| Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Модоогийн Мянганбаяр |
| Хэргийн индекс | 125/2024/0034/З |
| Дугаар | 125/ШШ2025/0004 |
| Огноо | 2025-01-17 |
| Маргааны төрөл | Тендер, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 125/ШШ2025/0004
2025 01 17 125/ШШ2025/0004
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мянганбаяр би даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “*******” ХХК,
Хариуцагч: Ховд аймгийн Засаг дарга нарын хооронд үүссэн тендерийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, гэрээ байгуулахыг даалгахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “*******” ХХК-нийн захирал *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* болон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. А/ Нэхэмжлэгчээс анх “Жаргалант сум, ******* айлын орон сууцны фасадны дулаалга, узель засварын ажил” ХОАХААГ/20240101151 дугаартай тендерийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох,
Б/ “Жаргалант сум, ******* айлын орон сууцны фасадны дулаалга, узель засварын ажил” ХОАХААГ/20240101151 дугаартай тендерийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
1.2. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулсан.
А/ “Жаргалант сум, ******* айлын орон сууцны фасадны дулаалгын засварын ажил” ХОАХААГ/20240101151 дугаартай тендерийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, тендерийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг даалгах гэжээ.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессийн түүхийн талаар:
2.1. Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаар аймгийн 2024 оны батлагдсан төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн, 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 18/03 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар “Орон нутгийн хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөр арга хэмжээний жагсаалт” баталсны “IV.Их засвар” хэсэгт “Жаргалант сум, ******* айлын фасад дулаалга, узель засварын ажил”-ыг 2024-2025 онд 975.000.000 төгрөгийн төсөвт өртгөөр гүйцэтгэхээр баталсан.
2.2. Ховд аймгийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/732 дугаар захирамжаар уг төсөл арга хэмжээг гүйцэтгэгчийг шалгаруулах худалдан авах ажиллагааг 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн дотор зохион байгуулахыг Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс, Худалдан авах ажиллагааны газарт үүрэг болгосон.
2.3. Ховд аймгийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1/1801 дугаар албан бичгээр Жаргалант сум, ******* айлын фасад дулаалга, узель засварын 975.000.000 төгрөгөөс 75.000.000 төгрөгийн узель засварын ажлыг шууд гэрээ байгуулах замаар шийдвэрлэхээр болж, үлдсэн төсөвт багтаан фасад дулаалгын засварын ажил гүйцэтгэх тендер шалгаруулах ажлыг зохион байгуулахыг Худалдан авах ажиллагааны газарт мэдэгдсэн.
2.4. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/188 дугаар тушаалаар байгуулагдсан үнэлгээний хороо 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Жаргалант сум, ******* айлын фасад дулаалга засварын ажлын тендерийг үнэлж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр, бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д заасан хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчоор “*******” ХХК-нийг шалгаруулж, 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дүгээр “Гэрээ байгуулах эрх олгох тухай” дүгнэлт, мөн өдрийн 01 дугаартай зөвлөмж гарган, Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 11 сарын 22-ны өдрийн 726 дугаар албан бичгээр гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл хүргүүлсэн.
2.5. Нэхэмжлэгч “*******” ХХК нь 2024 оны 12 сарын 09-ний өдрийн 01/96 дугаар, 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/103 дугаар, 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 01/104 дугаартай албан бичгүүдээр тендерийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулахаар Ховд аймгийн Засаг даргад хандсан боловч Ховд аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1/3262 дугаартай албан бичгээр “...Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2024 оны 11 сарын 08-ны өдрийн А/98 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн 2024 оны 11 сарын 20-ны өдрийн 01 дүгээр дүгнэлт, саналаар уг тендерийн ажлын төсөв хасагдсан тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5-д зааснаар санхүүгийн эх үүсвэргүй болсон...” гэх мэдэгдэл хүргүүлсэн.
2.6. Нэхэмжлэгч “*******” ХХК нь 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч “*******” ХХК-нийн захирал ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Ховд аймгийн худалдан авах ажиллагааны газраас зарласан Жаргалант сум, ******* айлын фасадны дулаалга, узель засварын ажил ХОАХΑΑΓ/20240101151 дугаартай тендер шалгаруулалтад оролцож, тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн шийдвэрээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт зааснаар хамгийн сайн тендерээр шалгарч, Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 726 дугаар албан бичгээр гэрээ байгуулах эрх олгосон.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Шалгарсан оролцогч гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын зургаагаас доошгүй өдрийн дараа, захиалагчаас тогтоосон хугацаанд багтаан гэрээг баталгаажуулж, эх хувиар, эсхүл цахим системээр захиалагчид хүргүүлнэ" гэж зааснаар гэрээ байгуулах эрх олгосон өдрөөс хойш буюу 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс хойш захиалагчаас манай компанийн ажил гүйцэтгэх гэрээг баталгаажуулж ирүүлэх ёстой байсан боловч хуульд заасан хугацаанд гэрээ баталгаажуулж ирүүлээгүй тул энэ талаар Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсээс лавлахад манай компанитай гэрээ байгуулахгүй гэсэн.
Ингээд захиалагч буюу Ховд аймгийн Засаг даргын орлогч *******д 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гэрээ байгуулж хамтран ажиллах талаар хүсэлт гаргасан боловч бичгээр хариу өгөөгүй.
Энэ хугацаанд манай компаниас тендерийн ажлын гүйцэтгэлийн баталгаа болох 5148000 төгрөг байршуулсан. Улмаар 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр захиалагч Ховд аймгийн Засаг дарга *******д хандан 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр дахин гэрээ байгуулах хүсэлтээ дахин бичгээр гаргасан боловч бичгээр хариу өгөөгүй тул 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр аймгийн Засаг даргад хандаж уг асуудлаар шүүхэд хандаж эрхээ сэргээлгэх талаар мэдэгдсэн.
Ховд аймгийн Засаг даргын орлогч *******аас ажил гүйцэтгэх гэрээг манай компанитай байгуулахгүй байх шалтгаанаа "аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын байгуулсан ажлын хэсэг буюу Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хороогоор хэлэлцэж тухайн ажил хийлгэхгүйгээр хассан" гэж тайлбарлаж буй нь хууль бус гэж үзэж байна.
Тодруулбал Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлд тендер шалгаруулах, гэрээ байгуулах энэхүү харилцаанд захиалагчийн эдлэх эрх, хүлээх үүргийг тодорхойлон заасан ба захиалагчид "худалдан авах ажиллагааг батлагдсан төсөвт багтаан хуульд заасан хугацаанд зохион байгуулах, тус хуульд заасан хугацаанд ямар нэгэн шийдвэр гаргах, худалдан авах гэрээ байгуулах, гэрээнд заасан нөхцөлийн дагуу төлбөр тооцоог гүйцэтгэх эрх үүргийг хэрэгжүүлэхээс зааснаас бус "Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын байгуулсан ажлын хэсэг буюу Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хороогоор хэлэлцээд тухайн ажлыг хассан” гэх хууль бус үндэслэлээр гэрээ байгуулахаас татгалзах эрхгүй байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5-д захиалагчаас үл хамаарах шалтгаанаар бараа ажил үйлчилгээ худалдан авах санхүүжилтийн эх үүсвэргүй болсон бол гэрээ байгуулахгүй байж болох ба захиалагч Ховд аймгийн Засаг дарга нь өөрөө тус ажил гүйцэтгэх санхүүжилтийн эх үүсвэрийг хассан нь хууль бус юм.
Манай компани Жаргалант сум, ******* айлын фасадны дулаалга, узель засварын ажил ΧΟΑΧΑΑΓ/20240101151 дугаартай тендерийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, манай компанитай ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг даалгасан шийдвэр гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэхдээ тус тендерийн узель засварын ажлын 75.000.000 төгрөгийн ажлыг шууд гэрээ байгуулах замаар шийдвэрлэсэн тул бид уг асуудлаар маргахгүй.
Харин Жаргалант сум, ******* айлын орон сууцны фасадны дулаалгын засварын ажил гүйцэтгэх гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, гэрээ байгуулахыг даалгасан шийдвэр гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна гэв.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Анх 2024 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаж Ховд аймгийн 2024 оны төсөвт тодотгол хийж тус өдрийн 18/03 дугаар тогтоолоор 2024 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулж баталсан. Энэхүү нэмэлт өөрчлөлтөөр баталсан төсөвт Жаргалант сум, ******* айлын фасадны дулаалга, узель засварын ажлын 975.0 сая төгрөг батлагдсан. Уг төсөл арга хэмжээг хэрэгцээ шаардлагыг харгалзан аймгийн Засаг даргын захирамжаар багцалснаас 900.0 сая төгрөгийн ажлын тендер зарлагдсан. Учир нь 75.0 сая төгрөгийн узель засварын ажлыг шууд гэрээ байгуулах замаар шийдвэрлэсэн ба үлдсэн 900.0 сая төгрөгийг 2024-2025 онуудад он дамжуулан санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн.
Ингээд Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газарт ******* айлын фасадны дулаалга засварын ажил гүйцэтгэгчийг шалгаруулах тендер зарлагдаж, тендерийн үнэлгээний хорооны шийдвэрээр нэхэмжлэгч компани шалгарч, гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл хүргүүлсэн байсан.
2024 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд Ардчилсан нам олонх болж, аймаг орон нутгийн удирдлагууд солигдсон. Ингээд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/98 дугаар захирамжаар Төсөв, санхүү, эдийн засгийн хөгжлийн хороо байгуулагдаж, тус хорооноос 2024-2025 онуудад хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний талаарх мэдээлэл авч, он дамжин хэрэгжих төсөл арга хэмжээг хасахаар болж 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дүгээр санал дүгнэлт гаргасан.
Үүнийг үндэслэн Ховд аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1/2362 дугаар албан бичгээр “Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2024 оны 11 сарын 08-ны өдрийн А/98 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн 2024 оны 11 сарын 20-ны өдрийн 01 дүгээр дүгнэлт, саналаар уг тендерийн ажлын төсөв хасагдсан тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5-д зааснаар санхүүгийн эх үүсвэргүй болсон” гэх мэдэгдлийг хүргүүлсэн.
Тус төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх төсөв нь аймгийн 2025 оны төсөвт тусгагдаагүй.
3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн гаргасан тайлбарыг дэмжиж байна.
Нэгэнт 2025 оны төсөвт тус ажил гүйцэтгэх төсөв батлагдаагүй учир гэрээ байгуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгчээс “...уг тендерт манай компанийг хамгийн сайн тендер ирүүлсэн гэж үзэж уг ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгосон. Гэтэл хариуцагч Ховд аймгийн Засаг дарга нь тендерийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулахаас татгалзсан ба уг үндэслэлээ “...Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас байгуулсан ажлын хэсгийн санал дүгнэлтээр санхүүжилтийг хасах шийдвэр гаргаж, 2025 оны төсөвт тусгаагүй...” гэж хууль бус үндэслэлээр гэрээ байгуулахаас татгалзсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5-д захиалагчаас үл хамаарах шалтгаанаар бараа ажил үйлчилгээ худалдан авах санхүүжилтийн эх үүсвэргүй болсон бол гэрээ байгуулахгүй байж болох ба захиалагч Ховд аймгийн Засаг дарга нь өөрөө тус ажил гүйцэтгэх санхүүжилтийн эх үүсвэрийг хассан нь хууль бус...” гэх агуулгаар,
3. Хариуцагчаас “...Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын захирамжаар байгуулагдсан төсөв, санхүү, эдийн засгийн хөгжлийн хорооны 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дүгнэлт, саналаар Жаргалант сум, ******* айлын фасад дулаалгын засварын ажлын төсөв хасагдаж, 2025 оны төсөвт тусгагдаагүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5-д заасан захиалагчаас үл хамаарах шалтгаанаар санхүүжилтийн эх үүсвэргүй болсон...” гэх агуулгаар тус тус тайлбарлан маргасан.
4. Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/98 дугаар захирамжаар аймгийн орон нутгийн хөрөнгө оруулалтын ажлын явцад хяналт шалгалт хийх ажлын хэсэг байгуулж, ажлын хэсэг 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хуралдаж, он дамжин хэрэгжих төсөл арга хэмжээний явцын талаар хэлэлцэн, тэдгээр төслийг нарийвчлан судалж, аймгийн Засаг даргын 2024-2028 оны мөрийн хөтөлбөртэй уялдуулан зарим төсөл хөтөлбөрийн түр зогсоох, хасах байдлаар төсвийн ачааллыг бууруулахаар шийдвэрлэсэн.
5.Улмаар тус ажлын хэсэг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хуралдаж, аймгийн Засаг даргын 2024-2028 оны мөрийн хөтөлбөртэй уялдуулан Жаргалант сумын ******* айлын орон сууцны фасадын дулаалга засварын ажлын төсвийг хасах санал, дүгнэлт гаргасан.
6. Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/98 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдааны тэмдэглэл, гэрч *******ын “...Ховд аймгийн тухайн үеийн удирдлагууд аудитын дүгнэлтийг хүлээж авахгүйгээр дараа оны төсөв баталж, зарцуулж байсан тул үүнтэй холбоотой аудитын дүгнэлт ирсэн. Ингээд ажлын хэсэг байгуулагдан 2024-2025 онуудад хэрэгжүүлэх 27 төсөл, арга хэмжээг нэг бүрчлэн хэлэлцсэн. Түүний нэг нь ******* айлын фасад дулаалгын ажил байсан. ******* айлын орон сууц нь өөрөө гадна талдаа хөөсөн фасадтай хэрнээ дахин гадна талыг нь хөөсөн фасадаар дулаалахаар тендер зарласан байсан. Мөн хөөсөн фасад нь амархан шатах материал учраас Барилгын тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хуульд хэр нийцэж байгаа вэ гэдэг асуудлыг хэлэлцсэн. Ингээд тус ажлын санхүүжилтийг хасах саналыг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанд хүргүүлсэн...” гэх мэдүүлэг зэргээс үзэхэд ажлын хэсэг дээрх үндэслэлээр тендерийн ажлын санхүүжилтийн эх үүсвэрийг хасах тухай санал, дүгнэлт гаргасан байна.
7. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал, дүгнэлт гаргах, Хурлын тогтоол, шийдвэрийн биелэлтийг хянан шалгах чиг үүрэг бүхий Хурлын хороо байгуулан ажиллуулж Хурлын тасралтгүй, байнгын үйл ажиллагааг хангана” гэж зааснаас үзвэл хурлын хороо нь Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал дүгнэлт гаргах чиг үүрэгтэй байна.
8. Өөрөөр хэлбэл Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, хурлын тасралтгүй байнгын үйл ажиллагааг хангахаар байгуулагдсан, мөн хуулийн 45 дугаар зүйлийн 45.3-д зааснаар тухайн хуралд ажлаа тайлагнадаг Хурлын хорооны гаргасан санал, дүгнэлтийг үндэслэн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан төсөв хасагдсан нөхцөл байдал үүссэн гэж үзэхгүй юм.
9. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.4-д “аймгийн төсвийн төсөл, түүний тодотголын төслийг боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулах, төсвийн гүйцэтгэлийг зохион байгуулж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнах” гэж, Төсвийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д “тухайн шатны төсвийн төсөл, тодотголын төслийг боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулах, төсвийн гүйцэтгэлийг зохион байгуулж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд болон Зөвлөлд тайлагнах” гэж тус тус зааснаас үзвэл аймгийн Засаг дарга нь аймгийн төсвийн төсөл боловсруулах, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэн батлуулах эрхтэй байна.
10. Мөн Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.9-д “Засаг даргын өргөн мэдүүлснээр тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн төсвийг хэлэлцэж батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, гүйцэтгэлийг батлах”, Төсвийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.2-т “тухайн жилийн төсөв, түүний тодотголын төслийг хэлэлцэн батлах, хэрэгжилтэд хяналт тавих, нийтэд мэдээлэх” гэж тус тус зааснаас үзвэл аймгийн Засаг даргын өргөн мэдүүлсэн төсвийн төслийг хэлэлцэн батлах, нэмэлт өөрчлөлт оруулах эрхийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд олгосон байна.
11. Дээрх хуульд заасан аймгийн Засаг дарга болон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд олгосон бүрэн эрхээс үзэхэд тухайн шатны төсвийн төсөл боловсруулж хэлэлцэн батлах, түүнд өөрчлөлт оруулах эрх Засаг дарга болон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд олгосон байхад
12. Өөрөөр хэлбэл Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт Жаргалант сум, ******* айлын фасад дулаалгын засварын ажлын төсөв хасах эрхийг хуулиар олгоогүй, Засаг даргаас ирүүлсэн төсвийн төслийг хэлэлцэн батлах, өөрчлөлт оруулах эрхийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд олгосон байна.
13. Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуралдааны материалд хийсэн үзлэгээр Ховд аймгийн Засаг даргаас 2 удаа Ховд аймгийн 2025 оны төсвийн төслийг Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хүргүүлсэн, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2024 оны 11 сарын 25-ны өдрийн 1/2138 дугаар албан бичгээр хүргүүлсэн 2025 оны төсвийн төслийн “Аймгийн орон нутгийн хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөр арга хэмжээний жагсаалт”-ын “Урд оны үлдэгдлээс санхүүжих” төсөл арга хэмжээнд 900.000.000 төсөвт өртөг бүхий Жаргалант сум, ******* айлын фасад дулаалга, узель засварын ажил тусгагдсан хэрнээ дахин 2025 оны төсвийн төсөл хүргүүлэхдээ уг төсөл арга хэмжээг санхүүжүүлэх төсвийг хасаж хүргүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон.
14. Үүнээс үзэхэд аймгийн Засаг даргаас 2025 оны төсвийн төслийг Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хүргүүлэхдээ Жаргалант сум, ******* айлын фасад дулаалга, засварын ажлын төсвийг хасаж хүргүүлсэн, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 56 дугаар тогтоолоор аймгийн 2025 оны төсөв батлахдаа дээрх төсөл арга хэмжээний санхүүжилтийг хэлэлцэн батлаагүй байх тул нэхэмжлэгчийн “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5-д захиалагчаас үл хамаарах шалтгаанаар бараа ажил үйлчилгээ худалдан авах санхүүжилтийн эх үүсвэргүй болсон бол гэрээ байгуулахгүй байж болох ба захиалагч Ховд аймгийн Засаг дарга нь өөрөө тус ажил гүйцэтгэх санхүүжилтийн эх үүсвэрийг хассан нь хууль бус..” гэх тайлбар үндэслэлтэй байна.
15. Тодруулбал Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5-д заасан “захиалагчаас үл хамаарах шалтгаанаар бараа ажил үйлчилгээ худалдан авах санхүүжилтийн эх үүсвэргүй болсон” гэх нөхцөл байдал үүсээгүй байхад “...Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын захирамжаар байгуулагдсан төсөв, санхүү, эдийн засгийн хөгжлийн хорооны 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дүгнэлт, саналаар Жаргалант сум, ******* айлын фасад дулаалгын засварын ажлын төсөв хасагдаж, 2025 оны төсөвт тусгагдаагүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5-д заасан захиалагчаас үл хамаарах шалтгаанаар санхүүжилтийн эх үүсвэргүй болсон...” гэх үндэслэлээр нэхэмжлэгч “*******” ХХК-тай “Жаргалант сум, ******* айлын орон сууцны фасадны дулаалгын засварын ажил” ХОАХААГ/20240101151 дугаартай тендерийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, гэрээ байгуулахыг хариуцагч Ховд аймгийн Засаг даргад даалгах нь зүйтэй гэж үзлээ.
16. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн Засаг дарга /Засаг даргын Тамгын газраас/ 70200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийн 106.3, 106.3.4, 106.3.12 дахь заалт, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.МЯНГАНБАЯР