| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 128/2019/0464/З |
| Дугаар | 128/ШШ2024/1059 |
| Огноо | 2024-12-19 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 128/ШШ2024/1059
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Р.П /РД:/,
Хариуцагч: Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дэргэдэх Газар ашиглах, эзэмших эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл,
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,
Хариуцагч: Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба,
Хариуцагч: Улсын бүртгэлийн Ерөнхий газар,
Гуравдагч этгээд: “Ө” ХХК /РД:/ нарын хоорондын “...Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дэргэдэх Газар ашиглах, эзэмших эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хурлын “Ө” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны А/258 дугаар захирамжийн “Ө” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “Ө” ХХК-д олгогдсон 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Ү-22 тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын захирамжийн Р.Пд 0.001 га /100 м.кв/ газар олгосон шийдвэрийн дагуу гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгуулах, “Ө” ХХК-ийн газар эзэмших гэрээнүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Р.П, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, хариуцагч Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л, хариуцагч Улсын бүртгэлийн Ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, иргэдийн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Р.П нь “...Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дэргэдэх Газар ашиглах, эзэмших эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хурлын “Ө” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны А/258 дугаар захирамжийн “Ө” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “Ө” ХХК-д олгогдсон 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Ү-22 тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын захирамжийн Р.Пд 0.001 га /100 м.кв/ газар олгосон шийдвэрийн дагуу гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгуулах, “Ө” ХХК-ийн газар эзэмших гэрээнүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагаар маргаж байна.
2. Хэргийн үйл баримт, нотлох баримтууд:
2.1 Нэхэмжлэгч Р.Пгийн тухайд:
2.1.1 Сүхбаатар дүүргийн Засаг даргын 1995 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 147 дугаар захирамжаар Р.Пд Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, Иргэний бүртгэл мэдээллийн улсын төв архивын ард байрлах, 300 м.кв газрыг амины хашааны зориулалтаар ашиглуулахаар,
2.1.2 Нийслэлийн Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/226 дугаар захирамжаар Р.Пд Сүхбаатар дүүрэг, 8-р хороонд 0.01 га газрыг дэлгүүр, үйлчилгээний зориулалтаар ашиглуулахаар,
2.1.3 Р.П /РД:/-д Сүхбаатар дүүргийн 11-р хороо Иргэний бүртгэл мэдээллийн төв архивын ар талд орших хашаа байшинг хууль ёсны өмчлөгчөөр бүртгэж, 1999 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг олгосон,
2.1.4 Иргэн Р.Пгээс төрсөн оноо шүүхийн шийдвэрээр өөрчилсөн тул үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрчлүүлэх хүсэлтийг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн албанд гаргасны дагуу түүнд 2003 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Р.П / РД: /-д Сүхбаатар дүүргийн 11-р хороо Иргэний бүртгэл мэдээллийн төв архивын ар талд 24 м.кв талбайг үйлчилгээний зориулалтаар өмчлөх эрхийн Ү-22 дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон,
2.2 “Ө” ХХК-ийн тухайд:
2.2.1 Нийслэлийн Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/226 дугаар захирамжаар “Ө” ЗБН-д Сүхбаатар дүүрэг, 8-р хороонд 0.005 га газрыг үйлчилгээний зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэсэн,
2.2.2 2001 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/226 захирамжийг үндэслэсэн атлаа 144 м.кв газрын хэмжээгээр иргэн, аж ахуй нэгж байгууллагын газар ашиглах гэрээг нэг жилийн хугацаагаар,
2.2.3 2003 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр мөн дээр дурдсан А/226 дугаар захирамжийг үндэслэсэн атлаа 130 м.кв газрын хэмжээгээр иргэн, аж ахуй нэгж байгууллагын газар ашиглах гэрээг нэг жилийн хугацаагаар,
2.2.4 Нийслэлийн Засаг даргын 2004 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 541 дугаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” захирамжаар “Ө” ХХК-д 130 м.кв талбайг үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаагаар эзэмшүүлж, уг захирамжийг үндэслэн 0 дугаар газар эзэмших гэрчилгээг 5 жилийн хугацаагаар “Ө” ХХК-д олгон, газар эзэмшүүлэх гэрээг 130 м.кв газрын хэмжээгээр нэг жилийн хугацаагаар тус тус байгуулсан,
2.2.5 Нийслэлийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 423 дугаар захирамжаар “Ө” ХХК-д олгосон 130 м.кв талбайн хэмжээг 128 м.кв болгож 5 жилийн хугацаагаар үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлж, 2010 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 02 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож, гэрээг 130 м.кв газрын хэмжээгээр нэг жилийн хугацаатай байгуулсан байна.
2.3 Иргэн Р.Пгийн нэхэмжлэлээр, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2001 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 287 дугаар шийдвэрийн нэг дэх заалтаар “...Сүхбаатар дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт эзэмшүүлэхээр зөвшөөрөгдсөн 0.03 га газраас “Ө” ЗБНөхөрлөлийн барилга обьектыг нүүлгэн гаргасугай” гэж, 2 дох заалтаар иргэн Р.П нь “Е*******” ХХКомпанид холбогдуулан гаргасан газар чөлөөлж, 1140.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж,
2.4 Нийслэлийн шүүхийн иргэний давж заалдах шатны шүүхийн 2001 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 381 дугаар магадлалаар “...Сүхбаатар дүүргийн шүүхийн 2001 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 287 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг хүчингүй болгож” гэж,
2.5 Монгол Улсын Дээд шүүхийн 2001 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 3/2648 дугаар тогтоолоор Нийслэлийн шүүхийн магадлалыг үндэслэлтэй гэж тус тус шийдвэрлэжээ.
2.6 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 146 дугаар шийдвэрээр иргэн Р.Пгээс гаргасан “...Нийслэлийн Засаг даргад Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Иргэний бүртгэл мэдээллийн төв архивын ард 300 м.кв талбай бүхий газрыг Р.Пд эзэмшүүлэхийг даалгах, Нийслэлийн Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/226 дугаар захирамжийн “Ө” ЗБН-д олгосон 96 м.кв газар нь Р.Пд олгогдсон газартай давхацсан болохыг тогтоолгож, Нийслэлийн Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/226 дугаар захирамжийн “Ө” ЗБН-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын Нийслэлийн Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/226 дугаар захирамжийн “Ө” ЗБН-д холбогдох хэсгийг Нийслэлийн Засаг даргаас хэргийн нөхцөл байдлыг тодруулж, дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэсэн, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байгаа,
2.7 Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/258 дугаар “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай” захирамжаар “Ө” ХХК-ийн өмнө эзэмшиж байсан 128 м.кв газрын хэмжээг 156 м.кв болгон нэмэгдүүлж, үйлчилгээний зориулалтаар олгож,
Уг шийдвэрийг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 1467601859 /1864*******/ дугаар иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг “Ө” ХХК болон Нийслэлийн Газрын алба 5 жилийн хугацаатай байгуулан,10 дугаар сарын 31-ний өдөр 00******* дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон,
2.8 Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын шинжээч Д.Э*******, Д.Т*******, Ц.С******* нарын 2023/44 дугаар дүгнэлтээр “...маргаан бүхий газарт үзлэг хийхэд Р.Пгийн байшин 33 м.кв, мөн Нийслэлийн Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/226 дугаар захирамжаар олгосон 0,01 га газар нь газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй учир...зураглал үйлдэх боломжгүй”, “...Р.Пгийн газар болон “Ө” ХХК-ийн газруудыг давхцуулах боломжгүй”, “...Р.Пгийн барилга нь 33 м.кв, “Ө” ХХК-ийн барилга нь 130 м.кв, өргөтгөлд барьсан гэх барилга нь 11 м.кв талбайтай” гэж тус тус дүгнэжээ.
3.1 Нэхэмжлэгч Р.Пгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 1997 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар эзэмшсэн. 1995 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргаас 1994 оны Н.Б******* ерөнхийлөгчийн захирамжилсан захирамжийн дагуу цохол хийлгэж, газраа үзүүлж захирамж гарч амины эзэмшлийн хашаа байшин эзэмшиж байсан. 1999 онд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авсан. Би өөрийн найз эмэгтэйд өөрийн хашааны гадна талд 20 тонны контейнер тавиулсан. Түүний хүүхэд миний газрыг булааж, хашааг маань буулгаж оронд нь хашаа барьсан. Шүүхийн шийдвэрээр зөрчигдсөн эрхийг сэргээж байхад түүнийг биелүүлэхгүй байсанд нь гомдолтой байна” гэв.
3.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дэргэдэх газар ашиглах, эзэмших эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хурлын “Ө” ХХК-ийн холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд гэвэл 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 146 дугаар Р.Пгийн нэхэмжлэлтэй хэргийг шийдсэн шийдвэрийн дагуу газар ашиглах, эзэмших эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл хуралдаж Р.Пд шинэ акт гаргах ёстой байсан. Харин “Ө” ХХК-ийн газрын хэмжээг ихэсгэж, газар олгох шийдвэр гаргасан. Үүнийг хүчин төгөлдөр бусад тооцуулах шалтгаан нь захиргааны хэргийн анхан шатын шүүхийн шийдвэрийг биелүүлж газар ашиглах, эзэмших эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл хуралдах ёстой. Гэтэл өнөөдөр “Ө” ХХК-ийн 130 м.кв байсан газрыг 157 м.кв болгож захирамж гаргаж, газар эзэмших гэрээ байгуулж Р.Пгийн газрыг орхигдуулсан.
Нийслэлийн Засаг даргын 258 дугаар захирамжийн “Ө” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргахаар Нийслэлийн Засаг даргаас газар ашиглах, эзэмших эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн шийдвэрийг үндэслэж “Ө” ХХК-д уг захирамж гаргаж, газрыг нь олгосон гэх хариу тайлбар нотлох баримт шинжлэн судлах шатанд гарч ирнэ. Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх ёстой. 146 тоот шүүхийн шийдвэрт Р.Пгийн эрх ноцтой хөндөгдсөн байна. 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Ө” ХХК-д 50 м.кв газар, Р.Пд 172 м.кв газар олгосон байна. Уг захирамжийн дагуу Р.П нь газраа авах ёстой байсныг шийдвэрлээгүй орхигдсон нь төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаа гэдгийг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоосон. Газар ашиглах, эзэмших эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хуралдаж Р.Пг оролцуулалгүйгээр шийдвэр гаргахдаа 136 м.кв газар эзэмшдэг “Ө” ХХК-г 156 м.кв газар олгох хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Газар томруулах хүсэлт гаргаагүй байхад газар зохион байгуулалтын алба газрыг томруулж гэрээ байгуулаад байгааг шүүхээс хянан шийдвэрлэх байх.
Р.П 146 тоот шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар 2016 оноос хойш тасралтгүй хөөцөлдсөн. 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн Засаг даргад хандаж шүүхийн шийдвэрийг биелүүлж ажиллах чиглэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газраас удаа дараа хандсан. 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр “Ө” ХХК-д газар олгосон захирамж гарсныг мэдсэн. Тиймээс захиргааны шүүхэд 258 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Уг захирамжийг хүчингүй болгох үндэслэл нь тухайн үеийн иргэний шүүхийн шийдвэрүүд, захиргааны хэргийн шүүхийн шийдвэрүүдэд тогтоогдсон үйл баримтаар Р.П 172 м.кв газар эзэмших эрхтэй байсан болох нь харагддаг. Тиймээс 146 тоот шийдвэрийг биелүүлэх зайлшгүй шаардлагатай учраас нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгох ёстой гэж үзэж байна. Нийслэлийн Засаг дарга Ж.Н*******ын захирамжаар олгосон 172 м.кв газар нь 258 тоот захирамжаар 156 м.кв газар эзэмших эрх олж авсан газарт хамаарч байна. 146 тоот шүүхийн шийдвэр нь 226 дугаар захирамжийг биелүүлэх нь зүйтэй, Р.Пгийн эрхийг хамгаалж шинэ акт гаргах санаа болохоос “Ө” ХХК-ийн 130 м.кв газрыг 156 м.кв болгох шийдвэр биш. 258 дугаартай захирамжийг хүчингүй болгосноор Р.Пгийн эрх сэргэнэ гэж үзэж байна.
258 дугаартай захирамжийг хүчингүй болгох үндэслэл нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” гэж заасны дагуу ажиллах нь газар зохион байгуулалтын үүрэг. А258 дугаартай захирамжийг гаргахдаа Р.Пгийн газрыг шийдсэн бол шүүхэд нэхэмжлэл гаргаж, эрхээ сэргээлгэхээр маргахгүй байсан. Тиймээс 258 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү.
“Ө” ХХК нь 50 м.кв газар олгосныг 96 м.кв газар болгож нэмэгдүүлж гэрээ байгуулсан. 2001 онд газрын гэрээ байгуулахдаа 50 м.кв газар олгосон А226 дугаар захирамжийг дурдаж 144 м.кв газар эзэмших гэрээг хоёр жилээр сунгасан. 2003 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 130 м.кв болгож дахин гэрээ байгуулсан.
2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Ө” ХХК-д олгосон Ү-22 тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
146 тоот шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байхад 258 дугаар захирамжаар 156 м.кв газар олгосон. 156 м.кв газар нь 1997 оны А/226 дугаар захирамжаар “Ө” ХХК нь 50 м.кв газар авахдаа 160 м.кв талбайтай үл хөдлөх барьсан. Уг үл хөдлөх хөрөнгийг газар эзэмших, ашиглах түр гэрээ байгуулж үл хөдлөх хөрөнгө барихыг хориглосон гэрээнүүд хийсэн байхад аль хэдийн үл хөдлөх хөрөнгийг барьсан байсан. Газар эзэмших эрх үүсээгүй, газар эзэмших, ашиглах түр гэрээ гэрээтэй байх үедээ үл хөдлөх хөрөнгө барьсан нь хуульд нийцсэн эсэхийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна.
Газрын суурь 156 м.кв газартай бусдын эзэмшлийн газартай давхцаж байгаа учраас Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт бусдын эзэмшлийн газартай давхцалгүй байх гэж заасны дагуу бусдын эзэмшиж, ашиглах ёстой Засаг даргын захирамжтай газарт зөвшөөрөлгүй байшин барьсан учраас тухайн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгох нь хуульд нийцнэ гэж үзэж байна.
Нийслэлийн Засаг даргын 1997 оны 11 дүгээр зүйлийн 12-ны өдрийн А/226 захирамжийн дагуу Р.Пд олгосон 100 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож, гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл нь нийслэлийн Засаг даргын 1997 оны 11 дүгээр зүйлийн 12-ны өдрийн А/226 захирамжийн дагуу Р.Пд олгогдсон 100 м.кв газар буюу газар ашиглах, эзэмших эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлын тэмдэглэлд 172 м.кв газрыг эзэмших эрх олгогдсон захирамж хүчин төгөлдөр, энэ захирамжийг хүчингүй болгосон үйл баримт байхгүй. Р.Пд газрын гэрээ байгуулж, гэрчилгээ гаргуулж чадахгүй нөхцөл үүссэн нь төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаа гэдгийг шүүхээс дүгнэсэн учраас шаардах эрхтэй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан.
Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны “Ө” ХХК-тай байгуулсан 1997 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах гэрээ, 1999 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах гэрээ, 2001 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах гэрээ, 2003 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах гэрээнүүд нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэг, 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.7, 55.1.13 дахь хэсгүүдийг тус тус зөрчсөн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2 дахь хэсэгт зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн.
1997 оны А/226 дугаар захирамжаар Р.Пд 100 м.кв газар, “Ө” ХХК-д 50 м.кв газар олгосон байтал нийслэлийн газар зохион байгуулалтын алба “Ө” ХХК-д давуу байдал үүсгэж 1997 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах гэрээг байгуулахдаа А/226 дугаар захирамжаар олгосон 50 м.кв газрыг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж, зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр гэрээг байгуулсан.
1999 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах гэрээг үндэслэлгүйгээр сунгасан. 2001 оны 03 дугаар сарын 24-ний өдөр А/226 дугаар захирамжийг үндэслэж зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр 144 м.кв болгож гэрээ байгуулсан. Хууль зөрчиж барьсан үл хөдлөхийн талбайд нийцүүлж А/226 захирамжаар 150 м.кв газар авах ёстой юм шиг нийцүүлж нийслэлийн газар зохион байгуулалтын алба гэрээ байгуулсан. Эдгээр нөхцөлүүд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсгийг зөрчсөн, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.7, 55.1.13 дахь хэсэгт заасныг зөрчсөн.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба 1997 оны 11 дүгээр зүйлийн 12-ны өдрийн нийслэлийн Засаг даргын А/226 захирамжийн биелэлтийг хангаж Р.П, “Ө” ХХК-тай тэгш эрхийн хүрээнд газар эзэмших, ашиглах гэрээг байгуулах үүрэгтэй боловч нэг талд хэт үйлчилж “Ө” ХХК-тай дангаар хэлэлцэн тохирч, “Ө” ХХК-ийн хүссэн хэмжээгээр газар ашиглах эрх олгож, Р.Пгийн эрхийг дордуулж газар ашиглах гэрээ, гэрчилгээ олгоогүй нь 27 жилийн турш Р.П зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж маргаж байгаагаас харагдана гэж үзэж байна.
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхийн Р.Пгийн нэхэмжлэлтэй маргааныг шийдвэрлэсэн нэгдүгээр хавтаст хэргийн 176 дугаар талд хот байгуулалт, газар зохион байгуулалтын мэргэжлийн комиссын хурлын тэмдэглэлд иргэн Р.Пгийн газрын хэмжээ 172 м.кв газар болохыг тогтоож, 172*440 төгрөгөөр тооцож 75680 төгрөгийг төлүүлэхээр тогтоосныг харвал Р.П нь бодитоор ашиглаж байсан газраа эзэмшил ашиглалтдаа авахаар шаардах эрхтэй гэж үзэж байна. Р.Пгийн эзэмшиж, ашиглаж байсан газарт нийслэлийн газрын албаны дэргэдэх газар ашиглах, эзэмших эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл, нийслэлийн газар зохион байгуулалтын алба нь 1994 оны Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан нийслэлийн Засаг даргад олгогдсон эрх хэмжээнд халдсан, хууль бус үйлдэл гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2 дахь хэсэгт зааснаар илт хууль бус болохыг тогтоолгож өгнө үү” гэв.
3.3 Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийслэлийн Засаг даргын 1997 оны 11 дүгээр зүйлийн 12-ны өдрийн А/226 захирамжийн дагуу иргэн Р.Пд Сүхбаатар дүүргийн 8-р хороонд 100 м.кв газрыг дэлгүүр, үйлчилгээний зориулалтаар, “Ө” ЗБН-д 50 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар түр ашиглах эрхээр олгосон. Иргэн Р.Пд нийслэлийн Засаг даргын 1997 оны захирамжийн дагуу 100 м.кв газрыг түр ашиглах эрх олгосон боловч өнгөрсөн хугацаанд газар ашиглах гэрээ байгуулаагүй, газрын төлбөр төлөөгүй, мэдээллийн санд зургийг оруулаагүй байдаг. Мөн захирамжийн дагуу олгосон газартаа хашаа барьж тэмдэгжүүлээгүй, зориулалтын дагуу ашиглаагүй. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй учраас гэрээ байгуулах үндэслэлгүй нь тогтоогдсон.
“Ө” ХХК-д олгосон газрын тухайд нийслэлийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А423 дугаар захирамжаар Сүхбаатар дүүрэгт 128 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн. 2018 оны 01 дүгээр сард “Ө” ХХК нь газрын хугацаа сунгуулах хүсэлт ирүүлсний дагуу тус албаны дэргэдэх газар эзэмших, ашиглах эрх хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хурлаар хэлэлцүүлж, тус хүсэлт дэмжигдсэн. Иргэн Р.П нь газар эзэмших хүсэлт гаргасан эсэх нь тодорхойгүй, эрх ашиг нь хөндөгдөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
3.4 Хариуцагч Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийслэлийн Засаг даргын 2010 оны 423 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд үйлчилгээний зориулалтаар 128 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж шийдвэрлэсэн. Энэ хэргийг анхан болон давж заалдах шатны шүүхээр хэлэлцүүлж, давж заалдах шатын шүүхээс хэргийг буцаахдаа 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 146 дугаар шүүхийн шийдвэрийг нийслэлийн Засаг дарга биелүүлсэн эсэхэд дүгнэлт хийж давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.
2016 оны шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ Нийслэлийн Засаг даргын 2018 оны 258 дугаар захирамжаар “Ө” ХХК-д тус газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасан хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн мэтээр тайлбарлаж байна. Засаг даргын зүгээс Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн үйлдэл хийгээгүй. Нийслэлийн Засаг дарга Газрын тухай хууль, өөрийн чиг үүргийн хүрээнд нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас ирсэн албан бичгийг үндэслэж “Ө” ХХК-д газар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон. Тиймээс захиргааны актыг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
3.5 Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Ө” ХХК-г анх бүртгэхэд газрын албаны газар ашиглах эрхийн гэрчилгээтэй, 144 м.кв газрын эзэмших, ашиглах эрхийн гэрээ байгуулсан материалаа өгсөн. Газар эзэмших гэрчилгээг 144 м.кв газрын хэмжээгээр авсан байсан. Нотлох бичиг баримтын хүрээнд улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авсан” гэв.
3.6 Гуравдагч этгээд “Ө” ХХК-иас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 сарын 27-ны өдрийн 146 тоот шийдвэрээр манай компанийн эзэмшиж буй газрын хэмжээ өөрчлөлттэй байгаатай холбогдуулан газрын нарийвчлан хэмжиж, 156м² талбай бүхий болохыг тогтоож, Нийслэлийн засаг даргын 2018 оны 03 сарын 27-ны өдрийн А/258 тоот захирамжаар баталгаажуулж газар эзэмших гэрээ байгуулан гэрчилгээ олгосон. Манай компани нь зохих хууль дүрмийн дагуу газар эзэмшиж байгаа бөгөөд холбогдох газрын төлбөрийг тухай бүрд нь төлж үүргээ биелүүлсээр ирсэн. Иймд иргэн Р.Пгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3.7 Иргэдийн төлөөлөгч Б.А дүгнэлтдээ: “...Р.Пгийн эзэмшлийн газрыг зальт зан, хууль бусаар мөлжиж авсан “Ө” ХХК-д хуулийн дагуу хариуцлага тооцох ёстой. Мөн газрын алба, засаг дарга нарт хариуцлага тооцох хэрэгтэй. Настай хүнд хуулиар олгогдсон эрхийг нь эдлүүлмээр байна” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх энэ хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч Р.П*******гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:
Нэг. “...Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дэргэдэх Газар ашиглах, эзэмших эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хурлын “Ө” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
1.1 Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох үндэслэлээ “...захиргааны хэргийн анхан шатын шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүрээнд газар ашиглах, эзэмших эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл Р.Пгийн газрыг орхигдуулж, “Ө” ХХК-ийн газрыг нэмэгдүүлсэн нь хууль бус” гэж тайлбарласныг, хариуцагчаас эс зөвшөөрч “...2018 оны 01 дүгээр сард “Ө” ХХК нь газрын хугацаа сунгуулах хүсэлт ирүүлсний дагуу тус албаны дэргэдэх газар эзэмших, ашиглах эрх хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хурлаар хэлэлцүүлсэн, Р.П нь газар эзэмших хүсэлт гаргасан эсэх нь тодорхойгүй, эрх ашиг нь хөндөгдөөгүй” гэж маргав.
1.2 Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно”, 5.1.1-д “төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага”, 5.1.2-д “хууль тогтоомжийг биелүүлж, захирамжилсан шийдвэр гаргадаг Засгийн газрын бус бие даасан агентлаг, түүнтэй адилтгах нийтийн эрх зүйн бусад байгууллага”, 5.1.3-т “захиргааны чиг үүргийг хууль болон нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээд”, 5.1.4-д “үйлчилгээг нь нийтээс заавал хэрэглэдэг төрийн ба холимог өмчийн сургууль, эмнэлэг, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, тээвэр, эрчим хүчний зэрэг байгууллагын захиргаа”, 5.1.5-д “нутгийн өөрөө удирдах байгууллага болон шийдвэр, үйл ажиллагаанд нь захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахаар хуульд тусгайлан заасан байгууллага” гэж тус тус заасан.
1.3 Мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно”, 37.2-д “Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй” гэж заасан.
1.4 Хуулийн эдгээр заалтууд болон хариуцагч нэхэмжлэгч нарын тайлбар болон Нийслэлийн Газрын албаны даргын “Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн ажиллах журам, бүрэлдэхүүнийг батлах тухай” зөвлөл байгуулсан тушаал зэргээс үзвэл Нийслэлийн Газрын албаны дэргэдэх “Газар ашиглах, эзэмших эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл” нь бие даасан захиргааны байгууллага биш, харин Нийслэлийн газрын албаны дарга гэх захиргааны байгууллагад газрын асуудлаар шийдвэр гаргахад нь зөвлөн туслах чиг үүрэг бүхий тус байгууллагын дотоод зохион байгуулалтын нэгж бөгөөд энэ агуулгаараа тус зөвлөлийн гаргаж буй дүгнэлт нь захиргааны акт биш, захирамжилсан шинж агуулаагүй гэж шүүх үзэв.
1.5 Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана” гэж, 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж, 109 дүгээр зүйлийн 109.2-д “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч Р.Пгээс гаргасан “Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дэргэдэх газар ашиглах, эзэмших эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хурлын “Ө” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хоёр. Нэхэмжлэгчийн гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны А/258 дугаар захирамжийн “Ө” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
2.1 Нэхэмжлэгчээс маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах үндэслэлээ “...уг шийдвэрийг гаргахдаа “Ө” ХХК нь газраа нэмэгдүүлэх хүсэлт гаргаагүй байхад газрын хэмжээг нэмэгдүүлсэн нь хууль бус” гэж, хариуцагчаас эс зөвшөөрч “...Нийслэлийн Засаг дарга Газрын тухай хууль, өөрийн чиг үүргийн хүрээнд “Ө” ХХК-д газар нэмж эзэмшүүлэхээр шийдвэрлэн гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон” гэж маргав.
2.2 Хэрэгт цугларсан нотлох баримтууд тухайлбал “Ө” ХХК нь 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 01/29 дугаар албан бичгээр Нийслэлийн газрын албанд хандаж “...кадастрын зургийн дагуу 156 м.кв эзэмшиж буй талбайг гэрээнд тусган, газар эзэмших хугацааг сунгаж өгнө үү” гэх хүсэлт гаргаж, уг хүсэлтдээ кадастрын зураг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхийн 2001 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 287 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2001 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 381 тоот магадлал, Дээд шүүхийн 2001 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 3/2648 тоот тогтоол /эдгээр нь газар чөлөөлүүлэхээр гаргасан Р.П*******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон/ зэргийг хавсаргаж хүргүүлсэн,
2.3 Харин хүсэлтдээ, дээрхи Иргэний шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш гарсан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 146 дугаар шийдвэрийг хавсаргаж өгөөгүй байх ба уг шийдвэрээр иргэн Р.Пгийн “...Нийслэлийн Засаг даргад Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Иргэний бүртгэл мэдээллийн төв архивын ард 300 м.кв талбай бүхий газрыг Р.Пд эзэмшүүлэхийг даалгах, Нийслэлийн Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/226 дугаар захирамжийн “Ө” ХХК-д олгосон 96 м.кв газар нь Р.Пд олгогдсон газартай давхацсан болохыг тогтоолгож, Нийслэлийн Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/226 дугаар захирамжийн “Ө” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг шүүх шийдвэрлэхдээ “...”Ө” ХХК-д олгосон газрын хэмжээг нягтлан шалгаж, эзэмшил газар нь бусдын газартай давхцалтай эсэхийг тодруулах...”Ө” ЗБН /тухайн үеийн нэрээр/ нь 1999 оны 05 дугаар сарын 19-ний өдөр газар ашиглах гэрээний хугацаа сунгуулах хүсэлт гаргасан байхад үүнийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, “Ө” ЗБН-ийн эзэмшиж, ашиглаж буй газрын хэмжээг хуульд заасан ямар үндэслэлээр удаа дараа нэмэгдүүлж, өөрчилсөн нь тодорхойгүй...зэрэг нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр дахин шинэ акт гаргах нь зүйтэй” гэж дүгнэн түдгэлзүүлсэн байна.
2.4 Түүнчлэн тус шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 424 дүгээр “шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” захирамжаар дээр дурдсан 146 дугаар шийдвэрийг албадан биелүүлэхээр шийдвэрлэжээ.
2.5 Эдгээр үйл баримтуудаас үзвэл хариуцагч захиргаа шүүхийн шийдвэрт заасан, гүйцэтгэвэл зохих нөхцөл байдлыг нэг бүрчлэн бүрэн тогтоох үүргээ биелүүлэлгүйгээр зөвхөн “Ө” ХХК-ийн ирүүлсэн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 01/29 дугаар хүсэлтийг үндэслэн Нийслэлийн засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/226 дугаар захирамжаар олгогдсон 0,005 га газрын хэмжээг нэмэгдүүлж 156 м.кв болгосон нь хууль бус.
2.6 Өөрөөр хэлбэл шүүх нэхэмжлэгч Р.П******* болон “Ө” ХХК-ийн аль алины тухайд оролцоог нь хангаж тэдний тайлбар нотлох баримтуудыг үндэслэн шүүхийн шийдвэрт заасан тодорхойгүй нөхцөл байдлыг шалган тогтоож шийдвэрлэхийг даалгасан байхад нэхэмжлэгч Р.П*******г энэ үйл ажиллагаанд огт оролцуулахгүйгээр, тухайн газрыг бүхэлд нь “Ө” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, уг хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгч Р.Пгийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж шүүх үзэв.
2.7 Тухайлбал, “Ө” ХХК нь Нийслэлийн Газрын албанд хандаж 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 01/29 дугаар хүсэлт /уг хүсэлт нь156 м.кв эзэмшиж буй талбайг гэрээнд тусган, газар эзэмших хугацааг сунгаж өгнө үү гэх/ ирүүлснийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны А/258 дугаар захирамжаар “Ө” ХХК-ийн 128 м.кв газрын хэмжээг 156 м.кв болгож нэмэгдүүлсэн нь учир дутагдалтай, тухайн хүсэлт гаргасан цаг хугацаанд Р.П*******гийн газрын маргааны талаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарч хүчин төгөлдөр болсон тул захиргаанд нөхцөл байдлыг тодруулах үүрэг үүссэн гэж үзэхээр байна.
2.8 Энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно.” Гэж заасан үүргээ захиргаа зөрчсөн байх ба мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно.” гэж зааснаар тухайн маргааны улмаас эрх ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй этгээд Р.П*******г шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулалгүйгээр, нөхцөл байдлыг бүрэн тогтоолгүйгээр шийдвэрлэсэн нь хууль бус.
2.9 Түүнчлэн ямар хууль зүйн үндэслэлээр иргэн Р.П*******гийн шаардаж буй газрыг гуравдагч этгээдийн эзэмшилд бүхлээр нь олгож буй үндэслэлээ захиргаа нотлоогүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ч энэ талын нотлох баримтыг ирүүлээгүй, шүүх хуралдаанд “...Нийслэлийн Засаг дарга эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэсэн, “Ө” ХХК нь хүсэлтээ ирүүлсэн байсан, Р.П******* хүсэлтээ ирүүлээгүй” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, бодит үнэнд нийцэхгүй байна.
2.10 Мөн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын шинжээч Д.Э*******, Д.Т*******, Ц.С******* нарын 2023/44 дугаар дүгнэлтээр “...маргаан бүхий газарт үзлэг хийхэд Р.Пгийн байшин 33 м.кв, мөн Нийслэлийн Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/226 дугаар захирамжаар олгосон 0,01 га газар нь газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй учир...зураглал үйлдэх боломжгүй” гэж тодорхойлсон боловч захиргаа тухайн цаг хугацаанд шүүхийн даалгасны дагуу нөхцөл байдлыг бүрэн тогтоосны үндсэн дээр шийдвэрээ зөв гаргаагүйгээс гуравдагч этгээд нь уг газрын хэмжээг нэмэгдүүлж, улмаар газар дээрээ үл хөдлөх эд хөрөнгө барьсан болох нь тогтоогдсон болно.
Иймд дээрх үндэслэлүүдээр Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/258 дугаар захирамжийн “Ө” ХХК-д холбогдох хэсэг нь бодит нөхцөлд тохироогүй, зорилгодоо нийцээгүй буюу шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхээр Шүүгчийн захирамж гарсаар байхад Р.П*******г оролцуулахгүйгээр маргаан бүхий газрыг зөвхөн “Ө” ХХК-ийн гаргасан 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 01/29 дугаар хүсэлтэд үндэслэн тус компанид 156 м.кв газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль бус тул хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Гурав. Нэхэмжлэгчийн гаргасан “Ө” ХХК-д олгогдсон 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Ү-22 тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
3.1 Нэхэмжлэгчээс маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулах үндэслэлээ “...бусдын газарт зөвшөөрөлгүй байшин барьсан учраас тухайн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хүчингүй” гэж, хариуцагчаас эс зөвшөөрч “...газар эзэмших гэрчилгээг 144 м.кв газрын хэмжээгээр авсан байсан, нотлох бичиг баримтын хүрээнд улсын бүртгэлд бүртгэсэн” гэж маргав.
3.2 Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл “Ө” ХХК нь 2002 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, 100 айлд байрлах 144 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлэхээр мэдүүлэг гаргаж түүндээ 2001 оны 3 сарын 24-ний өдрийн “Иргэн аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах гэрээ”-г хавсаргасан ба уг гэрээнд Нийслэлийн засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/226 дугаар захирамжийн дагуу эзэмших эрхтэй болсон 144 м.кв газар гэж мэдүүлсэн нь зөрчилтэй, өөрөөр хэлбэл тус компанид нь дээрхи А/226 дугаар захирамжаар 144 м2 биш харин 0,005 га газар ашиглах эрхийг, 1997 оны 12 сарын 08-ны өдрийн газрын гэрээг 96 м.кв-аар хийсэн, газар эзэмших эрхийн гэрчилгээнд 0,01 га гэж тус тус тэмдэглэсэн нь хоорондоо илт зөрүүтэй байхад хариуцагч захиргааны байгууллага үүнийг нарийвчлан тодруулж шалгахгүйгээр мэдүүлэгт заасан 144 м.кв хэмжээгээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг олгосон нь хууль бус гэж шүүх дүгнэв.
3.3 Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн /1997 оны/ 10 дугаар зүйлийн 10.1-д “Бүртгэлийн байгууллага нь мэдүүлгийн бүрдэл дутуу, эсхүл мэдүүлэг гаргах үед тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч буюу эзэмшигчийн талаар маргаантай байвал уг мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж болно” гэж, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т “Улсын бүртгэгч нь дараах эрх, үүрэгтэй байна” гэж, 19.4.3-д “энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах” гэж заасныг тус тус зөрчсөн, энэ нь хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д зааснаар улсын бүртгэл “үнэн зөв, бодитой байх” зарчимд нийцэхгүй байна.
Иймд нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын газрын маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй, хэн нь хэдэн м.кв талбай бүхий газар эзэмших эрхтэй болохыг эрх бүхий, байгууллага албан тушаалтнаас эцэслэн тогтоогоогүй байхад Ү-22 дугаарт заасан 144 м.кв талбайгаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг “Ө” ХХК-д олгосон нь хууль зүйн үндэслэлгүй тул уг бүртгэл болон тухайн бүртгэлд үндэслэн олгосон 000626134 дугаар гэрчилгээг хүчингүй болгох нь зүйтэй.
Дөрөв. “...Нийслэлийн Газрын албаны “Ө” ХХК-тай байгуулсан 1997 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Иргэн, аж ахуй нэгж байгууллагын газар ашиглах гэрээ”, 2001 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах гэрээ”, 2003 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн иргэн аж ахуй нэгж байгууллагын газар ашиглах гэрээнүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
4.1 Хэрэгт авагдсан баримтуудаар, Нийслэлийн Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/226 захирамжаар “Ө” ЗБН-д 0.05 м.кв /50 м.кв/ газрыг үйлчилгээний зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэсний дагуу 1997 оны 12 дугаар сарын 08-ны өдөр “96” м.кв-аар, 2001 оны 03 дугаар сарын 24-ний өдөр “144” м.кв-аар, 2003 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр “130” м.кв-аар тус тус Нийслэлийн Газрын алба болон “Ө” ХХК хооронд “Иргэн, аж ахуй нэгж байгууллагын газар ашиглах гэрээ”-г тус тус байгуулжээ.
4.2 Шүүхийн энэ шийдвэрээр Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны А/258 дугаар захирамжийн “Ө” ХХК-д холбогдох хэсгийг хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн, уг захирамж гарснаар Нийслэлийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 423 дугаар захирамж эрх зүйн үйлчлэлгүй болсон тул эдгээр захирамжийг үндэслэн хийгдсэн газар эзэмших эрхийн гэрээний талаар шүүх тусад нь дүгнэх шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
4.3 Өөрөөр хэлбэл, “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” нь бие даасан захиргааны гэрээ биш, харин аливаа иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн хийгддэг, энэ агуулгаараа Нийслэлийн засаг даргын “Ө” ХХК-д газар эзэмших эрх олгосон 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/258 дугаар захирамжийг шүүх хууль зүйн үндэслэлгүй гэж шийдвэрлэснээр “Ө” ХХК-тай байгуулсан газар эзэмших гэрээнүүд эрх зүйн үйлчлэл, үр дагаваргүй, дангаараа оршин тогтнох боломжгүй.
Иймд “Ө” ХХК-ийн Нийслэлийн газрын албатай байгуулсан 1997, 2001, 2003 оны “иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах гэрээ”-нүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох талаар гаргасан шаардлага нь нэхэмжлэлийн үндсэн шаардлагын хүрээнд хангаж шийдвэрлэгдэж байгааг дурдах нь зүйтэй.
Тав. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Р.Пд 100 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
5.1 Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Р.П*******д газар эзэмших эрх олгосон Нийслэлийн Засаг даргын 1997 оны 11 дүгээр зүйлийн 12-ны өдрийн А/226 захирамж хүчин төгөлдөр тул гэрээ байгуулж гэрчилгээ олгох боломжтой” гэж, хариуцагчаас эс зөвшөөрч “...Р.Пд Нийслэлийн Засаг даргын 1997 оны захирамжийн дагуу 100 м.кв газрыг түр ашиглах эрх олгосон, гэрээ байгуулаагүй, газрын төлбөр төлөөгүй, мэдээллийн санд зургийг оруулаагүй тул гэрээ байгуулах үндэслэлгүй” гэж маргав.
5.2 Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл
Сүхбаатар дүүргийн Засаг даргын 1995 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 147 дугаар захирамжаар Р.Пд Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, Иргэний бүртгэл мэдээллийн улсын төв архивын ард байрлах, 300 м.кв газрыг амины хашааны зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэж, 1999 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг олгосон,
Харин Нийслэлийн Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/226 дугаар захирамжаар иргэн Р.Пд 0,01 га газрыг дэлгүүр, үйлчилгээний зориулалтаар гэрээгээр түр ашиглуулахаар шийдвэрлэсэн ба тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байгаа, тухайн газрын байршил болон хэмжээнд өөрчлөлт ороогүй нь тогтоогдов.
Харин, Иргэн Р.Пгээс төрсөн оноо шүүхийн шийдвэрээр өөрчилсөн тул үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрчлүүлэх хүсэлтийг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн албанд гаргасны дагуу 2003 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Р.П / РД: /-д Сүхбаатар дүүргийн 11-р хороо Иргэний бүртгэл мэдээллийн төв архивын ар талд 24 м.кв талбайг үйлчилгээний зориулалтаар 000094252 дугаар “эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн” гэрчилгээ олгожээ.
5.3 Газрын тухай хуулийн /1994 он/ 27 дугаар зүйлийн 27.1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн өмчийн газрыг энэ хуульд заасан хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр эзэмшүүлнэ”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сум, дүүргийн Засаг даргын томилсон албан тушаалтан тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгох, уг гэрээг улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заасан.
5.4 Хуулийн дээрхи заалтаас үзвэл Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж иргэн Р.Пд газар ашиглах эрх олгосон, уг захирамж хуулийн хүчин төгөлдөр байгаа тул тухайн шийдвэрийг үндэслэн иргэн Р.Птэй гэрээ байгуулах нь захиргааны байгууллагын үүрэг ба энэ тохиолдолд “газар ашиглах гэрээ байгуулаагүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгах агуулгаар тайлбарласан хариуцагчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй.
Иймд Нийслэлийн Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/226 дугаар захирамжийг үндэслэн иргэн Р.Пд 100 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэдийн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд “...Р.Пгийн эзэмшлийн газрыг зальт зан, хууль бусаар мөлжиж авсан “Ө” ХХК-д хуулийн дагуу хариуцлага тооцох ёстой. Мөн газрын алба, засаг дарга нарт хариуцлага тооцох хэрэгтэй. Настай хүнд хуулиар олгогдсон эрхийг нь эдлүүлмээр байна” гэсэн дүгнэлт гаргасан ба түүний дүгнэлт шүүхийн энэ шийдвэрээр дэмжигдэж байгааг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12, 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн /1994 он/ 27 дугаар зүйлийн 27.1, 32 дугаар зүйлийн 32.1, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн /1997 он/ 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Р.Пгийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/258 дугаар захирамжийн “Ө” ХХК-д холбогдох хэсэг болон “Ө” ХХК-д 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр олгосон Ү-22 тоот өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож, Нийслэлийн Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/226 дугаар захирамжийн дагуу Р.Пд 0.01 /100 м.кв/ газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Р.Пгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын “Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дэргэдэх Газар ашиглах, эзэмших эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хурлын шийдвэрийн 30 дугаарт “Ө” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.2, 45.2-д заасныг тус тус баримтлан шинжээчийн зардалд төлсөн 630,398 төгрөгийг хариуцагч Нийслэлийн Засаг дарга, хариуцагч Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газраас тус тус хувь тэнцүүлж гаргуулсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН