, Буянт ухаа /**********/, наадамчдын зам гудамж ********** тоот хаягтбайрлах 5140.8 м.кв талбайтай, Орон сууцны зориулалттай, 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2021 оны 3-р сарын 31-ний өдөр ХУБГ********* дугаартай Барьцааны гэрээ байгуулж, Улсын бүртгэлд бүртгүүлэн, бүхэлд нь барьцаалсан.

Хоёр.2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ХУЗГ************* тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 1,499,999,643.83 төгрөг, хүүнд 762,660,093.55 төгрөг нийт 2,262,659,737.39 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, тус гэрээний үүргин гүйцэтгэлийн баталгаа болгон

1.Улсын бүртгэлийн Ү-*********** дугаартай, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буят ухаа наадамчдын гудамж ******** тоот хаягт байрлах, 9374.4 м.кв талбайтай, Орон сууцны зориулалттай 60 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 2021.06.28-ны өдөр ХУБГ************ дугаартай Барьцааны гэрээ байгуулж, Улсын бүртгэлд бүртгүүлэн, бүхэлд нь барьцаалуулсан.

Б.Ө ХХК, Д.Зоригтбаатар нь өнөөдрийн байдлаар нийт 3,700,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлд, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон дээрх гурван үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалуулсан, тус эд хөрөнгүүд нь О.Ч ОМЗ ББСБ" ХХК-ийн барьцаанд байдаг.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т заасны дагуу барьцааны эрх нь гэрээний дагуу үүсдэг. О.Ч ОМЗ ББСБ" ХХК Иргэний хуулийн 156 дугаар зүйлд нийцүүлэн ХУБГ21/124 дугаартай барьцааны гэрээг байгуулж, Улсын бүртгэлд бүртгүүлснээс үзвэл О.Ч ОМЗ ББСБ" ХХК-д хууль ёсны барьцааны эрх үүссэн байдаг.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.2-т Барьцааны эрх үүссэнээр тухайн этгээд үүргийн гүйцэтгэлийг шаардах давуу эрхийг эдэлнэ гэж заасны дагуу Барьцааны эрх барьцаалагчид өөрийн шаардлагаа тэргүүн ээлжид хангуулж авах давуу эрхийг олгодог. Үүнээс үзвэл О.Ч ОМЗ ББСБ" ХХК нь бусад этгээдээс тэргүүн ээлжид өөрийн шаардлагаа хангуулах бүрэн эрхтэй бөгөөд нөгөө талаас Б.Ө ХХК нь шаардлагыг хангах үүрэгтэй.

Барьцааны гэрээний 5.1.6-д Иргэний хуулийн 165 дугаар зүйлд заасны дагуу бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид өөрийн шаардлагаа барьцааны зүйлээр хангуулах бүрэн эрхтэй байна. Мөн зээлдэгч Б.Ө ХХК болон Д.З нар өнөөдрийг хүртэл манай байгууллагад ямар нэгэн зээлийн эргэн төлөлт хийгдээгүй.

Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагчийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Д.З шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нарыг орон сууцыг бариулахаар захиалга өгсөн захиалагч нар гэдэгтэй маргахгүй, харин орон сууцыг барих явцад дэлхий нийтийг хамарсан цар тахал гарч, захиалагчид байрандаа орох хугацаа хойшилсон нь үнэн. Гэхдээ өмнө захиалсан үнээр одоогийн бараа материалын зах зээлийн ханшаар тооцож орон сууцыг хүлээлгэн өгөх боломжгүй тул мкв тутмыг 900,000 төгрөгөөр нэмэгдүүлэх шаардлага үүсч, захиалагч нарт мэдэгдчихээд байгаа. Тухайн барилга нь ирээдүйд бий болох хөрөнгө буюу барилгын гүйцэтгэл 70 хувьтай явж байгаа учир захиран зарцуулах эрх нь үүсээгүй барига. Тиймээс өмчлөгчөөр тогтоолгох боломжгүй юм гэжээ.

 

4.Нотлох баримтын тухайд:

Нэхэмжлэгч Б.Гас нотлох баримтаар: Нэхэмжлэл /хх-1-2/, Улсын тэмдэгтийн хураамжид 437,040 төгрөг төлсөн баримт /хх-3/, Б.Ө ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл /хх-4/, Б.Ө ХХК, Б.Г нарын 2021.07.19-ний өдөр байгуулсан №2019/44-1 дугаартай Орон сууц захиалгын гэрээний хуулбар /хх-5-7/, Б.Г-ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-8/, Хаан банкны мөнгө шилжүүлсэн баримт /хх-9/, А.А, Б.Г нарын 2021.07.19-ний өдөр байгуулсан Эрх шилжүүлэх гэрээний хуулбар /хх-10/, Г.М-д олгосон итгэмжлэл /хх-11/, Ч.Н-д олгосон итгэмжлэл /хх-132/, зэрэг баримтуудыг нотлох баримтаар нар өгсөн.

Нэхэмжлэгч К.А-ээс нотлох баримтаар: Нэхэмжлэл /хх-30-31/, Улсын тэмдэгтийн хураамжид 440,210 төгрөг төлсөн баримт /хх-32/, Г.М-д олгосон итгэмжлэл /хх-33/, К.Аийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-34/, Б.Ө ХХК, К.А нарын 2020.04.01-ний өдөр байгуулсан №2018/06 дугаартай Орон сууц захиалгын гэрээ-ний хуулбар /хх-36-38/, схем зураг /хх-39/, Б.Ө ХХК-иас К.Ат гэх 2022.09.13-ны өдрийн 9/13 дугаартай албан бичгийн хуулбар /хх-40/, Хаан банкны мөнгө шилжүүлсэн баримтын хуулбар /хх-41/,

Нэхэмжлэгч Б.Э-аас нотлох баримтаар: Нэхэмжлэл /хх-63-54/, Улсын тэмдэгтийн хураамжид 478,425 төгрөг төлсөн баримт /хх-65/, Б.Ө ХХК, Б.Э нарын 2020.07.28-ны өдөр байгуулсан №2019/134 дугаартай Орон сууц захилгын гэрээ-ний хуулбар /хх-66-68/, схем зураг /хх-69/, Н.Б, Б.Э нарын 2020.07.28-ны өдөр байгуулсан Эрх шилжүүлэх гэрээний хуулбар /хх-70/, Хаан банкны 53,500,000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-71/, Хаан банкны 10,595,000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-72/, Г.М-д 2023.01.19-ний өдөр олгосон итгэмжлэл /хх-73/,

 

Хариуцагч тал нотлох баримтаар: Б.Ө ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-16/, /хх-47/, /хх-79/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар өгсөн байна.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд О.Ч ОМЗ ББСБ ХХК-иас Д.Намширт 2024.12.06-ны өдөр олгосон 24/1289 дугаартай итгэмжлэл /хх-136/,

Шүүхийн журмаар: Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2024.04.18-ны өдрийн 5/5107 дугаартай, 2024.06.05-ны өдрийн 5/7682 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичиг гаргуулсан байна.

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. Нэхэмжлэгч Б.Г, К.А, Б.Э нар нь Б.Ө ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох, хөрөнгийн эрхийг бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

2.Нэхэмжлэгч нар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч компанитай орон сууц худалдах худалдан авах гэрээг байгуулж, гэрээнд заасан төлбөрийг бүрэн төлсөн тул өмчлөгчөөр тогтоолгох эрхтэй гэжээ.

 

3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч нар орон сууцны захиалагчид гэдэгт маргахгүй. Цар тахал гарч, орон сууцыг хүлээлгэн өгөх хугацаа хойшилсон бөгөөд орон сууцны одоогийн зах зээлийн ханш, бараа материалын үнэ өссөн тул 1 мкв тутмыг 900,000 төгрөгөөр нэмэгдүүлж авах шаардлагатай. Мөн дуусаагүй барилга учир өмчлөгчөөр тогтоолгох боломжгүй гэжээ.

 

4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Орон сууцны барилга бүхэлдээ О.Ч ОМЗ ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний барьцаанд байгаа тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

5.1.Хариуцагч Б.Ө ХХК-тай нэхэмжлэгч Б.Г нь 2021 оны 07 дугаар сарын 19-ны өдөр 2019/44-1 дугаартай, нэхэмжлэгч К.А нь 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 2018/06 дугаартай, Б.Э нь 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 2019/134 дугаартай Орон сууц захилагын гэрээ-г тус тус байгуулжээ.

5.2.Б.Г-тай байгуулсан 2021 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 2019/44-1 дугаартай гэрээгээр худалдагч нь Хан-Уул дүүрэг, **** дугаар хороо, Ц.Х цогцолбор үйлчилгээний төвтэй орон сууцны А блок ****-р орц, *** давхар N загварын **** тоот 39,87 мкв 1 өрөө орон сууцыг 2022 оны 1 дүгээр улиралд барьж ашиглалтад оруулж, худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэхээр, худалдан авагч нь байрны нийт үнэ 55,818,000 төгрөгийг төлөхөөр, К.А-тэй байгуулсан 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2018/06 дугаартай гэрээгээр худалдагч нь Хан-Уул дүүрэг, **** дугаар хороо, Ц.Х цогцолбор үйлчилгээний төвтэй орон сууцны В блок ***-р орц, ****давхар G загварын **** тоот 51,32 мкв 2 өрөө орон сууцыг 2020 оны 4 дүгээр улиралд барьж ашиглалтад оруулж, худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэхээр, худалдан авагч нь байрны нийт үнэ 56,452,000 төгрөгийг төлөхөөр, Б.Э-тай байгуулсан 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 2019/134 дугаартай гэрээгээр худалдагч нь Хан-Уул дүүрэг, **** дугаар хороо, Ц.Х цогцолбор үйлчилгээний төвтэй орон сууцны А блок 2-р орц, *** давхар К загварын **** тоот 42,73 мкв 2 өрөө орон сууцыг 2021 оны 1 дүгээр улиралд барьж ашиглалтад оруулж, худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэхээр, худалдан авагч нь байрны нийт үнэ 67,595,000 төгрөгийг төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ.

5.3.Гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч Б.Г нь 55,818,000 төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр А.А рүү шилжүүлсэн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар, нэхэмжлэгч К.А нь 56,452,000 төгрөгийг хариуцагч Д.З луу 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр шилжүүлсэн болох нь Хаан банкны шилжүүлгийн мэдээллээр, нэхэмжлэгч Б.Э нь 64,095,000 төгрөгийг Н.Б-д шилжүүлсэн болох нь Хаан банкны шилжүүлгийн мэдээллээр тус тус тогтоогдож байх ба гэрээний үнийг бүрэн төлсөнтэй хариуцагч талаас маргаагүй.

5.4.Нэхэмжлэгч А.Г нь А.Авирмэдээс харин нэхэмжлэгч Б.Э нь Н.Б-аас орон сууцны гэрээг шилжүүлэн авч, орон сууцны үнийг эрх шилжүүлэгч нарт шилжүүлэхээр тохирч, тус тус Эрх шилжүүлэх гэрээ-г бичгээр байгуулжээ.

 

6.Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

7.Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн лавлагаагаар маргаанд хамаарах Б.Ө ХХК-ийн шинээр барьж буй Ц.Х цогцолбор барилгад нийт 104 тоот, 105 тоот, 106 тоот гэсэн гурван блок барилга байгаа болох нь тогтоогдсон.

 

8.Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн албан бичгээр Хан-Уул дүүрэг **** дугаар хороо, Буянт-Ухаа /****/ Наадамчдын зам гудамж, **** тоот хаягт байршилтай 4687 мкв талбайтай барилга анх 30 хувийн гүйцэтгэлтэйгээр 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр бүхэлдээ эрхийн улсын бүртгэлийн Ү-***** дугаарт Б.Ө ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн, 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 60 хувийн гүйцэтгэлтэйгээр эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн. Уг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан О.Ч ОМЗ ББСБ ХХК-тай 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ бүртгэлтэй гэж, Хан-Уул дүүрэг ***** дугаар хороо, Буянт-Ухаа /*****/ Наадамчдын зам гудамж, **** тоот хаягт байршилтай 3672,8 мкв талбайтай барилга анх 50 хувийн гүйцэтгэлтэйгээр 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр бүхэлдээ эрхийн улсын бүртгэлийн Ү-***** дугаарт Б.Ө ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн, 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 70 хувийн гүйцэтгэлтэйгээр эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн. Уг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан О.Ч ОМЗ ББСБ ХХК-тай 2021 оны 3 дугаар сарын 31-нд, 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ бүртгэлтэй гэж, Хан-Уул дүүрэг ****** дугаар хороо, Буянт-Ухаа /*****/ Наадамчдын зам гудамж, 106 тоот хаягт байршилтай 6249,6 мкв талбайтай барилга анх 40 хувийн гүйцэтгэлтэйгээр 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт Б.Ө ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн, 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 90 хувийн гүйцэтгэлтэйгээр 14061,6 мкв талбайтайгаар эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн. Уг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан О.Ч ОМЗ ББСБ ХХК-тай 2021 оны 3 дугаар сарын 31-нд, 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ тус тус бүртгэлтэй гэж тодорхойлсон байх бөгөөд үүгээр дээрх үл хөдлөх хөрөнгөд аливаа тусгай тэмдэглэл хийгдээгүй, салгаж бүртгэх ажиллагаа хийгдээгүй байгаа болох нь тогтоогдож байна.

 

9.Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д Дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно гэж заасан хэдий ч тусгаарлах зарчмын дагуу талуудын хооронд үүргийн хэлцэл хийгдэж нэхэмжлэгч гэрээнд заасан үнийг бүрэн төлснөөр үүргийн хэлцэл биелсэн. Харин хариуцагч гэрээний үүргээ зохих ёсоор хугацаанд нь биелүүлээгүй болох нь тогтоогдсон. Улмаар өмчийн хэлцэл хийгдээгүй байх боловч хөрөнгө бий болж 60-90 хувийн гүйцэтгэлтэйгээр хариуцагчийн өмчлөлд бүртгэлтэй байгаа болох нь улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон. Иймд тухайн барилгыг улсын комисс хүлээж аваагүй хэдий ч хөрөнгө бодитоор бий болж ашиглалтад орох боломжтой байх тул шүүх нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзэв.

 

10.Хэргийн баримтаар эрхийн улсын бүртгэлийн Ү-*****, Ү-*****, Ү-****** дугаарт бүртгэлтэй барилга бүхэлдээ гуравдагч этгээд О.Ч ОМЗ ББСБ ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд бүртгэлтэй болох нь тогтоогдсон хэдий ч Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно гэж заасан тул шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснээр барьцааны эрхийг хөндөхгүй байна.

 

11.Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нар нь гэрээнд заасан үнийг бүрэн төлж, үүргээ хэрэгжүүлсэн. Харин хариуцагч талаас орон сууцыг ашиглалтанд оруулах хугацааг хэтрүүлсэн.

 

12.Гэрээ байгуулах үед тогтоосон орон сууцны үнийг нэмэх бодитой шаардлага үүссэн буюу орон сууц барихад шаардлагатай бараа материалын үнэ өссөнтэй холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй, түүнчлэн хариуцагч энэ талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул хариуцагчийн зөрүү төлбөр авахтай холбоотой татгалзал үндэслэлгүй байна. Талууд орон сууцны үнэ өссөнтэй холбоотойгоор харилцан тохиролцож, гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулаагүй, эсхүл гэрээнээс татгалзаагүй байх тул хариуцагч гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзах үндэслэлгүй байна.

 

13.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Г-ыг Хан-Уул дүүрэг, *** дугаар хороо, Ц.Х цогцолбор үйлчилгээний төвтэй орон сууцны А блок, ****дугаар орц, 1 давхар N загварын ***** тоот 39,87 мкв талбайтай 1 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг, нэхэмжлэгч К.А-ийг Хан-Уул дүүрэг, ***** дугаар хороо, Ц.Х цогцолбор үйлчилгээний төвтэй орон сууцны В блок, ***** дугаар орц, 1 давхар G загварын ***** тоот 51,32 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг, нэхэмжлэгч Б.Э-г Хан-Уул дүүрэг, ***** дугаар хороо, Ц.Х цогцолбор үйлчилгээний төвтэй орон сууцны А блок, **** дугаар орц, **** давхар К загварын ***** тоот 42.73 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тус тус тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтуудыг гаргаж өгөхийг хариуцагч Б.Ө ХХК-д даалгасугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Гас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 437,040 төгрөг, нэхэмжлэгч К.Аийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 440,210 төгрөг, нэхэмжлэгч Б.Э-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 478,425 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 437,040 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Г-д, 440,210 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К.Ат, 478,425 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Эд тус тус олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ