| Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттуулайн Болормаа |
| Хэргийн индекс | 119/2024/0026/з |
| Дугаар | 119/ШШ2025/0006 |
| Огноо | 2025-01-10 |
| Маргааны төрөл | Газар, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 119/ШШ2025/0006
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж, тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: иргэн **
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: **
Хариуцагч: Орхон аймгийн Засаг дарга
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **
Гуравдагч этгээд: ** нарын хоорондын
““Орхон аймгийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/435 дугаартай “Газрын байршил, хэмжээ өөрчлөх тухай” захирамжийг хүчингүй болгуулах” тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч **, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, гуравдагч этгээд **, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ** ““Орхон аймгийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/435 дугаартай “Газрын байршил, хэмжээ өөрчлөх тухай” захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан.
2. Нэхэмжлэгч 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймгийн засаг даргын А/435 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай хүсэлтийг Орхон аймгийн Засаг даргад гаргаж байжээ.
3. Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 05/1775 дугаар албан бичгээр “ ...** багийн нутаг дэвсгэр **-ийн хойд талд 163 м.кв газрыг эзэмшүүлсэн нь Газрын тухай хууль, холбогдох дүрэм, журмыг зөрчөөгүй байна....” гэсэн хариуг өгсөн байна.
2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:
“Засаг даргын А/435 дугаар захирамж нь нийтийн эзэмшлийн ногоон байгууламж бүхий хэсэгт давхцуулан газар эзэмшүүлсэн, ** хотхон руу орох орц, гарцыг хаасан, ** төвийн орц, гарцыг хааж улмаар тус газар дээр барилга байгууламж баригдсан тохиолдолд ** төвийн агуулах руу орж гарах боломжгүй болох түүнчлэн ** төвийн хойд барилгын зүүн талд байрлах өөрийн эзэмшлийн газрыг ашиглах боломжгүйд хүрэх зэргээр газар эзэмшигч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.” гэж тодорхойлжээ.
5. Нэхэмжлэгч ** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “** миний бие 2012 оноос эхлэн ** урд ** нэгж талбарын дугаартай 307 м.кв талбай бүхий газрыг эзэмшиж худалдаа, үйлчилгээний ** төвийг барьж ашиглалтад оруулсан. ** төвд олон тооны иргэн, аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа явуулж ажлын байрыг бий болгож, улс, орон нутгийн төсөвт татвар төлж хувь нэмрээ оруулж ирсэн.
Гэтэл Орхон аймгийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн А/435 дугаартай “Газрын байршил, хэмжээ өөрчлөх тухай” захирамжаар манай ** төвийн урд талын агуулахын хаалга байрлах хэсэгт пандустаа тулгаж иргэн **эд 163 м.кв болгож эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Дээрх захирамжийг эс зөвшөөрч Орхон аймгийн Засаг даргад урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргасан ба Хариу хүргүүлэх тухай 05/1775 дугаартай албан тоотоор А/435 дугаартай захирамжийг Газрын тухай хууль, холбогдох дүрэм журмыг зөрчөөгүй гэж үзсэн тул тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
1. Уг захирамж нь нийтийн эзэмшлийн ногоон байгууламж бүхий хэсэгт давхцуулан газар эзэмшүүлсэн, **хотхон руу орох орц, гарцыг хаасан, ** төвийн орц, гарцыг хааж улмаар тус газар дээр барилга байгууламж баригдсан тохиолдолд ** төвийн агуулах руу орж гарах боломжгүй болох түүнчлэн ** төвийн хойд барилгын зүүн талд байрлах өөрийн эзэмшлийн газрыг ашиглах боломжгүйд хүрэх зэргээр газар эзэмшигч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэж үзэж байна.
2. Газрын тухай хуульд аж ахуйн зориулалтаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэхээр заасан байхад дуудлага худалдаа, төсөл шалгаруулалгүйгээр газар эзэмшүүлсэн нь хуульд нийцэхгүй байна.
3. Мөн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт зааснаар газар эзэмшүүлэхдээ газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд барилгажихаар төлөвлөгдсөн газарт газар эзэмшүүлэх ёстой байтал барилгажих боломжгүй, ногоон байгууламж байх хэсэгт газар эзэмшүүлсэн. Мөн хөршүүдийн болон тухайн нэгж талбарын орц, гарцыг тодорхойлоогүй нь хуульд нийцэхгүй байна.
4. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5-т зааснаар бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх үүрэгтэй боловч нэхэмжлэгчийн агуулахын хаалгыг хааж, хотхон руу орох орц, гарц хааж байгаа нь нэхэмжлэгчийн өөрийн эзэмшилийн газрыг зориулалтын дагуу эзэмших, ашиглах эрхийг хязгаарлаж байна.
5. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж зааснаар төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-н улмаас Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.
Иймд Орхон аймгийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/435 дугаартай “Газрын байршил, хэмжээ өөрчлөх тухай” захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн А/435 дугаартай газрын байршил хэмжээ өөрчлөх тухай захирамжийг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан байгаа. Энэ маргаан бүхий газар нь нийтийн эзэмшлийн ногоон байгууламж бүхий газар, үүнийг ямар нэгэн байдлаар иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлж болохгүй гэж үзэж байгаа. ** төв мөн энэ газартай залгаа байрладаг. ** төвийн агуулах руу орж гарах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Энэ нь нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчиж байна. Мөн зэргэлдээ орших ** хотхоны орц гарцыг хаасан гэдэг асуудал ярьдаг. Газрын тухай хуульд аж ахуйн зориулалттай газрыг иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлэхдээ Засаг дарга дуудлага худалдааны журмаар эсвэл төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлэх ёстой. Гэтэл дуудлага худалдаа явагдаагүй, газар шилжүүлэх агуулгаар явсан байна. Хэдийгээр өмнөх зам нь төмөр замын траст ороод эзэмших боломжгүй гэж байгаа боловч газрын хэмжээ байршлыг өөрчлөх тохиолдолд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1.1-д зааснаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд барилгажихаар төлөвлөсөн газар эзэмшүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газар эзэмшүүлэх ёстой. Гэтэл газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, ногоон байгууламж бүхий нийтийн эзэмшлийн талбайг гуравдагч этгээдэд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэр нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-ийг зөрчиж байна. Мөн Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.3.5-д бусдын газар эзэмших эрхтэй холбогдсон эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй байх гэснийг зөрчиж нэхэмжлэгчийн агуулахын гарцыг хаах, ** орон сууцны хотхоны орц гарцыг хязгаарлах байдлаар хууль зөрчсөн шийдвэр боллоо гэсэн агуулгаар нэхэмжлэл гаргасан. Тухайн газар нь анхнаасаа иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлэхээр төлөвлөгдөөгүй газар. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд газар зохион байгуулалтын төлөвлөгөө 2020, 2021 онуудад газрын талаар баримтлах бодлогын талаар иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар тогтоосон. Энэ төлөвлөгөөнд заагдаагүй газрыг эзэмшүүлсэн байна. Өөрөөр хэлбэл хариуцагч Засаг даргын төлөөлөгч Засаг дарга төрөөс газрын талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлдэг субьект гэж тайлбарлаж байна. Гэтэл иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас газрын талаар баримтлах бодлого төлөвлөгөөнд энэ газрыг иргэн, аж ахуйн нэгжид аж ахуйн зориулалтаар эзэмшүүлэх төлөвлөгөө байхгүй. Тийм учраас байршил сольсон ч гэсэн төлөвлөгөөнд тусгагдсан газар эзэмшүүлж болох газар дээр солих ёстой. Төлөвлөгөөнд тусгагдаагүй газар сольж олгож байгаа шийдвэр нь Газрын тухай хууль тогтоомжид нийцэхгүй шийдвэр байна. А/435 дугаартай захирамж дээр дурдсан Газрын тухай хуулийн заалтуудыг зөрчсөн учраас нэхэмжлэл гарсан.” гэв.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа. Аймгийн Засаг дарга бол Газрын тухай хууль, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Монгол улсын Засгийн газрын тогтоолыг үндэслэж шийдвэрээ гаргаж газар олгосон. Сая өмгөөлөгчийн тайлбарлаж байгаа нь Газрын тухай хууль дээр аймгийн Засаг даргын газрын харилцааны талаар нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж байгаа. Монгол улсын Засгийн газрын тогтоол 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гарсан. Иргэн **эд олгосон газар нь цоо шинээр олгосон газар биш. Өмнө нь олгосон газрыг шилжүүлэн олгож байгаа зүйл. Өөрөөр хэлбэл анх олгохдоо дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах журмаар олгогдсон газар байсан. Газрын тухай хуулийн 33.5 дугаар заалтыг бас Засаг дарга хэрэгжүүлж байгаа. Яагаад гэвэл өмнө иргэнд газар эзэмшүүлээд олгосон газар нь төрөөс явуулж байгаа бодлоготой давхцаад төмөр зам явах болсон тул газрыг нь шилжүүлээд дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах журмаар олгогдсон газрыг тухайн иргэнийг хохиролгүй байлгах үүднээс байршлыг нь шилжүүлэн олгосон. Нөгөө талаас иргэн **ы газар эзэмших эрхэд харшилж байгаа, сөргөөр нөлөөлж байгаа зүйл одоогийн байдлаар тогтоогдоогүй. Шүүхээс шинжээч томилж, шинжээчийн дүгнэлт гарсан байгаа. Тэгэхээр энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол нь тухайн жилдээ шинээр газар олгоход гардаг. Энэ газар шинээр олгоогүй, шилжүүлж олгож байгаа газар юм.” гэв.
8. Гуравдагч этгээд **шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн өмгөөлөгч үнэн зөв зүйлийг өмгөөлөх байх гэж бодож байна. Энэ газар анхнаасаа ногоон байгууламж байгаагүй барилгаа барихдаа нүхэн жорлон барьсан, хог овоолсон газар байсан. Байршил солих захирамж гарсаны дараа өөрт нь хэлж бүгдийг нь буулгуулж байсан. 2-т ** гэж 60 айлын орон сууцыг би өөрөө бариад 60 айлд зарж борлуулах хүн орц гарцыг хаана гэж байхгүй. Хэлэх үг байхгүй болохоороо **ын орц гарц гэж ярьж байна. ** өөрөө Газрын тухай хууль болон ямар нэгэн хууль зүйн мэдлэгтэй байж нэхэмжлэл гаргамаар байна. Өөрөө Газрын тухай хууль тогтоомж зөрчиж, хуулиа баримтлаагүй байж ажил дээр ажил удаж Аймгийн Засаг даргыг хүртэл шүүхэд өгч байгааг илүү гэж бодож байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ** ы өмгөөлөгч ** Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан “2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/435 дугаар “Газрын байршил, хэмжээ өөрчлөх тухай” захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн.
2. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбаруудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.
3. Орхон аймгийн Засаг дарга 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/470 дугаар “Газар эзэмшүүлэх дуудлага худалдаа зохион байгуулах тухай” захирамжаар ** баг, **хойд талд худалдаа үйлчилгээний зориулалттай 500 м.кв газрыг эзэмшүүлэх дуудлага худалдааг зохион байгуулж, уг дуудлага худалдаанд иргэн ** дуудлага худалдаанд оролцож ялагчаар шалгарч ** баг, **хойд талд худалдаа үйлчилгээний зориулалттай 500 м.кв газрыг аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/669 дугаар захирамжаар эзэмших эрхтэй болж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулан гэрчилгээ олгогдсон байна.
4. Иргэн ** нь 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр дуудлага худалдаагаар эзэмшсэн ** баг, **хойд талд худалдаа үйлчилгээний зориулалттай 500 м.кв газраа иргэн **-д “Газрын эрх шилжүүлэх гэрээ”-ээр шилжүүлэхээр хүсэлт гаргасны дагуу аймгийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх, хүчингүй болгуулах тухай” А/660 дугаар захирамжаар ** баг, **хойд талд худалдаа үйлчилгээний зориулалтаар 11 жилийн хугацаатай, 500 м.кв газар эзэмших эрх **эд шилжиж, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ** дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдон, гэрээ байгуулагдсан байна.
5. Энэ нь Газрын тухай хуулийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” гэсний 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно.”, 38.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана:”, 38.2.1-д “нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ:”, 38.4-д “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 хоногийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана.” гэсэн хуулийн заалттай нийцсэн, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй болно.
6. Дуудлага худалдаагаар эзэмшсэн ** баг дахь 500 м.кв газар нь Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 321 дүгээр тогтоолоор батлагдсан **-ийн төмөр замын трасстад орсноор тухайн газрыг зориулалтын дагуу эзэмших боломжгүй болсон учраас аймгийн Засаг дарга 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/435 дугаар “Газрын байршил, хэмжээ өөрчлөх тухай” захирамжаар **-д ** багт байрлах ** төвийн хойд талд 163 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэж, нэгж талбарын ** дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр олгожээ.
7. Нэхэмжлэгч ** нь нийтийн эзэмшлийн ногоон байгууламж бүхий хэсэгт давхцуулан газар эзэмшүүлсэн, “**” хотхон руу орох орц, гарцыг хаасан, “** төв”-ийн орц, гарцыг хааж улмаар тус газар дээр барилга байгууламж баригдсан тохиолдолд “** төв”-ийн агуулах руу орж гарах боломжгүй болох түүнчлэн “** төв”-ийн хойд барилгын зүүн талд байрлах өөрийн эзэмшлийн газрыг ашиглах боломжгүйд хүрэх зэргээр газар эзэмшигч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч газар зорхион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг иргэн **эд эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг зөрчсөн учраас Засаг даргын А/435 дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.
8. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурьдсан газар давхцуулан олгосон, “** төв”-ийн орц, гарц болон агуулахын хаалгыг ашиглах боломжгүй болсон эсэх зэрэг асуудлаар шинжээч томилон дүгнэлт гаргуулсан болно.
9. Шинжээч нар “...Иргэн **эд олгосон **төвийн хойд талд байрлах 163 м2 газар нь ** хотхоны эзэмшил газартай залгаа байрлаж байгаа ба бусдын эзэмшил газартай давхцаагүй, 163 м2 газар нь иргэн **ы барьсан барилгын орох гарц нь баруун тал руугаа харсан тул хаах боломжгүй юм. Иргэн **ы эзэмшлийн “** төв”-ийн агуулах нь 00-ийн давхартаа байрладаг ба хаалга нь урд талдаа байрлах бөгөөд иргэн **ийн эзэмшил газраас 4.0 метрийн зайтай байна. Агуулахын хаалга руу орох гарц буюу пандус-с 0.9 метрийн зайтай байна. Орхон аймгийн Засаг даргын А/435 дугаар захирамжаар олгосон 163 м2 газар нь одоогоор “** төв”-ийн зүүн урд хэсэгт байрлах ба газар дээрээ барига объект алга байна. Иргэн **ы эзэмшил газар нь 307м2 талбай бүхий хэмжээттэй бөгөөд барьсан барилгын хэмжээ нь эзэмшил газраараа буюу 307 м2 хэмжээтэй баригдсан байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан байна.
10. Шинжээчийн дүгнэлтээс иргэн **нь аймгийн Засаг даргын А/435 дугаар захирамжаар эзэмшсэн 163 м.кв газарт барилга, байгууламж барьж иргэн **ы эзэмшлийн “** төв”-ийн орох гарах гарцыг хаагаагүй, барилгын тухай хууль болон бусад норм дүрмийг зөрчөөгүй болох нь тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
11. Учир нь нэхэмжлэгч **д Орхон аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/307 дугаар захирамжаар ** баг, “**” ХХК-ийн урд 307 м.кв газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар 8 жилийн хугацаатай эзэмшүүлсэн ба ** нь уг газартаа “** төв”-ийн барилгыг барихдаа Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д “Барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 60 хувиас илүүгүй буюу төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн болон барилга барих зориулалтаар олгосон газрын нийт талбайн 20-иос доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, 20-иос доошгүй хувь нь авто зогсоол байна.” гэснийг зөрчиж, 307 м.кв эзэмшил газарт 307 м.кв хэмжээтэй барилга барьсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
12. Мөн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана.”, 33.1.2-д “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. ...” гэж заасныг зөрчсөн гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарласан.
13. Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь гэрээний хугацаа дуусахаас өмнө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд бүгдийг буюу зарим хэсгийг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах саналыг тухайн газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцсоны ...”, 42.3-д “Энэ хуулийн 42.2-т заасан Засгийн газрын шийдвэрийг үндэслэн тухайн шатны Засаг дарга иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулан тухайн газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авна.” гэж заажээ.
14. Нэгэнт дуудлага худалдаагаар авсан газар нь Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталсан төмөр замын трасст орсон тул иргэн **нь өөр газар, эзэмшиж байсан газрын хэмжээнээсээ багасган газар эзэмшүүлэх хүсэлтийг гаргаснаар аймгийн Засаг дарга А/435 дугаар захирамжаар ** баг **төвийн хойд талд 163 м.кв газрыг иргэн **эд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийг зөрчсөн гэх өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй, аймгийн Засаг дарга хуулийн дагуу, эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэсэн байна гэж үзлээ.
15. Түүнчлэн Газрын тухай хуулийн “Төрөөс газрын талаар баримтлах зарчим” гэсэн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” гэсэн зарчмын дагуу нэгэнт дуудлага худалдаагаар эзэмшсэн 500 м.кв газар нь Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 321 дүгээр тогтоолоор батлагдсан **ийн төмөр замын трасст өртсөн учраас иргэн **эд 163 м.кв газрыг ** баг **-ын хойно эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь иргэн **ы эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
16. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалуулахаар, ...гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”, 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалуулахаар, ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” гэж тус тус заасан.
17. Өөрөөр хэлбэл захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд чиглэдэг.
18. Гуравдагч этгээд **-д ** баг **төвийн хойд талд 163 м.кв газрыг аймгийн Засаг дарга А/435 дугаар захирамжаар эзэмшүүлснээр нэхэмжлэгч **ы эзэмшлийн “** төв”-ийн орц, гарц болон агуулахын хаалга руу орох боломжгүй болгон маргаан бүхий газарт барилга баригдаагүй, нэхэмжлэгч нь эзэмшил газартаа барилга барихдаа хууль зөрчиж барилга барьсан, хариуцагч аймгийн Засаг дарга нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.
19. Иймээс дээрхи үндэслэлүүдээр аймгийн Засаг даргын А/435 дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэн, нэхэмжлэгч **ы Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан Орхон аймгийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/435 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
20. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “шүүхээс хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдон зайлшгүй гарах зардлыг шүүхийн зардал гэнэ.”, 44.3-д “Дараахь зардлыг хэргийн оролцогчоор нөхөн төлүүлнэ:”, 44.3.1-д “шинжээч, орчуулагч, хэлмэрчийн тээвэр, байр, хоолны зардал ...”, 47 дугаар зүйлийн 47.1-д “Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ.” гэж заасны дагуу шинжээчийн зардал 500.000 /таван зуун мянган/ төгрөгийг нэхэмжлэгч **аас гаргуулан “ГМОМОН” ХХК-д олгох нь зүйтэй байна.
21. Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч ** хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийх боломжтойг нэхэмжлэгчийн өмгөөлөгч ** тайлбарласан болохыг дурьдлаа.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 106.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч **ы Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/435 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгч **аас шинжээчийн зардал 500.000 /таван зуун мянган/ төгрөгийг гаргуулж “ГМОМОН” ХХК-д олгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БОЛОРМАА