| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 101/2024/08830/И |
| Дугаар | 192/ШШ2025/01581 |
| Огноо | 2025-02-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 192/ШШ2025/01581
2025 02 24 192/ШШ2025/01581
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ө аймгийн Х сумын Э багийн арцат дэнж, ** тоотод оршин суух Б овогт С-ын Д /РД:ЙР*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б дүүргийн **-р хороо, **-р байр, ** тоотод оршин суух Б овогтой М-ын Б /РД:УХ********/-т холбогдох,
22,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч С.Д,
Хариуцагч М.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.Д нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: С.Д би М.Б-тай 2021 оны 11-р сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөг, 11-р сарын 04-ний өдөр 1,000,000 төгрөгийг 5039526523 дансанд шилжүүлж, 2022 оны 04-р сарын 03-ны өдөр 4,000,000 төгрөгийг бэлнээр нийт 10,000,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй 3-аас 4 сарын хугацаатайгаар тохиролцон өгсөн 2021.12 сараас 2022.09 сар хүртэл нийт 10 сарын хүү алданги 4,560,000 төгрөгийг сар бүр хуваан шилжүүлсэн 2022.05.09-ны өдөр 5556206843 дансанд үлдсэн мөнгөнөөс 1,000,000 төгрөг шилжүүлсэн. 2023 оны 10 сарын 27-ны өдөр М.Б 2023.12.31-ний дотор үндсэн мөнгө 9,000,000 төгрөг барагдуулах, 6 сарын хүү болон 5,670,000 төгрөгийг 2024 оны 05 сар гэхэд сар бүр бага багаар барагдуулж өгнө гэсэн боловч өнөөг хүртэл өгөөгүй тул үндсэн мөнгө 9,000,000 төгрөг, 25 сарын 13,500,000 төгрөг, нийт 22,500,000 төгрөгийг хариуцагч М.Б-аас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч С.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 11 сард 6,000,000 төгрөг 6 хувийн хүүтэй, 2022 оны 4 сард 4,000,000 төгрөг өгсөн. Хүүгээ тохиролцсон, бид хоёр нэг дор ажиллаж байсан болохоор бид хоёр амаараа тохиролцсон. 4 жил гаран болж байна. Өөрөө нэг баталгаа гаргасан, тухайн баталгаа дээр сар болгон 1,000,000 гаруй төгрөг төлнө гэсэн. Эхний ээлжид 9,000,000 төгрөг төлж барагдуулна гэсэн боловч мөнгө өгөөгүй, тийм учраас шүүхэд хандаж байна. Хүүгээ тооцоолоод нийт 22,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.
2. Хариуцагч М.Б нэхэмжлэлийн хувийг 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гардаж авсан боловч хариу тайлбар ирүүлээгүй байна.
Хариуцагч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд болохоор яг нэхэмжлэгчээр 2021 оны 11 сард 6,000,000 төгрөг, 2022 онд 4 сая төгрөг, 10,000,000 төгрөг зээлсэн нь үнэн. Миний бага охин хүнд өвчтэй болж, 10 сард банкнаас цалингийн зээл аваад тэр мөнгө маань хүрэлцээгүй болохоор нь цуг ажиллаж байсан С.Д-аас мөнгө зээлсэн. Хүү гэж тохироогүй, хүү одоо яриад байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Хэргийн нотлох баримтад төлбөр мөнгө авсан гол нь миний зүгээс сар болгон төлбөр төлөөд явж байсан баримт бий нийт төлсөн баримт 5,560,000 төгрөг төлсөн. Нийт зээлсэн мөнгө 10,000,000 төгрөг. Шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа үнийн дүн бол арай хэтэрхий байна. Баталгаа гаргасан хугацаанд 9,000,000 төгрөгөө төлжиж болно. Олон жил цуг ажилласан. Тухайн үеийн 10,000,000 төгрөг одоогийн 10,000,000 төгрөг ямар байгаа билээ. Аль нэгэндээ хүндрэл учруулахгүй төлье гэж бодож байна гэв.
3. Нэхэмжлэгч талаас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, М.Б-ын 2023.10.27-ны өдрийн гараар бичиж өгсөн өргөдөл, М.Б-ын иргэний үнэмлэхний лавлагаа, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, иргэний үнэмлэхний хуулбар зэрэг баримтыг шүүхэд ирүүлжээ.
4. Хариуцагчаас иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: С.Д би М.Б-т 2021 оны 11-р сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөг, 11-р сарын 04-ний өдөр 1,000,000 төгрөгийг 5*******3 дансанд шилжүүлж, 2022 оны 04-р сарын 03-ны өдөр 4,000,000 төгрөгийг бэлнээр нийт 10,000,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй 3-аас 4 сарын хугацаатайгаар тохиролцон өгсөн. Үндсэн мөнгөнөөс 1,000,000 төгрөгийн төлөлт хийсэн, нийтдээ хүүд 4,580,000 төгрөгийг төлсөн. Би өөрөө хүүгээ тооцоод одоо 22,500,000 төгрөгийг нэхэмжилнэ гэв.
3. Хариуцагч М.Б нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зарим хэсгийг үгүйсгэсэн. Үүнд: Миний бага охин хүнд өвчтэй болж, 10 сард банкнаас цалингийн зээл аваад тэр мөнгө маань хүрэлцээгүй болохоор нь цуг ажиллаж байсан С.Д-аас мөнгө зээлсэн. Хүү гэж тохироогүй, хүү одоо яриад байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Хэргийн нотлох баримтад төлбөр мөнгө авсан гол нь миний зүгээс сар болгон төлбөр төлөөд явж байсан баримт бий нийт төлсөн баримт 5,560,000 төгрөг төлсөн. Нийт зээлсэн мөнгө 10,000,000 төгрөг. Шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа үнийн дүн бол арай хэтэрхий байна. Эвлэрлийн гэрээ байгуулаад хугацаа өгвөл одоо 9,000,000 төгрөг төлж болж байна, үгүй гэвэл авсан 10,000,000 төгрөгөөс төлсөн 5,560,000 төгрөгөө хасаад үлдэх хэсгийг төлнө гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
С.Д нь М.Б-т 2021 оны 11 дүгээр сарын 01 ний өдөр 6,000,000 төгрөгийг 5,000,000 төгрөг, 20211 оны 11 сарын 04 ний өдөр 1,000,000 төгрөгийг, 2022 оны 04 дүгээр сарын 03 ний өдөр 4,000,000 төгрөгийг зээлдүүлсэн байх ба тухайн үедээ талууд бичгээр гэрээ байгуулаагүй, улмаар 2023 оны 10 дугаар сарын 27 ний өдөр баталгаа гаргах зорилгоор бичиг үйлджээ. Энэхүү бичигт үндсэн төлөлтөөс 1,000,000 төгрөгийг төлсөн, үлдэх төлбөрийг 2023-12-31 нээс өмнө төлж барагдуулахаар, хүүд 5,670,000 төгрөгийг 2024-01 сараас 5 дугаар сар хүртэл хуваан төлөхөөр тохиролцжээ. Талууд 10,000,000 төгрөгийг зээлдүүлсэн, шилжүүлсэн дээр болон 5,580,000 төгрөг эргэн төлөгдсөнтэй маргахгүй, хариуцагч хүүтэй зээлээгүй гэж маргадаг.
Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн ба зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж зааснаар С.Д нь Хаан банкны 5********3 тоот дансанд 2021-11-01 ний өдөр 5,000,000 төгрөгийг, 2021-11-04 ний өдөр 1,000,000 төгрөгийг, үлдэх 4,000,000 төгрөгийг бэлнээр зээлдэгч М.Б-т хүлээлгэн өгчээ.
Уг зээлээс 5,580,000 төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн талаарх баримт хэрэгт авагдсан ба үндсэн зээл 9,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэв. Тодруулбал нэхэмжлэгч хариуцагчийн шилжүүлсэн гэх 5,580,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг гэрээний үндсэн төлбөрт тооцсон гэх тайлбарыг гаргаж байгаа учир зээлдүүлсэн 10,000,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг хасаж үлдэх хэсгийг төлөхөөр шийдвэрлэв. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1.-д Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж, мөн 282.3.-д Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж зааснаар 13,500,000 төгрөгийн хүүг нэхэмжлэгч шаардах эрхгүй байна.
Хэдийгээр хариуцагч 4,580,000 төгрөгийг гэрээний хүүд шилжүүлсэн байх боловч түүнийг зээлийн үндсэн төлбөрөөс хасахгүй ба 2023-10-27 ний өдөр хариуцагчийн нэхэмжлэгчид гаргаж өгсөн баталгаанаас үзвэл хүү төлөх тохиролцоо байгаагүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байх тул хэдийн хүүд төлөгдсөн төлбөрийг үндсэн 10,000,000 төгрөгөөс хасахгүй. Учир нь зохигч зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй боловч хариуцагч нь хүлээн зөвшөөрч хүү төлсөнөө буцаан шаардах эрхгүй ба энэ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 199 дүгээр зүйлийн 199.3-т Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй гэж заасантай нийцнэ.
Нэхэмжлэлийн үндэслэл болж буй талуудын байгуулсан зээлийн гэрээ нь 2021.11.01, 2021.11.04, 2022.04.03 ний өдрүүдэд байгуулагдсан ба энэ үед гэрээний харилцаа Иргэний хуулиар зохицуулагдаж байсан ба зээлийн харилцааг 2022.11.04-ний өдөр батлагдсан Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулиар тусгайлан зохицуулж, уг хуулийг 2023.03.01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болжээ. Уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 т Байнга, ашиг олох зорилгоор олгох мөнгөн зээлийн үйл ажиллагааг энэ хуульд заасны дагуу эрх бүхий этгээдэд бүртгүүлсний үндсэн дээр Монгол Улсын иргэн эрхэлж болно. гэж заасан байх ба мөн хуулийн 29.1-д талууд өөрөөр тохиролцоогүй бол энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө байгуулагдсан барьцаалан зээлдүүлэх газар, иргэнээс олгосон зээлийн гэрээнд энэ хууль хамаарахгүй гэж заасан байна. Өөрөөр хэлбэл шүүх нэхэмжлэгч болох зээлдүүлэгч этгээдийг байнга, ашиг олох зорилгоор олгох мөнгөн зээлийн үйл ажиллагааг эрхэлдэг эсэхийг тодруулах шаардлагагүй байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 158,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлд зааснаар хариуцагч М.Б-аас 9,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 158,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Д-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ