Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 112/ШШ2025/0004

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн би тус аймгийн Баян-Уул сумын иргэн Э.Н-ын нэхэмжлэлтэй, Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газрын дарга П.Энхтайванд холбогдох нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

         Э.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Ажилгүй байсан хугацааны зөрүү цалин хөлс болон томилогдох хүртэл хугацааны олгогдоогүй цалин олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх тухай

             Нэхэмжлэлийн үндэслэлдээ: Иргэн Э.Н миний бие Говь-Алтай аймгийн 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/95 дугаар Сумын Засаг дарга томилох тухай захирамжийн дагуу Баян-Уул сумын Засаг даргаар томилогдон ажиллаж байсан бөгөөд Говь-Алтай аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/67 дугаар захирамжаар ажлаас чөлөөлөгдөж улмаар шүүхэд хандаж, 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 122/ШШ2022/0029 дугаар Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу ажлаас чөлөөлсөн захирамжийг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн. Улмаар 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 221/МА2022/0740 дугаар Магадлал, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 43 дугаар Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны тогтоолоор тус тус анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хүчин төгөлдөр болсон. Ажил олгогч 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш ажилд эгүүлэн тогтоохгүй байсан тул шүүхэд цалин хөлс болон эрүүл мэндийн даатгал нийгмийн даатгал нөхөн төлүүлэх талаар шүүхэд хандаж Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар цалин олговор нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн гаргасан байдаг.

Иймд нэхэмжлэгч миний бие хариуцагчид холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

          1. Ажил олгогч нь нэхэмжлэгч намайг 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/07 дугаартай Говь-Аптай аймгийн Засаг даргын захирамжаар томилсон бөгөөд миний бие тус захирамжийн 2 дахь заалтад дурдсанаар 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн Баян-Уул сумын Засаг даргын ажилд эгүүлэн тогтоогдсон тул Говь- Алтай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 133/ШШ2023/00497 дугаар шийдвэр гарсан өдрөөс ажилдаа эгүүлэн тогтоогдсон буюу 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч байгууллага Говь- Алтай аймгийн Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газарт даалгуулах тухай

         2. Э.Ныг ажилгүй байсан хугацаанд Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 241 дүгээр тогтоолоор төрийн улс төрийн зарим албан тушаалын хэмжээг шинэчлэн тогтоосон, уг тогтоолыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан ба ажил олгогчийн буруутай шийдвэрийн улмаас ажлаас чөлөөлөгдсөн тул 2023 оны 07 дугаар сарын 1-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацааны цалингийн нэг сарын 1282330 төгрөгний зөрүү гарч байгаа бөгөөд нийт 10,258,643 төгрөгний зөрүү цалин олговорыг нэхэмжилж байна гэжээ.

         Хариуцагч Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газрын дарга Л.Энхтайван шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгч Э.Н-ын гаргасан ажилгүй байсан хугацааны зөрүү цалин хөлс болон томилогдох хүртэл хугацааны олгогдоогүй цалин олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаж нэхэмжлэлд дурдсан 10258648 (арван сая хоёр зуун тавин найман мянга зургаан зуун дөчин найм) төгрөгийг хүлээн зөвшөөрч байна.  Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

Т     Тус аймгийн Баян-Уул сумын иргэн Б.Н-с Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газрын дарга П.Энхтайванд холбогдуулан Говь-Алтай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 133/ШШ2023/00497 дугаар шийдвэр гарсан өдрөөс ажилдаа эгүүлэн тогтоогдсон буюу 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч байгууллага Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газарт даалгуулах, Э.Н-ыг ажилгүй байсан хугацаанд Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 241 дүгээр тогтоолоор төрийн улс төрийн зарим албан тушаалын хэмжээг шинэчлэн тогтоосон, уг тогтоолыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан ба ажил олгогчийн буруутай шийдвэрийн улмаас ажлаас чөлөөлөгдсөн тул 2023 оны 07 дугаар сарын 1-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацааны цалингийн нэг сарын 1282330 төгрөгний зөрүү гарч байгаа бөгөөд нийт 10,258,643 төгрөгний зөрүү цалин олговорыг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргасан байна.

        Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газрын дарга П.Энхтайван  нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр ирүүлсэн байна. Энэхүү хүлээн зөвшөөрч байгаа үйлдэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хариуцагчийн эрхийн хүрээнд байна гэж шүүх үзлээ.

        Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/67 дугаар захирамжаар ажлаас чөлөөлөгдөж улмаар шүүхэд хандаж, 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 122/ШШ2022/0029 дугаар Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу ажлаас чөлөөлсөн захирамжийг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн. Улмаар 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 221/МА2022/0740 дугаар Магадлал, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 43 дугаар Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны тогтоолоор тус тус анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хүчин төгөлдөр болжээ. Шүүхийн энэхүү шийдвэрийн дагуу нэхэмжлэгч 2024 оны 02 дугаар 08-ны өдрөөс ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоогджээ.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан. 

         Иймд хариуцагчийн зөвшөөрлөөр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй бөгөөд холбогдох хуулийг зөрчөөгүй байна гэж дүгнэлээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсарган, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлав.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

       1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын иргэн Б.Н-аас тус аймгийн  Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газрын дарга П.Энхтайванд холбогдуулан гаргасан “Ажилгүй байсан хугацаанд олгогдоогүй байсан цалин олговорт нийт 10,258,643 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх” шаардлага бүхий захиргааны хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

       3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болно.

 

 

                                                               ШҮҮГЧ                                    Ч.ОЮУНСҮРЭН