| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ширэндэвийн Бат-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2206058550065 |
| Дугаар | 2023/ДШМ/945 |
| Огноо | 2023-09-21 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | З.Хүслэн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 2023/ДШМ/945
2023 9 21 2023/ДШМ/945
Д.Чт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор З.Хүслэн,
шүүгдэгч Д.Ч, түүний өмгөөлөгч Ц.Нямцоож,
нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Батмандах даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/1063 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Чийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2206058550065 дугаар хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол овгийн Д.Ч, 1978 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, дасгалжуулагч мэргэжилтэй, “Ээрэм клуб”-ын хүндийн өргөлтийн багш ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 12-18 тоотод оршин суудаг, /РД:ЦГ78032810/,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 1999 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 393 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар эвлэрэн хэлэлцсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,
Д.Ч нь БНСУ-ын виз найдвартай гаргаж өгнө, элчин сайдын яаманд таньдаг хүн байгаа, 1 хүний визийг гаргаж өгөхөд 4.000.000 төгрөг шаардлагатай гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Одгэрэлээс 4.000.000 төгрөг өөрийн эх Ч.Оюунцэцэгийн эзэмшлийн Хаан банкны 5076017056 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,
БНСУ-ын виз найдвартай гаргаж өгнө, элчин сайдын яаманд таньдаг хүн байгаа гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 2022 оны 8 дугаар сарын 08- ны өдөр хохирогч Д.Түвшинтөгсөөс 4.000.000 төгрөгийг өөрийн эх Ч.Оюунцэцэгийн эзэмшлийн Хаан банкны 5076017056 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,
БНСУ-ын виз найдвартай гаргаж өгнө, элчин сайдын яаманд таньдаг хүн байгаа гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2022 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Д.Чинзаяагаас 4.000.000 төгрөгийг Д.Түвшинтөгсийн эзэмшлийн Хаан банкны 5076017056 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,
БНСУ-ын виз найдвартай гаргаж өгнө, элчин сайдын яаманд таньдаг хүн байгаа гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хохирогч Б.Даваахүү, Д.Баатартөмөр, Г.Энхмэнд нарыг төөрөгдөлд оруулан Хаан банкны 5076017056 тоот дансаар 12.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
БНСУ-ын виз найдвартай гаргаж өгнө, элчин сайдын яаманд таньдаг хүн байгаа гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хохирогч Б.Ууганбаярыг төөрөгдөлд оруулан, эх Ч.Оюунцэцэгийн эзэмшлийн Хаан банкны 5076017056 тоот дансаар 4.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгийг буцааж өгөхгүй гэсэн санаа зорилго, сэдэлтээр үйлдлээ хэрэгжүүлж бусдад 4.000.000 төгрөгийн хохирол учруулж, бусдад нийт 28.000.000 төгрөгийн хохирол учруулж, залилах гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Чийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Монгол овогт Д.Чийг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Чийг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Чт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Чоос нийт 4.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Ууганбаярт олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Д.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Чт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Ч давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Намайг нэр бүхий 7 иргэнээс нийт 28.000.000 төгрөгийг авсан асуудлаар цагдаагийн байгууллагаас шалгаж, прокуророос яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн ба шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн.
Би анхнаасаа нэр бүхий иргэдийг залилж, тэднийг хохироох санаа, зорилго агуулж, мөнгө аваагүй ба сайхан сэтгэлийн үүднээс өөрийн шавь Б.Анхзаяагийн хүсэлт, гуйлтын дагуу түүний төрөл, садангийн хүмүүст туслах зорилготой байсан. Гэвч надаас шалтгаалахгүй байдлаар тэдгээр 7 иргэнээс Б.Ууганбаяраас бусад 6 хүнийх нь виз гараагүйгээс бидний хооронд үл ойлголцол үүссэн.
Миний хувьд нэр бүхий иргэдээс авсан 28.000.000 төгрөгөөс:
2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 8.000.000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 7.000.000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 2.000.000 төгрөг, 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 3.000.000 төгрөг, 2023 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 2.000.000 төгрөг, 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 1.000.000 төгрөг, 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 500.000 төгрөг, 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 500.000 төгрөг тус тус буюу нийт 24.000.000 төгрөгийг хохирогч гэх хүмүүст өөрийн төрсөн эх Ч.Оюунцэцэгийн “Хаан банк” дахь 5076017056 тоот данснаас Б.Анхзаяагийн “Хаан банк” дахь 5075374994, 5018386001 тоот дансанд шилжүүлсэн.
Анхан шатны шүүхийн оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэх нь миний ажил, хөдөлмөрөө хэвийн хийхэд саад учруулахаар байна. Тодруулбал, миний бие нь багш, дасгалжуулагч мэргэжилтэй, хүндийн өргөлтийн спортоор хүүхэд, залуучуудад сургалт ордог, тэднийг гадаад, дотоодын томоохон тэмцээн, уралдаанд тогтмол бэлтгэж, оролцуулах ажил хийдэг. Үүнийгээ ч хэвийн хийж чадахгүй, цаашлаад надад итгэж, хичээллэж байгаа шавь нарын минь хичээл, сургалтын үйл ажиллагаа алдагдаж, хохирох нөхцөл бүрдэж байх тул оногдуулсан ялыг торгох ялаар сольж өгөхийг хүсэж, энэхүү гомдлыг гаргаж байна. Шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэрт заасан, тогтоосон хугацааны дотор төлөх болно.
Иймд гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Д.Чийн өмгөөлөгч Ч.Нямцоож тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Д.Чт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү гэсэн хүсэлттэй байна. Өөрөөр хэлбэл, хохирол, төлбөрийн хувьд нийт 7 иргэнээс 28.000.000 төгрөгийг авсан. Үүнээс 24.000.000 төгрөгийг нэр бүхий 6 хохирогчийн хохирол, төлбөрийг бүрэн төлсөн. Хохирогч Б.Ууганбаярын хохирол, төлбөрийг төлөхөө илэрхийлж байгаа. Хохирогч нарын хувьд ч шүүх хуралдаанд оролцдоггүй, “гомдол саналгүй” гэсэн байр суурийг илэрхийлдэг. Иймд эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Прокурор З.Хүслэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Чийг залилах гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцож, 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Тус ялыг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. ...” гэсэн зарчмыг үндэслэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шалтгаан нөхцөл, учруулсан хохирол зэргийг харгалзан анхан шатны шүүхээс нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулсан. Анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцсон прокурорын зүгээс уг ялыг эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, хохирол, хор уршиг төлөгдөөгүй зэрэг шинж байдлуудыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Чийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Д.Чийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Д.Ч нь БНСУ-ын виз найдвартай гаргаж өгнө, элчин сайдын яаманд таньдаг хүн байгаа, 1 хүний визийг гаргаж өгөхөд 4.000.000 төгрөг шаардлагатай гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Одгэрэлээс 4.000.000 төгрөгийг өөрийн эх Ч.Оюунцэцэгийн эзэмшлийн Хаан банкны 5076017056 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,
2022 оны 8 дугаар сарын 08- ны өдөр хохирогч Д.Түвшинтөгсөөс 4.000.000 төгрөгийг өөрийн эх Ч.Оюунцэцэгийн эзэмшлийн Хаан банкны 5076017056 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,
2022 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Д.Чинзаяагаас 4.000.000 төгрөгийг Д.Түвшинтөгсийн эзэмшлийн Хаан банкны 5076017056 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,
2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хохирогч Б.Даваахүү, Д.Баатартөмөр, Г.Энхмэнд нараас Хаан банкны 5076017056 тоот дансаар 12.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хохирогч Б.Ууганбаярыг төөрөгдөлд оруулан, эх Ч. Оюунцэцэгийн эзэмшлийн Хаан банкны 5076017056 тоот дансаар 4.000.000 төгрөгийг шилжүүлэн авч бусдад нийт 28.000.000 төгрөгийн хохирол учруулж, залилах гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 39/, Хаан банкны дансны хуулга /1хх 28, 30, 33/ зэрэг нотлох баримтууд болон,
хохирогч Б.Одгэрэлийн “...Чинзоригтой уулзахад бид нарт “та нарын виз гарахгүй байна гэж айх хэрэггүй, би хамгийн найдвартай Солонгосын элчинд ажилладаг төлөөлөгч найзтай хүн, виз гарахгүй бол татгалзсан гэсэн хариу ч даруулахгүйгээр гадаад паспортыг чинь би буцаагаад аваад ирнэ, та нар бичиг баримтаа өнөөдөр надад мөнгөтэйгөө хамт өгөх хэрэгтэй” гэсэн. Тэгэхээр нь би 12.000.000 төгрөг өгсөн. ...” /1хх 9-10, 160/,
хохирогч Б.Даваахүүгийн “...Чинзоригтой уулзахад “Виз гаргахад нөлөө бүхий албан тушаалтан найзтай, найдвартай гаргаад өгнө, паспорт дээр нь ямар ч тэмдэглэгээ хийхгүй” гэсэн. Тэгээд “надад данс байхгүй” гээд ээжийнхээ дансыг өгөхөөр нь би 12.000.000 төгрөгийг шилжүүлсэн . ...” /1хх 76/,
хохирогч Б.Ууганбаярын “...Би материалаа бүрдүүлж дуусаад 4.000.000 төгрөгийг шилжүүлсэн. ...” /1хх 99/,
хохирогч Д.Баатартөмөрийн “...Түвшинтөгс болон Чинзаяа нарын мөнгийг би өөрөөсөө гаргаж өгсөн. Түвшинтөгсөд би өөрөөсөө 4.000.000 төгрөг гаргаж өгөөд Түвшинтөгсөөр тус мөнгийг Чинзоригийн данс руу шилжүүлж байсан. ...” /1хх 160/,
хохирогч Г.Энхмэндийн “...Хадам аав, ээж гадаад руу явах гэж байсан тул тэдний 8.000.000 төгрөгийг өөрийн 4.000.000 төгрөгтэй нийлүүлээд нийт 12.000.000 төгрөг Чинзориг багшийн данс руу шилжүүлсэн. ...” /1хх 166-167/,
хохирогч Д.Түвшинтөгсийн “...Хадам ээж Одгэрэл “Солонгос улс руу гаргадаг хүн оллоо, чи бичиг баримтаа бүрдүүлээд миний хэлсэн данс руу мөнгөө шилжүүлээрэй” гэхээр нь 4.000.000 төгрөг шилжүүлсэн. ...” /1хх 170/,
хохирогч Б.Чинзаяагийн “...Нэг мэдэхэд Одгэрэл эгч “би чиний мөнгийг өгсөн, чи материалаа бүрдүүлээд өг” гэхээр нь би холбогдох материалаа бүрдүүлээд Одгэрэл эгчид өгсөн. ...” /1хх 173/,
гэрч Б.Анхзаяагийн “..Манай гэр бүлийнхэн бичиг баримтуудаа бүрдүүлээд нийт 20.000.000 төгрөг буюу нэг хүний 4.000.000 төгрөг урьдчилгаа болгож өгсөн. ...” /1хх 175/,
иргэний хариуцагч Х.Батбаярын “...Чинзориг надад 7 хүний визний материал өгсөн. Би нэг хүний материалыг 3.000.000 төгрөгөөр тохиролцож нийт 21.000.000 төгрөгийг өөрийнхөө дансаар дамжуулж авсан. Тэр 7 хүний 1 хүний виз гараад бусад нь гараагүй. Тэгээд би 15.000.000 төгрөгийг буцааж өгсөн. ...” /1хх 124, 181/,
яллагдагч Д.Чийн “...Надад хүмүүсийг залилах санаа, зорилго байгаагүй. Батбаяр виз гаргуулдаг компани ажиллуулдаг, Солонгосын элчинд ажилладаг эсэхийг нь би сайн мэдэхгүй байна. Би хохирогч нараас авсан мөнгөнүүдээс 15.000.000 төгрөгийг буцааж өгсөн. ...” /1хх 61, 92, 114, 120, 210/ гэсэн мэдүүлгүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн Д.Чийг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Д.Чийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Д.Ч давж заалдах гомдолдоо “...оногдуулсан ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Д.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх боломжгүй байна.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс Д.Чт оногдуулсан ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.
Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/1063 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Чийн “торгох ялаар сольж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/1063 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Чийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ