Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 101/2015/08674/И |
Дугаар | 001/ХТ2016/001089 |
Огноо | 2016-10-25 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2016 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 001/ХТ2016/001089
Б.Чулуунбаатарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2016/02295 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1015 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч : Б.Чулуунбаатар
Хариуцагч : Эм Энд Жи констракшн ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: 93.476.278 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлоор
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Эрдэнэчулуун, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баатарсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Амарбаясгалан, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2007.12.28-ны өдөр Эм Энд Жи констракшн ХХК-тай Орон сууц захиалгаар бариулах тухай 96-0080, 96-0081 дугаар гэрээнүүдийг байгуулан, 68.5 мк.в талбай бүхий хоёр орон сууцыг Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, 13 дугаар хороолол, 43 дугаар байрны 11 давхарын 42 тоот, мөн байрны 12 давхарын 46 тоот орон сууцуудыг захиалан бариулсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад улсын бүртгэлийн газраас ирүүлсэн баримтуудтай танилцаад Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны 43 дугаар байрны 11 давхрын 42 тоот орон сууцны өмчлөгч нь өөр хүн болсон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн, 46.580 ам.доллар буюу нэхэмжлэлийн шаардлаа өөрчилсөн үеийн ханшаар 93.476.278 төгрөгийг Эм Энд Жи констракшн ХХК-иас гаргуулж өгнө үү. Мөн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох тус байрны 12 давхарын 46 тоот орон сууцны өмчлөгчөөр Б.Чулуунбаатар болохыг тогтоолгож, Улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3 дахь хэсэгт зааснаар татан авч байна гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 2007.10.28-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулагдсан байхад 9 жилийн дараа 46.580 ам.доллар буюу 93.476.278 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрээнээс үүдэлтэй маргааныг шийдвэрлэх хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэгч шаардлага гаргах эрхээ алдсан байна. Эм Энд Жи Констракшн ХХК-ийг төлөөлж хэн гэрээ байгуулсан бэ гэдгийг шүүх анхаарч үзнэ үү. Энэ гэрээг манай компанийг төлөөлж Н.Болд гэдэг хүн байгуулсан байх бөгөөд Н.Болд нь компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд биш юм. Өөрөөр хэлбэл, Н.Болд нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй, итгэмжлэлгүйгээр энэхүү гэрээг байгуулсан байна. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ. Иймд хэлцлийн нэг тал нь Эм Энд Жи констракшн ХХК биш байна. Нэхэмжлэгчийн орон сууцны төлбөрт шилжүүлсэн гэх 46.580 ам.долларыг Н.Болд нь хувьдаа авсан бөгөөд энэ мөнгө компанийн дансанд ороогүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2016/02295 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч Эм Энд Жи констракшн ХХК-иас 93.476.278 /ерэн гурван сая дөрвөн зуун далан зургаан мянга хоёр зуун далан найм/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Чулуунбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 695.531 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Эм Энд Жи констракшн ХХК-иас 625.331 төгрөгийг гаргуулж Б.Чулуунбаатарт олгохоор шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1015 дугаартай магадлал гаргаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 96-0080 тоот гэрээнд Эм Энд Жи контсракшн ХХК-ийг төлөөлж Д.Болд, Т.Булган нар байгуулж, гарын үсэг зурсан. Гэрээнд дангаараа Д.Болд гарын үсэг зураагүй, хуулийн зөвлөх Т.Булгантай хамт зурсан бөгөөд хуулийн зөвлөх ч хариуцагч компанийг төлөөлж гэрээ байгуулах эрхтэй болох нь хавтас хэрэгт авагдсан Р.Гаатугтай байгуулсан гэрээгээр нотлогддог. Иймд гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл бүхий гэж үзэж байна. Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт "Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл байдал бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй" гэж заасан. Хэдийгээр Д.Болд нь хариуцагч компанид эрх бүхий албан тушаал эрхэлдэггүй гэх боловч, "Орон сууц захиалгаар бариулах тухай" 96-0080 тоот гэрээг байгуулах үед хуулийн зөвлөхийнхөө хамт гарын үсэг зуран гэрээг байгуулсан /хуулийн зөвлөх Т.Булган ч гүйцэтгэх захирал биш, эрхгүй этгээд гэж тайлбарлаагүй, тэрээр нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан/, мөн Эм энд Жи констракшн ХХК-ийн тамга тэмдгийг дарж баталгаажуулан гэрээ хүчин төгөлдөр болсон юм. Ийнхүү гэрээгээ байгуулаад, 2008.01.12-ны өдөр болон 2008.02.06-ны өдрүүдэд Д.Болд, нягтлан бодогч Болор нар гэрээнд заасан төлбөрийг хүлээн авсан байдаг бөгөөд энэ нь кассын зарлагын падаанууд болон хариуцагч Эм Энд Жи констракшн ХХК-ийн орлогын ордерээр нотлогддог. Энэ орлогын ордер баримтан дээр "гүйлгээний утга 96-080 тоот гэрээний 68,5 м.кв байрны үлдэгдэл төлбөр 7.710.378 төгрөг, хүлээн авсан Ерөнхий нябо Болор гээд гарын үсгээ зурж, Эм энд Жи констракшн ХХК-ийн санхүүгийн тэмдгээр баталгаажуулсан байдаг. Энэ бүгдээс үзэхэд энэ хүн ийм эрхтэй, эсхүл Эм энд Жи констракшн ХХК-ийг төлөөлөх эрхтэй гэсэн ойлголт төрөх нөхцөл байдлыг Д.Болдын зүгээс төрүүлж байсан байдаг. Түүнчлэн гүйцэтгэгч талаас Д.Болдод ийм эрх олгогдоогүй, компанийн тамга тэмдэг хууль бусаар ашигласан гэж ямар нэг маргаан гараагүй, хавтас хэрэгт ч ийм нотлох баримт байхгүй юм. Ийнхүү төлбөрийг бүрэн төлж барагдуулсан баримтууд байхад Давж заалдах шатны шүүх магадлалдаа дээрх Эм энд Жи констракшн ХХК-ийн орлогын ордер болох нотлох баримтыг Моннис Интернэшнл ХХК-ийн орлогын баримт мэтээр дүгнэж, Б.Чулуунбаатараас Эм энд Жи констракшн ХХК-д 40.000 ам.доллар, 7.710.378 төгрөгийг орон сууцны үнэд шилжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй" гэж үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн юм. Мөн магадлалд "...нэхэмжлэгч Б.Чулуунбаатар Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, байрны 42 тоот 2 өрөө орон сууцыг эзэмшилдээ шилжүүлж авсан гэх тайлбар гаргасан" гэж дурдсан. Нэхэмжлэл болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс орон сууцыг эзэмшилдээ Б.Чулуунбаатар авсан гэж тайлбар гаргаагүй бөгөөд харин "Нисээч интернэшнл" ХХК-д өр төлбөртөө тооцож өгсөн, энэ компанийн хүн эзэмшиж байсан гэж тайлбарлаж байсан бөгөөд "Нисээч интернэшнл" ХХК-ийн албан бичиг /хэрэгт авагдсан/ ирж, нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний дагуу орон сууцыг хүлээлгэн өгөөгүй гэдгийг мэдэж, нэхэмжлэлийг гаргасан. Б.Чулуунбаатар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, үнийг төлсөн байхад гүйцэтгэгч Эм энд Жиконстракшн ХХК нь гэрээгээр хүлээсэн орон сууцыг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй юм. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1. дэх хэсэгт "Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно" гэж, мөн хуулийн 76.2. дахь хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ" гэж хуульчлан заасан. Нэхэмжлэгч Б.Чулуунбаатар нь эрхээ зөрчигдсөнийг 2015.05.20-ны өдөр мэдсэн байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Б.Чулуунбаатарын хувьд 2008 оны 8 дугаар сараас шаардлага гаргах эрх үүссэн гэж үзнэ" гэж хууль бус дүгнэлтийг хийсэн гэж үзэж байна. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1. дэх хэсэгт "захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч" гэж заасан бөгөөд энэ "Орон сууц захиалгаар бариулах гэрээ"-ний үр дүн буюу үл хөдлөх эд хөрөнгө болох орон сууцыг хэзээнээс хүлээн авах /өмчлөх/ эрх үүсэх вэ гэхээр орон сууцыг Улсын комисс хүлээн авснаар эрх үүснэ. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Б.Чулуунбаатар нь Эм энд Жи констракшн ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороолол 43 дугаар байрны 42 тоот 2 өрөө орон сууцны төлбөрт өгсөн 46.580 ам.доллар буюу 93 476 278 төгрөгийг гаргуулах, 46 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн газарт бүртгэхийг даалгах гэсэн гурван шаардлага тавьсан, хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргажээ.
Анхан шатны шүүх хариуцагчаас 93.476.278 төгрөг гаргаж Б.Чулуунбаатарт олгож, 46 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах нэхэмжлэлээ татан авсныг дурдсан байна. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, Б.Чулуунбаатарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.
Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгч шүүхэд хандахдаа “Орон сууц захиалгаар бариулах” тухай 96-0080 тоот гэрээг үндэслэсэн бөгөөд уг гэрээ нь 46.580 ам.долларын үнэтэй, 68.5 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг Эм энд Жи констракшн ХХК барьж өгөх, Б.Чулуунбаатар орон сууцны үнийг төлөх гэсэн агуулгатай, гэрээнд нэг талаас Эм энд Жи констракшн ХХК-ийг төлөөлж Д.Болд, нөгөө талаас иргэн Б.Чулуунбаатар нар гарын үсэг зурсан байна. /хх 6, 7/ Гэрээнд хариуцагч компанийг төлөөлж Д.Болд гарын үсэг зурж, Эм энд Жи констракшн ХХК-ийн тамга дарагдсан талаар зохигчид маргаагүй тул энэ үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т заасны дагуу тогтоогдсон гэж үзнэ.
Д.Болд нь нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээг байгуулах үедээ Эм энд Жи констракшн ХХК-ийг төлөөлөх эрхгүй байсныг нотлох баримт хэрэгт байхгүй тул энэ тухай хариуцагчийн тайлбар нэхэмжлэлийг үгүйсгэж чадахгүй байна. Иймд давж заалдах шатны шүүх энэ талаар үндэслэлгүй дүгнэлт хийжээ.
Харин Б.Чулуунбаатар нь 42 тоот 2 өрөө орон сууцны төлбөрийн үнэд 46.590 ам.доллар өгсөн баримт хэрэгт байхгүй, Моннис интернэшнл ХХК-иас төлсөн мөнгийг нэхэмжлэгчийн төлсөн мөнгө гэж үзэх нөхцөл байдал баримтаар нотлоогүй тул хяналтын шатны шүүхэд гаргасан Б.Чулуунбаатарын гомдлыг хангах боломжгүй байна.
Нэхэмжлэгч нь 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр орон сууцтай холбоотой нэхэмжлэл гаргасан боловч хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх бөгөөд энэ талаархи давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуульд нийцжээ.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1015 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 6 дугаар сарын 23-ны төлсөн 625.331 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ