2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 192/ШШ2025/01189

 

2025 02 11   192/ШШ2025/01189

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Б сум, Б баг, Үйлдвэрийн район, ** тоотод байрлах Э ХХК /РД:*****/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн **-р хороо, Г-ийн гудамж, Ж хотхон, **-р хаусд байрлах П ХХК /РД:********/-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 45,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э

Гэрч Г.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Манай компани 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр П ХХК-тай Г2022-62 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ-г бичгээр байгуулсан. Тус гэрээгээр БНХАУ-ын Chaoyang үйлдвэрийн 14.00.R25 Е4 загварын 10 ширхэг, Уул уурхайн том оврын техникийн дугуй /Мining dump truck/-г худалдаж, худалдан авахаар 2022 оны 11 дүгээр сарын 23-ны дотор буюу 60 хоногийн дотор төлбөрийг бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон. Уг дугуйг манай компани А ХХК-иас худалдаж аваад Эрдэнэт хотод үйлдвэрийн хашаанд буулгасан байсан бөгөөд манай том оврын техникт хэмжээ таарахгүй байсан тул буцаах гэж байхад П ХХК-ийн ажилтан М.Б манай үйлдвэрийн байранд тухайн үед хэд хэдэн удаа ирж үзээд бидний шаардлагад нийцэх дугуй байгаа тул дахин тээврийн зардал гаргахгүйгээр бид танайхаас худалдаж авъя гэсэн санал тавьж худалдах худалдан авах гэрээнд П ХХК-ийн захирал Y Y-ang, М.Б нар гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулснаар 2022.09.29-ний өдөр дугуйг хүлээлцсэн акт үйлдэж шилжүүлэн өгсөн. Ингээд 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр П ХХК-ийн дэд захирал С.У-аас худалдан авсан 10 ширхэг дугуйны 7 ширхэгийг буцаан өгөх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн албан бичиг ирүүлсэн. Бидний байгуулсан Г2022-62 дугаартай гэрээний 3 дугаар зүйлийн 3.7-д Худалдан авагч нь барааг хүлээн авсны дараа бараанд илэрсэн чанарын доголдлыг 5 хоногийн дотор нийлүүлэгч талд мэдэгдэж уг чанарын доголдолтой барааны доголддлыг арилгах, доголдолгүй бараагаар сольж өгөхийг шаардах буюу буцаах эрхтэй талаар заасан. Гэтэл энэ нөхцөл байдал нь бидний нийлүүлсэн дугуй болох БНХАУ-ын Chaoyang үйлдвэрийн 14.00.R25 Е4 загварын, Уул уурхайн том оврын техникийн дугуй / Мining dump truck/ бөгөөд уг дугуй нь анхнаасаа үйлдвэрийн болон манай тээвэрлэлтийн явцад доголдол үүсэж ашиглах боломжгүй дугуй байгаагүй. Уг дугуйг худалдан авагч тал хүлээн аваад өөрсдийн автомашинд суурилуулж ашигласан байна. Уул уурхайн хүнд даацын автомашины дугуй нь зүсэлтэд тэсвэртэй буюу богино зайн эргэлтэд зориулагдсан, халалтад тэсвэртэй буюу нэг эргэлт хийхдээ илүү урт замыг туулах чадвартай зэрэг ашиглалтын олон янзын горимууд байдаг. Уг стандартын дагуу өөрсдийн нөхцөлд тохирсон дугуйны стандарт, шаардлага, хэмжээг П ХХК-ийн ажилтан хэд хэдэн удаа шалгаж 14.00.R25 Е4 загварын дугуйг тохирно гэж эхэлж хүсэл зоригоо илэрхийлсэн байдаг. П ХХК нь уг дугуйг угсарахад тохиромжтой техникт угсарч, ямар ашиглалтын нөхцөлд явуулж үйл ажиллагаа явуулах нь худалдан авагч талын эрхийн болоод сонголтын асуудал байх бөгөөд ашиглалтын буруугаас дугуй хавагнаж, буудсан нь чанарын доголдолтой бараа нийлүүлсэн гэж үзэх үндэслэл байхгүй. Худалдах худалдан авах гэрээний 3.8.д гүйцэтгээгүй үнийн дүнд хоног тутам 0.1 хувийн алданги тооцохоор заасан бөгөөд /1хоног=3,050,000 төгрөг/ Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасныг баримтлан алдангийг гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэлгүй тооцсон болно. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1,-т заасны дагуу гэрээний үндсэн төлбөр 30,500,000 төгрөг, алданги 15,250,000 төгрөг нийт 45,750,000 төгрөгийг П ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бичгээр гаргасан нэхэмжлэлээ дэмжинэ, Бидний хооронд Иргэний хуулийн 243,262 дугаар зүйлд заасан гэрээ байгуулагдсан 2022-09-29 ний өдөр дугуйг хүлээн авсан, 2023-08-09 ний өдөр манайх албан бичиг явуулсан, нөгөө талаасс 2023-10-04 нд хариу ирүүлсэн. Гэрээний 3.8 д зааснаар 0,1 хувийн алдангитай төлөөгүй дүн 30,500,000 төгрөгийн тал хувиар алданги тооцсон, 1 дугуй 3,050,000 төгрөг болно. Гэрээн дээр доголдолтой бол нөгөө талдаа 9/29 нөөс хойш 10/04 ний дотор ирүүлэх байсан ч эднийх 2022-10-22 нд бичиг ирүүлсэн. Чанарын доголдолгүй гэж үзэх ба гэрээгээр тохирсон тоо чанартай дугуй өгсөн угаасаа халалтад, зүсэлтэд тэсвэртэй дугуй гэж байдаг. Манайх бусдаас авсан дугуйгаа буцаах гээд байхад замд нь авахаар болоод шалгаад авсан, бидний хамт өгсөн каталог дээр ч гэсэн C1 зүсэлтэд тэсвэртэй дугуй бөгөөд хүлээн авахдаа шалгах ёстой байсан, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагчаас нэхэмжлэлийн хувийг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гардаж авсан боловч хариу тайлбар ирүүлээгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, энэ нэхэмжлэгч талын яриад байгаа зүйлс бүгд мэргэжлийн хэллэгтэй, бас худалдан авагч талдаа мэдээлэл бүрэн өгөөгүй. Зүсэлтэд тэсвэртэй байсан л гээд байдаг, манайд халалтад тэсвэртэй хэрэгтэй энийг мэргэжлийн этгээд л тогтоох байсан. Халалтад тэсвэргүй учраас буудаж хагарсан, 3 дугуйг нь зөв дугуйгаар А дээр очиж солиулсан, 5 дугуйны мөнгөөр бол эвлэрч болно. Гэрээний 3.4 т зааснаар эвдрэл гарвал арилгах ёстой, ийм л учраас 3 дугуйгаа солиод байдаг, нэхэмжлэлийн нотолсон ямар ч шинжилгээний дүгнэлт байхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Гэрч Г.Б шүүх хуралдаанд гэрчлэхдээ : ..А-аас дугуй авсан байсан, буцаах гээд байж байтал худалдан авнаа гээд 2 сарын хугацаатай авсан, Б 2 ч удаа үзсэн, авч яваад 10 аад хоногийн дараа 1 буудаж 2 хавагнасан гээд би А-тай холбож өгсөн .. гэв.

 

4. Нэхэмжлэгч талаас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 2022.08.29-ний өдрийн 287 дугаартай төлбөрийн даалгавар, 2022.09.29-ний өдрийн Г2022-62 дугаартай худалдах, худалдан авах гэрээ, П ХХК-д 300053 тоот данстай 10ш дугуй хүлээлцсэн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Э ХХК-ийн 2023.08.09-ний өдрийн 729/191 дугаартай албан бичиг зэрэг баримтыг шүүхэд ирүүлжээ.

 

5. Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, акт тогтоосон хуудас, фото зураг зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

6. Шүүхээс М.Б, Г.Б нарыг гэрчээр асууж, хэрэгт хавсаргасан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр П ХХК-тай Г2022-62 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ-г бичгээр байгуулсан. Тус гэрээгээр БНХАУ-ын Chaoyang үйлдвэрийн 14.00.R25 Е4 загварын 10 ширхэг, Уул уурхайн том оврын техникийн дугуй /Мining dump truck/-г худалдаж, худалдан авахаар 2022 оны 11 дүгээр сарын 23-ны дотор буюу 60 хоногийн дотор төлбөрийг бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон. Уг дугуйг манай компани А ХХК-иас худалдаж аваад Эрдэнэт хотод үйлдвэрийн хашаанд буулгасан байсан бөгөөд манай том оврын техникт хэмжээ таарахгүй байсан тул буцаах гэж байхад П ХХК-ийн ажилтан М.Б манай үйлдвэрийн байранд тухайн үед хэд хэдэн удаа ирж үзээд бидний шаардлагад нийцэх дугуй байгаа тул дахин тээврийн зардал гаргахгүйгээр бид танайхаас худалдаж авъя гэсэн санал тавьж худалдах худалдан авах гэрээнд П ХХК-ийн захирал Y Y-ng, М.Б нар гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулснаар 2022.09.29-ний өдөр дугуйг хүлээлцсэн акт үйлдэж шилжүүлэн өгсөн. Худалдах худалдан авах гэрээний 3.8.д гүйцэтгээгүй үнийн дүнд хоног тутам 0.1 хувийн алданги тооцохоор заасан бөгөөд /1хоног=3,050,000 төгрөг/ Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасныг баримтлан алдангийг гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэлгүй тооцсон болно. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1,-т заасны дагуу гэрээний үндсэн төлбөр 30,500,000 төгрөг, алданги 15,250,000 төгрөг нийт 45,750,000 төгрөгийг П ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

3. Хариуцагч П ХХК нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: .....Анхнаасаа дугуйг тайлбарлаж хэлээгүй, халалтад тэсвэргүй дугуй байсан, 3 дугуйг нь буцааж сольсон учир мөнгийг нь өгнө, бусдыг нь шинжилгээ хийх учиртай .. гэдэг.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Талуудын хооронд 2022 оны 9 дүгээр сарын 29 ний өдөр Г2022-62 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж уг гэрээгээр худалдагч Э ХХК нь Mining dump truck-н Chak yang 14.00 r 25 E4 стандартын 10 ширхэг дугуйг 30,500,000 төгрөгөөр худалдан авагч П ХХК-д нийлүүлж, төлбөрийг худалдан авагч нь 2022-11-23 ний өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцжээ.

2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 10 ширхэг дугуйг талууд харилцан хүлээлцсэн байх ба 10 ширхэг дугуйнаас 3 ширхэг дугуйг Э ХХК-д дугуйг анх худалдсан А ХХК-аас сольж өгсөн байна. Хэрэгт нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн хариуцагч П ХХК-н 2023-10-04 ний албан бичигтэй хариуцагч тал маргадаггүй байна. Уг албан бичигт 3 дугуйг сольсон талаар дурдаж, 5 дугуйны үнийг төлөх боломжтой гэжээ.

Гэрч М.Б-ыг хариуцагчийн хүсэлтээр асуусан ба тэрээр ..7 дугуй байгаа, 1 нь буудсан, 2 нь хавагнасан, 4 ширхэг зүгээр байгаа, 3 ширхэгийг нийлүүлсэн компани руу буцаасан .. гэж мэдүүлнэ.

Шүүхээс 2024-02-26 ний өдөр худалдсан гэх дугуй нь халалтад эсвэл зүсэлтэд тэсвэртэй эсэх, ямар шалтгааны улмаас хавагнаж, буудсан талаар тодруулахаар шинжээч томилсон боловч 2024-12-30 ний өдрийг хүртэл шинжээчийн дүгнэлт гараагүй, шүүхээс удаа дараа захирамжийн биелэлтийг шаардахад шинжээч нь хариуцагч талаас хариу өгөхгүй байгаа шалтгаанаар шинжилгээ хийхээс татгалзсан тул хэргийг 2025-01-15 ний өдөр сэргээсэн ба талууд гомдол гаргаагүй тул захирамж хүчин төгөлдөр болсон.

 

5. Талууд гэрээний дагуу Mining dump truck-н Chak yang 14.00 r 25 E4 стандартын 10 ширхэг дугуйг хүлээн авсан, гэрээний үнэ 30,500,000 төгрөг, 3 дугуйг нийлүүлэгч А ХХК нь сольж өгсөн талаар маргадаггүй, хариуцагч тал дугуйг халалтад тэсвэргүй байсан гэх шалтгаанаар төлөхөөс татгалздаг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар зохигчид өөрийн гаргасан шаардлага, татгалзлын үндэслэлээ нотлох үүргийг хуулиар хүлээдэг.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, ...худалдан авагч хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг байна.

Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан ба гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, хариуцагч нь эд хөрөнгийн доголдолтой байсан талаар маргаж байна.

Хариуцагч нь гэрээний дагуу үнэ болох 30,500,000 төгрөгийг төлөөгүй, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байгаа бөгөөд энэхүү үндэслэлээ дугуй нь чанарын шаардлага хангаагүй байсан гэж тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Э ХХК нь биет байдлын доголдолтой эд хөрөнгө шилжүүлэн өгсөн гэж татгалзлын үндэслэлээ тодорхойлж байна.

Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой  байхад түүнийг хүлээн авсан, 255.1.2-т аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдахаар заажээ. Өөрөөр хэлбэл хариуцагч П ХХК нь 2022 оны 09 сарын 29-ны өдөр гэрээний зүйл болох 10 ширхэг дугуйг хүлээн авсан байх бөгөөд энэ үедээ Mining dump truck-н Chak yang 14.00 r 25 E4 стандартын 10 ширхэг дугуйг халалтад бус зүсэлтэд тэсвэртэй дугуй гэдгийг мэдэх боломжтой байсан, нөгөө талаас гэрч М.Б-ын ..манайд өндөр дугуй хавирдаггүй, тэр нөхцөл байдал таарах юм байна, Түүнээс тэсвэртэй тэсвэргүйг нь мэдээгүй... гэх мэдүүлэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн .. хэмжээний хувьд таарч байсан, 14 радиусын гэдэг дээр маргаагүй , угсрахад таарч байсан, ..хүдрийн агууламж бүхий шороог хол зайд тээвэрлэдэг тул халалтад тэсвэртэй байх ёстой .. гэх тайлбар зэргээс үзэхэд хариуцагч нь эд хөрөнгийг хүлээн авах үедээ шалгаж авах үүргээ биелүүлээгүй байна гэж үзэхээр байна.

Энэ эрхээ хэрэгжүүлээгүй нь түүний худалдагчийн эсрэг шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзнэ.

Түүнчлэн хариуцагч нь худалдсан эд хөрөнгө доголдолтойн улмаас гэрээнээс татгалзаж, үр дагаврыг шаардаагүй атлаа энэ үндэслэлээр татгалзах нь үндэслэлгүй юм.

Иймд худалдах худалдан авах гэрээний үүрэгт хариуцагчаас гэрээний үнэ 30,500,000 төгрөгийг, гэрээний 3 дугаар зүйлийн 3.8 т алдангийн талаар харилцан тохиролцсон байх тул алдангид 30,500,000 төгрөгийн 0,1 хувь болох 30,500 төгрөгийг төлбөр төлөх 2022-11-23 наас шүүхэд нэхэмжлэл гаргасан 2023-11-24 нийг хүртэлх 361 хоногийн 11,010,500 төгрөг, нийт 41,510,500 төгрөгийг хариуцагч П ХХК-аас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас 365,502 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 386,700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт зааснаар хариуцагч П ХХК -аас 41,510,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,239,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

           

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас 365,502 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 386,700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ