| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батхуяг |
| Хэргийн индекс | 181/2024/04093/И |
| Дугаар | 191/ШШ2025/01281 |
| Огноо | 2025-02-11 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 191/ШШ2025/01281
2025 02 11 191/ШШ2025/01281
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ........... дүүрэг, .... дүгээр хороо, ............ гудамж, .... байр, .... тоотод оршин суух, Г Т /РД:/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ................. дүүрэг, .... дүгээр хороо, ........ гудамж 19а, ........... төв, .... давхарт байрлах Р Т М ХХК /РД:/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.У,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Т нь хариуцагч Р Т М ХХК холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Г.Т миний бие Р Т М ХХК-д 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн Хамтын ажиллагаа хариуцсан ахлах зөвлөх-ийн албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн.
Ажиллаж байх хугацаандаа ажилдаа хариуцлагатай ханддаг байсан бөгөөд сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. Гэтэл 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн №300/24 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4, 83.2, 42.2.3, 7.1.2, 7.1.3, Хөдөлмөрийн гэрээний 7в, 9.2.1-ийн и, Ажлын гүйцэтгэл хөдөлмөрийн сахилгын тухай журмын 3.2.2.3, Ёс зүйн дүрмийн 1а, 6г, Хөдөлмөр эрхлэлтийн тэгш байдлыг хангах тухай журмын 2.2.2, 2.4, 4.2 дахь хэсгийг тус тус үндэслэн компанийн ажилтныг дээрэлхэх, дарамт үзүүлэх, сэтгэлзүйн дарамтад оруулж, компанийн бодлого журамд заасан ажилтны ёс зүй, зан хандлагын тэвчишгүй, хөнгөрүүлэн үзэх боломжгүй сахилгын ноцтой зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр 2024.06.17-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалсан.
Миний бие дээрх тушаалын үндэслэлийг үл хүлээн зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь миний бие ямар нэг байдлаар ажилтныг дээрэлхэж, дарамталсан, тэвчишгүй орчин бүрдүүлсэн, гэрээнд заасан ноцтой зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл 2024 оны 06-р сарын 17-ны өдөр намайг ажлаас чөлөөлж, Үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрхэнд ноцтойгоор халдсан үйлдэл гаргасан тул 2024 оны 07-р сарын 03-ны өдөр Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах гурван талт хороонд гомдол гаргасан боловч ажил олгогчийн зүгээс хуульч, өмгөөлөгч н.Н нь тус хурлаар эвлэрэх боломжгүй шүүхээр шийдвэрлүүл гэх саналыг гаргасан.
Иймд ажил олгогчийн үндэслэлгүйгээр хөдөлмөрийн гэрээ цуцалсан миний нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: ... Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан нэхэмжлэлдээ ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гэсэн шаардлага тавьжээ. Тэгвэл Хөдөлмөрийн тухай хуульд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүй цуцлагдсан ажилтныг ажилд эгүүлэн тогтоох гэсэн ойлголт байхгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага хуульд нийцээгүй тул шийдвэрлэх үндэслэлгүй болно.
Р Т М ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд, нэхэмжлэгч Г.Т нь төрийн албан хаагч биш тул хөдөлмөрийн гэрээг цуцалсныг ажлаас чөлөөлсөн гэж үзэх нь үндэслэлгүй болно. Хөдөлмөрийн гэрээг цуцлах, ажил албан тушаалаас чөлөөлөх нь өөр өөр зохицуулалтууд болно.
Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасны дагуу хөдөлмөрлөх нь иргэний журамт үүрэг. Харин Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх заалтад хөдөлмөрлөхтэй холбоотойгоор иргэний эдлэх эрхүүд тодорхойлогдсон. Тиймээс ажил олгогч Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал гаргасан нь Г.Т Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх эрхэд халдсан гэх үндэслэл үгүй байх бөгөөд хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаал нь Хөдөлмөрийн хуулийн дагуу ажил олгогчийн эрх хэмжээний хүрээнд гарсан болно.
Нэхэмжлэгч Г.Т хамтран ажиллаж буй хүндээ ажлын байрны дарамт үзүүлсэн тул Хөдөлмөрийн хууль, компанийн бодлого журамд заасан ажилтны ёс зүй, зан хандлагын тэвчишгүй, хөнгөрүүлэн үзэх боломжгүй сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэн ажил олгогч нэхэмжлэгч Г.Т хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Иймд Г.Т гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. " гэжээ.
3. Нэхэмжлэгчээс итгэмжлэл, Р Т М ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал, Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны тэмдэглэл зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
4. Хариуцагчаас Р Т М ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Р Т М ХХК-ийн гүйцэтгэх захирлаас дэд захиралд олгосон итгэмжлэл, Г.Т Ажил авч, хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 192/22 дугаар тушаалын хуулбар, Бидний ажлын арга барил ёс зүйн дүрмийн хуулбар, Хөдөлмөр эрхлэлтийн тэгш байдлыг хангах тухай журмын хуулбар, Ажлын гүйцэтгэл ба хөдөлмөрийн сахилгын тухай журмын хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... миний бие ямар нэг байдлаар ажилтныг дээрэлхэж, дарамталсан, тэвчишгүй орчин бүрдүүлсэн, гэрээнд заасан ноцтой зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл 2024 оны 06-р сарын 17-ны өдөр намайг ажлаас чөлөөлж, Үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрхэнд ноцтойгоор халдсан үйлдэл гаргасан гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: нэхэмжлэгч Г.Т хамтран ажиллаж буй хүндээ ажлын байрны дарамт үзүүлсэн тул Хөдөлмөрийн хууль, компанийн бодлого журамд заасан ажилтны ёс зүй, зан хандлагын тэвчишгүй, хөнгөрүүлэн үзэх боломжгүй сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэн ажил олгогч нэхэмжлэгч Г.Т хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Иймд Г.Т гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Хариуцагч Р Т М ХХК нь нэхэмжлэгч Г.Т 3 сарын туршилтын хугацаагаар тус компанийн Хамтын ажиллагаа хариуцсан ахлах зөвлөхийн ажлын байранд ажиллуулахаар харилцан тохиролцож, түүнтэй 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.
6. Р Т М ХХК-ийн дэд захирлын 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 300/24 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн (в), 9 дүгээр зүйлийн 9.2.1-ийн и, Ажлын гүйцэтгэл ба хөдөлмөрийн сахилгын тухай журам-ын 3.2.2.3, Бидний арга барил Ёс зүйн дүрэм-ийн 1 дүгээр зүйлийн а, 6 дугаар зүйлийн г, Хөдөлмөр эрхлэлтийн тэгш байдлыг хангах тухай журам-ын 2 дугаар зүйлийн 2.2.2, 2.4, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь заалтыг үндэслэл болгон Г.Т компанийн ажилтныг дээрэлхэх, дарамт үзүүлэх, сэтгэлзүйн дарамтад оруулж, хууль, компанийн бодлого журамд заасан ажилтны ёс зүй, зан хандлагын тэвчишгүй, хөнгөрүүлэн үзэх боломжгүй сахилгын ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөр цуцалжээ.
7. Талуудын маргааны зүйл нь ажилтан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажил олгогчийн шийдвэр үндэслэлтэй эсэх байна.
8. Зохигчийн хооронд 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 3 сарын хугацаатай Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байх ба гэрээний 6-д Туршилтын хугацаа дуусахад Ажил олгогч гэрээг дуусгавар болгох талаар мэдэгдээгүй тохиолдолд энэхүү гэрээг хугацаагүй болсонд тооцно гэж тохиролцсоноор нэхэмжлэгч нь туршилтын хугацаа дууссанаас хойш 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүртэл ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэсэн үйл баримт тогтоогдож байх тул талуудын хооронд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
9. Нэхэмжлэгчээс бусад ажилтныг дээрэлхэж, дарамтлаагүй бөгөөд гэрээнд заасан ноцтой зөрчил гаргаагүй, зөрчил гаргасныг шалгаж тогтоогоогүй ба сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө мэдэгдэж тайлбар аваагүй, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг эрх бүхий этгээд гаргаагүй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан бол хариуцагчаас нэхэмжлэгч нь хамтран ажиллаж буй хүндээ ажлын байрны дарамт үзүүлсэн нь хяналт, шалгалтаар тогтоогдсон тул Хөдөлмөрийн хууль, компанийн бодлого журамд заасан ажилтны ёс зүй, зан хандлагын тэвчишгүй, хөнгөрүүлэн үзэх боломжгүй сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэн ажил олгогч Г.Т хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй, гүйцэтгэх захирлаас олгосон итгэмжлэлийн хүрээнд хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаалыг дэд захирал гаргасан гэж маргасан.
10. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан. Уг үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ямар зөрчлийг ноцтой зөрчилд хамааруулах талаар хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан байх, заасан зөрчлийг ажилтан гаргасан нь тогтоогдсон байх шаардлагатай.
11. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх тушаалын үндэслэл болгосон Хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2.1.и-д Компанийн аливаа бодлого, дүрэм, журам, стандартад Ноцтой зөрчил гэж тооцсон эсхүл ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах арга хэмжээ авахаар заасан эсхүл зөрчил гаргасан даруй ажлын талбай болон тэдгээрт хамаарах нутаг дэвсгэрээс гаргахаар заасан зөрчил гаргасан гэж заасан нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчлийг хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан гэж үзэх боломжгүй байна.
12. Тодруулбал, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах шийтгэл нь хөдөлмөрийн сахилгын шийтгэлийн хамгийн хүнд хэлбэр бөгөөд уг шийтгэлийг ногдуулах нэг үндэслэл нь ажилтан ноцтой зөрчил гаргасан тохиолдол хамаардаг. Иймд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчил-ийг ажил олгогч, ажилтан хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан байхыг хуулиар тогтоосон.
13. Р Т М ХХК-ийн дэд захирлын 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 300/24 дугаар тушаалд баримталсан Ажлын гүйцэтгэл ба хөдөлмөрийн сахилгын тухай журам-ын 3.2.1-д зааснаар сахилгын зөрчлийг хянан шалгах ажиллагааг Р Т группийн Хяналт шалгалтын журмын дагуу, Хөдөлмөр эрхлэлтийн тэгш байдлыг хангах тухай журам-ын 4.1-д зааснаар уг журмыг зөрчсөн асуудлыг Санал гомдол барагдуулах журамд заасны дагуу тус тус хянан шалгахаар зохицуулсан байна.
14. Харин хариуцагч нь дээрх журмыг татгалзлын үндэслэлээ болгон нотлох баримтаар гаргаж өгөөгүй ба журмын дагуу зөрчлийг хянан шалгаж тогтоосон болохоо баримтаар нотолж чадаагүй.
15. Ажлын гүйцэтгэл ба хөдөлмөрийн сахилгын тухай журам-ын 3.2.2.2 дахь хэсгийг үндэслэсэн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн байх болов уг хэсэгт дурдсан гэрээг шууд цуцлах аль зөрчлийг гаргасан гэж үзсэн нь тодорхойгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Компаниас гадуур Р Т М ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой худал хуурмаг болон буруу ташаа ойлголт өгөх мэдээлэл, хов жив, үндэслэлгүй гүжир гүтгэлэг тараах гэсэн зөрчлийг гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэж тайлбарласан нь нэхэмжлэгч нь хамтран ажиллаж буй хүндээ ажлын байрны дарамт үзүүлсэн зөрчил гаргасан гэх зөрчлөөс өөр агуулгатай байна.
16. Хариуцагч татгалзлын үндэслэлээ болгож 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Хяналт шалгалтын тайланг баримтаар гаргаж өгсөн боловч нэхэмжлэгчээс тухайн баримт нь баталгаажуулсан гарын үсэг, тамга, тэмдэггүй, хэвлэмэл тул нотлох баримтын шаардлага хангахгүй гэж татгалзсан.
17. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд Хяналт шалгалт хийсэнтэй холбоотой гаргаж өгсөн баримт нь байгууллагын дотоодын хэрэгцээнд хэрэглэгддэг тул ямар нэгэн гарын үсэг, тамга, тэмдэг дарагддаггүй бөгөөд энэхүү шүүхэд гаргаж өгч байгаагаас өөр хэлбэрээр болон өөрөөр хяналт шалгалт хийсэнтэй холбоотой гаргаж өгөх нотлох баримт байхгүй тул энэ хэлбэрээр нь шүүхэд өгөөд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтэй байна гэсэн тайлбарыг гаргасан.
18. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө ... гэж заасан тул дээрх баримтыг үндэслэн нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг шалгаж тогтоосон гэж үзэх боломжгүй.
19. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.10, 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг цуцлах сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авах үүрэгтэй бөгөөд Ажлын гүйцэтгэл ба хөдөлмөрийн сахилгын тухай журам-ын 3.2.2.3 дахь хэсэгт ... Дээр дурдсан зөрчилд холбогдох нотлох баримтуудыг цуглуулж, баримтжуулна. Хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар асуудал хөндөгдөхөд энэ талаар тухайн ажилтанд мэдэгдэж, өөрийн зүгээс өгөх хариу бэлдэх боломжийг олгоно. Ажилтны өгсөн хариуг удирдлагуудад авч хэлэлцсэний дараа компаниас гаргасан эцсийн шийдвэрийг Удирдах ажилтан болон Хүний нөөцийн төлөөллөөр дамжуулан ажилтанд мэдэгдэнэ гэж зааснаар ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажилтанд мэдэгдэж, тайлбар авсан болох нь тогтоогдсонгүй.
20. Иймд нэхэмжлэгч Г.Т нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бөгөөд зөрчлийг шалгаж тогтоосон болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
21. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д зааснаар ажилтны нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөж, цалин бүтэн олгогдсон сүүлийн 3 сар болох 2024 оны 3, 4, 5 дугаар сараар нэхэмжлэгчийн нэг өдрийн дундаж цалин хөлсийг тооцвол 647, 971 төгрөг, ажлаас чөлөөлөгдсөн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд ногдох цалин хөлсний олговорт нийт 106,267,333 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн төлөхийг хариуцагчид даалгах үндэслэлтэй.
22. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 689,286 төгрөг гаргуулж улсын орлогод оруулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1-д заасныг тус тус удирдлага ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч Г.Т урьд эрхэлж байсан Р т м ХХК-ийн Хамтын ажиллагаа, гадаад харилцааны хэлтсийн Хамтын ажиллагаа хариуцсан ахлах зөвлөх ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 106,267,333 төгрөгийг хариуцагч Р т м ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Г.Т олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан цалин хөлстэй тэнцэх олговор 106,267,333 төгрөгөөс хуульд заасан хувь хэмжээгээр шимтгэл төлж, нэхэмжлэгч Г.Т нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч Р т м ХХК-д даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 689,286 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ