Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 2023/ДШМ/029

 

 

*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Тэгшсуурь даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Н.Цогням

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Сайнбилэг нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж хянан шийдвэрлэсэн 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/156 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч өмгөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлоор *******д холбогдох эрүүгийн 231400000106  тоот хэргийг 2023 оны 8 дугаар сарын 28-ний өдөр хүлээн авч,  шүүгч Г.Тэгшсуурь илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ...******* овогт *******ын ******* / РД: ******* /,

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан  согтуурсан үедээ 2023 оны 04 дүгээр сарын 11-ний шөнийн 03:30 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” гэсэн нэртэй баар, паб, караоке зэргээр үйл ажиллагаа явуулах зориулалттай бааранд өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж, тус газарт нэвтрэн орж, “Оргил” баарны 4 ширхэг архи, 5 ширхэг пиво, 2 ширхэг лаазтай ундаа, 2 ширхэг жүүс зэрэг нийт 266,500 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд  нэвтэрч хулгайлсан   гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч О.Тэмүжинийг нэг / 01 / жилийн  хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж түүний эдлэх ялыг 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолж, шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

... Гомдлын талаар

******* нь архийг хулгайлан авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Хийсэн үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж байгаагаа илэрхийлдэг. Гэсэн хэдий ч өмгөөлөгчийн хувьд хууль хэрэглээний асуудлаар гомдол гаргах эрхийнхээ хүрээнд үйлчлүүлэгчээсээ зөвшөөрөл аван энэхүү гомдлыг гаргаж байгаа болно.

*******ий үйлдлийг анхан шатны шүүхээс дүгнэхдээ той бүлэглэн согтуурсан үедээ баарны хаалга эвдэж орсон гэжээ.

Хавтаст хэргийн материалд авагдсанаар миний үйлчлүүлэгч ******* нь WE гэх нэртэй баараар үйлчлүүлж согтуурсан үедээ гэх найзын хамтаар Оргил бааранд дахин үйлчлүүлэхээр явсан байдаг. Энэ үедээ их хэмжээний согтолттой байсан бөгөөд *******ий хувьд Оргил баарны хаалгыг эвдээгүй, харин эвдсэн болох нь хавтаст хэрэгт хавсаргасан камерын бичлэг, ийн гэрчээр өгсөн мэдүүлгээр тогтоогддог.

 Харин ******* нь хаалга хэрхэн яаж онгойлсон эсвэл онгорхой байсан, татсан эвдсэн эсэхийг огт мэдээгүй гэдэг. Миний үйлчлүүлэгч нь тухайн бааранд согтууруулах ундааг л нэмж уух зорилгоор орсноос шунахайн сэдэлтээ нэвтрээгүй гэж үзэж байна.

Учир нь О. ******* нь одоо ******* настай бөгөөд урьд өмнө түүнийг бага байхад нь эцэг эх хоёр нь салж тэрээр өвөө эмээ дээрээ өссөн . Ээж нь өөр хүнтэй сууж тусдаа амьдардаг. Аав нь холбоотой байдаггүй байна.

Түүний мөрдөн байцаалтад өгсөн “.... дүү нартайгаа уулзах гэсэн боловч ээжийн ах дүү нар уулзуулахгүй байсан болохоор би маш их сэтгэл гутралд ороод гэнэт хямралд орсон. Ер нь бол дүү нартайгаа уулзаж чаддаггүй, ээж аавын хайр халамж дутмагаас болоод үе үе хямарч гутраад байдаг юм...” гэх мэдүүлгээр түүнд шунахайн сэдэлт байгаагүй зөвхөн өөрийн сэтгэл гутралыг дарах, архи нэмж уух зорилготой байсан нь харагддаг.

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан үйлдэл нь бусдын эзэмшил өмчлөлд хууль бусаар нэвтэрсэн байхыг шаардах бөгөөд миний үйлчлүүлэгч тухайн объектод хууль бусаар нэвтрээгүй / хаалга эвдээгүй, онгойлгоогүй/ болно.

Харин тус объектыг хууль бусаар онгойлгосон ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлд зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3-т “ гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэж заасан бөгөөд бусдын хаалга онгойлсон үйлдэлд ******* хариуцлага хүлээх нь зохимжгүй, шударга бус гэж үзэж байна.

Иймд О. *******гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүхэлд нь агуулахгүй байна гэж үзэж байх тул өмгөөлөгчийн гомдлыг дагуу 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 156 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянан үзэж, *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэжээ.

Прокурор Н.Цогням тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий хуульд нийцсэн байх тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

Өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй. Иймд баар бол үйлчилгээний газар. Миний үйлчлүүлэгч нь бааранд үйлчлүүлэхээр нэвтэрсэн. Шүүгдэгч нь сэм далд аргаар нэвтрээгүй. Баянхонгор аймагт 2-3 цагт баар ажиллаж байсан. Тэгэхээр нууц далд аргаар, сэм далд аргаар нэвтэрсэн нөхцөл байдал гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж байхгүй. Анхан шатны шийтгэх тогтоолыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүгдэгчийн өмгөөлөгч *******ын  давж заалдах гомдолд үндэслэн  хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд   дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав. 

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна.

Шүүгдэгч ******* нь согтуугаар 2023 оны 04 дүгээр сарын 11- ний шөнийн 03:30 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг  баар, паб, караоке зэргээр үйл ажиллагаа явуулах зориулалттай “Оргил” бааранд өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж нэвтрэн орж улмаар текнээс   нь 4 ширхэг архи, 5 ширхэг пиво, 2 ширхэг лаазтай ундаа, 2 ширхэг жүүс зэрэг нийт 266,500 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлсан гэх гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Дээрх үйл баримт нь

Хавтаст хэргийн 71 дүгээр талд авагдсан “...Тухайн үед ... 8 пиво уусан байсан болохоор маш их согтолттой байсан. ...Оргил баарны хаалгыг татсан чинь онгойчихлоо гэж хэлж байсан. ...урьд шөнийн болсон зүйлээ санахгүй...” гэх шүүгдэгч  *******ий мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,

Хавтас хэргийн 10-11, 12 дугаар талд авагдсан “... 2023 оны 04 дүгээр сарын 10-ны шөнийн 02 цаг өнгөрөөд Оргил баараа хаагаад явсан. ...ирээд үзтэл гадна хаалганы цоожны цүүг хөшиж онгойлгоод текний араас 1 литрийн SKY нэртэй архи 1 ширхэг, 0.75 литрийн Болор архи 1 ширхэг, 1 литрийн EDEN нэртэй архи 1 ширхэг, 0.75 литрийн ЭКС нэртэй архи 1 ширхэг, 0.5 литрийн Kaltenberg нэртэй пиво 5 ширхэг, 0.5 литрийн лаазтай Кола 2 ширхэг, 1 литрийн Моя Семей жүүс 2 ширхэг, Тафэл нэртэй чипс 2 ширхэг алдагдсан байна. Тэгээд бас манай гадна төмөр хаалганы цүүг сэтэлж, хөшиж эвдсэн байна... бичлэг нь бичигдсэн байна. ...нийт 266,500 төгрөгийн үнэ бүхий эд зүйл алдагдсан байна...”,

“...******* гэх залуу 2023 оны 05 дугаар сард нийт 266.500 төгрөгийн хохирол барагдуулсан, одоо эвдэрсэн гэх хаалгыг янзлуулах шаардлагатай ...” гэх хохирогч гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд,

Хавтаст хэргийн 23-24 талд авагдсан “...“Оргил” бааранд ...хаалгыг нь татаж эвдэж ороод хүнгүй байхаар нь ******* текний араас нь шилтэй архи, пивонууд аваад гарах гээд байхаар нь би болиулсан. ...******* нь надаас салаад буцаж ороод архи, пиво, ундаанууд аваад гарсан байна...” гэх гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,

Хавтаст хэргийн 59 дүгээр талд авагдсан “... *******ий аав нь миний хүү байгаа юм, ******* миний ач хүү байгаа юм. Төлөв даруу зантай, дуугүй, хүнтэй нээх их юм яриад байдаггүй, муу зуршилгүй, хэрэг хийгээд байхааргүй хүү байгаа юм, *******ийг бага настай байхад аав, ээж нь салж байсан, тэгээд өвөө, эмээ дээрээ хүмүүжсэн, 2022 онд цэрэгт яваад ирсэн, аав, ээж хоёртойгоо байнгын холбоотой байдаг, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй нөхөр бид хоёрт туслаад байж байдаг...” гэх гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,

Хавтаст хэргийн 50 дугаар талд авагдсан  Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн 2023 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн мөрдөгчийн тэмдэглэл

Хавтаст хэргийн 47 дугаар талд авагдсан “...Хаалганы цоожны хэсэг сэтэрч эвдэрсэн 35.000 төгрөг, Эд зүйлийн нийт үнэ цэнэ 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар 35.000  /Гучин таван мянга / төгрөг болохыг тодорхойлов...” гэх Энх-Нахиа ХХК-ийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 161 дугаар дүгнэлт,

Хавтаст хэргийн 41 дүгээр талд авагдсан “алдагдсан эд зүйлийн үнэ 266.500 төгрөгийн хохирол учирсан байна” гэх мөрдөгчийн магадалгаа болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх нь шүүх  хуралдаанаар шинжлэн хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдсон үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхдээ шүүгдэгч ******* нь  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэнээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан гэж үзсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо  бүрэн төлсөн  байдлыг  ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд оруулан тооцож  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д зааснаар   2 жилийн хугацаагаар хорих ялын хоёрны  нэг буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэжээ.

Харин “...Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан үйлдэл нь бусдын эзэмшил өмчлөлд хууль бусаар нэвтэрсэн байхыг шаардах бөгөөд миний үйлчлүүлэгч тухайн объектод хууль бусаар нэвтрээгүй / хаалга эвдээгүй, онгойлгоогүй/, бусдын хаалга онгойлгосон үйлдэлд ******* хариуцлага хүлээх нь зохимжгүй, шударга бус ..., Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн  2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүхэлд нь агуулахгүй байна хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгана уу... гэх агуулга бүхий  гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь  шүүгдэгч ******* нь  баар, паб, караоке зэргээр үйл ажиллагаа явуулах зориулалттай  Оргил баарны хаалгыг онгойлгон улмаар нэвтрэн орж, тусгай текэнд байх  4 ширхэг архи, 5 ширхэг пиво, 2 ширхэг лаазтай ундаа, 2 ширхэг жүүс зэрэг нийт 266,500 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлсан, уг үйлдлийг нь өмнө нь найз таслан зогсоосон байхад найзаасаа салснаас хойш  нэвтэрсэн үйлдэл нь хууль бус, мөн архи пиво хулгай хийх санаа сэдэлт нь тухайн орон байранд нэвтрэхээс өмнө үүссэн байна гэж үзэх үндэслэлтэй байна.  

 Иймд  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн  1 дэх  хэсгийн 1.1-д   заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/156 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******гийн давж заалдах шүүх хуралдаан болтол цагдан хоригдсон 55 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын  хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ Г.ТЭГШСУУРЬ

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Б.НАМХАЙДОРЖ