Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2023/ДШМ/21

 

 

Б, Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч О.Однямаа, Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

Прокурор: С /зайнаас цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Гандашгүй-Эрдэнэ нарыг оролцуулан,

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч А.Цэрэнханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/44 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, прокурор Згийн эсэргүүцлийг үндэслэн, шүүгдэгч Б, Э нарт холбогдох 2320000000034 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

1.1. Г,

 

1.2. Э.

 

2. Холбогдсон хэргийн товч агуулга:

 

2.1. Шүүгдэгч Б нь 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 13 цаг 40 минутын орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг *** тоотод үйл ажиллагаа явуулдаг “***” нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүрээс бэлэн гоймон 2 ширхэг, гоё ундаа 1 ширхэг, цагаан оймс 1 ширхэг, улавч 1 ширхэг талх 1 ширхэг, 0,75 литрийн Агар нэртэй архи 1 ширхэг, тахианы мөч 4 ширхэг, шилтэй мөөг 1 ширхэг, цоож 1 ширхэг зэрэг нийт 64,700 төгрөгийн эд зүйлийг худалдан авахдаа Хаан банкны интернэт банкны захиалгат гүйлгээ гэсэн цэсийг ашиглан “Гүйлгээ амжилттай” гэсэн бичиг гарган бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилан мэхэлсэн,

 

2.2. Шүүгдэгч Б, шүүгдэгч Э нар бүлэглэж, 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 21 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг, *** тоотод үйл ажиллагаа явуулах “***” гэх нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүрт үйлчлүүлэхдээ Э худалдагчид нь гар утаснаасаа гүйлгээ амжилттай хийгдлээ гэх интернэт банкны хуурамч гүйлгээний хуулгыг үзүүлэхийг санаачилж, Нийг хуурч, Агар архи 1 ширхэг, жүржийн талст ундаа 1 ширхэг, тахианы мөч 3 ширхэг, хэрчсэн гурил 3 ширхэг, нарийн хиам 1 килограмм 470 грамм, өндөг 30 ширхэг, бидний кола 1 ширхэг, кастер тамхи 1 ширхэг, майлд тамхи 1 ширхэг, төмс 2 килограмм, контик пичень 1 ширхэг, тор 2 ширхэг зэрэг нийт 99,400 төгрөгийн эд зүйлийг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилж авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

3. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Згаас шүүгдэгч Бэд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Эт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

4. Анхан шатны шүүх: Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Эийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1, 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Бийг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэнийг хөнгөрүүлэн өөрчилж, эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж,

 

шүүгдэгч Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар Бийг 6 /зургаа/ сарын хугацаагаар оршин суух газар буюу Замын- Үүд сумаас явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 сарын 15-ны өдрийн 997 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтаар шүүгдэгч Бэд “хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 10 сарын хугацаанд тэнсэж, мөн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ” авсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар оршин суух газар буюу Замын-Үүд сумаас явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 500 цагийн хугацаагаар нийтэд тустай хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлж,

 

Э, шүүгдэгч Б нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэгт үзлэг хийхдээ бэхжүүлж авсан 2 ширхэг СД-ийг хэрэгт хавсарган үлдээж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4, 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Б нь 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар, 6 сарын зорчих эрхийг хязгаарлах биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдэж,

 

шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Бэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, Э нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ. 

 

5. Прокурор З эсэргүүцэлдээ: “...шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан, Эт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна, ...хэрэгт  шүүгдэгч Бийн ...Энхээд хаан банкны интернэт банкаар захиалгат гүйлгээ цэс рүү ороод гүйгээ амжилттай гэсэн бичиг харуулаад юм авч болно гэж хэлээд зааж өгөөд ... Энхээ дэлгүүр орж өндөг, агар архи, төмс, зайдас зэрэг зөндөө юм гүйлгээ амжилттай гэсэн бичиг харуулаад аваад гараад ирсэн” гэх /хх 19-20/, мөн яллагдагчаар өгсөн ...Энхээ буюу Есөнтөмөртэй гудамжинд таараад бид хоёр архи уухаар болоод мөнгө байхгүй байсан тул өдөр дэлгүүрээс худалдан авалт хийхэд ашигласан хуурамч гүйлгээ хийхээр болж Есөнтөмөр зөвшөөрч өдрийн миний орсон дэлгүүр рүү Есөнтөмөр ганцаараа ороод хүнс аваад гараад ирсэн...” гэх мэдүүлгээр шүүгдэгч Э шүүгдэгч Бийн зааж өгсөн хуурч мэхлэх, бусдыг төөрөгдөлд оруулах хэлбэрээр архи, хүнсний бүтээгдэхүүн авах санаа зорилгыг бүрэн ойлгосон бөгөөд энэ аргыг хэрэглэхээр *** дэлгүүрт орж, хуурамч гүйлгээ ашиглан эд зүйл авсан үйлдлээ бүрэн төгсгөснийг “***” дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 4-5/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 63-64/ зэрэг баримтаар тогтоогдсон байна. Үүнээс гадна Э нь Бтэй бүлэглэж бусдын эд хөрөнгө өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авах санаа зорилгыг бүрэн ойлгосноор түүнийгээ үгээр болон үйлдлээр эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлж, хуурч мэхлэх аргаар ... нийт 99,400 төгрөгийн эд зүйлийг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилан авсан үйлдэл түүний хохирлоо төлсөн гэх хохирогчийн мэдүүлгээр давхар нотлогдсон.  Гэтэл шүүх нотлох баримтаас зөрүүтэй, хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн учир шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр буцааж” өгнө үү” гэжээ. 

 

6. Прокурор С давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Прокурор Згийн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүх, прокурор Згийн эсэргүүцлийг үндэслэн хэргийг хүлээн авч, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцээд дараах үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж,  эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

1. Прокуророос “Залилах” гэмт хэргийг шүүгдэгч Б, шүүгдэгч Э нар бүлэглэж үйлдсэн буюу шүүгдэгч Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, дэлгүүрээс эд зүйлсийг авсан” гэж ялласан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Харин анхан шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий этгээдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг харьцуулан судалсны дүнд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Эийн үйлдлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Бийг “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцжээ. 

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал,  хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд болон хэргийн бүх ажиллагааг хянаж, үзэхэд нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй, мөрдөн шалгах болон шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

3. Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба хэргийн үйл баримтын талаар тодруулбал:

 

3.1.Шүүгдэгч Б 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 13 цаг 40 минутын орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг *** тоотод үйл ажиллагаа явуулдаг “***” нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүрээс 64,700 төгрөгийн эд  хүнс болон ахуйн хэрэглээний зүйлсийг худалдан авахдаа Хаан банкны интернэт банкны үйлчилгээгээр худалдан авалтын тооцоог хийх дүр үзүүлэн “захиалгат гүйлгээ” цэсийг ашиглан “гүйлгээ амжилттай” гэсэн төлөвийг дэлгүүрийн худалдагчид харуулж, эд зүйлсийг авсан,   

 

мөн өдрийн 21 цагийн орчимд шүүгдэгч Б согтуурсан үедээ,  өөрийн дансанд мөнгө байхгүйг мэдсээр  байж дахин өөрийн хууль бус үйлдлээ шүүгдэгч Эөөр дамжуулан хэрэгжүүлсэн байх буюу түүнд өөрийн утсыг өгч, интернэт банкны үйлчилгээний “захиалгат гүйлгээ” гэснийг сонгож, “гүйлгээ амжилттай хийгдлээ” гэснийг худалдагчид харуулаарай гэж зааж өгч, *** дэлгүүрээс дахин 99,400 төгрөгийн эд зүйлсийг авчээ.

 

Энэхүү үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Б бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэргийг үйлдэхдээ хууль бус үйлдлээ биечлэн болон Эөөр дамжуулан хэрэгжүүлэхдээ өөрийн дансанд мөнгө байхгүйг мэдсээр байж хохирогч /дэлгүүрийн худалдагч/ Б.Нт гар утаснаасаа “гүйлгээ амжилттай хийгдлээ” гэсэн банкны “захиалгат гүйлгээ” гэсэн цэсийг ашиглан “гүйлгээ амжилттай” гэсэн төлөвийг худалдагчид харуулж, “***” дэлгүүрээс хүнс, ахуйн хэрэглээний зүйлсийг авсан байх ба 2 удаа буюу үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдсэн байна.  

 

Харин шүүгдэгч Эийн тухайд түүнд шүүгдэгч Б гар утсаа өгч улмаар өөрийн утасны  интернэт банкны үйлчилгээний  “захиалгат гүйлгээ” гэснийг сонгож, “гүйлгээ амжилттай хийгдлээ” гэснийг худалдагчид харуулаарай гэж зааж өгснийг худалдагчид харуулж, худалдан авалт хийсэн нь шүүгдэгч Бийн мэдүүлэг, хохирогч Б.Нийн мэдүүлэг бусад нотлох баримтаар нотлогдож, тогтоогдсон байх ба эдгээр баримыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж, дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг бүрэн нотолжээ.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Эийн үйлдэл нь “бусдыг төөрөгдөлд оруулж, залилсан” гэмт хэргийн шинжийг хангахгүй байх ба тэрээр шүүгдэгч Бийн зааж өгсөн “...худалдагчид интернэт банкны захиалгат гүйлгээний утгыг харуулаарай” гэснийг,  хуурамч гүйлгээ болохыг анхнаасаа  мэдэж байсан буюу гэм буруугийн санаатай хэлбэрээр, шүүгдэгч Бтэй анхнаасаа  санаа зорилгоо нэгтгэн, үгсэн тохирч, бодит байдлыг нуух замаар хуурамч гүйлгээг ашиглан, бусдыг залилах гэмт хэргийг бүлэглэж, үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал нотлогдож, тогтоогдсонгүй. 

 

4. Тиймээс шүүгдэгч Эийг шүүгдэгч Бтэй бүлэглэж, бусдыг залилах гэмт хэргийг үйлдсэн  гэж үзэх үндэслэлгүй бөгөөд харин шүүгдэгч Бийн цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөл оруулж, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлж авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэх үндэслэлтэй.

 

5. Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн, үндэслэл бүхий байх ба шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Эийн үйлдлийг “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилах” гэмт

хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохдоо гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг гарсан байдал, шүүгдэгчийн үйлдэл, оролцооны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

Түүнчлэн мөн дүгнэлт нь гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцсэн байх ба тухайлбал хэргийн талаар тогтоосон байдал, шүүгдэгч Эийг гэм буруугүй талаарх дүгнэлт болон шүүгдэгч Бийн үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдлыг харгалзан, 6 сар зорчих эрхийг хязгаарлах ял, 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, эдгээр ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ. 

 

6. Гэхдээ анхан шатны шүүхээс шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1-д “...прокуророос шүүгдэгч Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэнийг хэрэгсэхгүй болгож” гэж заасан буюу шүүгдэгч нар гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэснийг  хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн учир  шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад шүүгдэгч Бийн холбогдсон хэргийн зүйлчлэлийг “...хөнгөрүүлэн өөрчилж, эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилсүгэй” гэж зааж хуулийг буруу хэрэглэсэн байна.

 

Учир нь прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ шүүгдэгч нарыг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг журамлаж баримталсан бөгөөд харин шүүхээс шүүгдэгч нарыг гэмт хэрэгт хамтран оролцоогүй буюу гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь тогтоогдоогүй гэж үзэж шүүгдэгч Эт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “бүлэглэж” гэсэн хүндрүүлэх шинжийг заагаагүй тул шүүгдэгч Бийн хувьд түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн гэж үзэх үндэслэлд хамаарахгүй болно.

 

Иймд эдгээр дурдсан үндэслэлээр прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгон, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь  заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж, шийдвэрлэх  нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 4, 39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/44 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг хүчингүй болгон өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурор Згийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

 

                                              ШҮҮГЧИД                                   О.ОДНЯМАА

 

                                                                                                  Н.БОЛОРМАА