2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 191/ШШ2025/00558

 

 

 

 

 

 

 

 

 

2025 01 23 191/ШШ2025/00558

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ...... дүүрэг, ..... дугаар хороо, ..... гудамж, .... дугаар байр, ..... тоот хаягт оршин суух, Н Т /РД:............./-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .......... дүүрэг, .... дүгээр хороо, .... гудамж, ......... төв, ..... корпус, .... давхарт байрлах Ө А З ХХК /РД:/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 4,706,750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Н.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж нар оролцов.

/хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.Т нь хариуцагч Ө а з ХХК-д холбогдуулан 4,706,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Н Т нь 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Ө А З ХХК-тай ХАГ-444/21 тоот Хөлсөөр ажиллах гэрээ, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 257 тоот Хөдөлмөрийн гэрээг тус тус байгуулан тус компанид Хуулийн мэргэжилтэн албан тушаалд ажилласан. 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаас гарч, ажил олгогчтойгоо тооцоо хийж дууссан. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу ажилгүйдлийн тэтгэмжийг авахаар 6 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст ажил хайгч иргэнээр бүртгүүлэн тухайн өдрөө Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст хандахад ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй хэмээн ажилгүйдлийн тэтгэмжийг олгохоос татгалзсан.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 10 дугаар зүйл болон холбогдох журмын дагуу ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээг бодоход /3,000,000+3,000,000+2,700,000+2,400,000+2,273,684+3,927,144+1,636,364+2,400,000+2,295,652/ 9 сар*50%/21,2 ажлын хоног*76 ажлын хоног=4,706,750 төгрөг болж байх тул Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.6-д ажил олгогчийн буруугаас даатгуулагчид учирсан хохирлыг бүрэн хариуцаж төлөх 33 дугаар зүйлийн 33.1.6-д ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй, дутуу, эсхүл хугацаа хожимдож төлөгдсөн, шимтгэл төлөлтийн тайланг ирүүлээгүй, тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр авах баримт бичгийг даатгуулагчид болон нийгмийн даатгалын байгууллагад хуульд заасан хугацаанд гаргаж өгөөгүйн улмаас тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөрийг авч чадаагүй, эсхүл хугацаандаа бүрэн аваагүй бол учирсан хохирол, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхэд гарсан зардлыг ажил олгогчоор төлүүлэх гэж заасны дагуу ажилгүйдлийн тэтгэмжийг Ө а з ХХК-иас гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбар өгөөгүй.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Ө а з ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б-35/24 дугаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалын хуулбар, Сүхбаатар дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн албан тоотын хуулбар, хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, байгууллагын нууц, мэдээллийн аюулгүй байдлыг хангах тухай гэрээ, ажлын байрны тодорхойлолт, 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн хөлсөөр ажиллах гэрээ, хариуцлагын гэрээ, ажлын байрны тодорхойлолт зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Ө А З ХХК-тай ХАГ-444/21 тоот Хөлсөөр ажиллах гэрээ, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 257 тоот Хөдөлмөрийн гэрээг тус тус байгуулан тус компанид Хуулийн мэргэжилтэн албан тушаалд ажилласан. 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаас гарч, ажил олгогчтойгоо тооцоо хийж дууссан. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу ажилгүйдлийн тэтгэмжийг авахаар 6 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст ажил хайгч иргэнээр бүртгүүлэн тухайн өдрөө Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст хандахад ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй хэмээн ажилгүйдлийн тэтгэмжийг олгохоос татгалзсан гэжээ.

 

3. Хариуцагч хариу тайлбар өгөөгүй.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Нэхэмжлэгч Н.Т нь 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн №ХАГ-444/21 дугаартай Хөлсөөр ажиллах гэрээ болон 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №257 дугаартай Хөдөлмөрийн гэрээгээр хариуцагч байгууллагад Хуулийн мэргэжилтнээр ажиллахаар харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан, ажил олгогчийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн №Б-35/24 дугаар тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлсөн болох нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаал, Хөлсөөр ажиллах болон Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

6. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д Даатгуулагч дараах эрх эдэлнэ: гээд 33.1.1-д нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасан нөхцөлийг хангасан тохиолдолд тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр авах гэж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг нийтдээ 24 сар ба түүнээс дээш хугацаанд, үүнээс ажилгүй болохын өмнөх сүүлийн 9 сар тасралтгүй төлсөн, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллагад бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэврийн ердийн насанд хүрээгүй даатгуулагч ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй гэж заасан.

 

7. Нэхэмжлэгч Н.Т хувьд 2021 оны 9 дүгээр сараас 2024 оны 6 дугаар сар хүртэл сүүлийн 3 жилийн хугацаанд хариуцагч байгууллагад ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлсөн болох нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

8. Ийнхүү нэхэмжлэгчид хуульд заасан ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүссэн боловч ажилгүйдлийн тэтгэмж олгогдоогүй нь ажил олгогч буюу хариуцагч байгууллагын буруутай үйлдлээс шалтгаалсан болох нь Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, нэхэмжлэгчийн ... нийгмийн даатгалын хэлтэст хандахад ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй хэмээн ажилгүйдлийн тэтгэмжийг олгохоос татгалзсан гэх тайлбараар тогтоогдсон.

9. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.6-д ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй, дутуу, эсхүл хугацаа хожимдож төлөгдсөн, шимтгэл төлөлтийн тайланг ирүүлээгүй, тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр авах баримт бичгийг даатгуулагчид болон нийгмийн даатгалын байгууллагад хуульд заасан хугацаанд гаргаж өгөөгүйн улмаас тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөрийг авч чадаагүй, эсхүл хугацаандаа бүрэн аваагүй бол учирсан хохирол, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхэд гарсан зардлыг ажил олгогчоор төлүүлэх гэж зааснаар даатгуулагч нь ажил олгогчийн буруугаас авч чадаагүй тэтгэмжийг шаардах эрхтэй байна.

 

10. Нэхэмжлэгч нь ажилгүйдлийн тэтгэмжийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан хувь хэмжээгээр тооцож, нийт 4,706,750 төгрөгийн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон нь үндэслэлтэй байх ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж, маргаагүй.

11. Тодруулбал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гардуулж, эдлэх эрх, үүргийг тайлбарлан өгч, хэргийн материалтай танилцуулсан.

 

12. Хариуцагч нэхэмжлэлийг гардан авсан боловч 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй бөгөөд шүүх хуралдааны товыг 2025 оны 07 дүгээр сарын 04-ний өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар мэдэгдэж, баримтжуулсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр мөн ирээгүй.

 

13. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

14. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т Ажил олгогч дараах үүрэг хүлээнэ: гээд 32.2.1-д хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтныг нийгмийн даатгалд албан журмаар даатгуулах, 32.2.6-д ажил олгогчийн буруугаас даатгуулагчид учирсан хохирлыг бүрэн хариуцаж төлөх гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчид учирсан хохирол буюу нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмжид авах ёстой байсан 4,706,750 төгрөгийг хариуцагч Ө А З ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Н.Т олгохоор шийдвэрлэв.

 

15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг зохигч нарт хуваарилан хариуцуулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.6, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасныг баримтлан хариуцагч Ө А З ХХК-иас 4,706,750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Т олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 90,258 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 90,258 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ