| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 183/2023/01577/И |
| Дугаар | 192/ШШ2025/00382 |
| Огноо | 2025-01-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 192/ШШ2025/00382
2025 01 21 192/ШШ2025/00382
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн **-р хороо Сонсголон хайрхан ** гудамж ** тоотод оршин суух Ч овогтой Д /РД:ДС*******/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн **-р хороо Хурд хороолол ** тоотод оршин суух Д овогтой А /РД:ДС*******/,
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Е сум, **-р баг, ** гудамж, ** тоотод оршин суух Б овогт Л-ийн Б /РД:ИА*********/ нарт холбогдох,
19,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э,
Хариуцагч Л.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 2020-10 дугаар сараас А нь мөнгө зээлээч гэж гуйдаг байсан. 2022-10-30 ны өдөр хэлсэн 5********5 тоот данс руу мөнгө шилжүүлсэн.Ер нь бол хоёр хариуцагч хоёулаа л нэхэмжлэгч рүү залгасан ба 3 сарын дараа самар аваад байсан хэрнээ мөнгөө өгөхгүй байсан тул А-ээс нэхэхээр Б мэднэ гэдэг тэгээд цагдаад өгөхөд хүртэл бие биерүүгээ чихдэг. Шүүх дээр ч мөн адил байгаа тул энэ 14,000,000 төгрөг, өмгөөлөгч хөлсөлсний 5,000,000 төгрөг нийт 19,000,000 төгрөгийг тэнцүү хуваагаад үр ашгийг хүртсэн гэдэг агуулгаар нь 2 уулангаас нэхэж байна гэв.
2. Хариуцагч Д.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд хянагдаж буй Ч.Д-ийн нэхэмжлэлтэй Д.А надад холбогдох 19 сая төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болно. Учир нь нэхэмжлэгч Ч.Д нь ***** СБА зил 131 улсын дугаартай автомашиныг худалдаж авах зорилгоор Б.М гэх хүнд 14 сая төгрөг шилжүүлсэн болно. Тус тээврийн хэрэгсэл одоо Л.Б гэх хүнд байгаа бөгөөд анхнаасаа Л.Б-д байсан. Түүнээс миний бие Ч.Д-өөс бэлнээр болон дансаар мөнгө огт аваагүй тул төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч Ч.Д нь 14 сая төгрөгөө олж авах нь зүйн хэрэг бөгөөд харуицагч нь Л.Б байхад намайг хариуцагчаар татаж мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй болно гэв.
3. Хариуцагч Л.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Л.Б миний бие 2010 онд самрын ченж гэх Д.А нь надтай хамтарч ажиллаад самар зөөгөөд өгөөч гээд ирсэн Зил 131 машин авч өгий надад ажиллаад хавар буухад машинаа аваад үлд гэсэн машин аваад сар гаран ажилаад ууланд мотор цохисон мотор тавиад ирэхэд сүүлийн ачаагаа ачаад буцсан байсан тэгээд моторын мөнгө явуулна байжий гэсэн тэгээд өгөөгүй. Тэр хавар нь Д байна мөнгөө авий гэж залгасан тэгэхэд нь би мөнгөө аваагүй машина ирж ав гэсэн. Би энэ мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А 31 ээ бариулаад 3,4 ачаа гарсны дараа намайг самрын бригад аваад яв гээд би явсан, тэгээд иртэл хот руугаа явчихсан байсан, асуухаар машинаараа мөнгө олоод машины төлбөрийг төлчхөөрэй гэхээр нь би чадахгүй ирж ав гэсэн ч ирээгүй, анх бол намайг жолоодоод самар авчирч цуглуулахад туслуулна, хөлсөө машин надад өгнө гэж ярьж байсан , би мөнгө зээлээгүй нэхэмжлэгчийг огт танихгүй гэжээ.
4. Нэхэмжлэгч талаас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл,депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2022.11.10-ны өдрийн 1**5 дугаартай тогтоол, бэлэн мөнгөний орлогын баримт зэрэг баримтыг шүүхэд ирүүлжээ.
5. Хариуцагч Д.А-ээс итгэмжлэл, хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн.
6. Хариуцагч Л.Б-аас иргэний үнэмлэхний хуулбар, хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн.
7. Шүүхээс хариуцагч Д.А-ийн хүсэлтээр Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас хохирогч Ч.Д, гэрч Л.Б, Г.М, Д.А нарын мэдүүлгийг нотлох баримтаар гаргуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагаас Д.А-д холбогдох хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... Анх 2020 оны 10 дугаар сараас А нь 14,000,000 төгрөг зээлүүлээч гэж гуйдаг байсныг 2020 оны 10 дугаар сарын 31 ний өдөр түүний нэрлэн заасан Хаан банкны 5******5 тоот дугаарын дансанд шилжүүлсэн. Ер нь бол Л.Б тэр 2 нийлээд автомашин авахаар болсон гээд 2 уулаа л утсаар ярьсан. Ингээд 3 сарын хугацаа хугацаа өнгөрч, тэр 2 самраа аваад зараад байгаа хэрнэ мөнгөө өгөхгүй байсан ба А-ээс нэхэхээр Б өгнө гэдэг бол нөгөөх нь би мэдэхгүй гээд байдаг, цагдаад өгч шалгуулахад яг л ингэж бие бие рүүгээ хийдэг. Шүүхэд бас ингээд байгаа учраас адилхан үр ашгийг хүртсэн гэдэг агуулгаараа хоёулангаас нь нийт 19,000,000 төгрөгөө нэхэж байна. Зээлүүлсэн 14,000,000 дээрээ өмгөөлөгчийн хөлс 5,000,000 төгрөг нэмээд тэнцүү хуваачихсан, дотор нь яг зээлээ тэнцүү хуваарилан нэхсэн зүйлгүй, нэмээд л хуваачихсан гэв.
3. Шүүх хуралдаанд хариуцагч Л.Б биечлэн оролцдог ба тэрээр ...А манай суманд ирээд манай хашааг түрээслээд самар цуглуулахаар болж, надад машин хариуцуулаад самраа зөөлгөхөөр болж М-аас машин худалдаж авсан ба би очиж бол чанарыг нь шалгасан. Түүнээс надад түүнтэй хамт машин аваад хамтраад ашиг олсон зүйл байхгүй, харин ч ярианаас нь Д-ээ хамтарсан гэж ойлгосон. Тэр машинаа хашаанд орхиод явсан гэрчилгээ хэн дээр гэдгийг мэдэхгүй, ирж ав гэхээр авдаггүй би мөнгө зээлээгүй .. гэж татгалздаг.
Харин хамтран хариуцагч Д.А нь 2023-06-05 ний өдөр бичгээр тайлбар гаргахдаа ...Ч.Д нь машин худалдан авах зорилгоор Г.М руу шилжүүлсэн, одоо тэр машин нь Л.Б-д байдаг. Нэхэмжлэгчээс бэлнээр болон дансаар мөнгө аваагүй тул зөвшөөрөхгүй гэж татгалздаг.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Ч.Д нь Г.М-гын эзэмшлийн ХААН банкны 5*******25 дугаартай данс руу 14,000,000 төгрөгийг zil 131 гэсэн утгатайгаар шилжүүлсэн болох нь хэрэгт буй дансны хуулга, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.М-ын мэдүүлгээр тус тус тогтоогдоно.
Мөнгө шилжүүлсэн асуудлыг нэхэмжлэгч Ч.Д нь цагдаагийн байгууллагад гомдол өгч шалгуулсан байх ба 2022 оны 11 сарын 10 ний өдрийн 1**5 дугаартай Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг ...Д.А нь 2020-10-30 ний өдөр самар тээвэрлэхэд ашиглахаар зил 131 маркийн тээврийн хэрэгсэл худалдан авах зорилгоор өөрийн танил Ч.Д-өөс 14,000,000 төгрөгийг зээлж авсан байх бөгөөд тухайн өдрөө Г.М-ын данс руу шилжүүлсэн ....үйл баримт тогтоогдож байна. ...Харин иргэн Ч.Д нь бусдад зээлүүлсэн мөнгөө буцаан авах асуудлаа иргэний шүүхэд хандан шийдвэрлүүлэх эрхтэйг дурдаад, гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хаажээ.
Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан гэрч, хохирогчийн мэдүүлгүүд хариуцагчийн хүсэлтээр цугларсан байх ба 2022-10 дугаар сард гэрчээр Д.А мэдүүлэг өгөхдөө .....өөрийн танил Б гэх залуутай ярилцаад машинаар надад самрыг зөөж өгч байсан...2020 оны 12 дугаар сард тус газраас буухаар болж ковидын хөл хорио болоод би Улаанбаатарт ирсэн...харин Б тээврийн хэрэгслээр модонд явж та нарын мөнгийг өгнө гэж хэлээд авч үлдсэн .. гэжээ.
2022-05-20 ний өдөр гэрчээр Л.Б нь мэдүүлэг өгөхдөө ..Ч.Д гэх хүнийг танихгүй, А-тэй хамтарч самар авахаар зил 131 машин худалдан авч байсан, энэ машиныг худалдаж авах мөнгийг А гаргаж байсан юм... гэж мэдүүлсэн. 2022-11-05 ний өдөр Г.М гэрчээр мэдүүлэхдээ ..Л.Б гэх хүн надаас тээврийн хэрэгсэл худалдан авч байгаагүй. Самрын ченж А гэх хүн надаас худалдан авч байсан гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023-12-13 ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, хариуцагч тус бүрээс 9,500,000 төгрөг гаргуулахаар шаардсан, шүүх хуралдаанд энэхүү 9,500,000 төгрөгийг зээл, өмгөөлөгчийн хөлс гэдгээр тэнцүү хуваарилаагүй, нэмээд л 2 тэнцүү хуваачихсан гэж тайлбарлана.
5. Талууд 14,000,000 төгрөгийг Г.М-ын данс руу шилжүүлсэн болон автомашиныг худалдан авсан, тухайн автомашин одоо Л.Б-ийн эзэмшилд хадгалагдаж байгаа эсэхэд маргаангүй, нэхэмжлэгч уг мөнгийг хариуцагч нар хамтдаа зээлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарладаг бол хариуцагч Д.А нь Д-ийн даалгавраар тээврийн хэрэгсэл худалдан авсан гэдэг бол Л.Б нь ...би автомашиныг худалдан аваагүй, тэрийг Д.А авсан, мөнгийг гаргасан, тэр машинаа ав гэж хэлсэн ч авдаггүй .. гэж татгалздаг.
Шүүх хэрэгт цугларсан баримтуудыг дүгнээд хариуцагч Д.А-д холбогдуулан гаргасан 9,500,000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт гаргуулахаар шийдвэрлэв.
Учир нь анх цагдаагийн байгууллагад Д.А нь ..өөрийн танил Б гэх залуутай ярилцаад машиныг түүгээр бариулж байгаад ковидын үед орхиод ирсэн гэж мэдүүлж байснаа шүүхэд Д.А өөрөөр нь машин авхуулсан мэт тайлбар гаргадаг. Нэхэмжлэгч нь Д.А-ээр дамжуулан ******СБА улсын дугаартай Зил131 маркийн автомашиныг худалдан авхуулсан гэх үйл баримтыг нотлох баримт хэрэгт байхгүй, автомашиныг худалдсан этгээд тухайн автомашиныг Д.А-д худалдсан гэж цагдаагийн байгууллагад мэдүүлж байжээ. Иймд Д.А, Ч.Д нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж шүүх дүгнэж, зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэлийн хүрээ, хязгаарын дотор 9,500,000 төгрөгийг гаргуулах нь зүйд нийцнэ. Тодруулбал талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн ба зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж зааснаар Ч.Д нь Г.М-ын дансанд мөнгийг шилжүүлсэн, Г.М нь Д.А-тэй худалдах, худалдан авах хэлцэл байгуулсан байна.
Харин өмгөөлөгч хөлсөлсөн 5,000,000 төгрөгт холбогдох 2021-11-30 наар огноолсон бэлэн мөнгөний орлогын баримт хэрэгт байх боловч тухайн баримтын огноог хоёр өөр өнгийн бэхээр бичсэн, холбогдох хууль зүйн туслалцааны гэрээ байхгүй, түүнтэй өмгөөлөгч гэрчээр мэдүүлэг өгөхөд байлцаагүй зэрэг нөхцөл байдлын улмаас энэ шаардлага нотлогдохгүй байх тул зээлийн төлбөрт шилжүүлсэн 14,000,000 төгрөгөөс 9,500,000 төгрөгийг гаргуулав. Өөрөөр хэлбэл өмгөөллийн үйлчилгээний зардлыг огт хангах боломжгүй.
Улмаар хариуцагч Л.Б-д холбогдох 9,500,000 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох ба түүний хувьд нэхэмжлэгч Ч.Д-өөс мөнгө зээлсэн гэдэг нь тогтоогдохгүй байна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.А-ээс 166,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 т зааснаар хариуцагч Д.А-ээс 9,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Д-д олгож, хариуцагч Л.Б-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.А-ээс 166,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ