Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 476

 

      Ө.Даваабаярт холбогдох эрүүгийн

       хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Очмандах, Д.Мөнхтуул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Н.Анхбаяр,

            насанд хүрээгүй хохирогч Н.Эрхэмхишигтийн хууль ёсны төлөөлөгч Н.Нансалмаа,

            хохирогчийн өмгөөлөгч Ц.Майбаяр,

            ялтан Ө.Даваабаярын өмгөөлөгч Ж.Хандсүрэн,

  нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 5 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Нансалмаагийн гаргасан давж заалдах гомдлоор Ө.Даваабаярт холбогдох 201624000193 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхтуулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржгон овогт Өлзийпүрэвийн Даваабаяр, 1992 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 23 дугаар байрны 922 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй /РД:РФ92102510/,

Ө.Даваабаяр нь 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 15 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нисэхийн замд, иргэн Х.Нэргүйбаатарын эзэмшлийн “Hyundai Verna” загварын, 93-69 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.3-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 13 настай Н.Эрхэмхишигтийг мөргөж бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Ө.Даваабаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ө.Даваабаярыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5 сарын баривчлах ялаар шийтгэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Ө.Даваабаяр нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Ө.Даваабаяр, иргэний хариуцагч Х.Нэргүйбаатар нараас 6.700.880 төгрөгийг гаргуулан насанд хүрээгүй хохирогч Н.Эрхэмхишигт, хууль ёсны төлөөлөгч Н.Нансалмаа нарт олгож, нэхэмжлэлээс 2.381.120 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Ө.Даваабаярт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, Ө.Даваабаярын №729136 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, АЯ0356194 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Х.Нэргүйбаатарт олгохоор шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Нансалмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...ослын улмаас хүү Н.Эрхэмхишигтийн гавал тархи нь хүнд гэмтэж, Гэмтэл Согог судлалын үндэсний төвийн эрчимт эмчилгээний тасагт 12 хоног ухаангүй байж, эмчлэгдсэн. Жолооч Ө.Даваабаяр нь энэ байдалд өчүүхэн ч сэтгэл нь өвдөхгүй байгаа ба түүнээс эмчилгээний төлбөрийг гуйхаар хэрвээ гомдолгүй гэж хэлвэл 4.000.000 төгрөг өгье, үгүй гэвэл өгөхгүй гэж хэлдэг. Мөн хүнээс мөнгө зээлэхээр хүүгээ дагуулаад явж байхад бидэнтэй тааралдсан атлаа дуугүй өнгөрч байсан удаатай. Ялтны зүгээс мөрдөн байцаалтын шатанд 750.000 төгрөг, анхан шатны шүүх хуралдааны дараа даатгалаас 5.000.000 төгрөгийг хохиролд тооцон өгсөн. Бусад материаллаг хохирлыг бүрэн нөхөн төлөхгүй байгаа. Ө.Даваабаярын эдгээр үйлдлүүд нь хийсэн хэрэгтээ гэмшихгүй байгааг харуулж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн дүнгээс баримттай байхад баримтгүй гэж үзэн 2.381.120 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байх тул уг шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Майбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...ялтан Ө.Даваабаяр нь гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг бүрэн нөхөн төлөхгүй байгаа. Энэ байдлаас үзэхэд тэрээр өөрийн гэм буруугаа ойлгон ухамсарлахгүй байгаа нь харагдаж байна...” гэв.

Ялтан Ө.Даваабаярын өмгөөлөгч Ж.Хандсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...техникийн шинжээчийн дүгнэлтэд жолооч Ө.Даваабаяр нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.3, явган зорчигч Н.Эрхэмхишигт нь 3.4-т заасан заалтыг  зөрчсөн гэж гарсан. Тэдгээрийн дээрх буруутай үйлдлийг улмаас осол гарсан. Хохиролд нийт 6,4 сая төгрөг төлөгдсөн. Цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэн шийдвэрлүүлэх боломжтой. Анхан шатны шүүхээс ялтанд хуульд заасан ял шийтгэл оногдуулсан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Прокурор Н.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон. Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан хохирлын баримтуудыг үнэлж, дүгнэн хохирол төлбөрийн асуудлыг шийдвэрлэсэн. Үүнийг давж заалдах шатны шүүхээс дахин хянаж үзээд өөрчлөлт оруулж шийдвэрлэх боломжтой...” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.2 дахь хэсэгт заасан “...хуулийн бүх шаардлагад нийцүүлэн, хуульд үндэслэн гаргасан тогтоолыг хууль ёсны гэж үзнэ” гэсэн заалтад нийцэхгүй байна.

Ө.Даваабаяр нь 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 15 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нисэхийн замд, иргэн Х.Нэргүйбаатарын эзэмшлийн “Hyundai Verna” загварын, 93-69 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.3-т заасан заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 13 настай Н.Эрхэмхишигтийг мөргөж бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн иргэн … нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ.” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Харин анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага 9.082.000 төгрөгөөс 6.700.880 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 2.381.120 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч, иргэний хариуцагч нараас гаргуулсан төлбөр болон хэрэгсэхгүй болгосон хэсэг нь хохирогчид зарцуулсан эм тариа, эмчилгээ, сувилгаа, асаргаа болон өөр бусад зардлын аль нь болохыг шийтгэх тогтоолын  тодорхойлох  хэсэгт  тодорхой заагаагүй нь шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.1 дэх хэсэгт заасан “Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг буюу хэсэгчлэн хангах эсхүл хэрэгсэхгүй болгоно” гэсэн, мөн хуулийн 296 дугаар зүйлийн 296.4 дэх хэсэгт заасан “Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт иргэний нэхэмжлэл буюу гэмт хэргээс учирсан эд хөрөнгийн хохирлын талаар шүүхээс гаргасан шийдвэрийн үндэслэлийг дурдана” гэсэн  шаардлагад нийцээгүй гэж үзлээ.

Энэ нь хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гарган гэм хорын хохирлоо шийдвэрлүүлэхэд үндэслэл болж чадахааргүй байна.

 Давж заалдах шатны шүүх эдгээр зөрчлийг зөвтгөж, нөхөн гүйцэтгэх боломжгүй  тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Нансалмаагийн хохирол төлбөрийн талаар маргасан давж заалдах гомдлыг агуулгын хувьд хүлээн авч, түүний “Ял шийтгэлийн талаар хянуулах тухай” хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 5 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ө.Даваабаярт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр мөн дүүргийн шүүхэд буцаасугай.

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Нансалмаагийн гаргасан давж заалдах гомдлын “Ял шийтгэлийн талаар хянуулах тухай” хүсэлтийг хэлэлцэхгүй орхисныг дурдсугай.

3. Хэргийг шүүхэд очтол Ө.Даваабаярт авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

4. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

                          ДАРГАЛАГЧ,

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Л.ДАВААСҮРЭН

                          ШҮҮГЧИД                                                    Д.ОЧМАНДАХ

                                                                                               Д.МӨНХТУУЛ