| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2018/0027/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/039 |
| Огноо | 2018-01-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Цогжавхлан |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 2018/ШЦТ/039
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Оюунтөгс
Улсын яллагч: Д.Цогжавхлан
Шүүгдэгч Б.Д нарыг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх саналтайгаар ирүүлсэн хэргийг тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Дд холбогдох эрүүгийн 1714002990001 тоот хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, Боржигон овогт Б.Д
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Б.Д нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутагт 2017 оны 11 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө иргэн Г.Цг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд
Шүүгдэгч Б.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 23 цагийн үед Ц ирээд хүнд зодуулчихлаа намайг зодсон хүмүүс гудамжинд явж байгаа гэхээр нь Цийн хамт очиход Г.Ц, Б, Э, Б нар цуг явж байхаар нь машинаас буугаад би Г.Цтэй зодолдож эхэлсэн. Г.Цг хэдэн удаа цохисноо санахгүй байна. Надад цохиулснаас болж Г.Цгийн нүд нь хавдсан байсан. Г.Ц нь намайг 3-4 удаа цохисон гэхдээ миний биед гэмтэл учраагүй...” гэх мэдүүлэг / хх-ийн 37-38 /
Хохирогч Г.Цгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 00 цагийн үед Эбаяр, Б, Б, Ц нарын хамт Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутагт Цийн найз Б.Дын үүдэнд очоод орох уу гэхээр нь би танихгүй айлд орохгүй гээд машинаас буугаад бид 4 гудамж уруудаад явж байтал араас Ц, Б.Д нар машинтай ирэхээр нь би эргээд хартал Б.Д нь миний баруун талын нүд рүү 2 удаа цохиж авахаар нь би зөрүүлж Б.Дыг 2-3 удаа цохиж бид 2 хоорондоо зодолдсон. Тэгээд бид хоорондоо эвлэрээд салсан... гэх мэдүүлэг / хх-ийн 17-20 /
Гэрч Г.Цийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Б.Дын гэрийн гадаа очиход машинаас Г.Ц, Б, Б нар буугаад гудамж уруудаад алхаж байтал Б.Д ирээд Г.Ц нар хоорондоо зодолдсон...гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 /
Гэрч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Хөх толгойд Б.Д гэх залуугийнд гэрт ирсэн Г.Ц айлруу орох уу гэхээр нь танихгүй айлд орохгүй гээд Г.Ц бид дөрөв гудамж уруудаад алхаж байтал Б.Д араас ирээд Г.Цг зодсон... гэх мэдүүлэг / хх-ийн 23-24/
Баянхонгораймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 сарын 30-ны өдрийн 645 дугаартай
1.Г.Цгийн биед тархи доргилт, баруун, зүүн нүдэнд цус хуралт, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүссэн байх боломжтой.
2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт... гэх дүгнэлт /хх-ийн 31-32 /
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 1-2/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 10-14/, шүүгдэгч Б.Дын хувийн байдлын талаар иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 39, 46/, шүүгдэгч Б.Дын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 48/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.
Хохирогч, гэрч, яллагдагч нарыг байцахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Д нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутагт 2017 оны 11 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө 00 цагийн үед иргэн Г.Цг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
шүүгдэгч Б.Дын... машинаас буугаад би Г.Цтэй зодолдож эхэлсэн. Г.Цг хэдэн удаа цохисноо санахгүй байна, цохиулснаас болж Г.Цгийн нүд нь хавдсан байсан....” гэх мэдүүлэг / хх-ийн 37-38/
хохирогч Г.Цгийн ... эргээд хартал Б.Д нь миний баруун талын нүд рүү 2 удаа цохиж авахаар нь би зөрүүлж Б.Дыг 2-3 удаа цохиж бид 2 хоорондоо зодолдсон.... гэх мэдүүлэг / хх-ийн 17-20 /
гэрч Г.Цийн ...Б.Дын гэрийн гадаа очиход машинаас Г.Ц, Б, Бнар буугаад гудамж уруудаад алхаж байтал Б.Д ирээд Г.Ц нар хоорондоо зодолдсон...гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 /
гэрч Б.Бийн ... Б.Д араас ирээд Г.Цг зодсон... гэх мэдүүлэг / хх-ийн 23-24/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 сарын 30-ны өдрийн 645 дугаартай “...Г.Цгийн биед тархи доргилт, баруун, зүүн нүдэнд цус хуралт, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүссэн байх боломжтой... гэх дүгнэлт /хх-ийн 31-32 / зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Б.Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Дыг ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Дд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Б.Дд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч Б.Дын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж , “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.
Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч Б.Дын 5724087734 тоот дансанд 470000 төгрөгийг орлоготой талаар Хаан банкны 2018.01.17-ны өдрийн орлогын баримт / хх-ийн 61-32/ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, шүүхээс оногдуулах торгох ял биелэгдэх боломжтой зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах шаардлагагүй гэж үзэх түүнд торгох ял оногдуулж, шүүгдэгч Б.Д нь шүүхээс оногдуулсан 450000 төгрөгийг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч шүүгдэгч Б.Дын эзэмшлийн “... самсунг маркийн гар утасыг ...”-ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Б.Дд буцаан олгож , уг хэргийн улмаас шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.
Хохирогч Г.Ц нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Даас нэхэмжлэх зүйлгүй, хохирол нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Д нь бусдад төлөх төлбөргүй болно.
Шүүгдэгч Б.Д нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Б.Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Дыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5-д зааснаар шүүгдэгч Б.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжэээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Дд оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Дд урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч Б.Д нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар шүүгдэгч Б.Дын эзэмшлийн “... самсунг маркийн гар утасыг ...”-ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Б.Дд буцаан олгосугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА