Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 61

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч С.Алтай

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Энхболд

Шүүгдэгч С.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1, 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алтангана овогт С.С- холбогдох эрүүгийн 1721002750171 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4 нөхөр, 2 хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг.............байдаг гэх, ял шийтгэлгүй, гавъяа шагналгүй, Алтангана овогт С.С /РД: / 

 

Шүүгдэгч С.С- нь 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын нутгаас Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтад оруулсан 6 кг Дэрвэгэр жиргэрүү ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт байрлах Хавирга хилийн боомтоор......... улсын дугаартай Nissan Bluebird маркийн тээврийн хэрэгсэлд хориглосон бараа буюу 6 кг Дэрвэгэр жиргэрүү ургамлын үндсийг нууж гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Миний мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэг үнэн зөв. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна..... гэв.

Иргэний нэхэмжлэгч Д.У мөрдөн шалган ажиллагаанд  мэдүүлэхдээ:....2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт байрлах Хавиргын боомтын гарах чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн ургамлын хорио цээрийн хяналтын улсын байцаагч С.Н нь ................... дугаартай Nissan bluebird  маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийх явцдаа тээврийн хэрэгслийн арын суудалны доор ховор ургамал болох дэрвэгэр жиргэррүү ургамлыг тээвэрлэж явж байсныг илрүүлсэн. ...Би уг хэрэгт байгууллагыг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр оролцож байна гэжээ.  

Гэрч С.Н мөрдөн шалгах ажиллагаанд  мэдүүлэхдээ:... 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр би гарах чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд орой 17 цагийн орчимд .............. дугаартай Nissan bluebird маркийн тээврийн хэрэгслийг шалгаад жолооч С- гэх хүнээс хилээр нэвтрүүлэхийг хориглосон болон хязгаарласан бараа бүтээгдэхүүн байгаа эсэхийг асуухад тийм зүйл байхгүй гэж хэлсэн. Тэгээд би тээврийн хэрэгслийнх нь хаалга болон арын тээшийг шалгад, арын суудлыг нь урагшлуулахад суудлынх нь доод талд хар өнгийн уутанд хийсэн дэрвэгэр жиргэрүү ургамлын үндэс байсан. Тэгэхээр нь хилээр нэвтүүлэхгүйгээд авч явж байсан үндсийг нь хиллэхэд 6 кг болсон.....С- гэх хүн хэлэхдээ зун би өөрөө түүгээд хатаасан үндэс гэж хэлсэн....гэжээ. /хх-ийн 26тал/

С.С- яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт.... 2017 оны 07 дугаар сарын сүүлээр Ч гэх таньдаг хүнээсээ худалдан авч байсан бөгөөд өөрийнхөө нэр дээр шилжүүлж чадаагүй байсан юм. Тухайн тээврийн хэрэгслийг Ч ах Б гэх хүнээс худалдаж аваад өөрийнхөө нэр дээр шилжүүлээгүй байсан юм билээ. Уг тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл мөн. Миний тээврийн хэрэгслийн мотор цохиод одоо Алтан-Эмээлд байгаа...гэжээ. /хх-ийн 36 тал/

Монгол Улсын Байгаль орчин, Ногоон хөгжлийн яам Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 19 тоот дүгнэлтэд:

“1.Шинжилгээнд ирүүлсэн ургамал нь бүтэц шинжийн байдлаар манай оронд тархсан Майлцтан овгийн Дэрэвгэр жиргэрүү ургамлын эрхтэн болох үндэс байна.

 2.Монгол Улсын Байгалийн ургамлын тухай 1995 оны 153 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтыг баталсан бөгөөд Засгийн газрын 165 дугаар тогтоолоор нэмэлт оруулснаар Дэрэвгэр жиргэрүү ховор ургамлын жагсаалтад орсон болно.

 3.Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс нь түүж, бэлтгэх, хадгалах, тээвэрлэх явцад жингээ 50 хувиас 85 хувь алддаг.

 4.БОАЖЯамны сайдын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А-282 дугаар тушаалаар Экологи эдийн засгийн үнэлгээг тогтоож, 1 кг Дэрэвгэр жиргэрүү үндэс нь 50.000 мянган төгрөг байдаг.

-Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 57 дугаар зүйлд “Иргэн, аж ахуй нэгж байгууллага хууль бус үйл ажиллагаагаараа байгаль орчин, түүний баялагт учруулсан шууд хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй”, 49 дүгээр зүйлийн 49.4.3-д “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи, эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцох” гэж тус тус заасан. Иймд ургамлын аймагт учруулсан хохирлыг тооцвол Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3-т заасны дагуу Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2015 оны А/282 дугаар тушаалаар батлагдсан экологи эдийн засгийн үнэлгээ Дэрэвгэр жиргэрүүгийн 1 кг тутам 50.000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 6 кг үндэс нь 300.000х 5=1500000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн шууд хохирол учруулсан байна” гэжээ. /хх-ийн 31-32 тал/ 

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04- тал/

-Зөрчлийн талаарх мэдээллийг харъяалалын дагуу шилжүүлсэн тухай прокурорын тогтоол /хх-ийн 06-р тал/

-Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлүүд, үзлэг хийсэн акт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 07-09тал/

- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 10, 19 тал/

-Бүтээгдэхүүн хураасан акт, Бодис, бараа бтүтээгдэхүүнийг түр саатуулах тэмдэглэл /хх-ийн 11-12 тал/

-Эд мөрийн баримтаар хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-18 тал/

- Гэрч С.Н  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг/хх-ийн 26-27 тал/

-Тээврийн хэрэгслийн гэрчилгээний лавлагаа / хх-ийн 43тал/

-Мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 44-45, 53тал/ 

- Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодлогдсон барааны жагсаалт /хх-ийн 48-52/

- Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралт Ховор ургамлын жагсаалт /хх-ийн 125тал/

-Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн Засаг даргын шүүгдэгч С.С талаархи тодорхойлолт /хх-ийн 37тал/

- Урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Эд мөрийн баримтаар 6 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг шинжлэн судлав.

Шүүгдэгч Алтангана овогт С.С-д нь 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын нутгаас Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтад оруулсан 6 кг Дэрвэгэр жиргэрүү ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт байрлах Хавирга хилийн боомтоор ............... улсын дугаартай Nissan Bluebird маркийн тээврийн хэрэгсэлд хориглосон бараа буюу 6 кг Дэрвэгэр жиргэрүү ургамлын үндсийг нууж гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Д.У, гэрч С.Н, шүүгдэгч С.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, зөрчлийн талаарх гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай санал, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримт хураан авах тухай тогтоол, Дорнод хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2017 оны 11 дугаар сарын 15-ны өдрийн 19 тоот дүгнэлтэд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

Шүүгдэгч С.С-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул  С.С-г Хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч С.С-г хориглосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч  С.С-д ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно. 

Шүүгдэгч С.С-д нь байгаль экологид 1500.000 / нэг сая таван зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан тул гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан хохиролд 1500.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Мөн түүнчлэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох ...........улсын дугаартай тээврийн хэрэгсэл  нь ӨМӨЗО-ны Алтан-Эмээл хотод хөдөлгүүрийн анги нь эвдэрсний улмаас улсын хилээр орж ирээгүй болох нь мөрдөгч нарын илтгэх хуудсаар тогтоогдож байх тул 1800.000/ нэг сая найман зуун мянга/ төгрөгийн үнэлгээтэй Nissan bluebird ............  тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгчээс гаргуулж хохирол нөхөн төлөхөд зарцуулах, эд мөрийн баримт болох 6 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг улсын орлого болгох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв

Хэрэгт бичгийн баримтаар хураагдсан шүүгдэгч С.С иргэний цахим үнэмлэхийн хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.  

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4,  36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Алтангана овогт С.С ховор ургамлын жагсаалтанд орсон хориглосон бараа буюу дэрэвгэр жиргэрүү ургамлыг Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.   

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр, мөн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-г нийт 5850 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5850.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-н орлогын боломжийг харгалзан торгох ялыг 3 /гурван/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3, мөн хуулийн 57 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч С.С-д гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохиролд 1500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 6 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг улсын орлого болгож, С.С-н эзэмшлийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох 1800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийн үнэлгээтэй Nissan Bluebird маркийн ................. улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 1800.000 төгрөгийг гаргуулж хохиролд нөхөн төлөхөд зарцуулсугай.

7. Хэрэгт  шүүгдэгч нь цагдан  хоригдсон хоноггүй бөгөөд шүүгдэгч С.С-н баримт бичгээр хураагдаж ирсэн иргэний цахим үнэмлэхийн лавлагааны хуулбар 1 ширхэгийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.   

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

                                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.БАТЖАРГАЛ