2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 191/ШШ2025/00514

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 01 22 191/ШШ2025/00514

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: .... хаягт оршин байрлах ТМГ ХХК /РД:..../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ..... тоот хаягт байрлах ГМФСГ ХХК /РД:...../-д холбогдох

 

Гэрээний үүрэгт шилжүүлсэн 81,000,000 төгрөг, олох байсан орлого 140,438,085 төгрөг, зардал 4,280,000 төгрөг, нийт 225,718,085 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Э

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: П.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Жанбота нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д болон хариуцагчийн өмгөөлөгч Ж.Б нар нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн төлөөлөгч нарын хүсэлтээр тэдгээрийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Нэг. Манай компани нь 2019 онд байгуулагдсан бөгөөд мэдээллийн технологи, вэб сайт, хэвлэл, хэвлэлийн эх бэлтгэл, зар сурталчилгаа, кино контент бэлтгэх зэрэг үйл ажиллагааг эрхлэн явуулдаг. ГМФС ХХК-тай 2022 оны 03 сард "Д" нэртэй уран сайхны кино хийхээр тохиролцож хоёр тал 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ........ тоот "Хөрөнгө оруулалтын гэрээ"-г байгуулсан.

Энэхүү гэрээнд зааснаар 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн кино бүтээх, зураг авалтын ажил эхэлж, манай компани нь эхний санхүүжилт болох 40,000,000 төгрөгийг 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ГМФС ХХК-ийн дансанд шилжүүлсэн.

Кино бүтээх ажил хэвийн явагдаж байсан тул дараагийн санхүүжилт болох 20,000,000 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр, 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 5,000,000 төгрөгийг, 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 15,000,000 төгрөгийг, 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 1,000,000 төгрөгийг, хэдийгээр гэрээнд 80,000,000 төгрөг гэж заасан боловч тухайн үеийн шаардлагаар нийт 81,000,000 төгрөгийг ГМФС ХХК-д дансаар шилжүүлсэн.

Үүнээс гадна "Хөрөнгө оруулалтын гэрээ-д тусгагдаагүй зардал буюу маркетингийн зардал-д тооцож, 2022.11.15-ны өдрөөс 2022.11.22-ны өдрийн хооронд 14,009,830 төгрөгийг ГМФС ХХК-д шилжүүлсэн бөгөөд манай компанийн хувьд гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн.

ГМФС ХХК-ийн "Д кино бүтээх үйл ажиллагаа 2022 оны 11 сард дуусч, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр нээлтээ хийж, Өргөө 1,2,3, Дархан Өргөө-6, Эрдэнэт Өргөө- 4, Зайсан прайм, Энканто прайм, Тэнгис, Синманэкст, Соёмбо зэрэг кино театруудын дэлгэцээр гарсан боловч ГМФС ХХК нь киноны орлогын хуваарилалтаас манай компанид ногдох хувийг өгөөгүй, Гэрээний 3.1.1.3, 3.1.1.4-д заасан гэрээний үүргээ биелүүлээгүй нь энэхүү нэхэмжлэлийг гаргах үндэслэл болох ба ГМФС ХХК-д хөрөнгө оруулсан 80,000,000 төгрөгөө буцааж шаардах эрхтэй гэж үзэж байна.

Хоёр.Бидний зүгээс уг кино төсөлд хөрөнгө оруулалт хийхдээ "ашиг олно" гэж тооцсон, энэ талаар 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн ..... тоот "Хөрөнгө оруулалтын гэрээ-ний 1.1-д ...Энэхүү гэрээг байгуулсан талуудын хамтын үйл ажиллагааны зорилго нь ашгийн төлөө байна гэж тусгасан байдаг.

Гэвч өнөөдрийн байдлаар ГМФС ХХК-иас "ашиг" гэж нэг ч төгрөг өгөөгүй, тооцоо нийлэх, киногоо хүлээлгэж өгөх, IPTV-д байршуулах гэх мэт гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, энэ талаар захирал П.Б-аас нь удаа дараа шаардаж, утсаар ярих, мэйл бичих, албан мэдэгдэл өгөх зэргээр арга хэмжээ авсан боловч үр дүнд хүрэхгүй, хариу ирүүлээгүй зэрэг байдал нь эргээд манай компанид хохиролтой нөхцөл байдлыг үүсгэж байна.

2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн ..... тоот "Хөрөнгө оруулалтын гэрээ"- ний 3.3.1.1-д "... уг талын буруутай үйл ажиллагааны улмаас нөгөө талд ... учирсан хохирлыг гэм буруутай тал хариуцан арилгана" гэж, 7.3-д "Энэхүү гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй ... бол өөрт учирсан бүх хохирлоо шаардах эрхтэй" гэж, 7.4-д "Талуудын аль нэг нь үүргээ ноцтой зөрчсөн бол нөгөө тал нь өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй гэж тусгасан байх тул ГМФС ХХК нь гэрээний үүргээ зөрчсөний улмаас компанид учирсан хохирлоо үнэлүүлэхээр Да ХХК-д хандаж хохирлын үнэлгээг гаргуулсан.

Тус үнэлгээний тайланд ".... Д УСК-ны хувьд IPTV байршуулалт хийгдээгүй бөгөөд ..... тоот "Хөрөнгө оруулалтын гэрээ"-ний 3.1.1.4-т зааснаар "А" тал нь 80,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтад тухайн төслийн дижитал эрх буюу IPTV-с орох орлогын эрхийг 100% дангаар эзэмшинэ" хэмээн заасан Д УСК-ны IPTV-д байрших 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сар хүртэлх хугацааны борлуулалтын орлогын таамаглалаар нийт 140,438,085 төгрөгийн орлогын дүнтэй байхаар тооцоолол хийгдэв..." гэсэн үнэлгээ гарсан.

Тодруулбал: ГМФС ХХК нь гэрээний үүргээ биелүүлж, "Д" УСК-г IPTV-д байршуулсан бол манай компани нь дээрх хэмжээний орлогыг олох боломжтой байжээ. Тус үнэлгээг хийлгэхэд төлсөн зардал болох 4,280,000 төгрөгийг ГМФС ХХК-иас давхар нэхэмжилсэн болно.

Гэрээний улмаас учирсан гэм хорын хохиролтой холбогдох зохицуулалтыг талууд гэрээндээ тусгасан нь Монгол улсын Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д "гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй", 227.3-д "үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно" гэж, 228 дугаар зүйлийн 228.1-д "Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй... бол... гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно" гэж, 229.1-д "Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа ... олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй" гэсэнтэй нийцэх юм. Энэхүү нэхэмжлэлийг өмнө нь гаргаж байсан боловч тус шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ... дугаартай, Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай" шүүгчийн захирамжаар буцаасан тул захирамжид заасан зөрчлийг арилгаж, дахин гаргаж байгаа болно.

Өнөөдрийн байдлаар хариуцагч тал киног хүлээлгэж өгөөгүй олон нийтэд цацаагүй. Хөрөнгийн үнэлгээгээр гэрээний 3.1.1.4-т зааснаар IPTV-д байршуулсан бол дээрх хэмжээний орлогыг олох боломжтой байж ээ гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

Иймд дараах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байна. Үүнд: 2022 оны 04 сарын 07 өдрийн ..... дугаартай, "Хөрөнгө оруулалтын гэрээ"-ний 3.1.1.1-т заасныг үндэслэж, "Д" УСК-г хийхэд оруулсан хөрөнгө оруулалт 81.000.000 төгрөг, гэм хорын хохирол буюу киног IPTV-д байршуулсанаар олох байсан орлого 140,438,085 төгрөг, үнэлгээ хийлгэсэн зардал 4,280,000 төгрөг, нийт 225,718,085 төгрөгийг ГМФС ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч ГМФС ХХК-ийн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ТМГ ХХК"-тай тоот хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан "Д" хэмээх уран сайхны кинонд хөрөнгө оруулалт авсан нь үнэн болно.

Тус гэрээгээр авсан нийт санхүүжилтийн дүн нь 80,000,000 сая төгрөг болсон ба энэ тухайн киноны нийт санхүүжилтийн 40 орчим хувь нь болсон. Үлдэгдэл санхүүжилтийн 35 хувь болох 70,000,000 сая төгрөгийг КММ ХХК, 25 хувь болох 20,000,000 сая төгрөгийг продюсер Батмягмар нар гаргасан болно.

Дээрх бэлэн мөнгөний зардлаас гадна "КММ ХХК"-ийн зүгээс телевизийн зар сурталчилгаанд 25,700,000 сая төгрөгийг гаргасан болно. Тус кино нь 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр нээсэн ба нэхэмжлэлд дурдсан кино театруудаар гарган нийт 4,000,000 сая төгрөгийн орлого орж ирнэ ГМФС ХХК"-д төвлөрүүлсэн болно. Тус орлогыг киноны жүжигчдийн хөлс болон бусад төлөгдөөгүй байсан зардлуудад зарцуулсан болно.

Д кино маань Улаанбаатар кино наадамд" шилдэг зохиол, шилдэг найруулга, шилдэг залуу найруулагч шагналыг, Алтан өд зохиолчдын наадмаар шилдэг кино зохиолын шагнал авсан. Мөн олон улсын наадамд амжилттай оролцож хэд хэдэн шагнал авсан. Кино театруудад ашиг орлого тааруухан байсан шалтгааныг тодорхойлох боломжгүй бөгөөд, кино театраас киноны орлогыг ямар хэмжээтэй байхыг урьдчилан таамаглах боломжгүй байдаг. Хэдийгээр "ТМГ ХХК" тус киног хамтран бүтээхээр хамтран тохиролцож, ашиг болон эрсдэлээ хамтран хариуцахаар гэрээ байгуулсан боловч тус компанийн зүгээс эрсдэлийг 100% манай компанид үүрүүлэхээр нэхэмжлэл гаргасан манай компанийн зүгээс харамсаж байна.

Тус компанийн нэхэмжлэлийн 1-р зүйлд дурдсан. Хөрөнгө оруулалтаар өгсөн 80,000,000 сая төгрөгөө эргүүлэн авах шаардлагыг бүрэн хүлээн авч, тус төлбөрийн хугацааг тохирон эргүүлэн төлөхөд татгалзах зүйлгүй ба энэ тохиолдолд хөрөнгө оруулалтын гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бусад тооцуулах хүсэлтэй байна.

Мөн нэхэмжлэлийн 2-р зүйлд дурдсан: Ирээдүйд олох ашиг орлогыг бүхэлд нь авах хүсэлтэй байгаа тохиолдолд гэрээг хүчин төгөлдөр хэвээр байгаад тооцон хөрөнгө оруулалтын зарчмаар оруулсан 80,000,000 сая төгрөгийг эргүүлэн өгөх боломжгүй бөгөөд IPTV-д тус киног байршуулан орлогыг авах эрхийг "ТМГ ХХК"-д бүрэн шилжүүлэхэд татгалзах зүйлгүй болно. Өмнө нь тухайн киног ІPTV-д байршуулсан үл ойлголцох шалтгаанаар тухайн киноны санхүүжилттэй холбоотой 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр "КММ ХХК"-тай хөрөнгө оруулалтын тоот гэрээ байгуулан IPTV-ын нийт орлогын 50% болон телевизийн эрхийг тус "КММ ХХК"-д олгохоор харилцан тохиролцсон байсан тул "ТМГ ХХК"-ын зүгээс шаардсан IPTV-д байсан бүх орлогыг өгөх боломжгүй байсан. "ТМГ ХХК"-тай гэрээ хийх явцад бичиг хэргийн алдаа гарсан тул IPTV-гээс олох бүх орлогыг "ТМГ ХХК" авахаар тусгагдсан, тухайн алдааг залруулахаар "ТМГ ХХК"-д хандсан боловч сүүлд хавсралтаар засварлахаар амаар харилцан тохиролцсон болно.

Дээрх 2 гэрээний зөрчилтэй заалтаас хамааран IPTV-д киног байршуулах, орлого хуваарилах тодорхойгүй асуудал үүссэн. Шинээр үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор "КММ ХХК"-тай хэлцэл хийсний үр дүнд IPTV-ийн орлогыг "ТМГ ХХК"-д бүх орлогыг бүрэн олгох боломжийг бүрдүүлсэн байгаа болно. Манай компанийн зүгээс дээрх хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой харилцааг шийдвэрлэх 2 арга байна гэж үзэж байна. Үүнд: 1-р хувилбар: Нэхэмжлэлийн 1-р хэсгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, цуцлах буюу хүчин төгөлдөрт тооцуулан, анх олгосон 80,000,000 сая төгрөгийн санхүүжилтийг хугацаа тохирон төлж барагдуулна, 2-р хувилбар: Гэрээг одоо ч хүчин төгөлдөрт тооцон Д киноны орлогыг "ТМГ ХХК" өөрийн нэрээр IPTV-д байршуулж, ноогдох орлогыг бүрэн авах...Д киног IPTV-p 140,000,000 төгрөгийн орлого олохыг боломжгүй гэж үзэж байна. Үндэслэл нь Тус кино нь кино театраас 4,000,000 орчим сая төгрөгийг олсон болно... Бид киногоо нээсэн. Олны сайшаал авсан кино болсон байгаа. Кино бүтэх зардлыг 160,000,000 төгрөгөөр тооцоолж байсан боловч 200,000,000 төгрөгийн зардал гарсан. Орлогоо 50, 50 хувиар авахаар тохирох байсан боловч гэрээнд 100 хувь нэхэмжлэгч тал авахаар тохирсон байсан. Киноны үнэлгээг тогтоох боломжгүй. Гэрээгээ цуцлаад 80,000,000 төгрөгийг өгөхөд татгалзах зүйлгүйҮлдсэн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

 

3. Хэргийн оролцогчдоос болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:

3.1 Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримтын тухайд: Улсын тэмдэгтийн хураамж 1,286,540.42 төгрөг төлсөн баримт, хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийг дугаар ..... Хөрөнгө оруулалтын гэрээний хуулбар, Да ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангийн хуулбар, 2022 оны 03 дугаар сарын 03, 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Төлбөрийн даалгавар баримтууд, Э.Б-ын дансны хуулга, нэхэмжлэгч ТМГ ХХК-ийн дансны хуулга, ТМГ ХХК-иас ГМФС ХХК-нд хүргүүлсэн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн мэдэгдэл, Б.Д-ид олгосон итгэмжлэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ... дугаар захирамжийн хуулбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг баримтууд хэргийн материалд авагдсан байна.

 

3.2 Хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн баримтын тухайд: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, гүйцэтгэх захирал П.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа,

 

3.3 Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтгүй.

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

5. Нэхэмжлэгч ТМГ ХХК нь хариуцагч ГМФС ХХК-нд холбогдуулан Гэрээний үүрэгт шилжүүлсэн 81,000,000 төгрөг, олох байсан орлого 140,438,085 төгрөг, зардал 4,280,000 төгрөг, нийт 225,718,085 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

6. Хариуцагч ГМФС ХХК-ийн төлөөлөгч П.Б нь гэрээний дагуу шилжүүлж, хөрөнгө оруулалт оруулсан 80,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх шаардлагыг эс зөвшөөрсөн.

 

7. Шүүх хэрэгт авагдсан хуульд заасан шаардлага хангасан нотлох баримтууд, зохигчийн тайлбарыг харьцуулан дүгнэн үзэж, дараах дүгнэлтийг хийв. Үүнд:

 

7.1 Зохигчийн хооронд 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр "Хөрөнгө оруулалтын гэрээ" бичгээр байгуулагдсан, уг гэрээ байгуулсанд зохигч маргаангүй. Гэрээнд гэрээний А тал нэхэмжлэгч, Б тал хариуцагч байхаар тусгасан./хх-ийн 7-10-р тал/

 

7.2 Тус гэрээний Гэрээний зорилгыг заасан Нэг дүгээр заалтын 1.1-д Энэхүү гэрээг байгуулсан талуудын хамтын үйл ажиллагааны зорилго нь ашгийн төлөө байна, 1.2-т Гэрээний зорилгоА тал гэрээний 3.1.1.1-д заасан хөрөнгийг шилжүүлснээс эхлэн Б тал Д уран сайхны киног өөрсдийн зүгээс бүтээн туурвиж хамтран ажиллахтай холбоотой харилцааг зохицуулна гэж,

 

Гэрээний 3.1.1-т А тал нь дараах хэлбэрээр хөрөнгө оруулна. 3.1.1.1-д Б талын Д уран сайхны кино төсөлд зориулж нийт 80,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ, 3.1.1.2-т А тал хөрөнгө оруулалт хийхдээ 3 хуваан доорх зарчмаар хөрөнгө оруулна. Үүнд: 40,000,00020,000,00020,000,000 төгрөгийгтоот дансанд шилжүүлэн, 3.1.1.3-т А тал 80,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтад тухайн төслийн кино театрын эрхийн 50%-ийг эзэмшинэ, 3.1.1.4-т А тал нь 80,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтад тухайн төслийн дижитал эрх буюу IPTV эрхийг хязгааргүй 100 хувь эзэмшинэ,

 

Гэрээний 3.2.1-д Талууд дараах байдлаар ашиг хуваарилна: 1-д А тал нь Б талд хөрөнгө оруулсныхаа хариуд төслийн контентын оюуны өмчийн эрхийг эдэлж, гуравдагч этгээдэд худалдан борлуулах, захиран зарцуулах эрхтэй болно. 2-т А тал нь төслийн дагуу контентыг бүтээж, захиран зарцуулах эрх эдэлнэ, 3.3.1-д Талууд дараах байдлаар эрсдэлийг хуваарилна: Талуудын бие биедээ гаргаж өгсөн баталгаа, мэдэгдэл нь худал, алдаатай байсан эсхүл уг талын буруутай үйл ажиллагааны улмаас нөгөө талд болон гуравдагч этгээдэд учирсан хохирлыг гэм буруутай тал хариуцан арилгана гэж тус тус тохиролцсон.

 

7.3 Дээрх гэрээний харилцаа нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж заасан гэрээний харилцаа үүссэн бөгөөд гэрээний харилцааны талаад зохигч маргаангүй.

 

7.4 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлд хариуцагчид гэрээний үүргийн дагуу 80,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэж тайлбарласан, хариуцагч тал уг 80,000,000 төгрөгийг шилжүүлэн авсанд маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг 80,000,000 төгрөгийн хэмжээнд хүлээн зөвшөөрсөн.

 

7.5 Нэхэмжлэгч ТМГ ХХК нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

 

2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн ..... дугаартай, "Хөрөнгө оруулалтын гэрээ"-ний 3.1.1.1-т заасныг үндэслэж, "Д" УСК-г хийхэд оруулсан хөрөнгө оруулалт 80.000.000 төгрөг, нэмэлт зардалд шилжүүлсэн 1,000,000 төгрөг, киног IPTV-д байршуулах үүргээ хариуцагч биелүүлсэн тохиолдолд нэхэмжлэгчийн олох байсан орлого 140,438,085 төгрөг, шинжээчээр үнэлгээ хийлгэсэн зардал 4,280,000 төгрөг, нийт 225,718,085 төгрөг гаргуулна гэжээ.

 

7.6 Гэрээний талуудын нэрлэсэн "Хөрөнгө оруулалтын гэрээ"-ний дагуу нэхэмжлэгчийн шаардсан 80,000,000 төгрөгийг хувьд хариуцагч зөвшөөрч маргахгүй байх тул шүүх уг үйл баримтад дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв. /хх-ийн 39-44-р тал/

 

Харин 1,000,000 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд гэрээний аль заалтад үндэслэн нэхэмжилж буй нь тодорхойгүй байна. Түүнчлэн нэмэлт төлбөр 1,000,000 төгрөгийн баримт dasgaljuulagch nemelt tulbur гэх гүйлгээний утгатай шилжүүлэг, хэнд шилжүүлсэн нь тодорхойгүй, дэмжих баримтгүйг дурдах нь зүйтэй. /хх-ийн 45-46-р тал/

 

7.7 Түүнчлэн нэхэмжлэгч нь олох байсан орлого 140,438,085 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ... 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн ..... тоот "Хөрөнгө оруулалтын гэрээ"- ний 3.3.1.1-д "... уг талын буруутай үйл ажиллагааны улмаас нөгөө талд ... учирсан хохирлыг гэм буруутай тал хариуцан арилгана" гэж, 7.3-д "Энэхүү гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй ... бол өөрт учирсан бүх хохирлоо шаардах эрхтэй" гэж, 7.4-д "Талуудын аль нэг нь үүргээ ноцтой зөрчсөн бол нөгөө тал нь өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй зэрэг үндэслэлээр шаардсан.

 

Уг шаардлагын тооцооллыг Да-ийн шүүхийн бус журмаар үнэлүүлсэн үнэлгээний тайлангаар тодорхойлсон.

 

Тус үнэлгээний тайланд ".... Д УСК-ны хувьд IPTV байршуулалт хийгдээгүй бөгөөд ..... тоот "Хөрөнгө оруулалтын гэрээ"-ний 3.1.1.4-т зааснаар "А" тал нь 80,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтад тухайн төслийн дижитал эрх буюу IPTV-с орох орлогын эрхийг 100% дангаар эзэмшинэ" хэмээн заасан Д УСК-ны IPTV-д байрших 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сар хүртэлх хугацааны борлуулалтын орлогын таамаглалаар нийт 140,438,085 төгрөгийн орлогын дүнтэй байхаар тооцоолол хийгдэв..." гэж дүгнэжээ.

 

Шүүх талуудын хооронд байгуулсан гэрээний тохиролцоог шалган үзэхэд гэрээний талуудын хооронд .энэ талаар нарийвчлан тодорхойлж заасан тохиролцоо байхгүй, тухайн киног бүтээсэн зардал, орлого, ашиг зэрэг тооцоолол гаргасан баримт хэрэгт авагдаагүй, тайлан тооцоо гаргаагүй талаар хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбар гаргаж, энэ үйл баримтад нэхэмжлэгч тал маргаагүй байх тул олох байсан орлогыг Да ХХК-ийн гаргасан тайлангаар тооцоолон хариуцагчаас гаргах үндэслэлгүй байна./хх-ийн 11-38-р тал/

 

8. Иймд шүүх дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч ГМФС ХХК-иас 80,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ТМГ ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 145,718,085 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

9. Хэрэг хянан шийдвэрлэх процесс ажиллагааны талаар дараах баримт хэрэгт авагдсан бөгөөд шүүхээс зохигчийн эрхийг удаа дараа хангасан, зохигч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлага, татгалзлаа нотлох баримтыг цуглуулж, гарган өгөх үүргээ хангалттай биелүүлээгүй. /хх-ийн 78-136-р тал/:

 

9.1 Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.03.13-ны өдрийн Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамжаар:

- 2024.04.04-ний өдрийн 16:30 цагт шүүх хуралдааныг товлон зарласан. Нэхэмжлэгчийн хаягаар шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудас хүргүүлсэн нь буцаагдсан, хариуцагчийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргаж шүүх хуралдаан хойшилсон,

 

-2024.05.08-ны 15:30 цагт товлогдсон шүүх хуралдааныг хариуцагчийн өмгөөлөгч Ж.Бгийн эрүүл мэндийн шалтгаанаар хойшлуулах тухай хүсэлтийг хангаж хойшлуулсан,

 

-2024.06.12-ны өдрийн 09:00 цагт товлогдсон шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр, хариуцагч талын шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтүүдэд үндэслэн хойшлуулсан,

 

-2024.10.02-ны өдрийн 09:00 цагт товлогдсон шүүх хуралдаанд зохигч эвлэрэх, хариуцагч талын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөр өмгөөлөгч оролцуулах тухай хүсэлт гаргасанд үндэслэн хойшлуулж,

 

-2024.11.04-ний өдрийн 11:30 цагт товлогдсон шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнийн шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр,

 

- 2024.12.11-ний өдрийн 14:30 цагт товлогдсон хуралдааныг зохигч эвлэрэх уулзалт зохион байгуулах тухай хүсэлтийг хангаж 2025.01.22-ны өдрийг хүртэл хугацаагаар, тус тус шүүх хуралдааныг хойшлуулж шүүх зохигчийн хуульд заасан эрхийг хангасан болохыг дурдах нь зүйтэй.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,286,540.42 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ГМФС ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 557,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч ГМФС ХХК-иас 80,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ТМГ ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 145,718,085 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлүүдэд тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,286,540.42 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ГМФС ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 557,950 төгрөг гаргуулж ТМГ ХХК-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА