2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 191/ШШ2025/00749

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 01 28 191/ШШ2025/00749

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ............... дүүрэг, .... дугаар хороо, .... дүгээр хороолол, ................. гудамж, .... байр, .... тоот хаягт оршин суух Ж Б овогт Г Ө /РД:/,

 

Нэхэмжлэгч: ............. дүүрэг, .... дугаар хороо, .... дүгээр хороолол, ................ гудамж, ..... байр, .... тоот хаягт оршин суух Ч овогт А Г /РД:/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .............. дүүрэг, .... дугаар хороо, .... дүгээр хороолол, .............. гудамж, .... дүгээр байр, ..... тоот хаягт оршин суух Ц овогт Н О /РД:/-д холбогдох,

 

Нэхэмжлэгчийн шаардлага: Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, 203,367,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Г.Ө, А.Г,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э,

Хариуцагч Н.О,

Хариуцагчийн өмгөөлөгч О.Э, Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.Ө, А.Г нар нь хариуцагч Н.О холбогдуулан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, 203,367,000 төгрөг гаргуулахаар өөрчилсөн.

 

2. Нэхэмжлэгч нар анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ... 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч Г.Ө, А.Г нар хариуцагч Н.О үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, өөрсдийн дундын өмчлөлийн ....... дүүрэг, ........... гудамж, ...... байр, ........ тоот, ........ м.кв талбайтай, ...... өрөө орон сууцыг 100,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож, хариуцагч төлбөрийн 50 хувийг бэлэн мөнгөөр, үлдэгдэл 50,000,000 төгрөгийг 80,000,000 койноор тооцож төлбөрт төлсөн байна.

Хариуцагч Н.О нь нэхэмжлэгч талд койны ханш жил ирэх тусам өсөж хэд дахин ашиг олох боломжтой, ойрын хугацаанд худалдах шаардлагагүй, хэрэв зарах зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд койн гаргасан компани буцаан худалдан авахад нээлттэй гэж ойлгуулснаар итгэл, үнэмшил төрж, койноор төлбөр тооцоо хийхийг зөвшөөрсөн.

Нэхэмжлэгч талд хэдэн сарын дараа мөнгө санхүүгийн хэрэгцээ гарсан тул орон сууц худалдсан төлбөрт авсан койныг худалдахаар койн гаргасан компанид хандахад худалдан авах боломжгүй учир нь манай компанийн гаргасан койн олон улсын хөрөнгийн бирж дээр хөрвөх боломжгүй хүлээгдээд байна гэдэг хариу өгсөөр өдий хүрч эд хөрөнгөөрөө хохирсоор ирсэн. Энэ талаар хариуцагч талд удаа дараа хэлж байсан боловч та нар санаа зовох хэрэггүй койн зарсан компанийн үйл ажиллагаа удахгүй жигдрээд койныг буцаан худалдан авч их хэмжээний ашиг олно гэхээр нь мөн л итгэж явсаар хохирч сүүлийн жил хариуцагчтай утас болон бусад хэлбэрээр холбогдох боломжгүй болсон байна. виртуал хөрөнгө буюу койн, токен зэрэг нь үнэт цаасны зах зээлийн тухай хуульд тодорхойлсон санхүүгийн хэрэгцээнд хамааралгүй зөвшөөрөгдөөгүй хөрөнгө оруулалтын хэрэгсэл бол нөгөө талаар үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн хүрээнд цахим мөнгөнд хамаарахгүй бөгөөд албан ёсны төлбөрийн хэрэгсэл биш юм.

Хариуцагч тал Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1, 217.2-т заасан заалтыг зөрчиж худалдах худалдан авах гэрээ байгуулж, Монгол Улсын хууль тогтоомжоор зохицуулагдаагүй албан бус төлбөрийн хэрэгслээр хууль зөрчиж төлбөр тооцоо хийгдсэний улмаас нэхэмжлэгч тал хохирсон байна. Иймд энэхүү талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарч байх тул тус 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.9, 56.5, 56.6-д заасан заалтуудыг үндэслэн хариуцагч нь зах зээлийн бодит үнээс доогуур үнэгүйдүүлэн худалдан авч, нэхэмжлэгч талд эд хөрөнгийн хохирол учруулсан гэж үзэж орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа дараах байдлаар өөрчилсөн. Үүнд: ... Ө миний бие 2020 оны 02 дугаар сарын эхээр Оросоос барилгын материал оруулж ирэхэд мөнгө хэрэгтэй болсон боловч тухай үед мөнгө зээлэх хүн олдохгүй байсан. Ингээд танил эгч болох О надад мөнгө олж өгч туслаач, би орон сууцаа барьцаалаад ч гэсэн мөнгө зээлэх хэрэгтэй байна гэж хэлсэн. Гэтэл О эгч байраа миний нэр дээр худалдах, худалдан авах гэрээгээр түр шилжүүлчих, би мөнгө олж өгье гэж хэлсэн.

Ингээд нэхэмжлэгч бид О эгчтэй орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Нотариат дээр очиход нотариат койн дээр татвар төлөх боломжгүй харин бэлнээр төлсөн мөнгөнөөс татвар болон нотариатын зардал авах боломжтой, хамгийн багадаа 45,000,000 төгрөгөөр гэрээ хийх боломжтой гэснээр нотариатаар гэрчлүүлсэн гэрээнд орон сууцны үнийг 45,000,000 төгрөг гэж тодорхойлон бичсэн.

Гэвч бодит байдал дээр ........ дүүрэг ..... хороо ..... хороолол ....... гудамж .... байр .... тоот хаягт байрлах ..... м.кв талбайтай ..... өрөө ............. улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг 100,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож бэлнээр 50,450,000 төгрөг үлдэх 50 хувьд нь 80,000 койн зоос өгөөд, койн зоос хөрвөдөг болохоор зоосыг О эгчид буцааж өгөөд бид байраа буцааж авахаар тохиролцсон.

Түүнээс хойш нэхэмжлэгч бид орон сууцны төлбөрт авсан койныг худалдахаар койн гаргасан компанид хандахад худалдан авах боломжгүй учир нь манай компанийн гаргасан койн олон улсын хөрөнгийн бирж дээр хөрвөх боломжгүй хүлээгдээд байна гэдэг хариу өгсөөр байгаа тул өнөөдөр бид байр ч үгүй, мөнгө ч үгүй болж хохирч байна.

Хариуцагч Н.О нь дээрх орон сууцыг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэн Н М өмчлөлд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байна.

Иймд 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Иргэний хуулийн 56.5, 56.6-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн дагавар, хохиролд ............ дүүрэг ......... хороо ........... хороолол ................ гудамж ....... байр ....... тоот хаягт байрлах ..... мкв талбайтай ...... өрөө бүхий орон сууцны үнийг одоогийн зах зээлийн ханшаар тооцож 203,367,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. гэжээ.

 

4. Хариуцагч хариу тайлбартаа: ... Олон улсад үйл ажиллагаа явуулдаг Onecoin нэртэй сүлжээний компанийн гишүүн Ц.Э нь Ванкойн компанийн бараа зардаг фейсбүүк групп (Onelife-Dealshaker-mongol merchant) дээр 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 70/30 мөнгө, койн оролцуулаад 3 өрөө байр зарна гэсний дагуу 2 хоногийн дараа утсаар ярьж, тохиролцоод очиход Д.Э, Г.Ө нар цуг байж байсан ба Г.Ө нь байраа 60 сая төгрөг 100,000 койноор зарна" гэхэд Ц.Э нь зах зээлийн үнээс өндөр байна, мөн надад 100,000 койн байхгүй гэсэн. Би тэр үед Надад ийм хэмжээний койн байсан боловч мөнгө байхгүй ээ, дүү маань сонирхож магадгүй гээд явсан.

Г.Ө нь дээрх зарыг 2020 оны 02 дугаар сарын 05-нд 60/40 хэмжээтэй өөрчилсөн байсан. Тухайн үед гарсан 2 удаагийн зарыг хуулбарлан авч хавсаргав/.

Үүнээс хойш Г.Ө нь "Та юу болсон бэ? Миний байрыг аваач гэж олон удаа утсаар ярьж гуйж байсан. Ер нь байр худалдаалах гол шалтгаанаа надад тайлбарлахдаа Танил тал, найз нөхдөдөө койн авч өгнө гэж хэлээд өрөнд орсон, надад одоо мөнгө ч, койн ч аль аль нь хэрэгтэй байна. Тань шиг их койнтой хүн олдохгүй байна та надад туслаад байрыг минь авч надад тус болооч гэж удаа дараалан гуйж байсан. Хэрвээ та миний байрыг хэлсэн үнээр авбал оросоос оруулж ирэх бараагаа хамгийн түрүүнд 100 хувь койноор өгнө гэж ярьж байсан.

Ийм учраас би дүүгээсээ мөнгө зээлж, уг байрыг худалдаж авахаар тохиролцсон. Г.Ө нь худалдах гэж байгаа байрны ордероо Сүхбаатар дүүргийн 7-р хорооны хадгаламж зээлийн хоршооноос мөнгө зээлж барьцаанд тавьсан байсан. Уг байрны ордероо авахын тулд надтай хамт очиж миний мөнгөөр зээлээ төлж, байрны ордерыг авсан.

Баянгол дүүргийн дэргэдэх нотариат орж уг байрыг худалдах худалдан авах гэрээ хийсэн. Дүүргийн үл хөдлөхийн газар очоод Г.Ө А.Г нар нь байраа бэлэглэлийн гэрээгээр хийе, учир нь бид худалдааны татварыг төлөх боломжгүй гэсэн. Би бас бэлэглэлийн гэрээгээр авахгүй гэж маргасан. Эцэстээ аргаа барж байр худалдах татварын хураамжийг би өөрөөсөө гаргаж төлсөн.

Г.Ө нь надад байраа зараад Оросын Тюмень хотын дейл шикэр үзэсгэлэн худалдаанаас 100 хувь койноор төрөл бүрийн орос бараа авчирсан. Г.Ө нь Улан-Үдэд ирээд буцах замын зардалгүй боллоо гээд нөхрийнхөө Хаан Банкны дансанд 200,000 төгрөг зээлж байсан. Би бүүр гайхаад байр зарсан мөнгөө яасан бэ? гэхэд бүгдийг өрөндөө өгсөөн би удахгүй өгнө гэсэн. 2020 оны 4 сарын 10-нд 3-р хорооллын Эвт Плаза үйлчилгээний төвд АННА орос барааны дэлгүүр нээж 50 хувь бэлэн мөнгөөр 50 хувь койн бараагаа худалдаалж байнгын ашиг орлоготой ажиллаж байсан.

Нэхэмжлэгч Г.Ө, А.Г нар нь койны ханш жил ирэх тусам өсөж хэд дахин ашиг олох боломжтой ойрын хугацаанд худалдах шаардлагагүй хэрэв зарах зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд койн гаргасан компани буцаан худалдан авахад нээлттэй гэж ойлгуулснаар итгэл үнэмшил төрж койноор төлбөр тооцоо хийхийг зөвшөөрсөн гэж Onecoin компани тухай мөн койны талаар ямар ч мэдээлэл мэдлэг ойлголтгүй хүмүүс болж Н.О намайг гүтгэжээ.

Яагаад вэ гэвэл Г.Ө, А.Г нар нь Onecoin компанийн маркетинг, менежмент урамшууллын системийг бусдад тайлбарлаж шинээр гишүүд элсүүлдэг мэдлэгтэй, тус компанид тодорхой байр суурь эзэлсэн мерчант зэрэг цолтой, онцгой эрх бүхий идэвхтэй гишүүд, харин би энэ компани койн худалдаж авсан, бараа худалдаж авах эрхтэй жирийн гишүүн.

Тус компанийн койн зоос хэдэн жилийн дараа өсөх юм уу, буурах юм уу, ямар алдагдал орж, хэдэн хувийн ашигтай байх талаар би одоо ч ойлголтгүй явдаг учраас эдгээр хүмүүст тайлбарлаад бас ятгаад байх шаардлага болон мэдлэг байхгүй болно.

Нэхэмжлэгч Г.Ө, А.Г нар нь надад байр худалдсанаараа Хадгаламж зээлийн хоршоонд зээлээ төлж чадахгүй, байраа алдах гэж байсны хүүг зогсоож, төлбөр тооцоог нь хийж ордероо авсан. Хүмүүсээс зээлсэн бэлэн мөнгөний өрөө дарсан. Найз нөхөд танилынхаа койны өрийг койноор төлсөн. "АННА орос барааны дэлгүүр нээж 50 хувь бэлэн мөнгөөр, 50 хувь койноор бараагаа худалдаалж, байнгын ашиг орлоготой ажиллаж байсан.

Иймээс Г.Ө, А.Г нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

5. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШЗ2023/03551 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, койны жагсаалт, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

 

6. Хариуцагчаас фейсбүүк дэх пост, мессенжер чат, койны жагсаалт зэргийг нотлох баримтаар гарган өгсөн байна.

 

7. Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас ...... дүүрэг, ..... дугаар хороо, ... дүгээр хороолол, ..............., ..... байр, .... тоот хаягт байрлах .... м.кв талбайтай .... өрөө, ........... улсын бүртгэлийн дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн түүхчилсэн дэлгэрэнгүй лавлагаа болон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой гэрээ, мэдүүлэг, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Санхүүгийн зохицуулах хорооны виртуал хөрөнгийн хэлтсээс Onecoin компанийн One зоос буюу /OES/ Oneecosystem гэдэг зоос нь олон улсын криптовалют арилжаалдаг сайтууд, биржүүд дээр арилжаалагддаг эсэх, мөн Монгол Улсад бүртгэлтэй, Монгол Улсын крипто арилжааны биржүүдэд бусад мөнгөн валют руу хөрвөх боломжтой, Монгол Улсын төлбөрийн хэрэгсэл мөн эсэх талаарх баримт, лавлагаа, Монгол банкнаас Onecoin компанийн One зоос буюу /OES/ Oneecosystem гэдэг зоос нь олон улсын криптовалют арилжаалдаг сайтууд, биржүүд дээр арилжаалагддаг эсэх, мөн Монгол Улсад бүртгэлтэй, Монгол Улсын крипто арилжааны биржүүдэд бусад мөнгөн валют руу хөрвөх боломжтой, Монгол Улсын төлбөрийн хэрэгсэл мөн эсэх талаарх баримт, лавлагаа зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

 

2. Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... Монгол Улсын хууль тогтоомжоор зохицуулагдаагүй албан бус төлбөрийн хэрэгслээр хууль зөрчиж, төлбөр тооцоо хийгдсэний улмаас нэхэмжлэгч тал хохирсон. Иймд хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, 3 өрөө бүхий орон сууцны үнийг одоогийн зах зээлийн ханшаар тооцож 203,367,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... нэхэмжлэгч нар нь байраа 60 сая төгрөг 100,000 койноор зарна" гэсэн зар тавьсан байсны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авсан. Г.Ө, А.Г нар нь Onecoin компанийн маркетинг, менежмент урамшууллын системийг бусдад тайлбарлаж шинээр гишүүд элсүүлдэг мэдлэгтэй, тус компанид тодорхой байр суурь эзэлсэн мерчант зэрэг цолтой, онцгой эрх бүхий идэвхтэй гишүүд, харин би энэ компани койн худалдаж авсан, бараа худалдаж авах эрхтэй жирийн гишүүн. Г.Ө, А.Г нар нь надад байр худалдсанаараа Хадгаламж зээлийн хоршоонд зээлээ төлж чадахгүй, байраа алдах гэж байсны хүүг зогсоож, төлбөр тооцоог нь хийж ордероо авсан. Хүмүүсээс зээлсэн бэлэн мөнгөний өрөө дарсан. Найз нөхөд, танилынхаа койны өрийг койноор төлсөн. "АННА орос барааны дэлгүүр нээж 50 хувь бэлэн мөнгөөр, 50 хувь койноор бараагаа худалдаалж, байнгын ашиг орлоготой ажиллаж байсан. Иймээс Г.Ө, А.Г нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Зохигчийн хооронд 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч Г.Ө, А.Г нар эрхийн улсын бүртгэлийн ........... дугаарт бүртгэлтэй, ......... дүүрэг, ........ хороо, ....... хороолол, ........... гудамж ......... байр, .... тоот .... м.кв талбайтай .... өрөө орон сууцыг хариуцагч Н.О 45,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, гэрээнд орон сууцыг худалдан авагчид хүлээлгэн өгсөн, худалдан авагч төлбөрийг бүрэн төлж дууссан талаар тусгажээ.

 

6. Талууд дээрх хэлцэлтэй холбоотойгоор 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр дараах агуулга бүхий Тодорхойлолт гэсэн баримтыг үйлдсэн байна. Үүнд: Н овогтой О ........... дүүргийн ..... хорооллын ..... байрны .... тоот байрыг 50,450,000 төгрөг, OneCoin компанийн 80,000 зоосоор худалдан авлаа. Г.Ө, А.Г нарт 50,450,000 төгрөг, 80,000 койн зоос хүлээлгэн өглөө. Байрны түлхүүрийг хүлээн авсан гэжээ.

 

7. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч Н.О, 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Бэлэглэлийн гэрээгээр Н.О бусдад шилжсэн байна.

 

8. Талуудын маргааны зүйл нь тэдгээрийн хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан эсэх, худалдан авах гэрээний үнийг худалдан авагч бүрэн төлсөн эсэх байна.

 

9. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

10. Нэхэмжлэгч Н.Ө, А.Г нар өөрсдийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 100,000,000 төгрөгөөр хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх, хариуцагч нь 50,000,000 төгрөгийг бэлнээр төлж, https://oneecosystem.eu/ сайт дахь OneCoin гэх нэртэй 80,000 ширхэг койныг үлдэх 50,000,000 төгрөгт тооцож шилжүүлэхээр харилцан тохиролцож, 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байх ба гэрээг бичгээр байгуулахдаа татвар бага төлөх зорилгоор гэрээний үнийг 45,000,000 төгрөгөөр тодорхойлж, нотариатаар гэрчлүүлсэн гэх тайлбарыг талууд гаргасан.

 

11. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

12. Нэхэмжлэгч нараас Иргэний хуулийн 271 дүгээр зүйлийн 271.1-д Мөнгөн төлбөрийн үүргийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэ гэж заасныг зөрчиж хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.

 

13. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т "үндэсний мөнгөн тэмдэгт" гэж Монголбанкнаас гүйлгээнд гаргасан төлбөрийн хууль ёсны хэрэгсэл болох төгрөгийг хэлэх бөгөөд төгрөгийг англи хэл дээр "Togrog", товчлолыг "MNT" гэж бичнэ гэж, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д "виртуал хөрөнгө" гэж аливаа улсын албан ёсны мөнгөн тэмдэгт, үнэт цаасны дижитал хэлбэр, эсхүл Монголбанкны зөвшөөрөлтэй цахим мөнгөнөөс бусад дижиталаар шилжүүлэх, арилжаалах боломжтой төлбөрийн, эсхүл хөрөнгө оруулалтын зорилгоор ашиглагдах үнэ цэнийн дижитал илэрхийлэл бүхий эдийн бус хөрөнгийг ойлгоно гэж тус тус тодорхойлжээ.

 

14. Худалдах, худалдан авах гэрээний үнэд тооцож шилжүүлсэн https://oneecosystem.eu/ сайт дахь OneCoin нь Монголбанкнаас гүйлгээнд гаргасан төлбөрийн хууль ёсны хэрэгсэл биш бөгөөд мөнгө болгож хөрвөх боломжгүй хэрэгсэл болох нь Монголбанкны Б-10/674, Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны 3/2070 тоот албан бичгээр тус тус тогтоогдож байна. /хх 166, 215/

 

15. Талуудын тайлбараас үзвэл OneCoin нь криптовалют хэлбэрээр худалдаалагддаг байсан ч энэ нь Виртуаль хөрөнгө /Төвлөрсөн удирдлагатай ба бүтээгч, хөгжүүлэгчид нь удирддаг, ямар нэг бүлэг, нийгэмлэгийн гишүүдийн дунд ашиглагддаг цахим мөнгө/, эсхүл Криптовалют /Ямар нэг төв байгууллага тогтмол хэвлэж, үйлдвэрлэхгүй бөгөөд ихэвчлэн төвлөрсөн бус удирдлагатай blockchain технологид суурилсан цахим мөнгө/ буюу аль төрөлд хамаардаг болох нь тодорхой бус, үүнтэй холбоотой нотлох баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй.

 

16. Энэ төрлийн төлбөрийн хэрэгсэлтэй холбоотой харилцааг зохицуулсан хууль, журам талуудын хооронд гэрээ байгуулагдах үед Монгол Улсад байгаагүй бөгөөд Монгол Улсын Их хурлаас 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг бүртгэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих, холбогдох эрх, үүргийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг баталсан.

 

17. Нэхэмжлэгч нар нь https://oneecosystem.eu/ сайт дахь OneCoin гэх нэртэй койныг 2019 оноос хойш хэрэглэж эхэлсэн ба уг койноор бусдаас бараа худалдан авч, өөрсдийн эрхлэн үйл ажиллагаа явуулдаг ANNA нэртэй дэлгүүрээр худалдан борлуулахдаа төлбөрийн 50 хувийг койноор хийдэг, түүнчлэн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөө 60/40 болон 70/30 хувийн харьцаатайгаар койн оролцуулан худалдахаар Facebook дэх One coin хэрэглэгчдийн групп-т зар тавьсан, хариуцагчаас койн шилжүүлэн авсныхаа дараа койноор худалдаа, арилжаа хийж байсан тухай үйл баримтыг хүлээн зөвшөөрч, маргаагүй.

 

18. Нэхэмжлэгч нар нь OneCoin гэх койн нь албан ёсны төлбөрийн хэрэгсэл биш болохыг мэдэж байсан буюу мэдэх боломжтой байсан бөгөөд хариуцагчтай гэрээ байгуулснаас хойш 3 жилийн хугацаанд хариуцагчид холбогдуулан энэ талаар шаардлага гаргаж байгаагүй байна. Иймд өөрийн сайн дурын үндсэн дээр цахим мөнгөөр арилжаа хийсэн тохиолдолд түүнээс үүсэн гарах эрсдэлээ өөрөө хариуцах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

19. Тодруулбал, нэхэмжлэгч нар нь үл хөдлөх эд хөрөнгийн үнийг One койноор төлбөрт тооцон худалдахаар хүсэл зоригоо илэрхийлэн Facebook дэх One coin хэрэглэгчдийн групп-т хандан зар тавьж, зарын дагуу хариуцагч үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 50,000,000 төгрөг, болон 80,000 ширхэг One койноор төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсанд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байх бөгөөд нэхэмжлэгч нар өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй захиран зарцуулах эрхийн хүрээнд, худалдан авагчтай гэрээний гол нөхцөлийг харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэсэнтэй нийцжээ.

 

20. Хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээгээр хэлэлцэн тохиролцсоноор худалдан авсан эд хөрөнгийн үнийг бүрэн төлж барагдуулсан гэж үзэх тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар үүрэг дуусгавар болсон байх бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3 дахь заалтад заасан хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл тогтоогдсонгүй.

 

21. Иймд Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хариуцагч Н.О 203,367,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Ө, А.Г нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

22. Нэхэмжлэгч Н.Ө, А.Г нар нь хариуцагчаас 100,000,000 төгрөгийг зээлийн зориулалтаар авсан, зээлийн барьцаа болгож орон сууцыг өмчлөлд шилжүүлэн өгсөн гэж тайлбарласан ч өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй.

 

23. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3-т заасан үндэслэлгүй тул Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хариуцагч Н.О 203,367,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Ө, А.Г нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Ө, А.Г нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,966,885 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.БАТХУЯГ