| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батхуяг |
| Хэргийн индекс | 181/2023/04752/И |
| Дугаар | 191/ШШ2025/00456 |
| Огноо | 2025-01-21 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 191/ШШ2025/00456
2025 01 21 191/ШШ2025/00456
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ....... дүүрэг, .... дүгээр хороо, .... дугаар байр, .... тоот хаягт оршин суух, С овогт Б М /РД:....../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ......... дүүрэг, ... дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-15, 15 давхарт байрлах Э М ХХК /РД:....../-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.М,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Т,
Гэрч Г.Х,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.М нь Э М ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, түүнд ногдох нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Миний бие Б.М нь Э М ХХК-д 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Хууль зүй, бодлого зохицуулалт хариуцсан хуулийн мэргэжилтэн албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан болно. 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын албанд мэргэжилтнээр ажиллаж байсан болно. Ажиллах хугацаандаа сахилгын зөрчилгүй, сахилгын шийтгэл авч байгаагүй.
Э М ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/212 тоот тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон болно.
Э М ХХК-ийн гүйцэтгэх захирлын Б/212 тоот тушаалын үндэслэх хэсэгт Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78 1 3, 83 дугаар зүйл, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.1.8, 3.4 дэх хэсгийг тус тус үндэслэжээ.
Тус тушаалын тушаах хэсгийн нэгдүгээрт Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул Хууль зүй, бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Б М байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2023 оны 07 сарын 27-ны өдрөөр дуусгавар болгон үүрэг ажлаас чөлөөлсүгэй гэжээ. дугаар
Э М ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/212 тоот тушаалаар намайг Хууль зүй, бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтнээс чөлөөлсөн байна. Миний бие 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын албанд мэргэжилтнээр ажил үүрэг гүйцэтгэж ирсэн бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт Ажил олгогч, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь ажилд орох гэж байгаа хүнтэй, түүний гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлийг харилцан тохиролцох бөгөөд ажил үүрэг гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.6 дахь хэсэгт Ажилтантай өөртэй нь тохиролцон адил чанарын өөр ажилд түр шилжүүлэхээр заасан байна. Иймд миний бие 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс өөр ажил үүрэг гүйцэтгэж байсан болно.
Э М ХХК-ийн зүгээс надтай байгуулсан туршилтын хугацаатай гэрээг харилцан тохиролцож сунгаагүй болно. Иймд 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс миний бие жинхлэгдэн ажилласан гэж үзнэ.
Миний бие 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан тул хугацаа дуусгавар болсон үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь хуульд нийцэхгүй юм.
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.10 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах, эсхүл дуусгавар болгож байгаа үндэслэлээ тайлбарлаж танилцуулах, мөн ажил олгогч нь Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгож буй талаар надад мэдэгдээгүй болно. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж байна.
Миний бие 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Э М ХХК-ийн дэргэдэх Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст өргөдөл хүргүүлж 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хуралдсан. Хуралдааны тэмдэглэлийг 2023 оны 09 дүгээр сарын 05-ний өдөр ирүүлсэн. Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдаанаар талууд харилцан тохиролцоогүй болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дахь хэсгийг үндэслэн Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаж 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хуралдсан. Хуралдааны тэмдэглэлийг 2023 оны 10 сарын 06-ны өдөр ирүүлсэн. Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдаанаар талууд харилцан тохиролцоогүй тул ажиллагааг дуусгавар болгосон байна.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна. Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах (Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын албанд мэргэжилтэн) ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү" гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: ... Нэхэмжлэгч нь Э М ХХК-тай 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Тус гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасны дагуу Э М ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/171 дугаар тушаалаар сунгаж дахин 2 сарын хугацаагаар туршилтаар ажиллуулахаар тохирсон.
Ийнхүү хөдөлмөрийн гэрээний хугацаа 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр дуусгавар болсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсанаар Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болж буй тухай надад мэдэгдээгүй гэжээ. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар туршилтын хугацааны гэрээ дуусгавар болж байгааг мэдэгдэх үүргийг ажил олгогчид хүлээлгээгүй байна.
Иймд хугацаатай хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, Э м ХХК-ийн хөдөлмөрийн гэрээ, Э м ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/108 дугаар Б М ажилд томилох тухай тушаал, Э м ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/212 дугаар Б.М ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал, Э м ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хурлын тэмдэглэл, Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуралдааны тэмдэглэл/шийдвэр зэргийг нотлох баримтаар өгсөн байна.
4. Хариуцагчаас Э м ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б.М туршилтаар ажиллах хугацааг сунгах тухай Б/171 дугаар тушаал зэргийг нотлох баримтаар өгсөн байна.
5. Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр Э М ХХК-иас Б.М 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс Э М ХХК-ийн Дотоод хяналт, эрсдлийн удирдлагын газарт мэргэжилтнээр томилсон тушаал шийдвэр, ажлын цагийн бүртгэл, цалин хөлс олгосон баримт болон Э М ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/49 тоот Хөдөлмөрийн дотоод журмыг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... Э М ХХК-тай 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулж, Хууль зүй, бодлого зохицуулалт хариуцсан хуулийн мэргэжилтэн албан тушаалд 3 сарын хугацаатай ажиллаж байсан. Э М ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/212 тоот тушаалаар намайг Хууль зүй, бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтнээс чөлөөлсөн байна. Миний бие 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын албанд мэргэжилтнээр ажил үүрэг гүйцэтгэж ирсэн. Э М ХХК-ийн зүгээс надтай байгуулсан туршилтын хугацаатай гэрээг харилцан тохиролцож сунгаагүй болно. Иймд 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс миний бие жинхлэгдэн ажилласан гэж үзнэ гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... нэхэмжлэгч нь Э М ХХК-тай 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Тус гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасны дагуу Э М ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/171 дугаар тушаалаар сунгаж, дахин 2 сарын хугацаагаар туршилтаар ажиллуулахаар тохирсон. Ийнхүү хөдөлмөрийн гэрээний хугацаа 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр дуусгавар болсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Хариуцагч Э М ХХК нь нэхэмжлэгч Б.М тус компанийн Хууль зүй, бодлого зохицуулалт хариуцсан хуулийн мэргэжилтэн ажлын байранд 3 сарын туршилтын хугацаатайгаар ажиллуулахаар харилцан тохиролцож, түүнтэй 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ХГ-2023/69 дугаартай Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.
6. Э М ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/191 дугаар тушаалаар туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацааг 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 2 сарын хугацаатай сунгаж, улмаар 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/212 дугаар тушаалаар туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр Б.М байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөр дуусгавар болгож, ажлаас чөлөөлжээ.
7. Талуудын маргааны зүйл нь ажил олгогч, ажилтны хооронд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан эсэх, ажил олгогч туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь үндэслэлтэй эсэх байна.
8. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээг хугацаатай болон хугацаагүй байгуулж болох тохиолдлыг нэрлэн заасан бөгөөд туршилтаар ажиллуулах гэрээ нь тодорхой хугацаатай байгуулагдах гэрээнд хамаарч байна.
9. Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт Ажил олгогч ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилгоор туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулж болно. гэж, мөн хуулийн 64.2 дахь хэсэгт Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа гурван сараас илүүгүй байх бөгөөд харилцан тохиролцсоноор нэг удаа гурван сараас илүүгүй хугацаагаар сунгаж болно. гэж тус тус заасан.
10. Э М ХХК нь нэхэмжлэгч Б.М тус компанийн Хууль зүй, бодлого зохицуулалт хариуцсан хуулийн мэргэжилтэн ажлын байранд 3 сарын хугацаатай Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт нийцжээ.
11. Э М ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/212 дугаар тушаалаар Б.М туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3, 83 дугаар зүйл, Хөдөлмөрийн гэрээний 2.1.8, 3.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ажлаас чөлөөлснийг буруутгах үндэслэлгүй байна.
12. Нэхэмжлэгч нь 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын албанд мэргэжилтнээр жинхлэн ажилласан тул уг ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон боловч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй.
13. Тодруулбал, талууд Хөдөлмөрийн гэрээний 3.4 дэх хэсэгт Туршилтын хугацааны эцэст ажилтантай хугацаагүй хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй бол хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болно гэж тохиролцсон, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар талуудын хооронд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэх үйл баримт тогтоогдоогүй бөгөөд нэхэмжлэгчээс ажил олгогчтой бичгээр байгуулсан хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байхгүй гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
14. Хугацаатай хөдөлмөрийн гэрээг сунгах, сунгагдсанд тооцох, хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах эсэх асуудал нь зохигчийн хүсэл зоригоос хамаарч Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэг, Хөдөлмөрийн гэрээний 3.4-д тус тус зааснаар хэрэгжихээр байгаа тул хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэрийг хууль зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
15. Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацааг 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2 сарын хугацаатай сунгасан тухай 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/191 дугаартай гүйцэтгэх захирлын тушаалыг хариуцагчаас нотлох баримтаар гаргаж өгснийг нэхэмжлэгч уг тушаалыг мэдэгдээгүй, харилцан тохиролцоогүй гэсэн үндэслэлээр үгүйсгэсэн ч энэхүү нөхцөл нь нэхэмжлэлийг хангах буюу ажил олгогчийн хүсэл зоригоос гадуур хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах хууль зүйн үндэслэл болохгүй.
16. Иймд нэхэмжлэгч Б.М Э М ХХК-д холбогдуулан гаргасан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, түүнд ногдох нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
17. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасныг баримтлан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч Б.М нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ