2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 191/ШШ2025/01109

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 06 191/ШШ2025/01109

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ................ дүүрэг, .... дугаар хороо, .......... гудамж, .............. тоотод оршин суух, Э м овогт З С /РД:/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ................ дүүрэг, ... дугаар хороо, ...-р хороолол, ..... тоотод байрлах Т К ХХК /РД:/-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 34,650,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч З.С,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч З.С нь хариуцагч Т К ХХК холбогдуулан зээлийн үндсэн төлбөр 34,650,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: З.С би Т К ХХК-тай 2023 оны 9 сарын 22-ны өдөр №23-443 дугаартай Зээлийн гэрээ байгуулан тухайн үеийн ханшаар 10000 ам.доллар буюу 34650000 төгрөгийг сарын 6% хүүтэй, 6 сарын хугацаатайгаар 2024 оны 3 сарын 30-ны өдөр хүртэл зээлүүлсэн болно. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж баталсан.

2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тус компани нь зээл төлөх боломжгүй болсон тухай уулзаж мэдэгдсэн. Шалтгаан нь тус компанийн хувьцаа эзэмшигч нь гадаадын арилжааны данс дахь мөнгө байхгүй болсон гэж мэдэгдэн сураггүй алга болсон.

Зээлийн гэрээний хугацаанд зээлдэгч Т К ХХК нь огт хүүгийн төлбөр болон үндсэн зээлийн төлбөрийг барагдуулаагүй болно. Миний бие тус зээлийн гэрээний дагуу хүү, алданги зэргийг тооцуулахгүй зөвхөн үндсэн зээлийн төлбөр болох 34,650,000 төгрөгийг хариуцагч Т К ХХК-аас гаргуулан авах хүсэлтэй байна гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: Т К ХХК нь арилжаанд оролцдог бөгөөд арилжаанд оролцох санхүүгийн эх үүсвэрийг Т К ХХК дээр хувь хүмүүсээс зээл авч бүрдүүлж байсан. Ийнхүү "Т к ХХК нь санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор З.С 2023.09.22-ны өдөр 23-443 дугаартай зээлийн гэрээ байгуулж 2023.09.22-ны өдөр Т к ХХК-ийн голомт банкны 14051341114 тоот дансаар 20,000,000 /хорин сая/ төгрөг, 14,650,000 төгрөгийг тус тус зээлж нийт 34,650,000 төгрөгийг компанийн дансанд авсан. Хувь хүмүүсээс авсан зээл болон З.С зээлсэн 34,650,000 төгрөгийг Б.Э данс руу шилжүүлж, компанийн нийт хөрөнгө болох 6,8 сая ам.долларыг бүрдүүлсэн.

Гэтэл хувьцаа эзэмшигч Б.Э нь компанийн нийт хөрөнгө болох 6,8 сая ам.долларыг авч 2022.08.27-ны өдөр АНУ-ын Сеатл хот руу яваад буцаж ирээгүй бөгөөд ямар ч хэл сураггүй болсон. Уг асуудалтай холбоотойгоор манай компанийн зүгээс 2023.10.11-ний өдөр Т К ХХК-ийн хувьцаа эзэмшигч З.Х, Э.Т, Л.Н, Д.Э нар нь Т К ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Э холбогдуулан манай компанид хөрөнгө оруулалт хийсэн нийт иргэдийн мөнгийг залилан мэхэлж өөртөө авч компанид 6,8 сая ам.долларын хохирол учруулсан тул Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанд гомдол гаргасан бөгөөд одоогоор 230605455 дугаартай эрүүгийн хэрэг үүсэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.4.1.13 дахь хэсэгт оролцогч гэж ... иргэний нэхэмжлэгч гэнэ ... тус хуулийн 8.5 дугаар зүйлийн 8.5.1-д Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн ... иргэний 230605455 дугаартай эрүүгийн хэрэгт З.Сиргэний нэхэмжлэгчээр тогтоосон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 8.5.6-д Гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбогдолтой нэхэмжлэлийг тухайн эрүүгийн хэрэг шийдвэрлэгдээгүй байхад иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэхийг хориглоно гэж заасан.

Иймээс тус хэргийг эрүүгийн журмаар хянан шийдвэрлэх хүртэл дээрх нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй байх тул иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасны дагуу мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-т Уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэж заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү" гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, дансны хуулга зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

4. Хариуцагчаас цагдаагийн ерөнхий газрын албан тоот зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон: Үүнд: ... Т К ХХК-тай 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр №23-443 дугаартай Зээлийн гэрээ байгуулан тухайн үеийн ханшаар 10,000 ам.доллар буюу 34,650,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл зээлдүүлсэн. Зээлийн гэрээний хугацаанд зээлдэгч Т К ХХК нь огт хүүгийн төлбөр болон үндсэн зээлийн төлбөрийг барагдуулаагүй болно. Миний бие тус зээлийн гэрээний дагуу хүү, алданги зэргийг тооцуулахгүй зөвхөн үндсэн зээлийн төлбөр болох 34,650,000 төгрөгийг шаардаж байгаа гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг үгүйсгээгүй ч уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгуулах тухай тайлбар, хүсэлт гаргасан.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Зохигчийн хооронд 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч нь зээлдэгчид 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаатайгаар 10,000 ам.доллар зээлдүүлэхээр тохиролцож, нэхэмжлэгчээс 2023 оны 09 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд нийт 34,650,000 төгрөгийг хариуцагчийн данс руу шилжүүлсэн байна.

 

6. Талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд хариуцагч зээлийн гэрээний дагуу 34,650,000 төгрөгийг шилжүүлэн авсан, уг мөнгийг буцаан өгөх үүргээ биелүүлээгүй болохоо хүлээн зөвшөөрч маргаагүй.

 

7. Хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлүүлэх хүсэлтээ илэрхийлсэн тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ.

 

8. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүсжээ.

 

9. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

 

10. Нэхэмжлэгч зээлийн гэрээний дагуу 34,650,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэн өгсөн боловч хариуцагч нь шилжүүлэн авсан мөнгийг гэрээгээр тохирсон хугацаанд буцаан өгөх үүргээ биелүүлээгүй байна.

 

11. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ, Зээлийн гэрээний 2.1-д Зээлдэгч нь энэхүү гэрээний хавсралт 1-т заасан хуваарийн дагуу хүүний төлбөр болон үндсэн төлбөрийг саадгүй төлөх үүрэгтэй, 3.1.1-д Зээлдүүлэгч нь зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүү хүүг Хавсралт 1-т заасан хуваарийн дагуу төлөхийг шаардах эрхтэй гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь зээлийн үндсэн төлбөр 34,650,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

12. Хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 117 дугаар зүйлийн 117.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгуулах тухай хүсэлт гаргаж, үндэслэлээ тус компанийн хувьцаа эзэмшигч Б.Э нь компанийн нийт хөрөнгө болох 6,8 сая ам.долларыг авч 2022.08.27-ны өдөр АНУ-ын Сеатл хот руу яваад буцаж ирээгүй, Т К ХХК-ийн хувьцаа эзэмшигч З.Х, Э.Т, Л.Н, Д.Э нар нь Т К ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Э холбогдуулан манай компанид хөрөнгө оруулалт хийсэн нийт иргэдийн мөнгийг залилан мэхэлж өөртөө авч компанид 6,8 сая ам.долларын хохирол учруулсан тул Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанд гомдол гаргасан бөгөөд одоогоор 230605455 дугаартай эрүүгийн хэрэг үүсэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа, нэхэмжлэгч З.С нь тус хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон гэж тайлбарлаж, нотлох баримтаар Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөх байцаах албын 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 11/4-7052 тоот албан бичгийг гарган өгсөн.

 

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор зохицуулсан.

 

14. Нэхэмжлэлтэй холбоотой гэдгийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл бөгөөд нэхэмжлэгч хариуцагч хоёрын хоорондын харилцаанаас үүссэн маргаантай холбоотой гэж ойлгох ба тухайн асуудал нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй эсэхийг эрүүгийн журмаар шалгаж байгаа бол энэ ажиллагаа дуусах хүртэл иргэний журмаар гаргасан нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэх боломжгүй тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болно.

 

15. Т К ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь тус компанийн эд хөрөнгийг завшиж хохирол учруулсан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа нь энэхүү маргаан бүхий нэхэмжлэлтэй холбоогүй байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний харилцаанаас үүссэн асуудал эрүүгийн журмаар шалгагдаж байгаа юу гэх асуултад үгүй гэсэн хариулт өгсөн.

 

16. Иймд хариуцагч Т К ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 34,650,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч З.С олгох үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

17. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т К ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 34,650,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч З.С олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 331,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Т К ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 331,200 төгрөгийг гаргуулж, З.С олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ