Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2017/0643

 

 

 

 

 

 

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар0221/МА2017/0643

Улаанбаатар хот

 

 

“Н Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч “Н Т” ХХК-ийн захирал А.Б, түүний өмгөөлөгч Х.Ц, Э.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, гуравдагч этгээд “Г м г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д, өмгөөлөгч Д.Б, А.А, “П” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2017/0509 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.М, гуравдагч этгээд “П” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, “Г м г” ХХК-ийн өмгөөлөгч А.А нарын гаргасан давж заалдах гомдлоор “Н Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “Н Т” ХХК-ийн захирал А.Б 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа:

“Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 524 дүгээр шийдвэрийг хууль зөрчсөн гэж тооцон хүчингүй” болгуулахыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2017/0509 дүгээр шийдвэрээр:

“Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4, 49.6.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Н Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, /хуучнаар/ Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэх тухай” 524 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.М дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...“П” ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV-19899 дүгээр тусгай зөвшөөрлийг шилжүүлэх тухай өргөдлийг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гаргаж бүртгүүлсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4-т “Тусгай зөвшөөрлийг шилжүүлэхдээ батлагдсан маягтын дагуу үйлдэж өргөдөлд баримт бичгүүдийг жагсаалтаар гаргаж хавсаргана” гэж заасны дагуу “П” ХХК-ийн гаргасан өргөдлийг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу хянан үзэхэд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 3/2639 дүгээр албан бичгээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 101/Ш32016/03672 дугаар захирамжаар “П” ХХК болон “Г м” ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн “Геологи, хайгуулын ажлын тайлан мэдээ, мэдээллийг худалдан авах” гэрээний дагуу ашигт малтмалын хайгуулын XV-19899 дүгээр тусгай зөвшөөрлийн эзэмших эрхийн хөдөлгөөнд шилжилт хөдөлгөөн хийхийг хориглосон байсан тул шилжүүлэх шийдвэрийг гаргахгүй байсан.

Өргөдлийг хянан шийдвэрлэхгүй түдгэлзүүлж байх хугацаанд буюу 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 1/23812 дугаар албан бичиг ирүүлсэн ба дээр дурдсан тус албаны 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 3/2639 дүгээр албан бичгээр түдгэлзүүлсэн эрхийг сэргээж шийдвэрлэсэн байсан.

Иймд Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 524 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь эрэл хайгуулын талаарх анхдагч материал, тайлан зэрэг мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдаж зохих албан татвар төлсөн нь баримтаар нотлогдсон тохиолдолд түүний эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийг худалдан авагчид нь шилжүүлж болно” гэж заасныг үндэслэн Дорноговь аймгийн Мандах сумын нутаг “Улаан цохио” нэртэй талбайг “Г м г” ХХК-д шилжүүлэн бүртгэсэн.

Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2017/0509 дүгээр шийдвэрээр Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 524 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2017/0509 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Дөрөв. Гуравдагч этгээд “П” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны ба үндэстэй байна” гэж заасныг зөрчсөн, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулж үзэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн “...гуравдагч этгээд “Г м г” ХХК болон “П” ХХК-иас “Н Т” ХХК-ийн төлөөлөл байхгүй нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргаад байна. Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан бол хүлээн авахаас татгалзана...” гэж дүгнэсэн нь нэхэмжлэгч “Н Т” ХХК-ийн төлөөлөх гүйцэтгэх захирал А.Б тус шүүхэд хандан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийг гаргах үед тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд А овогтой Б /ЧН:77102473/ болох талаар дэлгэрэнгүй лавлагааг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын архиваас ирүүлжээ.

Харин Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 102/ШШ2017/00928 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Компанийн тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.5-д заасны дагуу түүний хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад компаний дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болсон ...А.Б компанийг төлөөлөх бүрэн эрх дээрх байдлаар дуусгавар болсон боловч дараагийн гүйцэтгэх удирдлага томилогдоогүй байх тул компанийн тамга, тэмдэг болон аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэг хувьцаа эзэмшигчээс нөгөөд нь олгох үндэслэлгүй байна” гэж дүгнэжээ.

Өөрөөр хэлбэл А.Б нь тус шүүхэд нэхэмжлэл гаргах үедээ “Н Т” ХХК-ийг төлөөлөх бүрэн эрхийг эдлэх болон компаний тамга, тэмдэг болон аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг ашиглах хууль ёсны субьект мөн байна гэж дүгнэсэн нь буруу юм. Учир нь 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Н Т” ХХК-ийн 65 хувийн хувьцаа эзэмшигч А.Э, Ш.Н нар нь хувьцаа эзэмшигчдийн хурлын 16/07, 16/09 дүгээр тогтоолуудыг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, А.Б гүйцэтгэх удирдлагын эрх хэмжээг дуусгавар болсныг тогтоож, А.Б компаний дүрэм, гэрчилгээ, тамга, тэмдгийг албадан гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан байдаг.

Өөрөөр хэлбэл 2016 оны 6 дугаар 2-ны өдөр А.Б гүйцэтгэх удирдлагын эрх хэмжээ дууссаныг 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2017/00928 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 1286 дугаар магадлалаар А.Б нь “Н Т” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын эрх хэмжээ нь дуусгавар болж итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй болсныг тогтоосон байхад тухайн нэхэмжлэлийг гаргах үед “Н Т” ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд А.Б гэж дүгнэсэн нь буруу байгаа учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Тав. Гуравдагч этгээд “Г м г” ХХК-ийн өмгөөлөгч А.А дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШТ32016/00518 дугаар захирамж, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШТ2016/00038 дугаар тогтоол нь маргалдаж буй талуудын маргааны үйл баримтыг эцэслэн дүгнэж шийдвэрлэсэн шийдвэр биш. Өөрөөр хэлбэл шүүх нэхэмжлэлийн шаардлагыг эцэслэн шийдвэрлэлгүйгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т “Нэхэмжлэгч түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэлийг буцаана” гэж заасныг баримталж шүүхэд дахин хандах эрхийг нээлттэй үлдээсэн байжээ.

Тодруулбал хариуцагч анхнаасаа дээрх маргааны үйл баримтад дурдсан 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн “Геологи, хайгуулын ажлын тайлан мэдээ, мэдээллийг худалдах, худалдан авах гэрээ” буюу ХҮ-019899 дугаар тусгай зөвшөөрлийн асуудлаар нэхэмжлэл гарган уг маргааныг шийдвэрлэж дуусаагүй байсан байна” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Хэргийн 57-59 дүгээр талд авагдсан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд дурдсанаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “П” ХХК, “Г м г” ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн “Геологи, хайгуулын ажлын тайлан мэдээ, мэдээллийг худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэгчээр Ашигт малтмалын газар биш харин “Н Т” ХХК-ийг төлөөлж А.Б гэгч нь оролцсон байх бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлээ дэмжиж оролцоогүй учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг шүүгчийн захирамжаар буцаан шийдвэрлэжээ. Энэ шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч “Н Т” ХХК-ийн захирал А.Б түүний өмгөөлөгч Х.Ц нар гомдол гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1.1 дэх хэсэгт зааснаар захирамжийг хэвээр үлдээж гомдлыг хангахгүй орхисон.

Мөн хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоол нь эцсийн шийдвэр болно гэж заасан байхад маргааныг шийдвэрлэж дуусаагүй гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тиймээс хариуцагч захиргааны байгууллагыг Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.10-т “Тусгай зөвшөөрөлтэй холбогдсон маргаан шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа бол шүүхийн шийдвэр гарах хүртэл тухайн тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэж дүгнэх боломжгүй юм.

Мөн шүүхийн шийдвэрт “...хариуцагч нь Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасан эрэл хайгуулын талаархи анхдагч материал, тайлан зэрэг мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдаж авсан эсэх нь бүрэн тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрлийг шилжүүлэх хуулиар тогтсон нөхцөл шаардлагыг хангаагүй байхад шилжүүлэхээр бүртгэсэн шийдвэр нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь тогтоогдож байх тул хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзсэн болно” гэж дүгнэсэн нь шүүх Ашигт малтмалын тухай хуулийн дээрх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Ашигт малтмалын газар нь эрэл хайгуулын талаархи анхдагч материал, тайлан зэрэг мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдаж авсан эсэхийг шалгах тогтоох байгууллага биш бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдаж зохих албан татвар төлсөн нь баримтаар нотлогдсон тохиолдолд түүний эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийг худалдан авагчид нь шилжүүлэх байгууллага юм.

Мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4 дэх хэсэгт зааснаар “П” ХХК буюу 49.1-49.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг шилжүүлэн өгч байгаа тал нь ийнхүү шилжүүлэх тухай өргөдлийг батлагдсан маягтын дагуу үйлдэж холбогдох баримт бичгийг хавсаргасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5 дахь хэсэгт зааснаар төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 49.4-т заасан өргөдлийг хүлээн авмагц бүртгэж дараахь зүйлийг тодруулна:

49.5.1-т “Өргөдөл нь энэ зүйлд заасан шаардлагыг хангасан эсэх”

49.5.2-т “Шилжүүлэх тусгай зөвшөөрөл нь хүчин төгөлдөр байгаа эсэх”

49.5.3-т “Тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч байгаа этгээд энэ хуулийн 7.1-д заасан шаардлагыг хангасан эсэх”

49.5.4-т “Тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь төлж байсан эсэх”

49.5.5-т “Хайгуулын ажилд энэ хуулийн 33 дугаар зүйлд заасан доод хэмжээнээс багагүй зардал гаргасан эсэхийг шалгана” гэж заасны дагуу тодруулж мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.6.1 дэх хэсэгт зааснаар хуульд харшлах шалтгаангүй бол тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэж уг тусгай зөвшөөрөлд зохих тэмдэглэгээ хийнэ гэж заасан шаардлагыг хангасан байх тул Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэх тухай” 524 дүгээр шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй байна.

2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...“Н Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ш.Н, А.Э нар 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж 16/09 дүгээр тогтоол гарган “П” ХХК-ийн 50 хувийг ямар нэгэн болзол шаардлагагүйгээр “П” ХХК-д буцаан шилжүүлэхээр шийдвэрлэжээ. Энэ хуралд тус компанийн хувьцааны 35 хувийг эзэмшигч А.Б оролцуулаагүй хуралдаанаас гарсан тогтоолуудад түүний хүсэл зориг тусгагдаагүй байна” гэжээ.

Гэтэл Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 88 дугаар зүйлийн 88.1, 88.2 дахь хэсэгт зааснаар буюу уг асуудлыг хуралд оролцож байгаа хувьцаа эзэмшигчдийн саналын олонхоор шийдвэрлэнэ гэсний дагуу “Найн Т” ХХК-ийн 65 хувийн хувьцаа эзэмшигч Ш.Н, А.Э нарын саналаар шийдвэрлэснийг хууль бус гэж үзэх боломжгүй юм.

“Г м г” ХХК нь 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Мандах сумын нутаг “Улаан цохио” нэртэй 47876.57 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтанд оролцохын тулд геологи, хайгуулын ажлын болон сонгон шалгаруулалтанд оролцож байсан туршлага байхгүй учраас “П” ХХК-тай хамтран оролцохоор болж гарах зардал хураамж болох 310 сая төгрөгийг “Г м г” ХХК хариуцаж төлөх, сонгон шалгаруулалтанд ялсан нөхцөлд “П” ХХК геологи, хайгуулын ажлын тайлан мэдээ, мэдээллийг “Г м г” ХХК-д худалдахаар тохиролцсон байна. Энэ үед “Г м г” ХХК-тай ажил хэргийн холбоотой байсан А.Б өөрөө санаачлага гаргаж “П” ХХК тусгай зөвшөөрлийг шилжүүлэхгүй мөнгө буцааж авах боломжгүй байдалд хүрч болзошгүй учраас хяналт тавих компани байгуулах нь зүйтэй гэж ятгасны улмаас “Н Т” ХХК-ийг үүсгэн байгуулж улмаар “П” ХХК-ийн энгийн хувьцааны 50 хувийг “Н Т” ХХК-д шилжүүлж “П” ХХК дүрмэндээ өөрчлөлт оруулсан нь хавтаст хэргийн 91 дэх талд авагдсан “Хувьцааг шилжүүлэх, шилжүүлэн авах гэрээ”-ний 1.1, 3.2.4 дэх хэсэгт зааснаар нотлогдож байх бөгөөд шилжүүлэн авсан хувьцаагаа 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор үл маргалдах журмаар буцаан шилжүүлэхийг “Н Т” ХХК-д үүрэг болгосны дагуу гаргасан шийдвэр учраас А.Б хүсэл зориг тусгагдах эсвэл тусгагдахгүй байх нь уг шийдвэр ба гэрээнд нөлөөлөхгүй юм.

“Г м г” ХХК нь гэрээнд заасны дагуу 310 сая төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд уг хайгуулын тусгай зөвшөөрөл авахад ямар нэгэн байдлаар зардал мөнгө гаргаагүй А.Б шунахай сэдэлтээр хувь эзэмших зорилгоор гэрээ хийж дээрх 2 компанийн үйл ажиллагаанд саад учруулж шүүхэд нэхэмжлэл гарган хүндрэл учруулж байна.

3. Шүүхийн шийдвэрт “...үүнээс үзвэл талуудын хооронд 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн “Геологи, хайгуулын ажлын тайлан мэдээ, мэдээллийг худалдах, худалдан авах гэрээ” хийгдсэнээс хойш “Н Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ш.Н, А.Э нар 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж 16/09 дүгээр тогтоол гарган “П” ХХК-ийн 50 хувийн хувьцааг ямар нэгэн болзол шаардлагагүйгээр “П” ХХК-д буцаан шилжүүлэхээр шийдвэрийг хүчин төгөлдөр бус болох нь шүүхээр нэгэнт тогтоогдсон байжээ” гэж дүгнэсэн нь хууль зөрчсөн дүгнэлт болжээ.

Учир нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 102/ШШ2017/00928 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн магадлалаар А.Б “Н Т” ХХК-ийг төлөөлөх бүрэн эрхгүй буюу гүйцэтгэх удирдлагын үүрэг дуусгавар болсныг тогтоосон болох нь 1 дүгээр хэргийн хавтаст хэргийн 228 дугаар, 2 дугаар хавтаст хэргийн 28 дугаар талд авагдсан шийдвэр, магадлалаар тогтоогдож байх бөгөөд “Н Т” ХХК-иас “П” ХХК-д 50 хувийг ямар нэгэн болзол шаардлагагүйгээр шилжүүлсэн шийдвэрийг хүчин төгөлдөр бусад тооцсон нэг ч үг өгүүлбэр байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагад ч ийм үг өгүүлбэр байхгүй юм.

Тэгээд ч А.Б уг шийдвэрийг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан байх бөгөөд эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа юм.

Монгол Улсын дээд шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 32 дугаар тогтоолын 3.2-т “Иргэд, хуулийн этгээдүүдийн хоорондох гэрээний харилцаанаас үүссэн маргааныг иргэний журмаар хянан шийдвэрлэсний үр дүнд хайгуулын болон, ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, тэдгээртэй холбоотой бүртгэлийг өөрчлөх асуудлыг ерөнхий харьяаллын шүүх тухайн иргэний хэрэгт нэг мөр шийдвэрлэнэ. Энэ асуудлыг шийдвэрлэхэд төрийн захиргааны байгууллага иргэний хэрэгт хариуцагчаар оролцохгүй” гэж заасан байхад Баянгол дүүргийн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй, Баянзүрх дүүргийн шүүхэд “Н Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй “П” ХХК, “Г м г” ХХК-иудад холбогдох “Геологи, хайгуулын ажлын тайлан мэдээ, мэдээллийг худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэл эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад шүүхээр нэгэнт тогтоогдсон гэж дүгнэж шийдвэр гаргаж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байна” гэж заасан шаардлагыг зөрчиж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн байх тул маргаан бүхий актын талаарх шийдвэрийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөлгүйгээр хүчингүй болгож, анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 10296 дугаар захирамжаар  гуравдагч этгээд “Г м г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангаж, нэхэмжлэгч “Н Т” ХХК-ийн 65 хувийн хувьцаа эзэмшигч Ш.Н, А.Э нарын тус компанийн гүйцэтгэх захирал, 35 хувийн хувьцаа эзэмшигч А.Б холбогдох “…гүйцэтгэх захирал А.Б эрх дуусгавар болсныг тогтоолгох…” шаардлага бүхий иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байх бөгөөд шүүгчийн энэхүү захирамжид хэргийн бусад оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс гомдол гаргаагүй, хүчин төгөлдөр болжээ.

Уг захирамжид “…“Н Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн ээлжит бус хурлын 16/7 дугаар тогтоолоор А.Б үүрэгт ажлаас нь чөлөөлөн У.Б тус компанийн гүйцэтгэх захирлаар томилсугай гэсэн байна. Түүнчлэн энэхүү тогтоолыг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох болон дээрх шаардлага бүхий иргэний хэрэг эцэслэн хянан шийдвэрлэгдэх хүртэл “Н Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг шийдвэрлэх боломжгүй…” гэж дүгнэсэн атлаа иргэний хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШЗ2017/3284 дүгээр захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, улмаар хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөнд тооцогдоно.

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 102/ШШ2017/00928 дугаар шийдвэрээр “…Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлах хуралдуулах үүргээ биелүүлээгүй, энэ талаар шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байх тул уг хуулийн 59.5-д заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлах хуралдуулахаас бусад компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болсон…” гэсэн үндэслэлээр хариуцагч А.Б “Н Т” ХХК-ийг төлөөлөх бүрэн эрхгүй буюу гүйцэтгэх удирдлагын үүрэг дуусгавар болсныг тогтоосныг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 1286 дугаар магадлалаар хэвээр үлдээсэн, гэвч эдгээр шүүхийн шийдвэр, магадлалыг А.Б эс зөвшөөрч Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргасан нь одоогоор эцэслэн шийдвэрлэгдээгүй байна.

Анхан шатны шүүхээс тухайн үед иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон эсэхийг нягтлалгүйгээр зөвхөн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн, мөн ийнхүү сэргээсний дараа 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 1/8184 дүгээр албан бичгээр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон эсэхийг лавлахад хариуцагчаас давж заалдах гомдол гаргасны дагуу хэргийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн талаар хариу мэдэгдсэн төдийгүй 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э давж заалдах шатны шүүхийн дээрх магадлалыг шүүхэд гаргаж өгсөн нь хэрэгт авагджээ.

Эдгээр нөхцөл байдлаас дүгнэхэд иргэний маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шалтгаан нөхцөл одоог хүртэл арилаагүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрт иргэний шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй үйл баримтуудын талаар “тогтоогдсон” мэтээр дүгнэснээс гадна А.Б нэхэмжлэл гаргах үедээ “Н Т” ХХК-ийг төлөөлөх бүрэн эрхтэй этгээд гэж үзсэн, гэтэл ийнхүү дүгнэх үндэслэл болсон хуулийн этгээдийн лавлагаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх захирамж гаргахаас өмнө 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хэрэгт авагдсан, мөн түүнийг өөрийн хөрөнгөд хууль зөрчиж халдсан захиргааны байгууллагын хууль бус шийдвэрээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд гэж дүгнэсэн зэргээс үзэхэд А.Б нэхэмжлэл гаргах эрхийн талаар ийнхүү дүгнэж болох тохиолдолд тухайн үед яагаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзүүлсэн нь ойлгомжгүй, өөрөөр хэлбэл эдгээр дүгнэлтүүд нь түдгэлзүүлсэн захирамжтайгаа зөрчилдсөн агуулгатай болжээ.

Нэхэмжлэлийг иргэн А.Б бус харин “Н Т” ХХК-иас гаргасан гэх атал нэхэмжлэлд хуулийн этгээдийн тамга дарагдаагүй, мөн иргэний хэрэг хэрхэн эцэслэн шийдвэрлэгдэхээс А.Б тус компанийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх нь шийдвэрлэгдэхээр байгаа зэргийг хэргийг анхан шатны журмаар дахин шийдвэрлэхдээ анхаарвал зохино.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2017/0509 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдүүдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн тус бүр 70200 төгрөгийг буцаан олгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                             Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                             Э.ЛХАГВАСҮРЭН