Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 161

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

Улсын яллагч Х.Ням-Эрдэнэ,

Шүүгдэгч Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Цд холбогдох 1706039190051 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр  сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол улсын иргэн Улаанбаатар хотод 1983 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Паластик центр ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Улаанхурангийн 21-15Б тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, А овогт Б Ц  

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Б.Ц нь 2017 оны 12 дугаар сарын 08-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 35-50 тоотод Ц.Алтанцоожийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ц өгсөн:  “... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Алтанцоожийн өгсөн: “... Би анх 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 8-р хороонд байх гэртээ байж байтал манай гэрт Б.Ц, Энхтуул хоёр гаднаас ирсэн. Ингээд би мах чанаж өгөөд  улмаар Энхдагуулын өгсөн сүү аваарай гэсэн 10.000 төгрөгөөр нь би гарч сүү, нэг шил архи, талх авч орж ирээд, авчирсан 0.5 литрийн Ерөөл архиа гурвуулаа хувааж ууцгаасан. Энэ хооронд жоохон ярьж байгаад, бага зэрэг яриа зөрж бурхан, бөө ярьснаас болж маргалдаж эхэлсэн. Энэ үед Энхтуул нь харихаар гарч явсан. Цогттулга бид хоёр хоорондоо барьцалдаж, улмаар Ц намайг ганц нэг цохиж аваад гарч явсан. Би 102-т дуудлага өгсөн. Одоо миний бие зүгээр нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол байхгүй, миний ярьсан зүйл үнэн. Би өөрөө зүрхний астамтай, хэм алддаг, шүүх хуралд оролцож чадахгүй ...” гэх мэдүүлэг /хх.12-13/,

Мөрдөн байцаалтад гэрч А.Энхдагуулын өгсөн: “… 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 8-р хорооны нутагт хүргэн ах  Цогттулгатай таарч улмаар баз хүргэн Алтанцоож нь ирж мах ид гэж хэлсэн гэхээр ойрд уулзаагүй хамт очъё гээд цугтаа Алтанцоож ахын гэрт нь очсон юм. Ингээд гэрт нь очтол Цоож ах мах шарж өгсөн мөн миний сүү аваарай гэж өгсөн 10,000 төгрөгийг ах авч гараад 1ш сүү, 0.5 литрийн  архи гаднаас аваад гэртээ орж ирсэн. Энэ авчирсан архиа  гурвуулаа хувааж уугаад дууссан. Би гарч биеэ засаад гэрт эргээд орох гэтэл нохой дайраад хүн дуудаад гэрээс хүн гарч ирэхгүй болохоор нь би шууд гэртээ харихаар яваад өгсөн. Цогтоо, Цоож ах нар гэртээ үлдсэн юм. Цогттулга ах миний төрсөн эгчтэй суусан хүргэн ах байгаа юм. Алтанцоож нь ээжийн эгчийн охинтой суусан бас манай хүргэн байгаа юм. Тухайн өдөр зодоон болсон гэдгийг мэдээгүй. Хоёр хоногийн дараа Цогттулга ахын гэрт очтол тухайн өдөр маргалдсан гээд ахын нүүр хавдсан харагдсан би юу болов гээд тухайн үедээ асуугаад өнгөрсөн ...” гэх мэдүүлэг /хх.27/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2017 оны 12 сарын 13-ний өдрийн 17 дугаартай:

“1. Алтанцоожийн биед баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

З. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэх дүгнэлт /хх.17/,

Мөрдөн байцаалтад Б.Ц яллагдагчаар өгсөн: “Би 2017 оны 12 дугаар сарын 08-ны үдээс хойш 16 цагийн БЗД-ийн 8-р хороонд байх баз хүргэн Алтанцоожийн гэрт нь дүү Энхдагуулийн хамтаар очсон. Учир нь Алтанцоож нь гэртээ идэш ирсэн, манайд ирж мах ид гэж хэлснээр очсон юм. Ингээд гэрт нь очоод махаа идэж байтал Алтанцоож нь Энхдагуулын сүү аваарай гэж өгсөн 10,000 төгрөгийг нь авч гараад 0,5 л 1 шил архи, сүү зэргийг гаднаас авч орж ирээд уухаар болсон. Энэ архиа дуусаад мөн Алтанцоож нь Энхдагуулаас 6,000 төгрөг авч дахин 1 шил архи авч гурвуулаа хувааж уусан. Удалгүй Энхдагуул харихаар гарч явсан. Алтанцоож нь лам болж байгаа гээд яриад байсан би итгээгүй юм. Гэтэл маргаан үүсч намайг Алтанцоож нь заамдаад цохиж авахаар нь биеэ хамгаалж хоорондоо цохилцож зодолдсон. Аль аль нь архи уусан байсан” гэх мэдүүлэг /хх.26/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Б.Ц нь 2017 оны 12 дугаар сарын 08-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Эрдэнэтолгойн 35-50 тоотод Ц.Алтанцоожийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Алтанцоожийн өгсөн: “... Цогттулга бид хоёр хоорондоо барьцалдаж улмаар Цогттулга намайг ганц нэг цохиж аваад гарч явсан. Би 102-т дуудлага өгсөн. Одоо миний бие зүгээр нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол байхгүй, миний ярьсан зүйл үнэн. Би өөрөө зүрхний астамтай, хэм алддаг, шүүх хуралд оролцож чадахгүй” гэх мэдүүлэг /хх.12-13/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2017 оны 12 сарын 13-ний өдрийн 17 дугаартай дүгнэлт /хх.17/,

Мөрдөн байцаалтад Б.Цогттулгын яллагдагчаар өгсөн: “... Алтанцоож нь лам болж байгаа гээд яриад байсан би итгээгүй юм. Гэтэл маргаан үүсч намайг Алтанцоож нь заамдаад цохиж авахаар нь биеэ хамгаалж хоорондоо цохилцож зодолдсон. Аль аль нь архи уусан байсан...” гэх мэдүүлэг /хх.38-39/,

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Ц холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь Б.Цогттулгыг гэм буруутайд тооцсон болно.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Б.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой юм.

Б.Ц гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд оногдуулах үндэслэлтэй байна.    

Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Б.Ц үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

Б.Цд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Б.Цд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Цд мэдэгдэх нь зүйтэй.

Б.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ц.Алтанцоож нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. А овогт Б Ц “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Цд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.          

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Цд мэдэгдсүгэй.

 

5. Б.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ц.Алтанцоож нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                               С.ӨСӨХБАЯР