Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 112/ШШ2025/0002

 

 

 

 

                                                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

      Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар               

          Нэхэмжлэгч: “Т Б” ХХК

          Хариуцагч: Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хооронд үүссэн эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудас, төлбөрийн актыг хүчингүй болгуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр нар оролцов.

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

          1. Нэхэмжлэгч нь Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн улсын байцаагчийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 0701808 дугаартай 500,000 төгрөгийн шийтгэлийн хуудас,  2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 07/18-02/094/07 дугаартай 33,342.915 төгрөгийн шөнийн нэмэгдэл хөлс нөхөн олгохуулахаар тавьсан захиргааны актыг хүчингүй  болгуулахаар маргаж байна.

          Хоёр: Хэргийн үйл баримт, процессын тухайд:

          2.1. Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ц.Б нь 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 07/18-02/094/07 дугаартай 33,342.915 төгрөгийн шөнийн нэмэгдэл хөлс нөхөн олгохуулахаар акт, 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 0701808 дугаартай улсын байцаагчийн албан шаардлага биелүүлээгүй үндэслэлээр 500,000 төгрөгийн шийтгэлийн хуудас тус тус “Т Б” ХХКоногдуулсан байна.

          Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:

           3.1. “Т Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай “Т Б” ХХК нь уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Х А” ХХК-тай 2024 оны 02 сарын 14-ний өдрийн АГ/РО/6674 дугаартай Харуул хамгаалалтын гэрээний үндсэн дээр тус компанийн харуул хамгаалалтыг хариуцан ажилладаг.

          Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн газраас “Т Б” ХХК-д 2024 оны 09 дүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн ажлын 5 өдөр хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 13-07/07 дугаартай урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх удирдамжийг үндэслэн хяналт шалгалт хийж, 09 дүгээр сарын 11-ний өдрийн 07/18-02/094/07 дугаартай хөдөлмөр, халамжийн улсын байцаагчийн шөнийн нэмэгдэл хөлс нөхөн олгох акт, 09 дүгээр сарын 10-ний өдрийн №0701808 дугаартай хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах шийтгэлийн хуудсыг тус тус оногдуулсан байдаг.

          Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 13-07/07 дугаартай урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх удирдамжид шалгалтыг 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэнэ гэж заасан байх ба манай компанид 09 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн хяналт шалгалт хийгдсэн билээ. Мөн тус удирдамжийн хамрах хүрээ аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт уул уурхай, нүүрс тээврийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллага гэж заасан байх ба манай компани эдгээр чиглэлийн үйл ажиллагаа явуулдаггүй, уул уурхай, нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхлэх талаар манай компанийн дүрэм, үйл ажиллагааны чиглэлд ч байдаггүй. Тухайн удирдамжийн хамрах хүрээнд багтаагүй /хавсралтад заасан компанийн нэрст байхгүй/ манай компанид хийсэн хяналт шалгалт Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-т 'Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзэж байна.

       Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т хяналт шалгалт хийх үндэслэл, журмыг тодорхой заасан ба мөн хуулийн 5.2.4-т зааснаар шалгалтад хамрагдах аж ахуйн нэгж байгууллага, иргэн, объектийн нэрсийг урьдчилан баталсан байх ёстой. Гэтэл хариуцагч байгууллагаас урьдчилан баталсан удирдамж, түүний хавсралтад манай компанийн нэр ороогүй байхад хяналт, шалгалт хийсэн нь үндэслэлгүй байна.

        Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 500,000 төгрөгийн шийтгэлийн хуудасны үндэслэсэн заалт болох Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйл буюу төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд саад учруулах. (15.2.1.1 тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг бусдад уриалсан) гэх зүйл заалт байх ба бидэнд ямар нэгэн биелүүлэх ёстой шийдвэр оногдуулаагүй, тэдгээрийн үйл ажиллагаанд саад учруулаагүй нь шийтгэлийн хуудас оногдуулах үндэслэл болохгүй юм. Говь-Алтай аймгийн Хөдөлмөр нийгмийн халамжийн газрын улсын байцаагчийн оногдуулсан акттай холбогдуулан 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр А-17-24/111 дугаартай гомдол хүргүүлсэн байдаг. Уг албан бичгийн хариуд манай компанийг “Х А р” ХХК-ийн төслийн талбайд харуул хамгаалалтын албыг гүйцэтгэж байгаа тул уул уурхайн салбарын туслан гүйцэтгэгч компани юм гэсэн байдаг. Гэвч туслан гүйцэтгэгч гэдэг нь үндсэн гүйцэтгэгчийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлд чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг гэрээгээр хүлээсэн этгээдийг хэлдэг. Өөрөөр хэлбэл “Х А р” ХХК нь өөр этгээдтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулан үр дүн хүлээлгэн өгөх үүргийн гүйцэтгэлд хамаарал бүхий ажлыг гэрээгээр гүйцэтгэхийг ойлгодог.

          “Т Б” ХХК нь зөвхөн харуул хамгаалалт, аюулгүй байдлыг хариуцан ажилладаг, уул уурхайн олборлолт түүнтэй хамаарал бүхий үндсэн үйл ажиллагаатай холбоотой ямар нэг үүрэг хүлээж ажилладаггүй тул туслан гүйцэтгэгч гэж үзэж хяналт шалгалт хийсэн нь үндэслэлгүй байна.  Иймд Хөдөлмөр, халамжийн улсын байцаагчийн 07/18-02/094/07 дугаартай захиргааны акт, №0701808 дугаартай шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

          3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Т Бкомпанийн хувьд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутагт хаалттай төслийн харуул хамгаалалтын үйл ажиллагааг гэрээгээр үүрэг гүйцэтгэж үйл ажиллагааг явуулдаг. Говь-Алтай аймагт ажиллаж байгаа манай харуул хамгаалалтын үйл ажиллагааг Говь-Алтай аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас уул уурхайн чиглэлээр шалгалт очиж, манай компанийн үйл ажиллагааг шалгасан байгаа. Ингээд шалгаад манай компани дээр 2024 оны 09 сарын 11-ний өдрийн 07/18-02/094/07 гэсэн нэмэгдэл хөлс олгуулах тухай, мөн 500,000 төгрөгийн шийтгэлийн хуудсыг манай компанид бичсэн. Одоо манай компанийн зүгээс дараах үндэслэлээр үүнийг хүчингүй болгуулах нэхэмжлэлээ гаргасан. 1-т Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 13-07/07 дугаартай урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын удирдамж, аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт уул уурхай, нүүрс тээврийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагыг хамааруулна гэж заасан. Гэтэл манай компани эд нарт хамаарах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэггүй компанийн дүрэм үйл ажиллагааны чиглэлд багтдаггүй. Манайх бол харуул хамгаалалтын гэрээгээр үйлчилгээ үзүүлж байгаа ийм компани байгууллага юм. 2-т Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.2.3-д төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлын хүрээнд хийнэ гэж заасан байдаг. Тэгтэл энэ хуулиар зөрчсөн асуудал энд хамааралгүй чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа манай компанийг хяналтаар шалгах шалгалт орсон гэж үзэж байна. 3-т нь удирдамж нь “Х А р” ХХК болон туслан гүйцэтгэгч компаниудын үйл ажиллагааг шалгахаар тусгачихсан байдаг. Тус компанийн үйл ажиллагаа туслан гүйцэтгэх хэлбэрт хамааралгүй бид хүнд уул уурхайн чиглэлээр, хүнд үйлдвэрлэлийн чиглэлээр тухайн компанид уул уурхайн чиглэлээр ямар нэгэн байдлаар туслан гүйцэтгэгчээр үүрэг гүйцэтгэж байгаа үйл ажиллагаа байхгүй. 4-т нь улсын байцаагч хяналт шалгалтаар хийсэн ажилдаа тус компанийн удирдлага шалгалтын талаарх удирдамжийн эх хувийг албан ёсоор 5-аас доошгүй хоногийн өмнө танилцуулах ёстой. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.2-т төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын эрх бүхий албан тушаалтныг баталсан удирдамжийн дагуу хийх мөн удирдамжид дараах зүйлийг тусгана гээд энэ шалгалтын төрөл арга хэлбэр шалгалтын хүрээ шалгалтад хамрагдах аж ахуйн нэгж байгууллага, иргэн объектын нэрийг заасан байх ёстой. Гэтэл энэ шалгалтын удирдамжид Т Бгэсэн компанийн нэр байхгүй шалгалтын удирдамж бол “Х А р”гэсэн нэр заачихсан байсан. Ингээд удирдамжиндаа бол манай компанийн талаар шалгах эрх байхгүй. Энэ хуульд заагдсан удирдамжид бол компанийн нэр ус иргэний овог нэр хүртэл бичих ёстой гэж заасан байдаг. Мөн удирдамж шалгалтын талаар манай компанийн удирдлагад танилцуулаагүй. Бид удирдамжийг өөр байгууллагаас олж авч үзсэн. Мөн манай компанид мэдэгдэх хуудас хүртэл 2024 оны 03 сарын 04-ний өдрөөс 2024 оны 08 сарын 31-ний өдрийг хүртэл энэ шалгалтад явуулна гэж удирдамжид заасан боловч манайд 09 сарын 04-ний өдрөөс эхлэн шалгалт орсон. Шалгалтын хугацааг сүүлд нь сунгасан талаар би шүүх дээр ирээд мэдсэн. Тэрнээс биш тухайн шалгалт явуулж байгаа улсын байцаагчийн зүгээс ямар нэгэн байдлаар шалгалтад сонгогдсон талаар алба хаагч нарт танилцуулсан асуудал байхгүй. Хуулийн 5.6-д хяналт шалгалт эхлэхээс өмнө буюу эрх бүхий албан тушаалтан шалгуулах этгээдэд шалгалтын зорилго бүрэлдэхүүнийг танилцуулж удирдамж хяналтын хуудасны нэг хувийг өгнө гэж заасан. Энэ захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 32 дугаар зүйлд заасан оролцогч баримт бичигтэй танилцах эрхийг хангаагүй. Хуульд заасан процесс үйл ажиллагаа нь хуулийн дагуу хэрэгжээгүй эс хэрэгжүүлээгүй гэж үзэж байгаа юм.  5-т улсын байцаагч Ц.Б өөрөө манайд өөрийн дүүгээ ажилд оруулах хүсэлт гаргаж байсан. Өөрийн хамаатнаа одоо яг ямар дүүгээ мэдэхгүй, манай Говь-Алтайд ажилладаг менежер Н гуайн үед Ц.Б байцаагчийг манай дээр хамаатнаа ажилд оруулах хүсэлт гаргасан. Гэвч тухайн үед манайх нэгдүгээрт сул орон тоо байгаагүй. Ингээд үүнээсээ болоод одоо юу гэдэг юм бид дүүг нь ажилд авч чадаагүй. Гэтэл энэ асуудал маань эргээд ямар нэгэн байдлаар хувийн ёс хонзонгоор юм уу, хувийн байдлаас энэ шалгалтыг оруулж байна уу гэсэн хардлага байгаа. Учир нь яасан бэ гэхээр Ц.Б шалгалтаар манай компани дээр хаалтын институц дээр ирсэн цагаасаа эхлүүлээд манай алба хаагчдын үйл ажиллагаа болон алба хаагчдыг ерөнхийдөө дарамталсан.  Ёс суртахуунгүй ийм байдлаар хандаж хамгийн түрүүнд Т Бкомпаниас шалгалтыг эхлүүлнэ гэж Х А руу утсаар ярьж, ингэж ийм өс өвөрлөсөн шалгалт ирсэн. Энэ бол удирдамжид зааснаас гадна зүгээр өөрийн сонирхлын дагуу манай дээр ирнэ гэсэн ийм хандлагатай юмнууд байна гэсэн үг. Хуулийн 5.7-д хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.2-т шөнийн цагаар ажилласан ажилтны дараагийн ажлын өдөр нь шөнө ажилласан цагаас багагүй хугацаагаар нөхөн амраана гэж заасан байдаг. Бид манай дээр нэмэгдэл хөлс олгох асуудал дээр акт бичсэн асуудлыг бид нар хууль тогтоомжийг зөрчөөгүй гэж үзэж байгаа юм. Шөнийн ээлжид Хөдөлмөрийн тухай хуулийн 88.2-т шөнийн цагаар ажилтныг ажиллуулсан дараагийн ажлын өдөр, шөнө ажилласан цагаас багагүй хугацаагаар амраана гэж хуульд заасан байдаг. Бид алба хаагчдаа 12 цагаар ажиллуулаад 12 цагаар амраадаг, ийм зохион байгуулалттай байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 92.1-д Ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болно гэж заасан. 92.2-т энэ горимоор үйл ажиллагаа явуулж байгаа ажил олгогчид үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага тухайн байршилд уг горимыг хэрэглэж болно гэж заасны дагуу манай компани уртын ээлжээр ажиллах горимоор тус байрлалд ажилладаг. Уртын ээлжээр ажилладаг гэдэг нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар байнга оршин суугаа газраас өөр алслагдсан газар байрлуулж ажиллуулах нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаанд 14 хоног амрах хугацаа нь 14 хоног байхаар заасан. Ажилтны ажлын өдрийн үргэлжлэл нь 12 цагаас илүү байхыг ойлгодог. Хөдөлмөрийн тухай хуулийн 88.2-т шөнийн цагаар ажилласан ажилтны дараагийн ажлын өдөр, шөнө ажилласан цагаас багагүй хугацаагаар нөхөн амраахыг заасан байдаг. Манайх өдөрт 12 цагаар ажлуулаад амраадаг. Мөн хуулийн 109.3-т шөнийн цагаар ажилласан ажилтныг нөхөн амраагаагүй бол түүний дундаж цалин хөлсийг 1,2 дахин нэмэгдүүлэх хэмжээний төгрөгөөр нэмэгдүүлж олгоно. Энэ амраагүй гэж үзэх тохиолдолд бодохоор тооцох асуудал яригдана гэж үзэж байна. Эцэст нь хэлэхэд манай Т Бкомпани бол аль болох ажилчдынхаа нийгмийн баталгаа, ажилчдаа Хөдөлмөрийн хуулийн дагуу ажиллуулж явахыг хичээж явдаг. Сая манайх 2024 оны хамгаалалтын байгууллагын шилдэг байгууллагаар манай компани тодорсон. Бид алба хаагчдаа эрүүл мэндийн үзлэгт хүртэл нь хамруулаад алба хаагчдынхаа ажиллах нөхцөл бололцоог аль болох гаргаж ажилладаг. Манайхтай ижилхэн ийм үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгж байгууллагууд нэлээн хэд байгаа. Сая энэ удирдамжид заагдсан хяналт шалгалтыг маш олон газрууд дээрээ хяналт шалгалт удирдамжаар шалгасан байх ёстой. Энд манай компанитай мөн адилхан үйл ажиллагаа явуулдаг ийм компаниуд хамрах хамгаалалтын үйлчилгээ авдаг уул уурхайн үйл ажиллагааг шалгадаг юм байна. Яагаад зөвхөн манай Топ бүлэгт ингэж анхаарал хандуулж удирдамжаас гадуур шалгаж удирдамжид тусгагдаагүй мөртлөө манай компани руу орж ирсэн энэ асуудал бол анхнаасаа хүчин төгөлдөр бус гэж үзэж байна гэжээ.

          3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны салбарын ерөнхий байцаагчийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн баталсан Уул, уурхай, нүүрс тээврийн ажиллагаа эрхлэгч аж ахуй нэгж, байгууллагуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай 13-07/07 дугаартай удирдамж нь улсын байцаагч нарын томилолт, унааны зардал шийдэгдээгүй удааширсантай холбоотойгоор 30 хоногоор сунгаж 09 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл хугацаагаар хойшлуулсан болно.  

           Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нь Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай болон бусад холбогдох хууль, дүрэм журмын хэрэгжилтийн байдлыг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9 дэх хэсгийн 10.9.1 “хууль тогтоомжоор болон түүнийг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас удирдлагын тодорхой салбарт нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон тусгай журмын биелэлтэд хяналт тавих хяналт шалгалт хийх”, 10.9.2 “объектод саадгүй нэвтрэн орох”, 10.9.8 “хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” дахь заалтууд, Хөдөлмөрийн тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.2 дахь хэсгийн 162.2.1 “хяналт шалгалт явуулах аж ахуйн нэгж, байгууллага, ажлын байранд урьдчилан мэдэгдэхгүйгээр чөлөөтэй нэвтрэх”, 162.2.5 “иргэн болон хуулийн этгээдэд учруулсан хохирлыг нөхөн төлүүлж илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах талаар арга хэмжээг авах” дахь заалтуудад заасан эрхийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны салбарын ерөнхий байцаагчийн  2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр баталсан 13-07/07 дугаартай удирдамжийн дагуу 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс ажлын 5 хоногийн хугацаанд Есөнбулаг сумын Наран багт байрлах уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа Х А төслийн талбайд ажил үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгжүүдэд урьдчилан сэргийлэх шалгалтыг хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч ажилласан.

           Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан “удирдамжийн хавсралтад заасан компанийн нэрст байхгүй” талаар тайлбарлахад салбарын ерөнхий байцаагчийн баталсан төлөвлөгөөт хяналт шалгалтын удирдамжид тухайн жилд хяналт шалгалтад хамрагдах аж ахуйн нэгжийн нэрсийг хавсралтаар баталдаг.

           Жишээ нь: “Х А р” ХХК нь төлөвлөгөөт хяналт шалгалтад хамрагдсан учир Хөдөлмөр, нийгмийн хамгаалын яамны салбарын ерөнхий байцаагчийн 2024 оны 13-07/06 дугаартай удирдамжийн хавсралтад нэрээр орсон байдаг. Харин Төрийн хяналт шалгалтын тухай 53 дугаар зүйлийн 53.1 “хяналт шалгалтыг хүний амь нас, эрүүл мэнд, нийтийн болон орчны аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдэл, хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох зорилгоор хийнэ” дэх заалт, Засгийн газрын 2022 оны 479 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 5 дугаар зүйлийн 5.3. “Хүний амь нас, эрүүл мэнд, нийтийн болон орчны аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдэл, хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох зорилгоор нийтийг хамарсан үйл  явдал, нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт үйл явдал, улирлын чанартай ажил, үйлчилгээ эхлэхээс өмнө урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж болно” дахь заалтуудад заасан зорилгын хүрээнд хийгдэж байгаа урьдчилан сэргийлэх шалгалтад хамрагдаж байгаа аж ахуйн нэгжийн нэрс жагсаалтаар гардаггүй, салбараар нь зааж баталдаг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны салбарын ерөнхий байцаагчийн баталсан 2024 оны 13-07/07 дугаартай удирдамжийн хавсралтад ямар ч компанийн нэр байхгүй. Төлөвлөгөөт шалгалт, урьдчилан сэргийлэх шалгалт 2 нь хоорондоо тодорхой ялгаатай.   2023 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны салбарын ерөнхий байцаагчийн баталсан 07/11 дугаартай уул уурхайн салбарт урьдчилан сэргийлэх шалгалт хийх удирдамжийн хүрээнд “Т Б” ХХК нь урьдчилан сэргийлэх шалгалтад хамрагдаж илэрсэн зөрчлийг арилгуулахаар Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 07/018-02/094/14 дугаартай албан шаардлага хүргүүлсэн. “Т Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г тус албан шаардлагыг хүлээн зөвшөөрч гарын үсэг тамга, тэмдэг дарж, гардан авсан байдаг. Албан шаардлагын биелэлтийг үзэхэд хангалтгүй байсан тул Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 15.2.1.1 дэх заалтад зааснаар торгох арга хэмжээ авсан. “Т Б” ХХК-ийг төлөөлж шалгалтад хамрагдсан тасгийн дарга, менежер Г.Н нь албан шаардлагын биелэлт хангалтгүй байгааг сайн дураараа хүлээн зөвшөөрч зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэн, прокурор хянан баталгаажуулсан.

       “Т Б” ХХК-ийн эрх бүхий төлөөлөгч тасгийн дарга, менежер Г.Н-той хяналт шалгалт эхэлсэн хугацаанаас улсын байцаагчийн акт гарах хугацаа хүртэл ажлын 5 хоног шалгалтын талаар, илэрч байгаа зөрчил, дутагдлын талаар тайлбарлан ойлгуулж, удаа дараа холбогдон компанийн хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн харилцаатай холбогдох бичиг баримт, тайлбар, мэдээллийг авч ажилласан. Тус хяналт шалгалтын хугацаанд “Т Б” ХХК-аас Г.Ноос өөр хүн холбогдоогүй бөгөөд холбогдож тайлбар мэдээлэл өгөх бүрэн боломж хугацаа “Т Б” ХХК-нд байсан. “Т Б” ХХК-ийн тасгийн дарга менежер Г.Н нь компанийн удирдлагуудад хяналт шалгалтын талаар, арга хэмжээ авагдах талаар мэдэгдсэн, эрх бүхий албан хаагч нь зөрчлийг хүлээн зөвшөөрсөн талаар мэдээлсэн болно.

           “Т Б” ХХК нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Наран багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “Х А р” ХХК-ийн алт олборлох тусгай зөвшөөрөл бүхий Х А төслийн талбайд 14/14 хоногийн уртын ээлжээр ажиллаж, 7/7 хоногийн ээлжийн хуваарийн дагуу 7 хоног шөнийн цагаар ажиллуулдаг нь тус компанийн 1-8 сарын ажлын цагийн бүртгэлээс, шөнийн цагаар ажиллаж байгаа ажилтанд шөнийн цагийн нэмэгдэл хөлс олгохгүй байгаа нь цалингийн баримтаар нотлогдож байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 92.2 дахь заалтад заасан горимоор ажилчдыг байнга суугаа газраас нь алс газар байрлуулан 88 дугаар зүйлийн 88.1 дэх заалтад заасан шөнийн цагаар ажиллуулж, уул уурхайн салбарын ажилчдын ажлын цагийн горим, ажлын нөхцөлийг баримтлан ажиллуулж байгаа тул уул уурхайн салбарт ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийн нэгэн адил Хөдөлмөрийн тухай хууль, уул уурхайн салбарын хамтын гэрээ хэлэлцээр, бусад холбогдох дүрэм журмыг биелүүлнэ.

           Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын 2023-2024 оны хамтын хэлэлцээрийн зорилго хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй өмчийн хэлбэр харгалзахгүй геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалж баталгаажуулах, ажилтнуудын нийгмийн хамгааллын асуудлыг дэс дараатай шийдвэрлэх...” гэж зааснаар тус компани нь уул уурхай салбарын хөдөлмөрийн харилцаанд оролцож компанийн ажилчид нь уул уурхайн салбарт ажиллаж байна. Өөрөөр хэлбэл эдийн засгийн төрөл үйл ажиллагааны салбар өөр боловч “Т Б” ХХК нь уул уурхайн төсөл хэрэгжүүлэгч “Х А р” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан тус уурхайн төслийн талбай дээр ажилчдаа ажиллуулж байгаа тул уул уурхайн салбарын хөдөлмөрийн харилцаанд оролцогч тал болж байгаа юм. Уурхайд ажиллаж байгаа ажилчид нь уул уурхайн салбарын хүнд нөхцөлд ажиллаж байгаа ажилчдын нэгэн адил ажлын нэмэгдүүлсэн цаг, шөнийн цагийг мөрдөж, ажпын хүнд горим, хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж, энгийн ажилчдын хуулиар олгосон эрхийг дордуулсан, хүндрүүлсэн нөхцөл байдалд байна.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт хөдөлмөрийн харилцаанд оролцогч нь үл ялгаварлан гадуурхах зарчмыг баримтлан ажиллана гэж заасны дагуу уул уурхайн салбарт ажиллаж байгаа бүхий л компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийг үл харгалзан уул уурхайн салбарт хөдөлмөрийн харилцаанд оролцогч гэж үзэж хөдөлмөрийн харилцааг зохицуулсан зохицуулалт уул уурхайн салбарын аж ахуйн нэгжийн нэгэн адил үйлчилнэ. Хэрэв үйлчлэхгүй бол ялгаварлан гадуурхсан болж таарна.

      Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.8 дахь заалтыг зөрчсөн “Т Б” ХХК-ийн үйлдэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.2.5-д заасан эрхийн хүрээнд Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 07/18-02/094/07 дугаартай актаар төлбөр ногдуулсан болон 0701808 дугаартай шийтгэлийн хуудас нь хууль зүйн үндэслэлтэй байна гэжээ.

      3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Манайх Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны салбарын ерөнхий байцаагчийн удирдамжийн дагуу урьдчилан сэргийлэх шалгалт хийсэн. Тэгэхээр нэхэмжлэгч тал маань тэр төлөвлөгөөт шалгалт төлөвлөгөөт бус шалгалт урьдчилан сэргийлэх шалгалт гэдэг энэ гурван шалгалтыг ойлгох хэрэгтэй. Төлөвлөгөөт шалгалт урьдчилан сэргийлэх шалгалтын хувьд бол өмнө 5 хоногийн өмнө мэдэгдэх, мэдэгдэх хуудас удирдамжийг хүргүүлнэ гэдэг бол яг хуульд байгаа зайлшгүй хийгддэг ажиллагаа. Энэ Т Б компанийн хувьд бол та бүхэн урьдчилан сэргийлэх шалгалтад хамрагдсан шүү гэдгээ ойлгоорой гэж хэлмээр байна. Тэр удирдамжийн хугацаа дуусчихсан байх үед бол шалгалт хийгдсэн гээд дараа нь бид нар тайлбар дээрээ ч гэсэн бичсэн байгаа. Мэргэжлийн хяналтын газар гэж байж байгаад татан буугдаад бүгд салбар яамдууд дээрээ очсон. Үүнтэй холбоотойгоор бид нарын зардал ерөөсөө орж ирэхгүй хойшлогдоод байгаад төлөвлөгөөт шалгалт урьдчилан сэргийлэх шалгалтууд ерөөсөө хийгдэхгүй ингээд удирдамжийн хугацаа дууссан. Үүнтэй холбоотойгоор салбарын ерөнхий байцаагч маань удирдамж сунгасан. Тэр сунгасан баримтыг бол хавтаст хэрэгт  хавсаргасан байгаа. Ингээд 08 сарын дундуур уг нь манайх хийх гээд төлөвлөчихсөн байсан Х А төслийн талбай дээрх бүх аж ахуйн нэгжүүдтэй болон Х А компани дээр төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх шалгалтыг үүний дагуу Х А ХХК-ны ахлах мэргэжилтэн Ү гэдэг хүнд удирдамж, хяналтын хуудаснуудаа яг төлөвлөгөөт хийх шалгалтынхаа явуулах процессын дагуу мэдэгдэх хуудсын дагуу хяналтын хуудсуудаа буюу удирдамжуудаа өгчихсөн байгаа. Энэ урьдчилан сэргийлэх шалгалтыг мэдэгдэх шаардлагагүй. Үүний зорилго нь ямар нэгэн аж ахуйн нэгж байгууллага хүний амь нас, эрүүл мэнд болон ажилчдын цалин хөлстэй холбоотой ноцтой зөрчил илэрсэн байх юм бол түүнийг илрүүлж, таслан зогсоох ийм зорилготой. Урьдчилан сэргийлэх шалгалтын удирдамжийн зорилго байсан. Тэгээд энэ зорилгын хүрээнд хийгдэж байгаа энэ төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус урьдчилан сэргийлэх гэдэг гурван шалгалтын хэлбэрээ бас ойлгох хэрэгтэй. Дараачийн тэр нэг дүүгээ ажилд оруулах гээд яриад байх юм. Манайх хоёр хяналтын байцаагчтай. Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Г гэж бас нэг хүн байгаа. Тэр хүнтэй андуураад байгаа юм биш биз дээ гэж бодоод байгаа юм. Би хэзээ ч ямар ч нөхцөлд Х А төслийн талбайд миний дүүг оруулаад өгөөч гэсэн юм тавиагүй. Ингэж хүнийг гүтгэж бас ингэж хүний нэр төрд бас халдаж болохгүй. Энэ нь хэрвээ тийм юм байгаа бол нотлох баримттай яриарай. Би ерөөсөө ийм асуудал тавиагүй шүү.

          Манайх уул уурхайн салбарт ордоггүй гэж ярьж байна. Тэгэхээр Хан Алтай гэдэг уул уурхайн төслийн талбай дээр тухайн үйл ажиллагааны чиглэл гэрчилгээ нь харуул хамгаалалт гэчихсэн байгаа боловч яг тэр төслийн талбай дээр эдний ажилчид уул уурхайн салбарт ажиллаж байгаа ажилчдын нэгэн адил тэр хүнд нөхцөлд ажиллаж байгаа. Уртын ээлж буюу 14, 14-ийн ростероор өөрөөр хэлбэл өөрийнхөө оршин суугаа газраас өөр газарт байршаад шөнийн 7 хоног өдрийн 7 хоног гээд 14 хоногтоо 7, 7 хоног ээлжилж ажиллана. Тэгэхээр энэ ээлжийн ажил гэдэг юмыг ойлгоно. Бид нар одоо ингээд шөнийн ээлжид ажиллуулсан ч гэсэн нөхөөд амраадаг гэж ярьж байна. Тэгэхээр энэ ээлжийн хуваариар ажиллаж байгаа ажилтанд нөхөж амраасан гэдэг үл хамааран шөнийн цагийн нэмэгдлийг заавал олгоно гээд Хөдөлмөрийн тухай хуулийн 88.1-т заачихсан байгаа. Тэгэхээр энэ шөнийн цагаар ажиллаж байгаа ажилтан маань өдрийн цагаар 8 цагийн хуваариар ажиллаж байгаа энгийн нормоор ажиллаж байгаа ажилчдын хувьд бол магадгүй 1, 2 хоног ч юм уу 1 өдөр ч юм уу шөнийн цагаар тодорхой хугацаанд ажиллах юм бол түүнийгээ нөхөөд амраачих юм бол тэр шөнийн цагийн нэмэгдлийг олгодоггүй. Энэ компанийн хувьд болохоор ээлжийн хуваариар ажиллаж байгаа.  Тэгэхээр ээлжийн хуваариар ажиллаж байгаа ажилчдын хувьд бол шөнийн цагийн нэмэгдлийг зайлшгүй олгоно гэсэн хуулийн агуулга заалт байж байгаа. Тэгэхээр энэ заалтыг үндэслэж ээлжийн хуваариар ажиллаж байгаа шөнийн цагийн нэмэгдэл олгоогүй нөхцөл байдалд бол нэмэгдэл хөлс олгох акт тавигдсан байгаа. Энэ геологи, уул уурхай эрчим, хүнс үйлдвэрийн салбарын хамтын гэрээ хэлэлцээр дээр уул уурхайн талбарт л ажиллаж  байгаа бол энэ оролцогч болно. Тэгэхээр уул уурхайн салбартаа орно гэсэн ийм хамтын гэрээ хэлэлцээрийн агуулга байгаа. Мөн Хөдөлмөрийн тухай хууль дээр ажилчдыг ямар нэгэн байдлаар ялгаварлан гадуурхал бий болгохыг хориглоно гэсэн ийм хуулийн зарчим байж байгаа. Тэгэхээр уурхайн төслийн талбай дээр ажиллаж байгаа харуул хамгаалалтын компани учраас манайх тэр шөнийн цагийн нэмэгдлийг олгохгүй, болохгүй манайх гэрчилгээ зөвшөөрөл маань харуул хамгаалалт хийдэг учраас бид нар энийг олгохгүй гэсэн ийм ойлголттой байж болохгүй. Би уул уурхайн талбай дээр биш Говь-Алтай аймгийн төв дээр ч юм уу эсвэл Улаанбаатар хотод ажиллаж байгаа харуул хамгаалалтын компани дээр энэ удирдамжийг барьж очоод өнөөдрийн энэ мэдээллийг олгосон бол харин энэ дээр ёстой үнэхээр асуудал яригдах байсан. Х А р-тай тэр гэрээ байгуулчихсан байна. Гэрээний дагуу үйл ажиллагаа явуулаад Хан Алтай төслийн талбай дээр танай ажилчид ажиллаж байна гэдэг маань уул уурхайн салбар дээр ажиллаж байгаа ийм ажилчид байна гэсэн ийм агуулга байна. Ийм үүднээс энэ актыг тавьсан гэжээ.

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

          Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

       4. Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын улсын байцаагч Ц.Б Есөнбулаг сумын Наран багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “Т Б” ХХК-нд 2024 оны 09 дүгээр сарын 04-нөөс ажлын 5 өдрийн шалгалт явуулж ээлжийн ажилчдын 1-8 дугаар сарын ажиллах хугацааны шөнийн цагийн нэмэгдэл хөлс болох 33,342.915 төгрөгийг хавсралтад дурдсан ажилчдад ажил олгогчоос нөхөн олгуулахаар 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 07/18-02/094/07 дугаартай акт тогтоож, дээрх шийдвэрийг эс зөвшөөрвөл Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу гомдол гаргах эрхийг нь зааж өгсөн. Мөн урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх явцад улсын байцаагчийн албан шаардлага биелүүлээгүй “Т Б” ХХК-нд 2024 оны 09 дүгээр сарын 10-ний өдрийн 0701808 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1-т зааснаар 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

         5. “Т Б” ХХК нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдуулан улсын байцаагчийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 07/18-02/094/07 дугаартай 33,342.915 төгрөгийн шөнийн нэмэгдэл хөлс нөхөн олгох актыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан.

        6. Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргаас “...Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.8 дахь хэсгийг зөрчсөн “Т Б” ХХК-ийн үйлдэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.2.5-д заасан эрхийн хүрээнд Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 07/18-02/094/07 дугаартай актаар төлбөр ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна” гэсэн хариуг  2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 302 дугаар албан тоотоор өгсөн байна.

       7.Хавтаст хэргийн материалд авагдсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны салбарын Улсын ерөнхий байцаагчийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 13-07/06 дугаар “Уул уурхай, хүнд үйлдвэр, газрын тосны бүтээгдэхүүн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай” хяналт шалгалтын удирдамжийг баталсан.

         8.Уг удирдамжийн 2-т аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт уул уурхай, хүнд үйлдвэр, газрын тосны бүтээгдэхүүн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа 202 аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөр, хөдөлмөрийн эрүүл ахуй, нийгмийн хамгааллын хяналт чиглэлээр 299 хяналт шалгалтыг хийж гүйцэтгэнэ гээд хавсралтаар хяналт шалгалтад хамрагдах обьектын жагсаалтыг баталсан байх бөгөөд жагсаалтын 38-т /6413811 регистрийн дугаартай/ “Х А р” ХХК төлөвлөгөөт хяналт шалгалтад хамрагдахаар байна. Энэ удирдамжийн хүрээнд “Х А р” ХХК-нд төлөвлөгөөт хяналт шалгалт хийгдсэн.

          9. Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны салбарын Улсын ерөнхий байцаагчийн баталсан 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 13-07/07 дугаар уул уурхай, нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад урьдчилсан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай удирдамжийн хүрээнд Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын улсын байцаагч Ц.Б “Х А р” ХХК-ийн уул уурхайн төслийн талбай дээр харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа “Т Б” ХХК-нд урьдчилсан сэргийлэх шалгалт хийсэн.

          10. Шалгалтаар 2024 оны 01 дүгээр сараас 08 дугаар сарыг дуустал хугацаанд ажилчдад шөнийн цагийн нэмэгдэл хөлс олгоогүй ажиллуулж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1, 109 дугаар зүйлийн 109.3, 109.8 дах заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж, ээлжийн ажилчдын 1-8 дугаар сарын ажиллах хугацааны шөнийн цагийн нэмэгдэл хөлс болох 33,342.915 төгрөгийг хавсралтад дурдсан ажилчдад ажил олгогчоос нөхөн олгуулахаар “Т Б” ХХК-нд 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 07/18-02/094/07 дугаартай акт тогтоосон байна.

         11. “Т Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г, “Х А р” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Б нарын хороонд 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр АГ/РО/6674 дугаартай “Харуул хамгаалалтын гэрээ” байгуулагдсан. Тухайн гэрээгээр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт байрлах үйлчлүүлэгчийн Хан Алтай төслийн талбайн эд хөрөнгө, объектыг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, үүний хариуд гэрээнд заасан нөхцөл, журмын дагуу үйлчилгээний төлбөрийг төлөхтэй холбогдон үүсэх эрх зүйн харилцааг зохицуулахаар харилцан тохиролцож байгуулсан.

           12.”Т Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “…туслан гүйцэтгэгч гэдэг нь үндсэн гүйцэтгэгчийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлд чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг гэрээгээр хүлээсэн этгээдийг хэлдэг. “Х А р” ХХК нь өөр этгээдтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулан үр дүн хүлээлгэн өгөх үүргийн гүйцэтгэлд хамаарал бүхий ажлыг гэрээгээр гүйцэтгэхийг ойлгодог. “Т Б” ХХК нь зөвхөн харуул хамгаалалт, аюулгүй байдлыг хариуцан ажилладаг, уул уурхайн олборлолт түүнтэй хамаарал бүхий үндсэн үйл ажиллагаатай холбоотой ямар нэг үүрэг хүлээж ажилладаггүй тул туслан гүйцэтгэгч гэж үзэж хяналт шалгалт хийсэн нь үндэслэлгүй...”, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 13-07/07 дугаартай урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын удирдамж, аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт уул уурхай нүүрс тээврийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагыг хамааруулна гэж заасан. Гэтэл манай компани эд нарт хамаарах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэггүй компанийн дүрэм үйл ажиллагааны чиглэлд багтдаггүй. Манайх бол харуул хамгаалалтын гэрээгээр үйлчилгээ үзүүлж байгаа ...”Х А р” ХХК болон туслан гүйцэтгэгч компаниудын үйл ажиллагааг шалгахаар тусгачихсан байдаг. Тус компанийн үйл ажиллагаа туслан гүйцэтгэх хэлбэрт хамааралгүй бид хүнд уул уурхайн чиглэлээр, хүнд үйлдвэрлэлийн чиглэлээр ямар нэгэн байдлаар туслан гүйцэтгэгчээр үүрэг гүйцэтгэж байгаа үйл ажиллагаа байхгүй ...Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.2-т төлөвлөгөөт болон төлбөр бус урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын эрх бүхий албан тушаалтныг баталсан удирдамжийн дагуу хийх ...шалгалтын төрөл арга хэлбэр шалгалтын хүрээ шалгалтад хамрагдах аж ахуйн нэгж байгууллага, иргэн объектын нэрийг заасан байх ёстой. Гэтэл энэ шалгалтын удирдамжид Т Б гэсэн компанийн нэр байхгүй...” гэсэн тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...Х А гэдэг уул уурхайн төслийн талбай дээр тухайн үйл ажиллагааны чиглэл гэрчилгээ нь харуул хамгаалалт гэчихсэн байгаа боловч яг тэр төслийн талбай дээр эдний ажилчид уул уурхайн салбарт ажиллаж байгаа ажилчдын нэгэн адил тэр хүнд нөхцөлд ажиллаж байгаа ...геологи, уул уурхай эрчим, хүнс үйлдвэрийн салбарын хамтын гэрээ хэлэлцээр дээр энэ уул уурхайн талбарт л ажиллаж л байгаа бол энэ оролцогч болно. Тэгэхээр уул уурхайн салбартаа орно гэсэн ийм хамтын гэрээ хэлэлцээрийн агуулга байгаа ...гэрээний дагуу үйл ажиллагаа явуулаад Х А төслийн талбай дээр танай ажилчид ажиллаж байна гэдэг маань уул уурхайн салбар дээр ажиллаж байгаа ийм ажилчид байна гэсэн агуулга байна гэж үзэж байгаа...” гэж тайлбарладаг.

          13.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх бөгөөд түүнд дараахь зүйлийг тусгана”, 5.2.2-т “шалгалтын зорилго, үндэслэл”, 5.2.3-т “шалгалтын төрөл, арга, хэлбэр”, 5.2.4-т “шалгалтын хүрээ, шалгалтад хамрагдах аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, объектын нэр”, 5.7-т “Хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ”, 53  дугаар зүйлийн 53.1-т “Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хүний амь нас, эрүүл мэнд, нийтийн болон орчны аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдэл, хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох зорилгоор хийнэ” гэж заасан.

           14.Хуулийн зохицуулалтаас үзэхэд хүний амь нас, эрүүл мэнд, нийтийн болон орчны аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдэл, хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох зорилгоор урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх бөгөөд удирдамжид он, сар, өдөр, удирдамжийн нэгдсэн дугаар, шалгалтын зорилго, үндэслэл, шалгалтын төрөл, арга, хэлбэр, шалгалтын хүрээ, шалгалтад хамрагдах аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, объектын нэр, шалгалтын бүрэлдэхүүн, ажлын хэсгийн ахлагч, шалгалт эхлэх болон дуусах хугацааг тодорхой тусгахаар зохицуулсан.

          15. Энэ тохиолдолд Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын улсын байцаагч Ц.Б нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны салбарын Улсын ерөнхий байцаагчийн баталсан 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 13-07/07 дугаартай уул уурхай, нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад урьдчилсан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай удирдамжийн хүрээнд “Т Б” ХХК-нд урьдчилсан сэргийлэх хяналт шалгалтыг явуулсан нь шалгалтын тэмдэглэл хэргийн оролцогч нарын тайлбараар тогтоогдож байна.

         16. 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 13-07/07 дугаартай хяналт шалгалтын удирдамжийн 1-т “...аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт уул уурхайн, нүүрс тээврийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад ...хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандартын хэрэгжилтэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, холбогдох хяналтын хуудсаар эрсдэлийн болон хууль сахин мөрдөлтийн түвшинг тогтоож, болзошгүй осол гэмтэл, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, цаашид авах арга хэмжээний санал боловсруулахад хяналт шалгалтын зорилго оршино”, 2-т “Аймаг нийслэлийн нутаг дэвсгэрт уул уурхай, нүүрс тээврийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа төлөвлөгөөт хяналт шалгалтад хамрагдаагүй аж ахуйн нэгж, байгууллагуудад хөдөлмөр, хөдөлмөрийн эрүүл ахуй, нийгмийн хамгааллын хяналтын чиглэлээр урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж гүйцэтгэнэ” гэж хяналт шалгалтын зорилго, үндэслэл, шалгалтад хамрагдах асуудал, хүн, хуулийн этгээд обьектын нэрийг тусгасан.

       17. Дээрх нөхцөл байдлаас дүгнэж үзэхэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны салбарын Улсын ерөнхий байцаагчийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 13-07/06 дугаартай удирдамжид зааснаар /6413811 регистрийн дугаартай/ “Х А р” ХХК-нд төлөвлөгөөт хяналт шалгалт хийгдсэн харин  2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 13-07/07 дугаартай удирдамжид зааснаар төлөвлөгөөт хяналт шалгалтад хамрагдаагүй буюу “Х А р” ХХК-аас бусад тухайн төслийн талбайд уул уурхай, нүүрс тээврийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад хөдөлмөр, хөдөлмөрийн эрүүл ахуй, нийгмийн хамгааллын хяналтын чиглэлээр урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийнэ гэж ойлгохоор байна.

         18. Гэтэл “Х А р” ХХК-тай харуул хамгаалалтын гэрээ байгуулан тухайн төслийн талбайн эд хөрөнгө, объектыг хамгаалах, аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээн үйл ажиллагаа явуулж байгаа “Т Б” ХХК-ийг  уул уурхай, нүүрс тээврийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжид хамааруулан урьдчилан сэргийлэх хяналт шалгалт явуулсан байгаа нь 13-07/07 дугаартай шалгалтын удирдамжийн зорилго, үндэслэлд нийцэхгүй, шалгалтад хамрагдах хуулийн этгээд гэж үзэхгүй бөгөөд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.2, 5.2.4, 5.7 дэх хэсгүүдэд заасныг зөрчиж урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг явуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

         19. Тодруулбал: Төлөвлөгөөт хяналт шалгалтад хамрагдаагүй “Х А р” ХХК-ийн төслийн талбайд хайгуул, бутлуур, дэсэлгээний гэх мэт туслан гүйцэтгэгчээр уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад хөдөлмөр, хөдөлмөрийн эрүүл ахуй, нийгмийн хамгааллын хяналтын чиглэлээр урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийгдсэн нь удирдамжийн зорилгод нийцнэ.

       20. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд: “...одоо туслан гүйцэтгэж ...гэрээтэй ажиллаж байгаа 24 аж ахуйн нэгж байдаг ...яг тогтмол жилээс дээш хугацаатай 12 аж ахуйн нэгж байдаг ...нүүрс, бутлуур, хайгуул”, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...”Х А р” ХХК маань өөрөө туслан гүйцэтгэгч нэлээн олон компаниуд байдаг. Хүнд үйлдвэр, уул уурхайн чиглэлээр туслан гүйцэтгэх компаниуд ажиллуулдаг...” гэсэн тайлбарууд гаргасан байгааг дурдах нь зүйтэй.

      21. Иймд маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан болон Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байх тул Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын улсын байцаагчийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 07/18-02/094/07 дугаартай “Нэмэгдэл хөлс олгуулах тухай” актыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

      22. Шүүхээс нэгэнт 07/18-02/094/07 дугаартай актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шалгалтаар 2024 оны 01 дүгээр сараас 08 дугаар сарыг дуустал хугацаанд ажилчдад шөнийн цагийн нэмэгдэл хөлс олгоогүй ажиллуулж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дугаар зүйлийн 109.3, 109.8 дах заалтуудыг зөрчсөн эсэхэд дүгнэлт өгөх нь ач холбогдолгүй гэж үзлээ.

      23. Хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад хэргийн оролцогч “Т Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э  нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан бөгөөд “Т Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Гийн Б.Э-д олгосон итгэмжлэлд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3-т заасан нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхийг тусгайлан заасан байх тул 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 0701808 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг хүлээн авч хэргийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.2, 5.2.4,  5.7 дахь хэсгүүдэд заасныг баримтлан “Т Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Улсын байцаагчийн 2024 оны 09 сарын 11-ний өдрийн 07/18-02/094/07 дугаартай нэмэгдэл хөлс олгуулах тухай актыг хүчингүй болгосугай.

        2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 66.1 дэх хэсэгт зааснаар “Т Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 0701808 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

       3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48.1, 50.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

      4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

       5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Э.ЗОЛБАДРАХ