| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2018/0119/Э |
| Дугаар | 141 |
| Огноо | 2018-02-14 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ш.Хосбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 141
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Т.Солонго,
Улсын яллагч Ш.Хосбаяр,
Шүүгдэгч Б.Энхбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Тогмид нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Б.Энхбаярт холбогдох эрүүгийн 1811000130047 дугаартай хэргийг 2018 оны 2 сарын 2-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Боржигин овогт Батбаярын Энхбаяр, 1986 оны 10 сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувийн алтны компанид жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, Дархан-Уул аймгийн Дархан сум, 7 дугаар баг, Хангамж 1 дүгээр гудамжны 22 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 16 дугаар гудамжны 749 тоотод түр оршин суудаг, урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:ТЯ86102913/.
Шүүгдэгч Б.Энхбаяр нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/
Б.Энхбаяр нь 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 16 дугаар гудамжны 749 тоотод Г.Алтангэрэлийг эхнэртэйгээ хардсаны улмаас зүүн гар руу нь төмрөөр цохиж, түүний эрүүл мэндэд “зүүн гарын атгаал ясны ил, зөрөөтэй хугарал” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Энхбаяр мэдүүлэхдээ: Би хөдөө ажлаасаа буугаад гэртээ ирээд хүүхэдтэйгээ юм яриад сууж байтал манайд танихгүй хүн орж ирээд юу байна гэхээр нь би сайн танихгүй байсан болохоор би чамайг сайн танихгүй байна гэж хэлсэн. Тэгтэл чи намайг яахаараа таньдаггүй юм гэж хэлээд гараад явсан. Тэрний өмнө би эхнэртэйгээ нүүрс хийх талаар маргалдаж байгаад эхнэр гараад явсан байсан. Тэгээд араас нь гараад очтол граж дотор тэр 2 инээлдээд зогсож байсан. Би “та 2 юу хийж байгаа юм бэ” гэж асуухад “чамд ямар хамаатай юм” гэж хариулсан. Тэгээд маргаан эхэлж нүүр рүү нь 2 удаа цохисон. Гараад явахаар нь турбагаар араас нь цохичихсон юм гэсэн мэдүүлэг.
Хохирогч Г.Алтангэрэлээс Мөрдөн байцаалтын шатанд хохирогч болон гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-6, 11-13/, Б.Энхбаярын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-7, 28-29/, гэрч Д.Мөнхдэлгэрийн мэдүүлэг /хх-14-16/, гэрч Д.Энхжаргалын мэдүүлэг /хх-17-18/, гэрч Б.Энхбатын мэдүүлэг /хх-19-20/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 621 дүгээр дүгнэлт, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-33, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-37/, хохирогчийн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаарх бичгээр гаргасан хүсэлт /хх-42/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.Энхбаяр нь 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 16 дугаар гудамжны 749 тоот хашаанд Г.Алтангэрэлийг эхнэртэйгээ хардан маргалдаж төмрөөр зүүн гар руу нь цохиж, зүүн гарын атгаал ясны ил, зөрөөтэй хугарал” бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь:
Хохирогч Г.Алтангэрэлийн /хх-11-13/ “..Би Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд мал малладаг бөгөөд манай эхнэр Цогзолмаа бие нь өвдөөд бид 2 Улаанбаатар хотод ирж манай эхнэр эмнэлэгт хэвтэн би Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны Булгийн 16-749 тоот нийтийн байранд байр түрээслэн амьдарч байгаа юм. Тэгээд 2017 оны 12 сарын 19-ний өдөр эхнэр, хүүхэддээ хоол хүргэж өгөөд ирсэн чинь манай гэрт манай хүүхдийг харж байсан манай эхнэрийн ах Нямдэлгэр архи уусан байсан юм. Тэгээд би тэр Нямдэлгэр ахыг хэнтэй архи уусан юм бол гэж хажуу өрөөний айлын хаалгыг тогшиж эхнэрээс нь “манай гэрт хүүхэд харж байсан ах маань архи уусан байна, чи хэнтэй архи уусан талаар хараагүй биз” гэж асуусан, тэгсэн чинь цаад талаас нь нөхөр нь гэх залуу босож ирээд “чи манай авгайтай явалддаг, би чамд сануулсан биз дээ” гэж хэлсэн юм. Тэгэхлээр нь би чи намайг хүнтэй андуураад байх шиг байна гэж хэлээд гадаа гарчихаад буцаж орж явсан чинь эхнэр нь гараж дотор нүүрс савлаж зогсож байсан. Би “манай гэрт хэн ирсэн бэ” гэж асууж зогсож байхад нөхөр нь орж ирээд “та хоёр юу хийж зогсож байна” гэж хэлээд уурлаад миний нүүр орчимд хоёр удаа гараар цохиод тэгээд би гарч явж байсан чинь миний араас миний зүүн гар луу труба төмрөөр цохисон юм. Тэгсэн чинь эхнэр нь аваад гэртээ орсон. Тухайн үед миний гараас цус гарч өвдөж байхаар нь цагдаагийн газарт хандаж ГССҮТ-д очиж оёдол тавиулсан юм.. Би тэр залууг бол сайн танихгүй өмнө ганц хоёр удаа л харж байсан. Манай нийтийн байранд өрөө түрээсэлдэг юм. Бид хоёр мэндийн зөрөөтэй л байдаг. Б.Энхбаяр намайг эхнэртэйгээ хардаад цохиж авсан юм..Би Б.Энхбаярын эхнэртэй ямар нэгэн харилцаа байхгүй. Нэг байранд байдаг гэдэг утгаараа юм асуух гэж орсон юм.. Б.Энхбаяр миний зүүн гарын тохой хэсэгт нарийн труба төмрөөр нэг удаа цохисон миний зүүн гарын дунд чөмгөний яс бяцарсан байна гэж эмч хэлсэн. Миний нүүр орчимд гараараа хоёр удаа цохисон миний нүүрэнд гэмтэл учраагүй. Б.Энхбаяр намайг цохих үед эхнэрээс нь өөр хүн байгаагүй. Гарынхаа гипсийг авхуулсан одоо өвчин зовиур гайгүй. Би эмчилгээний 100.000 төгрөг авсан. Надад санал гомдол байхгүй..” гэсэн мэдүүлэг,
Гэрч Д.Мөнхдэлгэрийн /хх-14-16/ Алтангэрэл манай өрөөний хаалгаар толгойгоо оруулаад манай нөхөр Энхбаярт хандаж “юу байна хөгшөөн гэсэн” юм. Тухайн үед манай нөхөр Энхбаяр бид хоёр хоорондоо муудалцаад сууж байсан юм. Тэгээд тэр уурандаа манай нөхөр Алтангэрэлд “миний юу хийх чамд ямар хамаатай юм” гэж хэлсэн чинь Алтангэрэл яваад өгсөн. Тэгээд удалгүй Алтангэрэл эхнэр хүүхэд рүүгээ эмнэлэг рүү хоол аваад явсан. Тэгээд удалгүй Алтангэрэлийн гэрт хүүхдийн харж байсан хүн өөр нэг хүнтэй архи ууж хэрүүл хийхээр нь би нөгөө хүнийг нь хөөж явуулсан юм. Тэгээд би нийтийн байрны гараж руу орж нүүрс янзалж байсан чинь гаднаас Алтангэрэл орж ирээд “манай гэрт юу болсон бэ, манай гэрт хүүхэд харж байсан хүн архи уучихсан байна” гэхээр нь би “танай гэрт нэг залуу ирээд танай хүүхэд хардаг хүнтэй архи уухаар нь би нөгөө залууг нь хөөж явуулсан” гэж яриад зогсож байхад гаднаас манай нөхөр Энхбаяр орж ирээд “та хоёр инээгээд ямар аз жаргалтай байна гэж хэлээд намайг Алтангэрэлээс хардаад Алтангэрэлийн нүүр орчимд 2 удаа гараараа цохисон, тэгэхээр нь би Алтангэрэлийг “чи яв” гэж хэлээд Алтангэрэл цаашаа хараад явж байсан чинь манай нөхөр гарааш дотор байсан турба төмрийг аваад Алтангэрэлийн зүүн гар луу нь нэг удаа цохисон юм. Тэгээд би Энхбаярыг аваад гэртээ орсон юм..Тэр хоёр сүртэй маргалдахаар юм болоогүй манай нөхөр Алтангэрэл бид хоёрыг цуг байгааг хараад намайг Алтангэрэлээс хардаж хэрүүл маргаан үүсгэсэн юм. Өөрөөр ямар нэгэн маргалдах зүйл болоогүй. Манай нөхөр их хартай намайг хүмүүсээс их харддаг юм..Манай нөхөр Энхбаяр болон Алтангэрэл хоёр хоёулаа архи уусан халамцуу байсан гэсэн мэдүүлэг.
Б.Энхбаярын гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-7, 28-29/ “..манай өрөөний хаалгыг нэг залуу нээж орж ирээд намайг танихгүй байна уу гэж асуухаар нь би чамайг танихгүй байна гэж хэлсэн юм. Тэгээд тэр залуу гараад яваад өгсөн. Араас удалгүй манай эхнэр нүүрс хийнэ гэж гарсан юм, тэгээд би удаагүй араас нь гарсан чинь тэр залуу манай эхнэртэй гараж дотор юм яриад зогсож байхаар нь би очиж “та хоёр юу хийж байгаа юм гэж асуусан чинь тэр залуу миний өөдөөс чамд ямар хамаатай юм” гэхлээр нь би тэр залуугийн нүүр орчимд нь 2 удаа гараараа цохисон, тэгээд гараад явж байхад нь газарт байсан шүүрний иш шиг нарийн труба төмрийг авч зүүн гарын тохой хэсэгт нь нэг удаа цохисон юм. Тэгээд манай эхнэр намайг гэртээ авч орсон юм.. Манай эхнэртэй цуг шөнө гарааш дотор хамт байхаар нь эхнэрийг тэр залуугаас хардаж цохисон юм. Өөр шалтгаан байхгүй. Урьд нь 2 удаа л уулзаж байсан манай нийтийн байранд өөрөө түрээсэлж амьдардаг Алтангэрэл гэх залуу байсан.. Би Алтангэрэлийн зүүн гарын тохойн хэсэгт нь нэг удаа нарийн труба төмрөөр цохисон юм. Нүүр орчимд нь зөөлөн хоёр удаа гараараа цохисон. Өөр газар нь бол цохиж зодоогүй..” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 сарын 28-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 621 дугаартай “Г.Алтангэрэлийн биед зүүн гарын атгаал ясны ил зөрөөтэй хугарал гэмтэл тогтоогдлоо. Энэ гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үйсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх 23/ шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, хорооны засаг даргийн тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хохирогчоос шүүхэд гаргасан “Энхбаярт ямар нэгэн гомдол саналгүй, шүүх хуралд суухгүй” гэж гараар бичиж ирүүлсэн хүсэлт зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Энхбаяр нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохиролын талаар маргаагүй бөгөөд хохирогч Г.Алтангэрэл гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн байна. Эдгээр нь мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт сайн дураар мэдүүлсэн мэдүүлэг, дээр дурдсан бусад нотлох баримтуудаар тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч Б.Энхбаярын Хохирогч Г.Алтангэрэлийн бие махбодид хүнд гэмтэл учруулсан санаатай үйлдлийг Эрүүгийн хуульд заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж үзэх тул түүнийг Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэн, Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Энхбаяр нь тохиолдын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өөрт холбогдох хэргийн улмаас учруулсан хохиролыг нөхөн төлсөн бөгөөд эрүүгийн хариуцлагийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүх хуралдааны шүүмжлэлийн шатанд улсын яллагч болон өмгөөлөгч нараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулах санал гаргасан зэргийг харгалзан шүүхээс шүүгдэгч Б.Энхбаярыг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Энхбаяр нь тодорхой эрхэлсэн ажилгүй, орлогогүй бөгөөд тэрээр 3-р сараас, 12-р сарын хоорондох хугацаанд сард 1.800.000 аас 2.000.000 төгрөгийн орлоготой гэж шүүхэд мэдүүлсэн тул түүнд оногдуулсан 10.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 20 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шүүх шийдвэрлэлээ.
Хохирогч Г.Алтангэрэл гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Энхбаяр нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигин овогт Батбаярын Энхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Энхбаярыг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Энхбаярт оногдуулсан 10.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеээс хойш 20 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Энхбаяр нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Б.Энхбаяр нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шүүгдэгч Б.Энхбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Энхбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР