2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 192/ШШ2025/00424

 

2024 оны 01 сарын 20-ны өдөр

Дугаар 192/ШШ2025/00424

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ** дугаар хороо, Геологийн ** дүгээр гудамж, ** тоот хаягт оршин суух, Н овогт Ц-ийн Э /РД:ЙЭ******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, ** дүгээр хороо, Тохилог өргөө ** дугаар байр, ** тоот хаягт оршин суух, Б овогт П-ийн Э /РД:УМ********/-д холбогдох,

 

Цалин хөлс 1,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ц.Э,

Хариуцагч П.Э,

Гэрч Н.Э, Г.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Э нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Ц.Э би 2019 онд Баянгол дүүргийн ** дүгээр хороонд байрлах Номин төвийн байрны зүүн жигүүрийн нэг давхарт шатны доор буланд оёдол хийж эхэлсэн. Номин төв зүүн жигүүрээ хувь 25 хэсэгт хуваан зарсан. Дээрх 25 хэсгийг болон нийтийн эзэмшлийн талбайг П. Э хариуцаж байсан. Би 2022 оны 12 дугаар сараас цэвэрлэгчийн ажил давхар хийж эхэлсэн. 2023 оны 11 сарын 21-22-нд шилжих шөнө Номин төвийн зүүн жигүүрт гал гарсан. Гал гарснаас хойш 3 сарын дараа 2024 оны 1 сард ажил эхлэн хэвийн ажилдаа орсон. 2024 оны 4 сард цэвэрлэгчийн ажлаас үндэслэлгүй халж, миний түрээсэлж байсан шатны доод булангаас үндэслэлгүй хөөж гаргасан. Миний хувьд тус газар цэвэрлэгчээр орсон цагаасаа ажилдаа хариуцлагатай хандан цэвэрлэгээг маш сайн хийж байсан. 2023 оны 11 сараас хойш нээх хүртэл 3 сар нийтийн эзэмшлийн талбай цэвэрлэх, тус зүүн жигүүрийг нээх, хаах ажлыг хариуцан ажилладаг байсан. Энэ 3 сарын цалинг өгөөгүй юм. Миний нэг сарын цалин 500,000 байсан. Ажлаас хөөж, ажлын байргүй болгосон хүн захирал П.Э юм. Иймд би ажилдаа эрэн орж ажилгүй байсан хугацааны цалин, ажиллаж байх хугацаандаа авч чадаагүй 3 сарын цалин 1,500,000 төгрөг нөхөн төлүүлж, үндэслэлгүй хөөгдсөн ажлын байранд минь буцаан томилуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 онд Зүүн жигүүрт цэвэрлэгээ хариуцаж үйлчлэгчээр ажиллаж эхэлсэн ба 2023 он хүртэл ажилласан 2023 оны 11 сарын 21-22 нд шилжих шөнө гал гараад 2024 оны 1 сарын 25наас хэвийн ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд би шил шүүрдэх, хаалга хүмүүст онгойлгож хааж өгсөн, бас 3-4 уут хогийг Номингийн хогийн цэгт аваачиж өгөх зэргээр ажилласан, сард би 25 лангуу эзэмшигч нараас нийлээд 500,000 төгрөгийн хөлс ямар нэг суутгалгүйгээр авч ирсэн, 3 сарын хугацаанд зөндөө тусалж байхад хүний сэтгэл байхад ядаж 500,000 төгрөг бүүр байг гэхэд 300,000 төгрөг өгсөн ч баярлана шүү дээ, одоо би эргэж бол энэ хүмүүс үгүй гээд байхад яаж ажиллахав дээ мөнгөө л авна гэв.

 

2. Хариуцагч П.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: П. Э би Ц. Э-ийн нэхэмжлэлтэй танилцаад бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. П.Э би Ц.Э-г ажилд авч, хөдөлмөрийн гэрээ байгуулж байгаагүй ба өмчлөгч дундаасаа орлого бүрдүүлж Ц.Э нь Номин үйлчилгээний төвийн зүүн жигүүрийн үйлчлэгчийн ажлыг хөлсөөр гүйцэтгүүлж нэг сарын 500,000 төгрөг авч, нийтийн эзэмшлийн талбайг өмчлөгч тус бүрийн дундын хөрөнгөөр засварлан тохижуулж түрээслэдэг байсан. Миний бие БГД-ийн **-р хороонд байрлах Н ХХК-ийн байрын зүүн жигүүрийн үйлчилгээний зориулалттай 44, 33 тоот үл хөдлөх хөрөнгийг худалдан авч үйл ажиллагаа явуулдаг ба тухайн барилгын зүүн жигүүрийг 25 иргэн худалдан авч өмчилсөн тул бид дундаасаа сар бүр нэг өмчлөгчөөс 35,000 төгрөг хурааж, дохиолол, хамгаалалт, дулаан, цахилгаан, засварын зардал, үйлчлэгчийн цалинд зарцуулдаг бөгөөд тухайн иргэнээр цэвэрлэгээ, үйлчилгээ хийлгэх, цалин өгөх ажлын П. Э би хариуцан зохион байгуулдаггүй болно. 2024 оны 11 сард тус үйлчилгээний зүүн жигүүрт гал гарч үйл ажиллагаа хэвийн явагдах боломжгүй болсон тул Ц.Э цэвэрлэгээ үйлчилгээ хийгээгүй тул харилцаа дуусгавар болсон. Тухайн барилгад засвар, үйлчилгээ хийгдэж 2024 оны 02 сарын сүүлээр үйл ажиллагаа хэвийн явагдах боломжтой болсон тул өмчлөгч дундаа өөр үйлчлэгч тухайн хугацаанаас авсан болно. Ц.Э-ийн түрээслэж байсан талбай нь өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээгүй нийтийн эзэмшлийн талбай буюу шатны доод зайг өмчлөгчид дундын хөрөнгөөрөө засварлаж тохижуулсан ба Ц.Э нь 2024.02.19-ны өдөр тухайн талбайг 2024.04.01-ны өдөр чөлөөлж өгнө, түрээсийн төлбөрөөс чөлөөлж өгөхийг хүссэн өргөдлийг өгсөн тул албадан хөөж гаргасан зүйл байхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэв.

 

Хариуцагч П.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023-11 сарын 23 нд шатсан 2024-01-27 нд үйл ажиллагаа эхэлсэн, энэ хугацаанд бид өөрсдөө цэвэрлэгээ хийснээс Э эгч цэвэрлээгүй, за 7 хоног л хаалга үүд нээсэн байх гэхдээ бидний түлхүүрийг гаргаж өгөлгүй тэгээд биднийг чирэгдүүлээд бид түлхүүрийн голоо сольцгоож байж л нэвтэрсэн. Би 25 хүний өмнөөс шийдвэр гаргадаг хүн биш бөгөөд сая нөгөө хэдээсээ 300,000 төгрөг өгөх боломжтой юу гэж групптээ асуутал үгүй гээд байна , шүүх шударга шийддэг байх гэж бодож байна огт ажиллаагүй байж ингэж болохгүй, харин санаж байгаагаар нэг л өдөр нөхөртэйгөө ирээд их цэвэрлэгээ хийдэг өдөр юм хум зөөгөөд унасан, тэгсхээд л явсан, ямар ч нийгмийн даатгал гэрээ энэ тэр хийгээгүй, өөрсдөө өөрт нь сард 30,000 төгрөг хийх замаар нийлүүлж 500,000 төгрөгийн хөлс өгдөг байсан юм гэв.

 

4. Нэхэмжлэгч талаас иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа зэрэг баримтыг шүүхэд ирүүлжээ.

 

5. Хариуцагчаас хариу тайлбар, Улсын бүртгэлийн Ү-2********6, Ү-2******6 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбарууд, Н.Э-ын 5******5 тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, П.Э-ы харилцах дансны хуулга зэргийг шүүхэд ирүүлсэн.

 

6. Шүүхээс Н.Э, Г.О нарыг гэрчээр асуусан.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2023 оны 11 сарын 21-22 нд шилжих шөнө гал гараад 2024 оны 1 сарын 25наас хэвийн ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд би шил шүүрдэх, хаалга хүмүүст онгойлгож хааж өгсөн, бас 3-4 уут хогийг Номингийн хогийн цэгт аваачиж хаях зэргээр ажилласан, сард би 25 лангуу эзэмшигч нараас нийлээд 500,000 төгрөгийн хөлс ямар нэг суутгалгүйгээр авч ирсэн, 3 сарын хугацаанд зөндөө тусалж байхад хүний сэтгэл байхад ядаж 500,000 төгрөг бүүр байг гэхэд 300,000 төгрөг өгсөн ч баярлана шүү дээ, одоо би эргэж бол энэ хүмүүс үгүй гээд байхад яаж буцаж ажиллах вэ одоо 3 сарын цалин 1,500,000 төгрөгөө авмаар байна гэв.

 

3. Хариуцагч П.Э нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Миний бие БГД-ийн **-р хороонд байрлах Н ХХК-ийн байрын зүүн жигүүрийн үйлчилгээний зориулалттай 44, 33 тоот үл хөдлөх хөрөнгийг худалдан авч үйл ажиллагаа явуулдаг ба тухайн барилгын зүүн жигүүрийг 25 иргэн худалдан авч өмчилсөн тул бид дундаасаа сар бүр нэг өмчлөгчөөс 35,000 төгрөг хурааж, дохиолол, хамгаалалт, дулаан, цахилгаан, засварын зардал, үйлчлэгчийн цалинд зарцуулдаг бөгөөд тухайн иргэнээр цэвэрлэгээ, үйлчилгээ хийлгэх, цалин өгөх ажлын П. Э би хариуцан зохион байгуулдаггүй болно. Би 25 хүний өмнөөс шийдвэр гаргадаг хүн биш бөгөөд сая нөгөө хэдээсээ 300,000 төгрөг өгөх боломжтой юу гэж групптээ асуутал үгүй гээд байна , шүүх шударга шийддэг байх гэж бодож байна огт ажиллаагүй байж ингэж болохгүй, харин санаж байгаагаар нэг л өдөр нөхөртэйгөө ирээд их цэвэрлэгээ хийдэг өдөр юм хум зөөгөөд унасан, тэгсхээд л явсан гэв.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаан дээр багасгасан буюу ажлын хөлсөнд 1,500,0000 төгрөгийг эсхүл ядаж хамгийн багадаа 300,000 төгрөг гаргуулах гэж тодорхойлсон.

Нэхэмжлэгч Ц.Э нь 2022 оноос Баянгол дүүргийн нутаг дэвсгэр ** дүгээр хороонд байрлах Н төвийн зүүн жигүүрийн нийтийн эзэмшлийн талбайг 25 лангуу өмчлөгч, эзэмшигч нартай тохиролцон цэвэрлэгээний ажлыг хариуцаж, сард 500,000 төгрөгийг тухайн өмчлөгч, эзэмшигч нараас хөлсөндөө авдаг байжээ.

5. Талууд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй болон сард 500,000 төгрөгийн хөлс төлдөг, авдаг байсан талаар, мөн 2023 оны 11 сарын 21-22 нд шилжих шөнө гал гарсан, эргэж 2024 оны 1 сарын 27 ний өдөр хэвийн ажиллаж эхэлсэн үйл явдалтай маргадаггүй. Харин нэхэмжлэгч нь 90 хоногийн турш хаалга үүд онгойлгож өгөхөөс эхлүүлээд зарим үед цэвэрлэгээ хийж, хог асгасан үндэслэлээр 1,500,000 төгрөгийн хөлс авах эрхтэй гэдэг бол хариуцагч 7 хоног өөрөө түлхүүр өгөхгүй байсны улмаас хаалга үүд нээж онгойлгож өгсөн, цэвэрлэгээ хийж байгаагүй, мөн ганцаараа хариуцагч хөлс төлөх үүрэг хүлээгээгүй гэж татгалздаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог хөдөлмөрийн гэрээ гэж тодорхойлсон.

Хөлсөөр ажиллах гэрээний хувьд ажиллагчийг ажлын байраар хангах, ажиллагчийн эрүүл мэнд, амь насанд аюулгүй, гүйцэтгэх ажлын онцлог шаардлагад нийцэхүйц байр, багаж, тоног төхөөрөмжөөр хангах үүргийг ажиллуулагч хүлээж байдаг нь энэ гэрээгээр ажил үүрэг гүйцэтгэгч нь дахин давтагдан хийж гүйцэтгэх, тодорхой орчин нөхцөл, хугацаа шаардсан ажил, үйлчилгээ үзүүлдэгтэй холбоотой бөгөөд ажиллагч, ажилтны хувьд ажлыг биечлэн гүйцэтгэх үүрэгтэй. Харин тогтмол ажлын байранд хийж гүйцэтгэх ажил мэргэжилтэй холбоотой харилцааг хөдөлмөрийн гэрээгээр зохицуулахаар хууль тогтоомжид заасан байх бөгөөд хөлсөөр ажиллах гэрээ нь мөн л дахин давтагдан хийх ажил үүрэгтэй холбоотой байгуулагддаг ч хөдөлмөрлөх гэрээний нэгэн адил ажлын байр, ажил, амралтын цаг, хөдөлмөрлөх нас гэх мэт хуулиар тусгайлсан журам баримталдаггүйгээрээ харилцан ялгаатай.

Гэрээний агуулга, зорилго, хүсэл зоригийн илэрхийлэлээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байна. Тодруулбал, гэрээний нэг тал болох ажиллагч нь гэрээгээр тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, нөгөө тал болох ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг харилцан хүлээсэн байна.

 

2023 оны 11 сарын 21-22 нд шилжих шөнө ажлын байранд гал гарсны улмаас хариуцагч тал болон бусад 24 лангуу эзэмшигч нар үйл ажиллагаагаа зогсоон 2024 оны 1 сарын 27 нийг хүртэлх хугацаанд ажиллаагүй байх ба Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт зааснаар  хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно. Гэрээ цуцлагдсанд хариуцагч буруугүй бөгөөд нэхэмжлэгч нь энэ хугацаанд цэвэрлэгээний ажил эрхлээгүй болохыг гэрч нарын мэдүүлэг нотолж байна. Түүнчлэн хариуцагч нь Баянгол дүүргийн ** дугаар хороо Үйлдвэрийн баруун бүс -1, М гудамж ** тоот павилоныг өмчилдөг байх ба тэрээр нэхэмжлэгчид сард /500,000 г 25 павилонд хуваахаар 20,000 төгрөг/ 20,000 төгрөг төлж цэвэрлэгээ хийлгэдэг байсан тул 1,500,000 төгрөг нэхэмжлэх үндэслэлгүй байгааг дурьдах нь зүйтэй.

Хэдийгээр хэрэгт өдөр бүр ажиллаж байснаа нотолж Ц.Э нь гар дэвтрээ гаргаж өгсөн боловч тухайн дэвтрийг үндэслэн 90 хоногийн турш Баянгол дүүргийн ** дугаар хороо Үйлдвэрийн баруун бүс -1, М гудамжинд байрлах ** павилоныг цэвэрлэж байсан гэж үзэх боломжгүй.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй, талуудын хооронд үүссэн маргаан гомдлоор авч хэлэлцэх хэргийн төрөлд хамаарахгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар 38,950 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                        ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 367 дугаар зүйлийн 367.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.Э-д холбогдох 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

   2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 38,950 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай. 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.                                   

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ