| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Цэрэндулам |
| Хэргийн индекс | 101/2024/08749/И |
| Дугаар | 191/ШШ2025/01201 |
| Огноо | 2025-02-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 191/ШШ2025/01201
| 2025 02 10 | 191/ШШ2025/01201 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б******* Р******* ГХОХХК-ийн /рд:*******/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А******* к******* ХХК /рд:*******/-д холбогдох,
248,330,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.У*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Манай компани нь 2024.06.05-ны өдөр А******* К******* ХХК-тай 24/09-07 тоот Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ байгуулан 2024.06.05-2024.10.30-ны хооронд Баянзүрх дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй орон сууцны барилгын талбайд бетон зуурмаг худалдахаар харилцан тохиролцсон. Гэрээний дагуу 2024.06.14-ний өдрөөс 2024.07.22-ны хооронд нийт 382,210,000 төгрөгийн бетон зуурмаг нийлүүлсэн байна. Гэрээнд заасны дагуу нийт худалдан авсан бетон зуурмагийн үнийн дүнгийн 40 хувийг бэлэн мөнгөөр 60 хувийг бартер буюу эд хөрөнгөөр төлж барагдуулахаар тохирсон бөгөөд А******* К******* ХХК нь худалдан авсан бетон зуурмагийн бэлэн мөнгөний төлбөрт тооцон 160,486,000 төгрөг төлж 221,724,000 төгрөгийн бартерийн төлбөрийг төлөөгүй байна. Гэрээний 4.3.2-т Бартерийн үнийн дүнгийн 100,000,000 төгрөгт хүрсэн тохиолдолд тус үнийн дүнд тохирсон эд хөрөнгийг ажлын 15 хоногийн дотор зах зээлийн үнэ ханшаар тооцон худалдан авагч талд хүлээлгэн өгч акт үйлдэн баталгаажуулна... гэж заасны дагуу бетон зуурмаг нийлүүлсэн тооцооноос харахад 2024 оны 6 сарын 15-ны өдөр авсан бетон зуурмагийн дараа бартерийн үнийн дүн нь нэг зуун сая төгрөг давсан тул А******* К******* ХХК нь 2024 оны 06 сарын 30-ны дотор бартерийн төлбөрийг манай компанид өгөх үүрэгтэй байсан. Гэтэл хариуцагч нь өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөрөө төлөхгүй, манай компаниас явуулсан албан шаардлагад хариу ирүүлэхгүй, барилгын ажил нь явагдахгүй байгаа тул шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна. Гэрээний 4.6-д Худалдан авагч тал уг гэрээний 4.3.2, 4.4-т заасан төлбөрийг гэрээнд заасан хугацаанаас хоцроосон тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0,1%-ийн алданги тооцож худалдан авагч талд төлнө... гэж заасны дагуу гүйцэтгээгүй үүрэг буюу үлдэгдэл 221,724,000 төгрөгийн төлбөрөөс 2024 оны 06 сарын 30-наас хойш 26,606,880 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй байна. /221,724,000*0,1%*120 хоног=26,606,880/
Гэрээний 6.2.-т 4.3.2, 4.4-т заасан төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд худалдан авагч тал нь гэрээг дангаараа цуцалж учирсан хохирлоо мөнгөн хэлбэрээр нэхэмжлэх эрхтэй гэж заасны дагуу манай компанийн зүгээс хариуцагч А******* К******* ХХК-с гэрээний үлдэгдэл төлбөрийг алдангийн хамт шүүхэд нэхэмжлэл гарган төлүүлэх хүсэлтэй байна.
Иймд А******* к******* ХХК-с бетон зуурмагийн үлдэгдэл төлбөр 221,724,000 төгрөг, алданги 26,606,880 төгрөг, нийт 248,330,800 төгрөгийг хариуцагчаас гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Батбэх р******* ХХК нь 2024 оны 6 сарын 05-ны өдөр А******* К******* ХХК-тай 240907 бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 2024 оны 6 сарын 05-ны өдрөөс 2024 оны 10 сарын 30-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 8 хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй орон сууцны барилгын талбайд бетон зуурмаг худалдахаар харилцан тохиролцсон. Гэрээний дагуу 2024 оны 6 сарын 14-ний өдрөөс 2024 оны 7 сарын 22-ны өдрийн хооронд нийт 382,210,000 төгрөгийн бетон зуурмагийг нийлүүлсэн. Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээнд заасны дагуу нийт худалдан авсан бетон зуурмагийн үнийн дүнгийн 40 хувийг бэлэн мөнгөөр, 60 хувийг нь бартер буюу эд хөрөнгөөр төлж барагдуулахаар тохирсон бөгөөд А******* К******* ХХК нь худалдан авсан бетон зуурмагийн төлбөрт тооцон 160,486,000 төгрөгийг төлж, 221,724,000 төгрөгийн бартерийн төлбөрийг төлөөгүй байна. Талуудын хооронд байгуулсан бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээний 4.3.2-т бартерын үнийн дүн нь 100 сая төгрөгт хүрсэн тохиолдолд тус үнийн дүнд тохирсон эд хөрөнгийг ажлын 15 хоногийн дотор зах зээлийн үнэ ханшаар тооцож худалдагч талд хүлээлгэн өгч акт үйлдэж баталгаажуулна гэж заасан. Уг заалтын дагуу бетон зуурмаг нийлүүлсэн тооцооноос харахад 2024 оны 6 сарын 15-ны өдөр авсан бетон зуурмагийн дараа бартерын үнийн дүн нь 100,0 сая төгрөг давсан тул А******* к******* ХХК нь 2024 оны 6 сарын 30-ны өдрийн дотор бартерын төлбөрийг нэхэмжлэгч компанид төлөх үүрэгтэй байсан. Гэтэл хариуцагч нь өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөрийг төлөхгүй, нэхэмжлэгч компаниас явуулсан албан шаардлагад хариу ирүүлэхгүй, барилгын ажил нь явагдахгүй байгаа тул шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээс өөр аргагүй байдал үүсээд байна. Бетон зуурмаг худалдан, худалдан авах гэрээний 4.6-т заасан худалдан авагч тал уг гэрээний 4.3.2, 4.4-т заасан төлбөрийг гэрээнд заасан хугацаанаас хоцроосон тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0.1 хувийн алданги тооцож худалдан авагч төлнө гэж заасны дагуу гүйцэтгээгүй үүрэг буюу үлдэгдэл 221,724,000 төгрөгийн төлбөрөөс 2024 оны 6 сарын 30-ны өдрөөс хойш нэхэмжлэл гаргах өдөр хүртэл буюу 120 хоног алданги тооцож 26,606,880 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй байна гэж үзсэн. Гэрээний 6.2-т худалдан авагч тал нь гэрээний 4.3.2, 4.4-т заасан төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд худалдагч тал нь гэрээг дангаараа цуцлаад, учирсан хохирлоо мөнгөн хэлбэрээр нэхэмжлэх эрхтэй гэж заасны дагуу хариуцагч А******* к******* ХХК-аас гэрээний үлдэгдэл төлбөрийг алдангийн хамт шүүхэд нэхэмжлэл гарган төлүүлэх хүсэлтэй байна. Иймд хариуцагчаас бетон зуурмагийн үлдэгдэл төлбөр 221,721,000 төгрөг, алданги 26,606,880 төгрөг, нийт 248,330,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгнө үү гэв.
3.Хариуцагч А******* к******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
2024 оны 10-р сарын 25-ны өдөр нэхэмжлэгч Батбэх р******* ХХК хариуцагч А******* к******* ХХК-д холбогдуулан 248,330,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Манай компани төлбөр тооцооны өртэй нь үнэн бөгөөд 221,724,000 төгрөг бол биш. Нэхэмжлэгч Батбэх р******* ХХК төлбөр тооцоо нийлсэн актаа үйлдэж байж нэхэмжлэлээ гаргах нь зөв байх гэж хариуцагч талаас үзэж байна. Та бүхэн манай нягтлан бодогч Д******* -тай холбогдож тооцоо нийлнэ үү гэжээ.
4. Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Батбэх р******* ХХК-ийн дүрэм, итгэмжлэл, бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ, носост машины тариф гэсэн баримт, тооцооны дэлгэрэнгүй бүртгэл, бетон зуурмаг нийлүүлсэн анхан шатны баримтууд гаргаж өгсөн,
Хариуцагчаас А******* к******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, А******* к******* ХХК-ийн дүрэм, итгэмжлэл гаргаж өгсөн,
Шүүхийн журмаар Батбэх р******* ХХК, А******* к******* ХХК-ийн хооронд тооцоо нийлсэн Тооцооны үлдэгдлийн баталгаа баримт илгээсэн цахим шууданд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтууд бүрдүүлсэн болно.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Батбэх р******* ХХК нь хариуцагч А******* к******* ХХК-д холбогдуулан бетон зуурмагийн үлдэгдэл төлбөр 221,724,000 төгрөг, алданги 26,606,880 төгрөг, нийт 248,330,800 төгрөг гаргуулах шаардлага гаргаж,
Хариуцагч А******* к******* ХХК нь нэхэмжлэлийн үлдэгдэл төлбөр 221,724,000 төгрөг биш тул тооцоо нийлэх шаардлагатай гэсэн тайлбар гаргажээ.
3. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2024 оны 06 сарын 05-ны өдрийн №24/09-07 дугаартай Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, худалдагч Батбэх р******* ХХК нь бетон зуурмагийг худалдан авагч А******* к******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч тал гэрээнд заасан нөхцөлөөр төлбөрийг төлөх үүрэг хүлээжээ. /хх-14-20/
Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна.
Талууд гэрээндээ бетон зуурмаг нийлүүлэх хугацааг 2024 оны 06 сарын 05-ны өдрөөс 2024 оны 10 сарын 30-ны өдрийг хүртэл хугацаагаар тогтоож, бетон зуурмагийн марк, нэгжийн үнэ, төлбөр хийх нөхцөлийг бэлэн мөнгөөр болон бартераар төлөх хэмжээ, алданги тооцох нөхцөлийг тус тус тохиролцжээ.
Нэхэмжлэгч Батбэх р******* ХХК-ийн @yahoo.com хаягнаас gmail.com мэйл хаяг руу явуулсан цахим шууданд хадгалагдаж байгаа Тооцооны үлдэгдлийн баталгаа баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, Тооцооны үлдэгдлийн баталгаа баримтаас үзэхэд 2024 оны 06 сарын 05-ны өдрөөс 2024 оны 06 сарын 30-ны өдрийг дуустал өгч авалцсан тооцоогоор хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд А******* к******* ХХК нь Батбэх р******* ХХК-д 155,064,000 төгрөгийн өглөгтэй гарсныг баталгаажуулж, Батбэх р******* ХХК, А******* к******* ХХК-ийн нягтлан бодогч нарын гарын үсэг, санхүүгийн тэмдэг дарж баримтжуулсан болох нь тогтоогдож байна.
Үүнээс хойш 2024 оны 07 сарын 02-ны өдөр 12,920,000 төгрөгийн, 2024 оны 07 сарын 22-ны өдөр 48,280,000 төгрөгийн, 44,200,000 төгрөгийн нийт 260,464,000 төгрөгийн бетон зуурмаг нийлүүлсэн болох нь хэрэгт авагдсан Тооцооны дэлгэрэнгүй бүртгэл баримтаар тогтоогдож байна. /хх-22/
Мөн дээрх Тооцооны үлдэгдлийн баталгаа, Тооцооны дэлгэрэнгүй бүртгэл баримтуудыг үндэслэсэн бетон зуурмаг нийлүүлсэн анхан шатны баримтыг нэхэмжлэгч тал шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн ба дээрх баримтуудыг үгүйсгэсэн баримтыг хариуцагч тал шүүхэд ирүүлээгүй болно.
Хэрэв хариуцагч тал Тооцоо нийлсэн баримт, тооцооны дэлгэрэнгүй бүртгэл баримтыг үгүйсгэж байгаа бол өөрийн татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Хэргийн үйл баримтаар нэхэмжлэгч Батбэх р******* ХХК нь 2024 оны 06 сарын 14-ний өдрөөс 2024 оны 07 сарын 22-ны өдрийг хүртэл нийт 382,210,000 төгрөгийн бетон зуурмагийг хариуцагч А******* к******* ХХК-д нийлүүлж, хариуцагч А******* к******* ХХК нь 160,486,000 төгрөгийг бэлнээр төлж, 221,724,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болох нь хэрэгт авагдсан дээрх баримтууд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан тул хариуцагч А******* к******* ХХК нь хүлээн авсан бетон зуурмагийн үлдэгдэл төлбөрийг төлөх үүрэгтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч тал Бетон зуурмаг нийлүүлэх гэрээний 4.6-д зааснаар гүйцэтгээгүй үүрэг буюу үлдэгдэл 221,724,000 төгрөгийн төлбөрөөс 2024 оны 06 сарын 30-наас хойш 120 хоногийн алданги шаардсан ба уг шаардлагаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа Бартерын төлбөрийн үнийн дүн 100,000,000 төгрөгт хүрсэн тохиолдолд тус үнийн дүнд тохирсон эд хөрөнгийг ажлын 15 хоногийн дотор зах зээлийн үнэ ханшаар тооцон худалдагч талд хүлээлгэн өгч акт үйлдэн баталгаажуулна гэж заасан, энэ хугацаа өнгөрсөн тул алданги тооцох үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.
Талуудын хооронд байгуулсан Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээний 4.3.1-т Худалдан авагч нь бетон зуурмагийн үнийн дүнгийн 40% болох 211,436,000 төгрөгийг бэлэн мөнгөөр төлнө, 4.3.2-т Худалдан авагч нь нийт бетон зуурмагийн үнийн дүнгийн 60% болох 317,154,000 төгрөгийг бэлэн бартераар төлнө, Үүнд:
.Бартерын төлбөрийн үнийн дүн 100,000,000 төгрөгт хүрсэн тохиолдолд тус үнийн дүнд тохирсон эд хөрөнгийг 15 хоногийн дотор зах зээлийн үнэ ханшаар тооцон худалдагч талд хүлээлгэн өгч акт үйлдэн баталгаажуулна. Бартерын эд хөрөнгийг шилжүүлэн өгөөгүй тохиолдолд дараагийн захиалгын бетон зуурмагийг нийлүүлэх боломжгүй болно,
4.6-д Худалдан авагч тал уг гэрээний 4.3.2, 4.4-т заасан төлбөрийг гэрээнд заасан хугацаанаас хоцроосон тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0,1%-ийн алданги тооцож худалдагч талд төлнө гэж тус тус заасан байна. Гэрээний алданги төлөх тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцэж байна.
Шүүх нэхэмжлэгчийн гаргасан алданги гаргуулах шаардлагыг шийдвэрлэхдээ
гэрээний дээрх заалтуудыг дараах байдлаар тайлбарлаж шийдвэрлэв.
Талууд гэрээндээ бетон зуурмагийн үнийг бэлэн мөнгөөр болон бартераар төлөх байдлаар тусгаж, бэлэн мөнгөөр төлөх хэмжээг гэрээний 4.3.1-т зааснаар 211,436,000 төгрөг, бартераар төлөх хэмжээг гэрээний 4.3.2-т 317,154,000 төгрөгөөр тус тус тогтоож, үүний дотор Бартерын төлбөрийн үнийн дүн 100,000,000 төгрөгт хүрсэн тохиолдолд үнийн дүнд тохирсон эд хөрөнгийг ажлын 15 хоногийн дотор зах зээлийн үнэ ханшаар тооцон худалдагч талд хүлээлгэн өгөөгүй тул гэрээний 4.6-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0,1%-ийн алданги тооцож худалдагч талд төлнө гэсний дагуу хамгийн сүүлд бетон зуурмаг нийлүүлсэн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс хойш ажлын 15 хоног тооцож, 2024 оны 08 сарын 13-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2024 оны 10 сарын 25-ны өдрийг хүртэл 74 хоногийн алданги тооцоход 16,407,576 төгрөгийн алдангийг төлөх тооцоолол гарч байна.
Дээрхийг нэгтгэн дүгнээд хариуцагч А******* к******* ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 221,724,000 төгрөг, алданги 16,407,576 төгрөг, нийт 238,131,576 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Батбэх р******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс 10,199,224 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаантайг нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдав.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчийн төлсөн мөнгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн 238,131,576 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 2432.1-т зааснаар хариуцагч Анова к******* ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 221,724,000 төгрөг, алданги 16,407,576 төгрөг, нийт 238,131,576 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Батбэх р******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс 10,199,224 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,399,605 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,348,608 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2024 оны 12 сарын 23-ны өдрийн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан захирамж нь энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ