| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 183/2024/04872/И |
| Дугаар | 192/ШШ2025/01097 |
| Огноо | 2025-02-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 192/ШШ2025/01097
2025 02 10 192/ШШ2025/01097
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, Нүхт ** дүгээр гудамж, ** тоотод оршин суух, О овогт Ч-ын Г /РД:УШ******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, Нүхтийн задгай, *** дүгээр байранд байрлах, Э ХХК /РД:*******/,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, Нүхтийн задгай, *** дүгээр байранд байрлах, Х ХХК /РД:****/ нарт холбогдох
Алдангид 21,627,540 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2024-07-23 ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ч.Г,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.Г нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие нь 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Э ХХК, Х ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нүхтийн аманд баригдаж буй Г хотхонд АЗ блок, ** давхарт, ** тоотын 49,65 м.кв бүхий 2 өрөө орон сууц захиалсан юм. Захиалгын гэрээний 5.4-т зааснаар гүйцэтгэгч нь орон сууцыг хүлээлгэн өгөх хугаацааг хэтрүүлсэн нөхцөлд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн 0,2 хувийн алдангийг захиалагчийн үлдэгдэл төлбөрөөс хасч тооцохоор заасан. Энэхүү захиалсан орон сууцыг 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авсан тул гэрээнд заасны дагуу алдангийг үлдэгдэл төлбөрөөс хасч тооцуулахаар Э ХХК-нд хандсан боловч боломжгүй гэсэн хариу амаар хэлсэн болно. Иймээс захиалгын гэрээний 3.2.1-т заасан ...2023 оны 6 дугаар сарын 30-нд багтаан ашиглалтад оруулахаар улсын комисст хүлээлгэн өгнө гэх заалтыг зөрчсөн тул орон сууцыг ашиглалтад оруулсан хугацаа буюу 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 220 хоног болсон ба урьдчилгаа төлбөрт төлсөн 49 153 500 төгрөгийн 0,2 хувь нь хоногт 98 307 төгрөг, нийт 21 627 540 төгрөг /хоногийн 98 307*220/-ийг нэхэмжилж байх тул хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ч.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022-08-16 нд гэрээ байгуулсан бөгөөд түлхүүрийг гэрээгээр бол 2023-06 сард хүлээлгэн өгөх учиртай байсан ч 2024-02-06 ний өдөр улсын комисс хүлээж авсан. 2023 оны 6 сараас 2024-02-06 хүртэлх 220 хоногийн алдангийг нэхэмжилнэ , өнөөдөр хариуцагчийн тайлбараас үзэх юм бол Х гэдэг нь хөрөнгө зуучлалын компани юм байна тэгэхээр энэ хариуцагчаас татгалзаад мөнгөө э-ээс нэхнэ, эвлэрэхгүй гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээн дээр 91 дэх хоногоос алданги тооцох гэсэн нь хууль бус заалт бөгөөд иргэний хуульд заасан агуулгаар ашиглалтад оруулна гэснээс тооцох нь зөв, байрны түлхүүрийг 2024-02-06 нд гардаж аваад ипотекийн зээлдээ хамрагдсан, одоо бол өр төлбөргүй байхад мэдэхгүй гээд зогсож байгааг ойлгохгүй байна гэв.
2. Хариуцагч Э ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Талуудын хооронд 2022 оны 08-р сарын 16-ны өдөр №ГГ22/25-18 тоот Захиалгын гэрээ байгуулагдан Хан-Уул дүүрэг, **-р хороо, Нүхтийн ам, Г төслийн АЗ блок, ** тоот 5-р давхар, 49.65 м.кв орон сууцыг 1м2-н үнэ 3,300,000 төгрөг нийт 163,845,000 төгрөгөөр тохиролцон гэрээ байгуулсан. Гэрээний 2.2-т урьдчилгаа төлбөрт 49,153,000 төгрөгийг урьдчилгаа төлбөр болгон гэрээний хавсралт №1-т заасан хугацаанд төлөх, үлдэгдэл төлбөр болох 114,691,500 төгрөгийг банкны зээлд хамрагдан төлөхөөр талууд тохиролцсон. Нэхэмжлэгч Ч овогтой Г-ийн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Э ХХК-с Захиалгын гэрээний хугацаа хэтэрсний алданги 21,627,540 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд байгуулагдсан №ГГ22/25-18 тоот Захиалгын гэрээний 5.5-д Гүйцэтгэгч урьдчилан мэдэх боломжгүй, хүндэтгэн үзэх дараах шалтгааны улмаас сууцыг ашиглалтанд оруулах хугацааг хойшлуулж болно. Үүнд: 5.5.2. Хилийн чанадаас нийлүүлж буй бараа материалын нийлэлтээс үүдэн саатсан хугацаа гэж заасан бөгөөд АЗ блокийн лифт буюу цахилгаан шатыг Б ХХК-тай 2022 оны 07-р сарын 04-ны өдөр №АГГ22/22-80 Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ВR-СК016А загварын лифт худалдан авахаар гэрээлсэн. Тус гэрээгээр гүйцэтгэгч тал нь 2022 оны 10-р сарны 30-ны дотор лифт нийлүүлэхээр тохиролцсон боловч гүйцэтгэгч Б ХХК нь гэрээгээр тохирсон хугацаанд цахилгаан шатыг хүлээлгэн өгөлгүй удааснаас үүдэн АЗ блокийг Улсын комисст хүлээлгэн өгөх хугацаа хоцорсон болно. Энэ тухай 2023 оны 11-р сарын 27-ны өдөр Э ХХК-с Б ХХК-д Мэдэгдэл хүргүүлж байсан тухай хэрэгт нотлох баримтаар №23/387 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг хавсаргасан. Б ХХК нь тухайн лифтийг БНХАУ-н Шанхай хотын үйлдвэрээс нийлүүлдэг бөгөөд БНХАУ -с Монгол улсад хүргэх явцад БНХАУ-н үйлдвэрлэгч компани хугацаа хожимдуулсан, БНХАУ-н гаалийн байгууллагын ачаалал зэргээс үүдэн нийлүүлэх хугацаа хожимдсон талаар мэдэгдсэн болно. Мөн АЗ блокийн дотор заслын голлох барилгын материалууд болох профиль төмөр, РVС тавцан, айлуудын гадна хаалга, гипсэн хавтан зэргийг БНХАУ-с захиалан авсан бөгөөд манай компаниас хамааралгүйгээр нийлүүлэгч компани нь нийлүүлэх хугацаа хожимдуулсан, хил гаалийн ачаалал зэргээс үүдэн хугацааны алдагдал хүлээсэн болно. Иймд талуудын хооронд байгуулсан 5.5.2-д заасны дагуу Хилийн чанадаас нийлүүлж буй бараа материалын нийлүүлэлтээс үүдэн саатсан хугацааг Гүйцэтгэгч урьдчилан мэдэх боломжгүй, хүндэтгэн үзэх дараах шалтгааны улмаас сууцыг ашиглалтанд оруулах хугацааг хойшлуулж болно гэж заасан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : Бүхэлд нь зөвшөөрөхгүй. 502 тоот дээр гэрээ бол байгуулсан, 163,845,000 төгрөгийн үнэ бүхий байрны 30 хувь болох 49,153,500 төгрөг төлсөнтэй маргахгүй, үлдэгдэл 114,691,500 г ипотекийн зээлд хамрагдаж төлөх байсан ба төлсөн эсэхийг мэдэхгүй, би хавтаст хэргийн хүрээнд л тайлбараа бэлдэж ирсэн. Гэрээний 5 дугаар зүйлд байгаа 2 үндэслэлээр алданги төлөхөөс татгалзана. Манайх цахилгаан шат угсрахаар Б ХХК тай гэрээ байгуулсан ба тэднийх хугацаандаа угсарч суурилуулаагүй, мөн 5.5.1 дээр байгаа улсын комисс авах ажиллагаа удааширсан энэ талаарх баримтаа авчраагүй ч авчирч болно. Тэр гэрээний алдангитай заалтыг биш гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэчихвүү тэгвэл яагаад гэрээний үүрэг шаардаад байгаа юм гэв.
3. Нэхэмжлэгч талаас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ч.Г-ийн Э ХХК-д 2024.01.31-ний өдөр гаргасан өргөдөл, 2022.08.16-ны өдрийн №ГГ22/25-18 дугаартай захиалгын гэрээ, иргэний үнэмлэхний хуулбар, дансны хуулга зэрэг баримтыг шүүхэд ирүүлжээ.
4. Хариуцагч Э ХХК-иас Ц.Т, Н.А нарт олгосон итгэмжлэл, хариу тайлбар, гэрээ байгуулах зөвшөөрлийн хуудас, 2022.07.04-ний өдрийн АГГ22/22-80 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ, Б ХХК-ийн 2022.05.18-ны өдрийн №20220518-1, №20220518-2, албан бичгүүд, Э ХХК-ийн 2023.11.27-ны өдрийн 23/387 дугаартай албан бичиг зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
5. Хариуцагч Х ХХК-иас шүүхэд төлөөлөх итгэмжлэл шүүхэд ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. Нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад хамтран хариуцагч болох Х ХХК-аас татгалзсан болно.
2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Э ХХК, Х ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нүхтийн аманд баригдаж буй Г хотхонд АЗ блок, ** давхарт, ** тоотын 49,65 м.кв бүхий 2 өрөө орон сууц захиалсан юм. Захиалгын гэрээний 5.4-т зааснаар гүйцэтгэгч нь орон сууцыг хүлээлгэн өгөх хугаацааг хэтрүүлсэн нөхцөлд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн 0,2 хувийн алдангийг захиалагчийн үлдэгдэл төлбөрөөс хасч тооцохоор заасан. Энэхүү захиалсан орон сууцыг 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авсан тул 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 220 хоног болсон ба урьдчилгаа төлбөрт төлсөн 49 153 500 төгрөгийн 0,2 хувь нь хоногт 98 307 төгрөг, нийт 21 627 540 төгрөг /хоногийн 98 307*220/-ийг Э ХХК -аас нэхэмжилж байна гэв.
3. Хариуцагч Э ХХК-иас нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Талуудын хооронд байгуулагдсан №ГГ22/25-18 тоот Захиалгын гэрээний 5.5-д Гүйцэтгэгч урьдчилан мэдэх боломжгүй, хүндэтгэн үзэх дараах шалтгааны улмаас сууцыг ашиглалтанд оруулах хугацааг хойшлуулж болно. Б ХХК нь тухайн лифтийг БНХАУ-н Шанхай хотын үйлдвэрээс нийлүүлдэг бөгөөд БНХАУ -с Монгол улсад хүргэх явцад БНХАУ-н үйлдвэрлэгч компани хугацаа хожимдуулсан, БНХАУ-н гаалийн байгууллагын ачаалал зэргээс үүдэн нийлүүлэх хугацаа хожимдсон талаар мэдэгдсэн болно. Мөн АЗ блокийн дотор заслын голлох барилгын материалууд болох профиль төмөр, РVС тавцан, айлуудын гадна хаалга, гипсэн хавтан зэргийг БНХАУ-с захиалан авсан бөгөөд манай компаниас хамааралгүйгээр нийлүүлэгч компани нь нийлүүлэх хугацаа хожимдуулсан, хил гаалийн ачаалал зэргээс үүдэн хугацааны алдагдал хүлээсэн болно. Иймд талуудын хооронд байгуулсан 5.5.2-д заасны дагуу Хилийн чанадаас нийлүүлж буй бараа материалын нийлүүлэлтээс үүдэн саатсан хугацааг Гүйцэтгэгч урьдчилан мэдэх боломжгүй, хүндэтгэн үзэх дараах шалтгааны улмаас сууцыг ашиглалтанд оруулах хугацааг хойшлуулж болно гэж заасан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
2022 оны 08 сарын 16-ний өдөр ГГ22/25-18 дугаартай орон сууц захиалгын гэрээг Ч.Г нь Э ХХК /РД:*******/, Х ХХК нартай байгуулж, тус гэрээгээр Хан-Уул дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нүхтийн аманд баригдаж буй Г хотхонд АЗ блок, ** давхарт, ** тоотын 49,65 м.кв бүхий 2 өрөө орон сууцыг захиалан бариулахаар тохиролцжээ. Тус гэрээнд байрны үнэд нийт 163,845,000 төгрөг төлөхөөс 49,153,500 төгрөгийг урьдчилгаа хэлбэрээр, үлдэх 114,691,500 төгрөгийг банкны зээлд хамрагдан захиалагч тал Э ХХК -д төлөхөөр, орон сууцыг гүйцэтгэгч тал 2023-06-30 ний өдөр багтаан ашиглалтад оруулахаар тусгажээ.
Нэхэмжлэгч тал болох Ч.Г нь орон сууцны урьдчилгаа 49,153,500 төгрөгийг төлсөн ба энэ талаар хариуцагч маргахгүй, харин үлдэгдэл төлбөрийг ипотекийн зээлд хамрагдан төлсөн талаар хариуцагч ..мэдэхгүй гэх тайлбар өгдөг.
Нэхэмжлэгч орон сууцыг 2024-02-06 ний өдөр хүлээн авсан гэж тайлбарлах ба хариуцагч ... орон сууц хугацаандаа ашиглалтад ороогүй, нэхэмжлэгч байрандаа амьдардгийг үгүйсгээгүй ба харин хэзээ түлхүүр авсныг мэдэхгүй гэж тайлбарлана.
5. Талууд гэрээний төлбөрт 49,153,500 төгрөг төлөгдсөн болон одоогийн байдлаар байр ашиглалтад орж нэхэмжлэгчийн эзэмшилд байгаа талаар маргахгүй. Нэхэмжлэгч тал орон сууц хугацаандаа ашиглалтад ороогүй учраас төлсөн төлбөрөөсөө өдрийн 0,2 хувийн алданги тооцож нэхэмжилсэн гэдэг бол хариуцагч гэрээний 5.5 дугаар зүйлийн 1,2 дах хэсэгт заасан нөхцөл үүссэн гэж татгалздаг. Тодруулбал цахилгаан шат нийлүүлж угсрах үүрэг бүхий компани хугацаа хожимдуулсан, мөн орон сууцыг ашиглалтад оруулахад улсын байгууллагын зүгээс хугацаа алдсан гэх тайлбар гаргадаг ч эдгээрийг нотолсон баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй, гэрээ албан бичиг зэрэг нь хуулбар хэлбэрээр гаргаж өгсөн байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Талуудын байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.2 т ....сууцны төлбөр 100 хувь бүрэн төлөгдсөн тохиолдолд ...орон сууцыг хүлээлгэн өгөх... агуулга тусгагдсан байх ба нэхэмжлэгч орон сууцандаа амьдардаг тул гэрээний үнэ бүхэлдээ төлөгдсөн гэж үзнэ. Улмаар гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, 5.4 дэх хэсэгт захиалагч , гүйцэтгэгч хэн аль нь алданги нөгөө талаасаа авах эрхийг тусгасан байх ба өдрийн 0,2 хувь байна. Тус гэрээний 5 дугаар зүйлийн 5.4 т Гүйцэтгэгч нь сууцыг хүлээлгэн өгөх хугацааг гэрээний 5.5 д заасан нөхцөлөөс бусад шалтгаанаар 90 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн нөхцөлд 91 дэх хоногоос эхлэн хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн 0,2 хувийг захиалагчийн үлдэгдэл төлбөрөөс хасаж тооцуулна гэжээ. Нэгэнт хариуцагч тал гэрээний 5.5 дугаар зүйлд заасан үндэслэлээр татгалзаж байх боловч үүнийгээ баримтаар нотлоогүй тул алдангийг гаргуулж шийдвэрлэнэ. Мөн орон сууцыг хэзээ ашиглалтад оруулсан талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мэдэхгүй гэж тайлбар гаргасан, 2024-02-06 ний өдрөөс өмнө ашиглалтад оруулсан бол тэр талаарх актыг шүүхэд гаргаж өгөөгүй тул энэ өдрөөр тооцох нь зүйтэй байна.
Харин дээрх 5.4 дүгээр заалтын дагуу 2023-06-30 ний өдрөөс 2024-02-06 нийг хүртэлх 220 хоногоос 90 хоногийг хасаад 130 хоногийн алдангид /өдрийн 98,307 төгрөг/ 12,779,910 төгрөгийг гаргуулж, үлдэх 8,847,630 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266,088 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 219,428 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт зааснаар хариуцагч нь Э ХХК-аас 12,779,910 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Г-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,847,630 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Х ХХК-д холбогдох шаардлагаас татгалзсаныг баталж, Х ХХК -д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266,088 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 219,428 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ