2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 191/ШШ2025/01408

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 14 191/ШШ2025/01408

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ............... дүүрэг, .... дугаар хороо, ..... дугаар хороолол, ...... оффис, ..... тоот хаягт байрлах И М ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ................. дүүрэг, ... дугаар хороо, .... дүгээр хороолол, .... байр, ..... тоот хаягт оршин суух, Х овогт Б Б /РД:/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэсний төлбөрт 8,415,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 3,899,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б,

Хариуцагч Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч И М ХХК нь хариуцагч Б.Б холбогдуулан ажил гүйцэтгэсний төлбөрт 8,415,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Хариуцагч Б.Б нь манай компанийн Энхтайвны гүүрний баруун хойно Наран плазад байрладаг үйлчилгээний төвөөр 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр үйлчлүүлж G500 маркийн 84-48 УБЦ улсын дугаартай автомашиндаа дараах үйлчилгээнүүдийг хийлгэсэн. Үүнд: Xpel гадуур хамгаалалтын хальс наалгасан 7,700,000 төгрөг, Tint 15 хувь цонхны тень наалгасан 165,000 төгрөг, Bray салхины шилийг чулуунаас хамгаалдаг хамгаалалт наалгасан 550,000 төгрөг, нийт 8,415,000 төгрөгийн үйлчилгээг авсан.

Б.Б нь дээрх үйлчилгээг хийлгэж 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр автомашинаа хүлээн авсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлж барагдуулахгүй байна. Иймд хариуцагч Б.Б ажил гүйцэтгэсний төлбөр 8,415,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбартаа: ... Б миний бие гэр бүлийн хүний Mercedes benz G500 цоо шинэ автомашинд 2022 оны 08 дугаар сарын 15-18-ны хооронд Наран плазад байрлах хуулганы газраар ХРЕL нэрийн хуулга наалгасан. Хуулга наах 3 хоногийн явцад ажилчид нь зорчигч талын хаалганы Mercedes benz бичигтэй гэрэл асдаг төмөр гишгүүрийг гэмтээсэн. Тус гишгүүр нь үйлдвэрийн хамгаалалтын хуулгатай байсан бөгөөд түүнийг зориудаар хуулан гишгүүрийг нийтэд нь зулгалсан байсан. Машинаа хүлээн авах үедээ миний эхнэр энэ тухай анзаарч хэлэхэд анхнаасаа ийм машин авчирсан гэж 4 ажилтан нь гөрдсөн. Бусад зүйлсээ шалгаж, улсын дугаараа боолгож, нөөц дугуйны таг хийлгэх зэрэг дутуу ажлуудыг нь хийлгэх явцад хэргийн эзэн нь тодорсон. Менежер залуу нь манай 1 ажилтан гэмтээжээ, хуулгыг нь хуулж авсан байна. Тэгээд зөвхөн гэрийн шаахайгаараа л гишгэсэн гэнээ гэж хэлсэн. Зөөлөн улаар гишгэхэд тэгж ихээр зурагдахгүй л дээ. Нэгэнт гэмтээсэн шинээр солиод өгчих гэсэн менежер залуу нь зөвшөөрч манай машины албан ёсны дистрибютор "МSM компаниас асууж лавлаад, аваад эргээд холбогдъё гээд эхнэр бид 2 машинаа аваад явсан. Гэмтээсэн гишгүүрийн зургийг хавсаргалаа. /Хавсралт 1, 2ш фото/

Иргэн П.А 2022.08.15-ны өдөр 99118500 утсаар нь хувийн журмаар харилцан тохиролцож /урьдын адил/, автомашины гадна хуулга, дотор урд салон хэсгийн хуулга, гадна урд салхины шилний хуулга, урд 2 цонхны тень эдгээрийг нийтэд нь 7,000,000 төгрөгөөр НӨАТ-гүй үнээр наалгасан. Нэхэмжлэлд бүх тооцоог задалж, бүгдэд нь НӨАТ нэмж өндөр үнэтэй болгож харагдуулжээ. Өөрсдийнх нь 0000569 дугаартай автомашин хүлээлцэх актад энэ тухай өөрсдөө тодорхой бичсэн байгаа. Үнэлгээ хэсэгт 7 сая, хийгдэх ажил хэсэгт xpel (Гадна, дотно хамгаалалтын хуулга), Tint 15 хувь (Урд 2 цонхны тень), Вгау (Урд салхины шилний хуулга) гэж маш тодорхой бичсэн байна. /Хавсралт 21 Икспел монголиа ХХК-ийн тухай анх удаа сонсож байна. Миний бие ийм нэртэй компанитай гэрээ байгуулж үйлчилгээ аваагүй.

П.А 2018 онд найзаараа дамжуулж танилцаж, 2018, 2021, 2022 онуудад 3 удаа нийт 3 автомашинд үйлчилгээ авсан. Бид уг нь танилуудаас арай гайгүй харилцаатай, бас хуучны /үйлчлүүлэгч нь байгаа юм. Гарсан асуудлыг уулзаж шийдье, өөрийнхөө заваар хуулга наадаг газраа хүрч ирээд хэлчих би яваад очъё гэж 3 удаа утсаар санал тавьсан. Уулзаагүй эр улсууд нүүр нүүрээ харж суугаад асуудлаа ярихад шийдэл олдож л таарна. 2022.09.08-ны 16 цаг 22 минутад утсаар ярьж байгаад за за би тэрийг чинь "МSМ-ээс чинь аваад өгье гээд ууртай утсаа тасалсан. Миний бие авчхаад хэлэх юм байна гэж ойлгоод байж байтал 2022.09.09-ний 15 цаг 54 минутад цагдаад өгч хохирлыг чинь тогтоолгоно гээд мессеж ирүүлэхээр нь тэр дор нь 2022.09.09-ний өдрийн 16 цаг 06 минутад за юун цагдаа сэргийлэх болоод явчив, ярилцаад болчих юман дээр гээд залгатал өөдөөс учир зүггүй хуц, пиздаа зэрэг хараалаар үг урсгаж, чамайг цагдаад өгнө, цагдаагаар дарамтлуулна гээд бас л үгийн зөрөөгүй утсаа тасалсан. 16 цаг 08 минутад дахин залгахад утсаа таслаад аваагүй. Миний бие үүнээс хойш миний хохирлыг яаж барагдуулахыг хүлээсээр байгаа. Гэтэл хүний хохирлыг барагдуулахгүй байж өөрөө хохирсон мэтээр шүүхэд ханджээ.

Миний зүгээс төлбөл зохих төлбөр 7,000,000 төгрөг, авлага гэмтээсэн эд ангийн төлбөр болох 3,351,481 төгрөгийг хасаад /Баримтыг хавсаргалаа Хавсралт 3/ үлдэгдэл болох 3,648,519 төгрөгийг п.А данс руу шилжүүлээд энэ асуудлыг хаахад бэлэн байна. гэжээ.

 

3. Хариуцагч Б.Б нэхэмжлэгч И М ХХК-д холбогдуулан 3,899,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: ... Хариуцагч П.А нь миний цоо шинэ 2022 оны Mercedes benz G500 маркийн автомашинд 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хамгаалалтын хуулга наах ажил үйлчилгээ гүйцэтгэх явцад Mercedes benz нэрийн гэрэл асдаг металл гишгүүрийн үйлдвэрийн хамгаалалтын хуулгыг санаатайгаар хуулан авч улмаар гэмтээсэн. П.А нь өнөөдрийг хүртэл уг хохирлыг төлж барагдуулахгүй байгаа тул автомашины эд ангид хохирол учруулсны төлбөр болох 3,899,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

4. Нэхэмжлэгч И М ХХК нь сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ... Сөрөг нэхэмжлэлд дурдсан автомашины гишгүүрийг зурж гэмтээсэн үйл баримтад маргахгүй. Уг гишгүүрийг заавал шинээр солих шаардлагагүй бөгөөд шинэ гишгүүрийн үнийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

5. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, автомашин хүлээлцэх акт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

6. Хариуцагчаас автомашин хүлээлцэх акт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ашид билгүүн ХХК-ийн дүгнэлт, МСМ групп ХХК-ийн нэхэмжлэх, Хаан банк ХК-ийн 2023.09.22-ны өдрийн 29/4931 дугаартай итгэмжлэл, фото зураг зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч И М ХХК-ийн нэхэмжлэлээс 7,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдэх 1,415,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан 3,899,000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... G500 маркийн 84-48 УБЦ улсын дугаартай автомашиндаа 7,700,000 төгрөгөөр Xpel гадуур хамгаалалтын хальс, 165,000 төгрөгөөр Tint 15 хувь цонхны тень, 550,000 төгрөгөөр Bray салхины шилийг чулуунаас хамгаалдаг хамгаалалт тус тус наалгаж, нийт 8,415,000 төгрөгийн үйлчилгээг авсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: нэхэмжлэлд дурдсан 3 үйлчилгээг нийт 7,000,000 төгрөгөөр авахаар тохиролцсон тул 8,415,000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Автомашинд хуулга наахдаа гишгүүрийг гэмтээсэн байсан тул гишгүүрийн хохирол 3,899,000 төгрөгийг хасаад үлдэгдэл төлбөрийг төлөх боломжтой гэжээ.

 

4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: ... ажил гүйцэтгэх явцдаа автомашины гишгүүрийг зурж гэмтээсэн тул хохирол, үнэлгээний зардал 3,899,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... автомашины гишгүүрийг зурж гэмтээсэн үйл баримтад маргахгүй. Уг гишгүүрийг заавал шинээр солих шаардлагагүй бөгөөд шинэ гишгүүрийн үнийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

7. Зохигчийн хооронд 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь хариуцагчийн эзэмшлийн Mercedes benz G500 маркийн 84-48 УБЦ улсын дугаартай автомашинд хамгаалалтын xpel хуулга, цонхны тень, салхины шилний хамгаалалтын хуулга наах ажил үйлчилгээг өөрийн материалаар гүйцэтгэх, захиалагч нь нийт 7,000,000 төгрөгийн хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

 

8. Ажил гүйцэтгэх гэрээний явцад ажил гүйцэтгүүлэхээр захиалагчаас хүлээлгэн өгсөн эд хөрөнгөнд гэмтэл учруулснаас талуудын хооронд маргаан үүсэж, ажлын хөлсөнд болон хохиролд хэдэн төгрөг төлөх эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.

 

9. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

10. Үндсэн нэхэмжлэлийн тухайд.

 

10.1 Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээгээр нэхэмжлэгч нь Mercedes benz G500 маркийн 84-48 УБЦ улсын дугаартай автомашинд хамгаалалтын xpel хуулга, цонхны тень, салхины шилний хамгаалалтын хуулга наах ажил үйлчилгээг нийт 7,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон болох нь 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн №0000569 дугаартай Автомашин хүлээлцэх актаар тогтоогдож байна.

 

10.2. Нэхэмжлэгч нь ажлын хөлсний хэмжээг анх хөнгөлөлттэй үнээр буюу 7,000,000 төгрөгөөр тохиролцсон, талуудын хооронд маргаан гарсан учир хөнгөлөлтэй үнээр биш үндсэн үнээрээ тооцож, нийт 8,415,000 төгрөг гаргуулахаар шаардсан гэж нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхойлсон.

 

10.3. Талууд гэрээгээр ажлын хөлсний хэмжээг урьдчилан тохиролцсон байх тул уг тохиролцсон ажлын хөлснөөс илүү төлбөрийг нэхэмжлэгч шаардах эрхгүй бөгөөд зохигчийн хооронд маргаан үүссэн нь гэрээгээр тохиролцсон ажлын хөлсийг өөрчлөх үндэслэл болохгүй. Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 7,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдэх 1,415,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

11. Сөрөг нэхэмжлэлийн тухайд.

 

11.1. Хариуцагч Б.Б нь Хаан банк ХК-тай 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан ФД/202248557458 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээгээр Mercedes benz G500 маркийн 84-48 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Хаан банк ХК-ийн өмчлөлд шилжүүлэн өгсөн болох нь №04047737 дугаартай Тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон Хаан банк ХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 29/4931 тоот албан бичгээр тус тус тогтоогдож байх тул Б.Б нь тус автомашинд учирсан хохирлыг шаардах эрх бүхий этгээд байна.

 

11.2. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчийн эзэмшлийн автомашинд хамгаалалтын хуулга наах явцдаа автомашины гишгүүрийг зурж гэмтээсэн талаарх үйл баримтыг үгүйсгээгүй бөгөөд харин тухайн гишгүүрийн үнэлгээг 3,676,000 төгрөгөөр тооцож шаардсаныг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

11.3. Хариуцагчаас гаргаж өгсөн Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 541 дугаартай Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар автомашины баруун урд талын асдаг никель гишгүүрийг 3,676,000 төгрөгөөр, Эм Эс Эм ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн нэхэмжлэхээр гишгүүрийн үнэ болон ажлын хөлсийг нийт 3,726,600 төгрөгөөр тус тус үнэлсэн бичгийн баримтыг нэхэмжлэгч баримтаар үгүйсгэж чадаагүй.

 

11.4. Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1-д Ажил гүйцэтгэгч нь дараахь үүрэг хүлээнэ гээд 350.1.4-д ажил гүйцэтгүүлэхээр захиалагчаас олгосон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах талаар өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээ авах гэжээ.

 

11.5. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас ажил гүйцэтгүүлэхээр олгосон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах үүргээ биелүүлээгүйгээс автомашины баруун урд талын асдаг никель гишгүүрийг сэвтээж гэмтээсэн буруутай гэж дүгнэх үндэслэлтэй байна.

 

11.6. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй, 227 дугаар зүйлийн 227.3-д үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж тус тус зааснаар автомашинд учруулсан хохирол 3,676,000 төгрөг, үнэлгээ хийхэд гарсан зардал 223,000 төгрөг, нийт 3,899,000 төгрөгийг нэхэмжлэгч И М ХХК-аас гаргуулах тухай хариуцагч Б.Б сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг талуудад хариуцуулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Б 7,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И М ХХК-д олгож, 1,415,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.1, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч И М ХХК-аас 3,899,000 төгрөгийг гаргуулж хариуцагч Б.Б олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149,590 төгрөг, хариуцагчаас төлсөн 77,335 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б улсын тэмдэгтийн хураамжид 126,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И М ХХК-д, нэхэмжлэгч И М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 77,335 төгрөгийг гаргуулж хариуцагч Б.Б тус тус олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ