Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 26

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Оюунтунгалаг,

Улсын яллагч Д.Ганчимэг,

Хохирогч Б.Болормаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр,

Шүүгдэгч Ш.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Тд холбогдох 1729000970009 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ш.Т нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрээс “Ван-Үрс” ХХК-ны эзэмшлийн 21-05 ӨМӨ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэслийг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явж 560 000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:          

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Т мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Болормаа мэдүүлэхдээ: Би он сараа сайн санахгүй байна. Тухайн үед амраад явах гэж байсан. Нилээн орой болсон байсан ба машинуудаа нэг бүрчлэн шалгаж үзэхэд  энэ үеэр 21-05 ӨМӨ улсын дугаартай машиныг жолооч нь тавьчихаад амрах гээд явсан гэж байсан. Амарч яваад ирсэн чинь машин олдохгүй байна гээд эрэн сурвалжилсан байсан. Хил амарсан хойгуур ирээд машин аваад явсан байсан. Би амрах үед машин бүрэн байсан гээд байсан гэтэл байхгүй байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн, гэтэл замын хүн Төв аймгийн зам дээр эрэн сурвалжилж байсан машин байна гэж олж хэлсэн гэв.

  Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Санчирбалын өгсөн мэдүүлэг /хх-ийн 36-р худас/

“Вендо” хөрөнгийн үнэлгээний компаний 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №09473158 дугаартай тайланд “Уг автомашинд 560 000 /таван зуун жаран мянган төгрөг/ гэжээ. /хх-ийн 40-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ш.Тгийн өгсөн мэдүүлэг: ...Би Өмнөговь аймгийн нутаг Тавантолгой уурхайгаас Ганцмодны боомт хүртэл нүүрс тээврийн автомашин жолоодож явсан юм. 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр БНХАУ-ын нутаг Ганцмодны боомт дээр “Ван-Үрс” ХХК-ны эзэмшлийн 21-05 ӨМӨ улсын дугаартай Норд бенз маркийн автомашиныг өвөр монгол хөтөч Насан гэж хүнтэй нэг удаагийн тээврийг 2 000 юанын хөлсөөр тохирч тээвэр хийхээр жолоодон Монгол улсын хилээр орж ирсэн юм. Наашаа орж ирэхээсээ өмнө Насангаас урьдчилгаа хөлс болгон 2 000 юань болон машины банкийг түлшээр дүүргүүлэн орж ирсэн. Нүүрс тээврийн засмал замаар уурхайн чигт явсаар уурхай дээр иртэл уурхай амарсан байсан учир шууд хотруу явсан бөгөөд хот ороогүй наана нь явж байтал машин эвдрээд зогсчихоор нь замаас гаргаж цементний үйлдвэрийн ойролцоо машиныг орхиод замын унаанд сууж хот руу ороод тэндээсээ цааш гэрлүүгээ очиж хэд хоноод эргээд машин дээр засаж янзлах санаатай иртэл машиныг авах гээд компаний хүмүүс нь ирчихсэн байхаар нь тэндээс буцаад гэрлүүгээ явсан юм. Би машиныг хот авч явахдаа компанийн ямар нэгэн хүнд хэлж зөвшөөрөл аваагүй. Шууд явсан...  гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-47-р хуудас/

- Шүүгдэгч Ш.Тгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, хуулбар /хх-ийн 51-р хуудас/,

- Шүүгдэгч Ш.Тгийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 48-р хуудас/,

- Шүүгдэгч Ш.Тгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57-р хуудас/,

- Шүүгдэгч Ш.Тгийн арилжааны банкуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-ийн 62-65-р хуудас/,

- Шүүгдэгч Ш.Тг гурван талаас нь харуулсан зураг, гарын дардасны зураг /хх-ийн 52-53-р хуудас/,

- Цогтцэций сумын автотээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 55-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхээс талуудын мэтгэлцээний явцад уг хэрэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн болон хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлсний үндсэн дээр дараах нөхцөл байдлууд тогтоогдсныг анхааруулж, тайлбарлах нь шаардлагатай байна. Үүнд:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогч болох “Ван Үрс” ХХК-ийн /хуулийн этгээд/ хууль ёсны төлөөлөгчөөр Б.Болормааг тус компанийн ирүүлсэн итгэмжлэлийн /28-р хуудас/  үндсэн дээр тогтоожээ.  Тус компанийн захирал гадаадын /БНХАУ-н/ иргэн болох  нь компанийн дүрмээр /79-80-р хуудас/ нотлогдож байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ажиллагаанд оролцогч монгол хэл мэдэхгүй ... бол өөрийн эх хэл, эсхүл сайн мэдэх хэл, бичиг ашиглан орчуулагч, хэлмэрчийн тусламж авах эрхээр хангагдана” гэж заасантай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл тухайн итгэмжлэл хятад хэл дээр бичигдэж, монгол хэл рүү албан ёсоор орчуулагдсанаар оролцогчийн эрхийг хангасан байна гэж үзнэ.

2. Хавтаст хэргийн 39-40-р хуудсанд мөрдөгчийн “шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай” тогтоолоор “Вендо” ХХК-ийг томилж, тус компани шинжээчийн дүгнэлтийг гаргажээ.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 “Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна.” 9.2.”Энэ хуулийн 9.1-д заасан ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна.” 21 дүгээр зүйлийн 21.2.”Шинжээчдийн багийн бүрэлдэхүүнд шинжилгээний байгууллагын шинжээчээс гадна тухайн шинжилгээний байгууллагад ажилладаггүй хүнийг оролцуулах бол хамтран ажиллах нөхцөлийг шинжээч томилсон албан тушаалтан хамтран хариуцна.” гэснийг зөрчиж шинжээч томилох ажиллагааг хийсэн байна.

Өөрөөр хэлбэл шинжээчээр ажиллаж дүгнэлт гаргасан 3 шинжээчийн бүрэлдэхүүн байхад нэг шинжээчид эрх, үүрэг, хариуцлагыг сануулж, гарын үсэг зуруулсан байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

3. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хэргийн 68-71-р хуудас, 82-94-р хуудаст авагдсан баримтууд эх хувиараа биш хуулбар байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 “Бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна” гэж заасныг зөрчсөн байх тул нотлох баримтаар тооцохгүй байх тухай хүсэлтийг гаргаж байгаа нь үндэслэлтэй гэж үзлээ.

Хэдийгээр улсын яллагчаас хэргийн 66-р хуудсанд мөрдөгчийн тогтоолоор хохирогчоос ирүүлсэн хуулбарыг хэрэгт хавсаргасан гэж тайлбарлаж байх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан “нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох”, 16.2 дугаар 1 дэх хэсгийн зүйлийн 1.5 д гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотолбол зохино” гэсэн үндсэн үүргийн хүрээнд хохирогчоос ирүүлсэн хуулбар баримт бичгийг эх хувьтай нь тулгах, эсхүл үнэн зөвийг баталгаажуулах шаардлагыг тавьж ажиллах байжээ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3-т зааснаар 68-71, 82-94-р хуудаст байгаа бичмэл баримтуудыг нотлох баримтаар тооцохгүй байх нь зүйтэй.

Дээрх зөрчлүүд илэрч, хэргийг прокурорт буцаах үндэслэлүүд болох хэдий ч хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр шүүгдэгч Ш.Тг 2017 оны 10 сарын 1-ний өдөр “Ван үрс” ХХК-ийн эзэмшлийн 2105 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус компанид жолоочоор ажиллаж байх хугацаандаа жолоодон авч явж, Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт орхин явсан үйлдэл нь тогтоогдсон байна.

Харин энэхүү үйлдэл нь прокуророос зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэсэн гэмт хэргийн шинжгүй байна.

Дээрх дүгнэлтийн үндэслэлийн хувьд: хх33-р хуудсанд хохирогчийн хууль ёсны  төлөөлөгч Б.Болормаагийн “ Тухайн 2105 ӨМӨ улсын дугаартай автомашиныг БНХАУ-н ганц модны хил дээр машины эзэн болох хятад эзэн нь хүлээлгэж өгөөд амаар тохиролцоод явдаг” гэх мэдүүлэг, хх 37-р хуудасны ар талд гэрч О.Санчирбалын “ БНХАУ-н Ганц модны боомтонд хөтөч гэх хүн автомашиныг Ш.Тд хүлээлгэж өгч, тээвэр хийх зөвшөөрөл өгсөн” гэсэн мэдүүлгүүдээр шүүгдэгч Ш.Т, хохирогч “Ван Үрс” ХХК нарын хооронд үүргийн харилцаа үүссэн байх бөгөөд, Ш.Т нүүрсний замаар нүүрс тээвэрлэх үүргээ зөрчин, Улаанбаатар хот руу автомашиныг унаж явсан үйлдлийг “эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явах” гэсэн гэмт хэргийн идэвхтэй үйлдлийн шинжтэй төсөөтэй хэрэглэж байгаа нь Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасантай зөрчилдөж байна.

Талуудын маргаж буй гол асуудал нь “эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан” гэсэн үйл баримтыг зааж байна. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлд ”эзэмшил үүсэх” гэсэн хэсэгт заахдаа 89.3 Өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч, эрх буюу үүргээ шилжүүлсэн этгээд нь шууд бус эзэмшигч байна” гэсэн байна.

Энэхүү иргэн, хуулийн этгээдийн хоорондын үүргийн харилцаанд эзэмшил үүссэн, өөрөөр хэлбэл шүүгдэгч Ш.Т 2105ӨМӨ улсын дугаартай автомашиныг жолоодон нүүрс тээвэрлэсний үндсэн дээр цалин авах эрхийг авч, нүүрс тээвэрлэх үүргийг хүлээснээрээ шууд эзэмшигч байсан гэж үзнэ.

 Иймд шүүгдэгч Ш.Тгийн дээрх үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж, уг хэрэгт хохирогчоор тогтоогдсон хохирогчийн нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгчид авагдсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болговол зохино.

Мөн шүүгдэгч Ш.Т эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчид 560 000 төгрөгийг төлсөнийг дурдах нь зүйтэй.

Монгол улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1,2,5,6, 36.9 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Өмнөговь аймаг дахь сум дундын 1-р прокурорын газраас Ш.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Жамъянгончиг овогт Шагдарсүрэнгийн Тг цагаатгасугай.

2. Шүүгдэгч Ш.Тд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3. Энэ хэрэгт иргэний нэхэмжлэл, эд хөрөнгө хурааж болзошгүй байдлыг хангах зорилгоор арга хэмжээ авагдаагүй бөгөөд, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг, мөн шүүгдэгч Ш.Т нь хохирогчид 560 000 төлснийг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, харин хохирогч “Ван Үрс” ХХК хохирлоо нөхөн төлүүлэхээр иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдугай.  

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1, 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ц.УРАНГУА