Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 157/ШШ2025/00038

 

        2025         02         14                                         157/ШШ2025/00038

  

 

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

  хэргийг  хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч         Б.Болор-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатарын талбай 5, Г банкны төв байр  “Г банк” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн Б сум, 4 дүгээр баг Г00 тоотод оршин суух, Б овогт Б-ийн Ц-т холбогдох

“зээлийн гэрээний үүрэгт 9,627,822.30 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг  2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад   

                                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Г банк” ХК-ийн зээл цуглуулах газрын захирал Б.Эшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Ц-с үндсэн зээл 9,085,237.29 төгрөг, үндсэн хүү 538,593.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,991.68 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Б.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие Г банкнаас 9,627,822.30 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, сүүлийн 3 сарын хугацаанд ажилгүй байсан учир төлөлт цаг хугацаанд төлж чадаагүй учир одоо сүүлийн 3 сарын алданги төлөлт төлж цаашид хугацаа хэтрэлгүй төлөх болно. Иймд хүсэлтийг минь харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г банк” ХК нь хариуцагч Б.Ц-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,627,822.30 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргажээ.

Хариуцагч Б.Ц нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...одоо сүүлийн 3 сарын алданги төлөлт төлж, цаашид хугацаа хэтрэлгүй төлөх болно.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.

Иймд хариуцагч Б.Цын нэхэмжлэлийн шаардлага болох 9,627,822.30 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “Г банк” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 168,996 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 168,996 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч Б.Ц-с улсын тэмдэгтийн хураамжид 84,498 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 84,498 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Г банк” ХК-нд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Г банк” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Ц-т холбогдох 9,627,822.30 (есөн сая зургаан зуун хорин долоон мянга найман зуун хорин хоёр төгрөг, гучин мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Г банк” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 168,996 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Б.Ц-с улсын тэмдэгтийн хураамжид 84,498 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 84,498 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Г банк” ХК-нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Ц нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

     ШҮҮГЧ                          Б.БОЛОР-ЭРДЭНЭ