| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Батсүх |
| Хэргийн индекс | 192/2025/00711/И |
| Дугаар | 192/ШШ2025/01094 |
| Огноо | 2025-02-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 192/ШШ2025/01094
|
2025 |
02 10 192/ШШ2025/01094 |
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх би
Нэхэмжлэгч: ****
Хариуцагч: ***
Орон сууц захиалгын гэрээг цуцалж, урьдчилгаа төлбөр болох 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01-р сарын 27-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02-р сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэг**** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие *** нь Хан-Уул дүүргийн 4-р хороо Нүхтийн аманд баригдаж байга****хотхоны Д1-р блок барилгын 13 давхарт 72.21м.кв H загварын 3 өрөө орон сууцыг худалдан авахаар тухайн төслийн гүйцэтгэгч ***К-ийн захирал ***й 1м.кв талбайг 2,500,000 төгрөгөөр тооцож, нийт 180,525,000 төгрөгөөр тохиолцож урьдчилгаа төлбөр болох 80,000,000 төгрөгийг 2024 оны 8-р сарын 20-ны өдөр 5026632333 тоот дансанд шилжүүлсэн. Миний бие амьдарч байгаа орон сууцаа зарж, үлдэгдэл төлбөрөө төлөх байсан боловч байр маань зарагдахгүй, үлдэгдэл төлбөрийг төлөх боломжгүй болсон. Захиалсан байраа авч чадахгүй болсон талаар хэлэхэд ***мөнгийг чинь бүтнээр нь өгнө гэсэн хариу өгсөн. 2024 оны 9-р сарын 30-ны өдөр 40,000,000 төгрөг, 2024 оны 10-р сарын 01-ны өдөр 10,000,000 төгрөгийг буцаан өгсөн. Үлдэгдэл 30,000,000 төгрөгийг удахгүй өгнө гэж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Тиймээс хариуцагчаас урьдчилгаа төлбөр болох 30,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Хариуцагчийн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлага болох 30,000,000 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулна. Тиймээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ****ХХК-д холбогдуулан орон сууц захиалгын гэрээг цуцалж, урьдчилгаа төлбөр болох 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь хариуцагч ****шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ****ХХК-д холбогдох орон сууц захиалгын гэрээг цуцалж, урьдчилгаа төлбөр болох 30,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага орон сууц захиалгын гэрээг цуцалж, урьдчилгаа төлбөр болох 30,000,000 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,950 төгрөгөөс 153,975 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 153,975 төгрөгийг хариуцагчаас, 153,975 төгрөгийг Төрийн сангийн 100200100941 тоот данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАТСҮХ