2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 191/ШШ2025/01542

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 18 191/ШШ2025/01542

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ............. дүүрэг, бага тойруу-3 ................. дүгээр байранд байрлах, С з х нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ............... дүүрэг, .... дугаар хороо, .... дугаар хороолол, .... байр, .... тоот хаягт оршин суух, В овогт С Б /РД:/,

 

Хариуцагч: ................. дүүрэг, .... дугаар хороо, стадион оргил, .... улирлын цэцэрлэг, .... дүгээр байр, .... тоот хаягт оршин суух, А овогт Ч Б /РД:/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 440,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, Б.Д,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г,

Хариуцагч нарын өмгөөлөгч Ж.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С з х нь хариуцагч С.Б, Ч.Б нарт холбогдуулан 440,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, 56.6-д Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө., Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.6-д Компанийн эрх бүхий албан тушаалтан нь энэ хуулийн 84.4, 84.5-д заасан үүргээ биелүүлээгүй, удаа дараа зөрчсөнөөс компанид хохирол учруулсан бол учруулсан хохирлыг өөрийн хөрөнгөөр нөхөн төлнө., мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т Сонирхлын зөрчилтэй хэлцлийн улмаас компани, түүний хараат болон охин компанид учирсан хохирлыг гэм буруутай этгээд өөрийн хөрөнгөөр нөхөн төлнө., Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Үнэт цаас гаргагч, эсхүл түүний эрх бүхий албан тушаалтан нь хувьцаа эзэмшигч болон хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хохироосон, хууль бус үйл ажиллагаа явуулсан гэж үзвэл Хороо хувьцаа эзэмшигчдийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргаж болно, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.16-д Шаардлагатай тохиолдолд үнэт цаас эзэмшигчийн нэрийн өмнөөс тэдгээрийн эрх ашгийн төлөө итгэмжлэлгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэснийг тус тус үндэслэн нэхэмжлэл гаргаж байна.

С з х (СЗХ)-оос 2021 оны 02 дугаар сард У и д ХК-ийн эрх бүхий албан тушаалтан болох Ш.Б, А.Ш, Р.С, С.Х, Б.Н, Б.А, Н.Б, Д.Д, Л.Ч нарт холбогдуулан У и д ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн 2015 оны 7, 2017 оны 6 дугаар тогтоолуудыг хүчингүй болгож, эдгээр тогтоолыг үндэслэж 2016-2018 онд Номин реалтор ХХК-тай байгуулсан үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, компанид учруулсан 4,4 тэрбум төгрөгийн хохирлыг хамтран хариуцагч нараас адил тэнцүү хэмжээгээр барагдуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан.

Тус шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2023/00145 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Харин Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 210/МА2023/00845 дугаартай магадлалаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.6, Компанийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж СЗХ-оос гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж буюу дээрх тогтоолуудыг баталсан Улсын их дэлгүүр ХК-ийн ТУЗ-ийн дарга болон хараат бус гишүүдээс хохирлыг гаргуулж Улсын их дэлгүүр ХК-д олгуулахаар шийдвэрлэсэн.

Түүнчлэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2023 оны 07 дугаар 04-ний өдрийн 001/ХТ2023/00147 дугаартай тогтоолоор дээрх магадлалын Компанийн тухай хуулийн 90.1 гэсний дараа 84.6 гэж нэмж, шийдвэр гаргасан ТУЗ-ийн хараат бус гишүүдээс гадна ТУЗ-ийн бусад гишүүд компанийн эрх ашигт нийцээгүй тогтоолыг дэмжсэн, үндэслэл бүхий шийдвэр гаргах үүргээ биелүүлээгүй, компанийн бие даасан байдлаа хангаж ажиллаагүй тул хариуцлагыг хамтран хүлээх үндэслэлтэй гэж үзэн Улсын их дэлгүүр ХК-ийн ТУЗ-ийн 2015 оны 7, 2017 оны 6 дугаар тогтоолуудыг баталсан ТУЗ-ийн гишүүн тус бүрээс 440,000,000 төгрөгийг гаргуулж компанид олгохоор магадлалд өөрчлөлт оруулсан.

Тодруулбал, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс У и д ХК-ийн ТУЗ-ийн гишүүд нь дээр дурдсан тогтоолуудыг гаргахдаа Компанийн тухай хулийн 84.4-т заасан хууль болон компанийн дүрэм, журамд заасан бүрэн эрхийн хүрээнд ажиллаж, эрх мэдлээ хэрэгжүүлэх, үйл ажиллагаандаа компанийн эрх ашгийг дээдлэх зарчмыг баримталж, хууль болон компанийн дүрмээр тогтоосон үүргээ чанд биелүүлэх, компанийн эрх ашигт нийцүүлэн үндэслэлтэй шийдвэр гаргах, шийдвэр гаргахдаа сонирхлын зөрчлөөс зайлсхийх үүргээ биелүүлээгүй, хууль зөрчсөн гэж үзсэн.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 210/МА2023/00845 дугаартай магадлалд ... нэхэмжлэгч нь дээрх хууль бус шийдвэрийг гаргасан бусад этгээдүүдэд холбогдох нэхэмжлэлийг гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй. гэж дурдсан.

Улсын их дэлгүүр ХК-ийн ТУЗ-ийн 2015 оны 7, 2017 оны 6 дугаар тогтоолуудыг батлахад тус компанийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр ажиллаж байсан хариуцагч Л.Ч нь 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр нас барсан. СЗХ-ны зүгээс нас барсан хариуцагчийн эрх, үүргийг шилжүүлэн авсан этгээдийг тодруулахаар холбогдох байгууллагуудад хандсан боловч Улсын бүртгэлийн ерөнхий газраас шүүхээр дамжуулан авах, Монголын нотариатчдын танхимаас Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн дагуу гаргаж өгөх боломжгүй талаар хариу ирүүлсэн.

Иймд нас барсан хариуцагч Л.Ч У и д ХК-д учруулсан 440,000,000 төгрөгийн хохирлыг Иргэний хуульд заасан түүний хууль ёсны өв залгамжлагчид болох эхнэр С.Б, охин Ч.Б нараас гаргуулж, У и д ХК-д олгож өгнө үү. гэжээ.

 

2. Хариуцагч нар хариу тайлбартаа: ... Нэхэмжлэлийн үндэслэл хэсэгт Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 001/ХТ2023/00147 дугаартай тогтоолоор У И Д ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 7, 2017 оны 6 дугаар тогтоолуудыг баталсан ТУЗ-ийн гишүүн тус бүрээс 440,000,000 төгрөгийг гаргуулж компанид олгохоор эцсийн шийдвэр гаргасан. У И Д ХК-ийн ТУЗ-ийн 2015 оны 7, 2017 оны 6 дугаар тогтоолуудыг батлахад тус компанийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр ажиллаж байсан хариуцагч Л.Ч нь 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр нас барсан. Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс нас барсан хариуцагчийн эрх үүргийг шилжүүлэн авсан этгээдийг тодруулахаар холбогдох байгууллагуудад хандсан боловч Улсын бүртгэлийн ерөнхий газраас шүүхээр дамжуулан авах, Монголын нотариатчдын танхимаас Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн дагуу гаргаж өгөх боломжгүй талаар хариу ирүүлсэн. Иймд нас барсан хариуцагч Л.Ч У И Д ХК-д учруулсан 440,000,000 төгрөгийн хохирлыг Иргэний хуульд заасан түүний хууль ёсны өв залгамжлагчид болох эхнэр С.Б, охин Ч.Б нараас гаргуулж, У И Д ХК-д олгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Л.Ч учруулсан хохирол гэх 440,000,000 төгрөгийг түүний эхнэр С.Б, охин Ч.Б нараас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагч С.Б, Ч.Б нар нь өв залгамжлалаар эд хөрөнгө өвлөж аваагүй бөгөөд Монголын нотариатчдын танхимын 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 246 дугаар албан тоот бичгээр нотлогдож байна.

Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт Өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ гэж заасан.

Иймд хариуцагч нар нь хуульд заасан журмын дагуу өв хүлээн аваагүй бөгөөд Өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг гүйцэтгэх үүрэггүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, У И Д ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 7 дугаар тогтоолын хуулбар, У И Д ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 6 дугаар тогтоолын хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2023/00145 дугаар шийдвэрийн хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 210/МА2023/00845 дугаар магадлалын хуулбар, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 001/ХТ2023/00147 дугаар тогтоолын хуулбар, Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 3/3407 тоот албан бичгийн хуулбар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан тоотын хуулбар, Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 3/183 тоот албан бичгийн хуулбар, Монголын Нотариатчдын танхимын албан тоотын хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

4. Хариуцагчаас Монголын Нотариатчдын танхимын албан тоот зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

5. Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас Л.Ч нэр дээр 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар ямар эд хөрөнгө бүртгэлтэй байсан, түүний эд хөрөнгө өв залгамжлалаар бусдад шилжиж бүртгэгдсэн эсэх, түүний гэрлэсний болон төрөл садны лавлагааг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... нэхэмжлэгчээс У и д ХК-ийн эрх бүхий албан тушаалтан болох Л.Ч холбогдуулан У и д ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн 2015 оны 7, 2017 оны 6 дугаар тогтоолуудыг хүчингүй болгож, эдгээр тогтоолыг үндэслэж 2016-2018 онд Номин реалтор ХХК-тай байгуулсан үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, компанид учруулсан 4,4 тэрбум төгрөгийн хохирлыг хамтран хариуцагч нараас адил тэнцүү хэмжээгээр барагдуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж буюу дээрх тогтоолуудыг баталсан У и д ХК-ийн ТУЗ-ийн дарга болон хараат бус гишүүдээс хохирлыг гаргуулж У и д ХК-д олгуулахаар шийдвэрлэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Л.Ч нь 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр нас барж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд нас барсан хариуцагч Л.Ч У и д ХК-д учруулсан 440,000,000 төгрөгийн хохирлыг Иргэний хуульд заасан түүний хууль ёсны өв залгамжлагчид болох эхнэр С.Б, охин Ч.Б нараас гаргуулах үндэслэлтэй гэжээ.

 

3. Хариуцагч нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт Өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ гэж заасан. Хариуцагч нар нь хуульд заасан журмын дагуу өв хүлээн аваагүй бөгөөд өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг гүйцэтгэх үүрэггүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Нэхэмжлэгч С з х Л.Ч нарын нэр бүхий 9 хүнд холбогдуулан У И д ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 7, 2017 оны 6 дугаар тогтоолуудыг хүчингүй болгож, уг тогтоолыг үндэслэж гарсан Номин реалтор ХХК-тай байгуулсан 2016 оны UID/16/03 болон тус гэрээг 2017 онд сунгасан UID/16/03UID/17/02, 2018 оны UID/18/01-1-3 тоот үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, компанид учруулсан 4,4 тэрбум төгрөгийн хохирлыг хамтран хариуцагч нараас адил тэнцүү хэмжээгээр гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд гаргаж, шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган, хариуцагч тус бүрээс 440,000,000 төгрөг гаргуулж У И д ХК-д олгож, хариуцагч Л.Ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нас барсан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ. /хх 7-46/

 

6. Талуудын маргааны зүйл нь хариуцагч С.Б, Ч.Б нар нь нас барагч Л.Ч гүйцэтгэвэл зохих үүргийг хариуцах үндэслэлтэй эсэх байна.

 

7. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ нас барагч Л.Ч У И д ХК-ийн ТУЗ-ийн гишүүний эрх, үүргийг хэрэгжүүлэн ажиллахдаа хууль болон компанийн дүрмээр тогтоосон үүргээ чанд биелүүлэх, компанийн эрх ашигт нийцүүлэн үндэслэлтэй шийдвэр гаргах үүргээ биелүүлээгүйгээс компанид хохирол учруулсан. Иймд компанид учруулсан хохирлыг Л.Ч хариуцах бөгөөд Л.Ч нь нас барсан тул түүний хууль ёсны өвлөгч С.Б, Ч.Б нар түүний өмнөөс хариуцлага хүлээх үндэслэлтэй гэж тодорхойлсон.

 

8. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй гээд 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх гэж зааснаар нас барагч Л.Ч эхнэр С.Б, төрсөн хүүхэд Ч.Б нар түүний хууль ёсны өвлөгчид байна.

 

9. Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-д Өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ, 535.2-т Хэд хэдэн өвлөгч байвал, тэдгээр нь энэ хуулийн 535.1-д заасан үүргийг тус тусын өвлөсөн эд хөрөнгийн хэмжээнд хувь тэнцүүлэн хүлээнэ гэж өвлүүлэгчийн үүргийг өвлөгч хариуцах үндэслэл журмыг заасан.

 

10. Өөрөөр хэлбэл, өвлүүлэгчийн үүргийг өвлөгч хариуцах урьдач нөхцөл нь өвлүүлэгчийн эд хөрөнгийг өвлөгч хүлээн авсан тохиолдолд уг хүлээн авсан эд хөрөнгийн хэмжээгээр өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг хүлээх байна.

 

11. Энэхүү маргааны хувьд хариуцагч С.Б, Ч.Б нар нас барагч Л.Ч эд хөрөнгийг өвлөн авсан үйл баримт тогтоогдохгүй байх бөгөөд Монголын Нотариатчдын танхимын 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 246 тоот албан бичгээр өвлүүлэгч Л.Ч өвлөгдөх хөрөнгөд түүний өв залгамжлагчид өв хүлээн авах хүсэлт гаргасан, өв хүлээн авахаас татгалзах хүсэлт гаргасан, нотариатчаас өвлөх эрхийн гэрчилгээ олгосон, гэрээслэл үйлдсэн бүртгэл Танхимын өвийн нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй талаар, Улсын бүртгэлийн газрын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 5/15152 тоот албан бичгээр Л.Ч нас барсан 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар түүний нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй байсан талаарх лавлагааг тус тус ирүүлжээ.

 

12. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй.

13. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заасан.

 

14. Тодруулбал, үүрэг нь хууль буюу гэрээгээр үүсэх бөгөөд хариуцагч С.Б, Ч.Б нар нь нас барагч Л.Ч эд хөрөнгийг өвлөн авсан болох нь баримтаар тогтоогдоогүй тул өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг хариуцах үүрэг үүсээгүй гэж үзнэ.

 

15. Иймд хариуцагч С.Б, Ч.Б нарт холбогдох 440,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С з х нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1, 535.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Б, Ч.Б нарт холбогдох 440,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С з х нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ