| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 128/2024/0732/З |
| Дугаар | 128/ШШ2025/0026 |
| Огноо | 2025-01-06 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 128/ШШ2025/0026
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “3” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “У*******” НҮТББ /РД:*******/,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б*******,
Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Д******* нарын хоорондын “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/536 дугаар тушаалын “У*******” НҮТББ-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/536 дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэл болгон “У*******” НҮТББ-ын газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
1.2. “У*******” НҮТББ-аас 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/536 дугаар тушаалын “У*******” НҮТББ-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасан.
Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Манай “У*******” НҮТББ нь Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд орших 12.7 га талбай бүхий газар ашиглах эрхийг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2016/631 тоот гэрчилгээгээр анх авсан ба Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр газар ашиглах эрхийн хугацааг 2025 оны 07 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаагаар сунгуулсан. Тус газрыг манай төрийн бус байгууллагаас ашиглаж ирсэн үеэс Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан үүргээ бүрэн биелүүлж ирсэн бөгөөд газар ашиглах эрхийг хүчингүй болгох, дуусгавар болгох аливаа зөрчлийг гаргаагүй.
Гэтэл Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээ, гэрчилгээг хураалгах тухай” 01/1003 тоот албан бичгээр “... Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/536 дугаар тушаалаар Зайсангийн аманд 12.7 га газар ашиглах эрхийг хүчингүй болгосон. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “газар ашиглах эрх дуусгавар болоход ашиглаж байсан газраа нөхөн сэргээх, засаж тохижуулан хамгаалалтын захиргаа буюу сум, дүүргийн Засаг даргад хүлээлгэн өгөх”, 40 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Газар ашиглах эрх дуусгавар болоход иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ашиглаж байсан газраа чөлөөлж энэ хуулийн 37 дугаар зүйлд заасан гэрээнд өөрөөр заагаагүй бол 90 хоногийн дотор тухайн газар нутгийн хамгаалалтын захиргаа буюу сум, дүүргийн Засаг даргад хүлээлгэн өгнө” гэж заасны дагуу “У*******” НҮТББ-ын төлөөлөл Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Тусгай хамгаалалттай газар нутагт ашиглах гэрээ, гэрчилгээг хүлээлгэн өгөхийг мэдэгдье ... хавсралтаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/536 дугаар тушаалын хуулбарыг хүргүүлэв” гэсэн мэдэгдлийг манай байгууллагад ирүүлсэн боловч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/536 дугаар тушаалыг өнөөдрийг хүртэлх хугацаанд манай байгууллагад гардуулж танилцуулаагүй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, 16 дугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:”, 16.3-т “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно”, 16.12-т “төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:”, 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах, Тайлбар: Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна:”, 25.2-т “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход оролцогч энэ хуульд заасан хүрээнд оролцож болно”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27 дугаар зүйлийн 27.5-д “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна” гэж тус тус заажээ.
Тухайн үеийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/536 дугаар тушаалыг гаргахдаа төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим, захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаанд баримталбал зохих тусгай зарчмуудыг зөрчсөнөөс гадна бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, сонсох ажиллагаа явуулах үүргээ хэрэгжүүлээгүй нь манай байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хөндөж, зөрчсөн байна. Манай төрийн бус байгууллагаас газар ашиглах эрхээ хуульд заасан үндэслэл, журмын дагуу чөлөөтэй хэрэгжүүлж, газар ашиглах үйл ажиллагаатай холбоотойгоор Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн МЗХ202******* дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулан ажиллаж байтал энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалыг гаргахаас өмнө нотолж тогтоогүйд гомдолтой байна. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/536 дугаар тушаалын “У*******” НҮТББ-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, манай төрийн бус байгууллагын газар ашиглах эрхийг сэргээж өгөхийг хүсье” гэжээ.
2.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/536 дугаартай тушаалаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн газар эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлүүдээр “У*******” НҮТББ-ын 12.7 га талбай бүхий газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Ингэхдээ төрийн захиргааны байгууллагаас Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйл “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:”, 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-т “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 4.2.8-т “хууль ёсны итгэлийг хамгаалах” тус тус заасан тусгай зарчмуудыг зөрчсөн. Учир нь өмнө “У*******” НҮТББ-ын газар ашиглах эрхийг 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр А/355 тоот тушаалаар хүчингүй болгосонтой холбогдуулан нэхэмжлэгчийн зүгээс маргаж 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 451 дугаартай шүүхийн шийдвэрээр газар ашиглах эрхийг хүчингүй болгосон А/355 тоот тушаалыг хүчингүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа.
Тухайн үеийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглах эрхийг сэргээж 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Тусгай хамгаалалттай газрын даргаас энэ талаар газар ашиглах эрхийн гэрчилгээний хавсралтад тэмдэглэсэн. Хэрэгт авагдсан баримтуудаар газар ашиглах эрхийн хугацаа дууссан мэтээр хариуцагчийн зүгээс тайлбар гаргадаг. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас хугацаа дууссан төлөвтэй байна гэсэн. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасны дагуу “У*******” НҮТББ-аас 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 5 жилийн хугацаатайгаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн Засаг даргын гарын үсэгтэйгээр гуравласан гэрээг байгуулсан. Гэвч энэ хугацаанд дурдсанчлан 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хугацаанд буюу 2 жил орчим хугацаанд газар ашиглах гуравласан гэрээний хугацаа нэхэмжлэгч буюу газар ашиглагчаас үл шалтгаалах байдлаар тасалдсан. Энэхүү үүднээс газар ашиглах эрхийн хугацааг газар ашиглах гэрчилгээнд тусгаж өгсөн гэж итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс харж байгаа, өөрөөр хэлбэл, 2025 оны 07 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаагаар буюу Захиргааны ерөнхий хуулийн 35, 36 дугаар зүйлд заасныг үндэслэж хугацааг сунгасан талаар газар ашиглах эрхийн гэрчилгээний хавсралтад тэмдэглэсэн байна. Захиргааны ерөнхий хуулийн 35, 36 дугаар зүйлд заасан хугацаа сунгах, хугацаа сэргээх гэх ойлголт хуульд өөрөөр заагаагүй бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй бол захиргааны байгууллага оролцогчийн хүсэлтээр анх тогтоосон хугацаанаас илүүгүй хугацаагаар нэг удаа хугацааг сунгаж болно гэсэн хуулийн зохицуулалт байгаа. Газар ашиглах эрхийн хугацааг 5 жилээр тогтоосон, үүнтэй холбоотой гэрээг мөн 5 жилээр тогтоосонтой адилаар гэрээний хугацаа болоод гэрчилгээний хугацааг ийнхүү сунгаж байгаа юм. Энэхүү нөхцөл байдал нь газар ашиглагчаас үл шалтгаалсан байдлаар үүссэн нөхцөл байдал байгаа.
Газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гээд байгаа. Миний дурдсанчлан захиргааны акт буюу захиргааны үйл ажиллагаанд бодит нөхцөлд тохирсон шийдвэрийн үндэслэл бүхий байх шаардлагыг тусгай зарчмаар зохицуулж өгсөн. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд “Нөхцөл байдлыг тогтоох”, 25 дугаар зүйлд “Нотлох баримт цуглуулах” энэхүү үүрэг нь захиргааны байгууллагын үүрэг. Захиргааны байгууллага шаардлагатай тохиолдолд оролцогч буюу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдээс нотлох баримт гаргуулан авдаг, бусад нотлох баримтуудыг өөрийн эрх хэмжээнд нийцүүлэн цуглуулах замаар нөхцөл байдлыг тогтоодог. Гэтэл бодит байдалд 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн МЗХ2022/22-88 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулсан. Архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулахад олон баримт бичгийн бүрдүүлбэрийг хангасны үндсэнд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас төсөл хэрэгжүүлэхтэй холбоотойгоор архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталдаг. “У*******” НҮТББ-ын 12.7 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар ашиглахыг зөвшөөрсөн, газар ашиглах эрхийн гэрчилгээг үндэслэсэн байгаа. Уг газарт тус шүүхээс газрын үзлэг хийсэн, мөн тухайн 12.7 га талбайд хамаарсан агаар сансрын зураг хавтаст хэрэгт авагдсан байгаа. Энэхүү газар нь өгт хөндөгдөөгүй буюу газар ашиглагчийн зүгээс ямар нэг газар ашиглах эрхийг чөлөөтэй хэрэгжүүлэх үйл ажиллагааг явуулаагүй гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаас харагдахгүй байна. Суурийг ухсан, хашаалсан, суурийн хундамууд байгаа. Түүнчлэн эрх бүхий байгууллагуудаас батлуулсан архитектур төлөвлөлтийн даалгавар гэж байгаа болохоос үүнээс гадна маш олон баримт бичиг бүрдэж, энэ асуудлыг хөөцөлдөж байж гардаг. Маргаан бүхий захиргааны акт 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гарсан. Харин 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс тооцоход энэ хугацаа дуусаагүй байна. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлд “Хугацааг тодорхойлох”, 33.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хугацааг хуанлийн жил, сар, гараг, хоног, ажлын өдөр, цаг, минутаар тодорхойлно”, 33.3-т “Хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараах өдөр, цагаас эхлэн тоолно” гэж тус тус заасан. Үүнээс тооцоход хүндэтгэн үзэх шалтгаангүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэгчийг шууд буруутгах үндэслэл харагдахгүй байна.
Хэрэгт авагдсан баримтаас харвал Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас “У*******” НҮТББ-д сонсох ажиллагаа явуулсан, сонсох ажиллагааны тайлбарыг ирүүлээгүй гэж тайлбарласан байна. Сонсох ажиллагаа явуулсан цаг хугацаа, “У*******” НҮТББ-ын холбогдох төлөөлөх эрх бүхий этгээдээс асуусан, н.У******* гэж ямар хүн байдаг, танайд ажилладаг уу гэж асуухад энэ хүн ямар нэг байдлаар уг компанид ажилладаггүй гэсэн, мөн н.У*******т яагаад сонсох ажиллагааны мэдэгдлийг гардуулах болов, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас сонсох ажиллагааны мэдэгдлийг ямар хэлбэрээр, яаж хүргүүлсэн нь ойлгомжгүй, тодорхойгүй. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна” гэж заасан. Оролцогчийн тайлбар, санал тавих ажиллагааг хэлбэр төдий явуулсан гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөн 2016 оноос өнөөдрийг хүртэл газар ашиглах эрхээ чөлөөтэй хэрэгжүүлэх тухай тодорхой үйлдэл, үйл ажиллагаа явуулж байсан, өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан баримтууд, архитектур төлөвлөлтийн даалгавруудаар зардал гаргасан нь тодорхой харагдана. Газар ашиглах эрхийг хүчингүй болгосноор “У*******” НҮТББ-д мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар шууд үүсэх буюу үүнд хууль ёсны эрхийг хамгаалах зарчим хэрэглэгдэнэ гэж харж байгаа.
Өмнө дурдсанчлан Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас гэрээний хугацаа дууссан төлөвтэй байна гэсэн хариуг өгсөн. Нотлох баримт цуглуулах үүргээ төрийн захиргааны байгууллага буюу тухайн үеийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд хэрхэн яаж хэрэгжүүлсэн бэ, Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн мэдээллээр гэрчилгээний төлбөрөө хуульд заасан хугацаанд төлөөгүй иргэд, аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг албан бичгийн хавсралтаар хүргүүлсэн байгаа. “У*******” НҮТББ хэзээний төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй гэдэг талаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа санал ирүүлэхдээ, хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа ч мөн анхаарч үзээгүй. Захиргааны шийдвэрийн хувийн хэрэг, хяналтын дагалдах хуудас гэж Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлд зохицуулж өгсөн. Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Захиргааны байгууллагаас захиргааны шийдвэрийн хувийн хэргийг хөтлөх бөгөөд уг хувийн хэрэгт шийдвэр гаргах үйл ажиллагааны үндэслэл, үе шат, оролцогчийн санал, холбогдох баримт, сонсох ажиллагаа, уулзалт, хуралдааны тэмдэглэл, шийдэл, хүргүүлсэн, мэдэгдсэн баримт зэргийг бүрдүүлэн, архивт хадгална” гэж заасан. Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас газрын төлбөрийн нэхэмжлэхийг “У*******” НҮТББ-д хүргүүлсэн үү, нэхэмжлэгч байгууллага газрын нэгдсэн мэдээллийн санд ямар төлөвтэй байгаа учраас төлбөр төлсөн өнөөдрийг хүртэлх хугацаанд хэдий хэмжээний төлбөр төлсөн зэрэг мэдээллийг харах боломжтой юу гэдэг нотлох баримт цуглуулах замаар маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа бүрэн тогтоох зайлшгүй шаардлагатай байжээ гэж үзэж байгаа. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдэж өгнө үү” гэв.
Гурав. Хариу тайлбар, татгалзал:
3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн амны хязгаарлалтын бүсэд “У*******” НҮТББ (РД:*******)-д 12.7 га газрыг ашиглах эрхийг олгосон. Нэхэмжлэгч нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул газар эзэмших эрхийг хуульд заасны дагуу цуцалсан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул бүхэлд хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье” гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын /хуучин нэршлээр/ 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/189 дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Зайсан амны хязгаарлалтын бүсэд “У*******” НҮТББ-д 12.7 га газар ашиглах эрхийг олгож, 2019 онд энэ тушаалаар газар ашиглах эрхийг хүчингүй болгож, 2021 онд А/33 тушаалаар шүүхийн шийдвэрийг биелүүлэн газар ашиглах эрхийг сэргээж байсан. 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/536 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг дуусгавар болгож байгаа. Тус тушаалын гол үндэслэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх заалтын 2 дахь хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.4 дэх заалтын 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн энэхүү тушаалыг гаргаж байсан. Мөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 01/840 дугаартай албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэн газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-т “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно” гэж тайлбарласан. Энэхүү зүйл заалт нь зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг тайлбарласан байгаа. Газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй гэдгийг тодотгосон байгаа, барилга байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй гэх мэт гэж байхыг ойлгож байгаа. Нэхэмжлэгч нь 2021 оноос 2024 он хүртэл 3 жилийн хугацаанд газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэдэг нь үүгээр тогтоогдож, хавтаст хэрэгт хавсрагдсан 2016 оноос хойших агаар сансрын зурагт мөн харагдаж байгаа.
Иймд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/536 дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. “У*******” НҮТББ-аас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/536 дугаар тушаалын “У*******” НҮТББ-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу мэдэгдэх, сонсгох ажиллагаа явуулаагүй, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, газар ашиглагчийн хууль ёсны итгэл хамгаалагдах зарчмыг хэрэгжүүлээгүй” гэх агуулгаар тайлбарлан маргасан.
2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд хангаж шийдвэрлэв. Үүнд:
3. Маргааны үйл баримтын тухайд:
3.1. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/189 тоот тушаалаар “У*******” НҮТББ-д Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд байрлах, 12.7 га газрыг 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар олгожээ.
3.2. Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон “У*******” НҮТББ нар 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 2016/152 дугаартай Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээг 5 жилийн хугацаатайгаар байгуулсан байна.
3.3. Мөн сайдаас 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалаар “У*******” НҮТББ-ын газар ашиглах эрхийг хүчингүй болгосныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2020/0451 дүгээр шийдвэрээр хүчингүй болгосон.
3.4. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/33 дугаар “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” тушаалаар “У*******” НҮТББ-ын газар ашиглах эрхийг сэргээж, газар ашиглах эрхийг 2025 оны 07 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл сунгасан.
3.5. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/536 дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэл болгон “У*******” НҮТББ-ын газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3.6. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 01/840 тоот албан бичигт “... 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01/764 дугаартай албан бичгээр Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн. Сонсох ажиллагааны мэдэгдлийг 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээж авсан боловч заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй байна ... Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дах заалтуудыг зөрчсөн нь тогтоогдож байх тул газар ашиглах эрхийг хүчингүй болгох саналыг уламжилж байна” гэсэн байна.
3.7. Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 10-17/996 дугаар албан бичигт “... “У*******” нь газрын кадастрын нэгсэн системд гэрээний хугацаа дууссан төлөвтэй байна” гэжээ.
4. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.1.3, 40.1.4, 40.1.5, 40.1.6, 40.1.7-д заасан үндэслэлээр тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг хүчингүй болгох”-оор, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор тус тус заажээ.
5. Монгол Улсын Дээд шүүхийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” тухай 2008 оны 15 дугаар тогтоолын 1.10-т ““... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно, “… зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан.
6. Хуулийн дээрх зохицуулалт нь нэгэнт өмнө олгогдсон газар ашиглах эрхийг хүчингүй болгох нөхцөлийг тусгайлан заасан зохицуулалт бөгөөд хариуцагч захиргааны байгууллага нь хуульд заасан дээрх нөхцөл бүрдсэн үед хуулийн этгээдийн газар ашиглах эрхэд халдах нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан захиргааны акт “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмын хэрэгжилтийг хангах үндсэн нөхцөл болно.
7. Гэтэл энэхүү тохиолдолд нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг хүчингүй болгох нөхцөл бүрдээгүй байсан гэж үзэхээр байна. Тодруулбал,
8. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг төрийн захиргааны төв байгууллага хамгаалалтын захиргаатай хамтран байгуулснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай гэрчилгээг олгож, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах гэрээ байгуулах үүргийг захиргааны байгууллага хэрэгжүүлэхээр хуульчилжээ.
9. Хариуцагчаас захиргааны байгууллагаас шүүхийн 128/ШШ2020/0451 дугаартай шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг сэргээсэн гэх боловч энэхүү эрх бодит байдал дээр сэргээгүй болох нь Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 10-17/996 тоот албан бичигт “... газар ашиглагч “У*******” НҮТББ нь газрын кадастрын нэгдсэн системд гэрээний хугацаа дуусгавар болсон төлөвтэй байна” гэснээр тогтоогдож байна.
10. Энэ тохиолдолд Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон “У*******” НҮТББ нарын хооронд байгуулагдсан “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ”-ний хугацаа нь 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр дуусгавар болсон, хариуцагч захиргааны байгууллагаас 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/33 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг сэргээж шийдвэрлэхдээ улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ байгуулаагүй, өмнө байгуулсан гэрээний хугацааг сунгаагүй байх тул хариуцагч нь газар ашиглагчаас гэрээний үүргийн хэрэгжилтийг шаардах үнэдслэлгүй.
11. Өөрөөр хэлбэл, захиргаа өрөө гэрээ байгуулах үүргээ хэрэгжүүлээгүй, газрын төлбөрийг тодорхой болгож тогтоогоогүй, газар ашиглах нөхцөлийг гэрээгээр тохиролцоогүй байгаа тохиолдолд нэхэмжлэгчийг маргаан бүхий газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх боломжгүй, мөн татварын бүртгэлийн системд газар ашиглах гэрээний хугацаа дууссан төлөвтэй, төлбөрийн нэхэмжлэх үүсэхгүй байгаа тохиолдолд нэхэмжлэгчийг газрын төлбөрийг хугацаандаа төлөөгүй гэж буруутгах боломжгүй.
12. Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа газар ашиглуулах гэрээ байгуулагдаагүйгээс газар ашиглагчийн газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэх хугацаа тодорхой бус байгааг анхаараагүй, мөн өмнө байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болсон, гэрээ сунгагдаагүй, шинэчлэн байгуулагдаагүйгээс системд газрын төлбөр үүсээгүй байхад энэ үүргээ хэрэгжүүлээгүйд нэхэмжлэгчийг буруутгасан нь захиргааны үйл ажиллагаанд баримталбал зохих болон тусгай зарчимд нийцэхгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 103.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-т заасныг тус тус баримтлан “У*******” НҮТББ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/536 дугаар тушаалын “У*******” НҮТББ-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ