Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2023/ДШМ/23

 

 

 

Год холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                                                                                                                                                                                                                                                           Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч О.Однямаа, Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

Прокурор: А,

Шүүгдэгч: Г,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ш,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Н,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Гандашгүй-Эрдэнэ нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Байгалмаа даргалж, шүүгч Д.Адъяасүрэн, Замын-Үүд сумын Сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/115 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгчийн өмгөөлөгч Шын давж заалдсан гомдлыг үндэслэн, шүүгдэгч Год холбогдох 2319000000108 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

  Г, ***, урьд 1995 онд Говьсүмбэр аймгийн Сум дундын шүүхийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1231 дугаар зүйлийн 3, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 7,000 төгрөгөөр торгох ялаар, Говьсүмбэр аймгийн Сум дундын шүүхийн 1997 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1231 дугаар зүйлийн 3, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар, Говьсүмбэр аймгийн Сум дундын шүүхийн 1997 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 290 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 2, 123 дугаар зүйлийн 2, 131 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар, Дорноговь аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг мөн хугацаагаар тэнсэж байсан.

 

2. Холбогдсон хэргийн товч агуулга:

 

Шүүгдэгч Г нь 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг *** тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Отай маргалдан, улмаар тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хутгаар түүний зүрх нь тус газар нь 1 удаа, хэвлийн тус газар нь 1 удаа тус тус хутгалж, хохирогчийн гэр бүлийн хамаарал бүхий хүн болох төрсөн охиных нь хажууд буюу онц харгис хэрцгийгээр амь насыг нь хохироож хүнийг алсан гэмт хэрэг холбогджээ.

 

3. Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Аөөс шүүгдэгч Год холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

4. Анхан шатны шүүх: Шүүгдэгч  Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Год 18 /арван найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Гын эдлэх 18 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Гын цагдан хоригдсон 89 /наян ес/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

 

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Год авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шаргал ногоон өнгийн бариултай  23 см урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Гоос 10,598,158 /арван сая таван зуун ерэн найман мянга нэг зуун тавин найм/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, *** тоотод оршин суух Нт олгож, сэтгэл санааны хохирол 50,000,000 /тавин сая/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,

 

энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэл санааны хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж,

 

шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. 

 

5. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа:  “... Анхан шатны шүүх хуралдааны дараа шүүгдэгч Гын эгч Маас шүүхийн шийдвэрийн дагуу оршуулгын зардал 10,600,000 төгрөгийг хуваагаад төлж барагдуулахаа илэрхийлж, 2,500,000 төгрөгийг төлөхөө хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөр дамжуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид илэрхийлсэн боловч хохирол төлбөрийг бөөнд нь авахыг хүссэн Шүүхийн шийдвэрээр тогтоосон хохирол төлбөрийг шүүгдэгч Гын зүгээс болон түүний ар гэрийн зүгээс төлж барагдуулахаа илэрхийлж байгаа.  Шүүгдэгч Гын хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин өөрийгөө илчилж цагдаагийн байгууллагаруу дуудлага өгсөн цагдаагийн байгууллага ирэхэд хэргийн газартаа байсан, хохирогчийн зүй бус үйлдэл буюу Гын байгаа айлд өөрөө ирж, хэл ам үүсгэн доромжилсон, хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж байсан зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэв. 

 

6. Шүүгдэгч Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хаалттай хорих ангид биш нээлттэй хорих ангид ялыг эдлүүлж өгнө үү гэж хүсэж байна. Хохирол төлбөрөө төлж барагдуулна. Наадмын дараа хохирол мөнгийг талыг нь ч болов өгөх гэсэн боловч хохирогчийн тал аваагүй байсан. Бөөнд нь авна гээд аваагүй байсан” гэв.

 

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2023 оны 05 дугаар сарын 17-нд 10,000,000 төгрөгийг нэхэмжилсэн. Тэрнээс хойш хохирол төлбөр өгнө, гэмээ ухаарч байгаа гэсэн зүйл бид нарт мэдэгдээгүй. Тэгээд давж заалдах шатны шүүх хурал болохоос өмнө 2,000,000 төгрөг өгнө гэж манай өмгөөлөгчтэй холбогдсон байсан. Бид нар гэрийнхэнтэй ярилцаж байгаад 2,000,000 төгрөгийг нь авахгүйгээр шийдсэн. Аль эсвэл бөөнд нь авна эсхүл авахгүйгээр шийдсэн байгаа. Бид нар дэглэмийг нь буруулах бодолгүй байна. ...Хаалттай хорих ангид суулгах нь зөв гэж бодож байна” гэв.

 

8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “8.1. ...Түүний зүгээс хохирогчийн ар гэр, настай ээжийнх нь ч юм уу тэдний эрүүл мэндэд анхаарсан, эрдэнэт хүний амь насыг хөнөөсөн үйл хэрэгтээ гэмшиж байгаа, харамсаж байгаагаа илэрхийлсэн үйлдэл өнөөг хүртэл үзүүлээгүй. Оршуулгын зардалд гаргасан зардлыг одоо болтол төлөөгүй. Анхан шатны шүүхэд сэтгэл санааны хохирол гэж 50,000,000 төгрөг нэхэмжилсэн. Үүнийг анхан шатны шүүхийн шийдвэрээр иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. ... Өнөөдрийг хүртэл хохирлоо барагдуулах талаар шүүгдэгчийн өмгөөлөгчид удаа дараа сануулж хэлсэн байдаг.

8.2. ...Амь хохирогч О нь төлөв түвшин зантай хүн. Хүнийг элдвээр доромжилж хэрүүл зодоон үүсгээд явах тийм зан араншин байхгүй гэж түүний төрсөн ээж Тогоо болон охин Н, Н, эхнэр С нарын өгсөн мэдүүлэг дээр тодорхой харагддаг. ... Шүүгдэгч Г нь энэ хэргийг үйлдэхээс өмнө 5 удаагийн ял шийтгэлтэй байсан. Үүнээс сүүлийн хоёр удаагийн үйлдэл нь хутганы хэргээр ял шийтгүүлж байсан.

8.3. ... Амь хохирогч Оын … үхлийн шалтгаан нь шүүгдэгч Гын гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой түүний үйлдлийг хүний амьд явах эрхийг үгүй хийх санаа зорилготой хийгдсэн, нийгэмд аюултай үйлдэл гэж үзнэ. Шүүгдэгчийн хохирогч руу чиглэсэн идэвхтэй үйлдлийн улмаас амь нас хохирсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна. ...Уг хэрэг үйлдэгдэхдээ хүндрүүлэх нөхцөл байдал нь бий болчхоод байхад давж заалдах шатны шүүхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал бий болгож гаргаад байгаа нь үндэслэлгүй юм гэж үзэж байна. Хохирогчийн ар гэрээс маш их гомдолтой гээд илэрхийлээд шүүгдэгчийг бүх насаар нь хорих ял оноож өгнө үү гэсэн гомдлоо анхан шатны шүүх хуралд гаргаж байсан. ... Эдгээр байдлыг харгалзан үзээд анхан шатны шүүхээс 18 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хаалттай хорих ангид эдлүүлэхээр гаргасан шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

9. Прокурор А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Улсын яллагчийн зүгээс тухайн анхан шатны шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюул, хэр хэмжээ мөн цаашлаад амь хохирогчийн ар гэр бүх насаар нь оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтийг мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгсөн байгаа. ... Цаашлаад оршуулгын зардал болох 10,598,108 төгрөгөөс шүүгдэгч болон түүний ар гэрийн зүгээс хохирол төлбөр төлсөн зүйл байхгүй, төлөхөө илэрхийлдэг. ... Өөрөө хохирол төлбөрөө төлж барагдуулна гэж хэлээд байдаг боловч яг төлсөн зүйл байхгүй. Тийм учраас шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлага нь тохирсон байна гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэж үзэж байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүх, шүүгдэгчийн өмгөөлөгч Шын давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцээд дараах үндэслэлээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

1. Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “хүнийг онц харгис хэрцгийгээр  алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ” гэж хуульчилжээ.

 

2. Дээр дурдсан хуулийн зохицуулалт болон хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж үзэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц зөрчил тогтоогдсонгүй.

 

3. Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Аөөс  шүүгдэгч Гыг 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг *** тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Отай маргалдан улмаар охиных нь хажууд түүний зүрх болон хэвлийн  тус газарт тус бүр 1 удаа хутгалж, цээжний 4, 5 дугаар хавирганы завсраар нэвтэрч үнхэлцэг хальс болон зүрхний зүүн ховдлын хөндийг хамарч зүрхний булчинг гэмтээсэн шарх, дотуур цус алдалт, хэвлийн шарх буюу цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх гэмтэл учруулж, хүнийг санаатай алсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт  үйлдэж, хэргийг  хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

4. Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хэмжээнд шүүгдэгч Гын гэм бурууг хянан хэлэлцээд шүүх хуралдаанд шинжлэн судалж, хянан хэлэлцэгдсэн гэрч Оы мэдүүлэг /1хх 35/, гэрч Лгийн мэдүүлэг /1хх 38-40/, гэрч Тийн мэдүүлэг /1хх 44/, гэрч Ө.Сийн мэдүүлэг /1хх 46/, гэрч Тгийн мэдүүлэг /1хх 49-50/, шүүгдэгч Гын мэдүүлэг /1хх 57-59, 72-73/ Дорноговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 02/021 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 79-80/, Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэц гэм судлалын №19 дугаартай дүгнэлт /1хх 102-104/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 2-10/, хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 12-13/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 14-17/, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 18-19/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 60-62/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 81-88/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 113-114/, хохирлын баримт /1хх 161-172/ зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Гыг  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Отай маргалдан улмаар тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хутгаар түүний зүрхэн тус газар 1 удаа, хэвлийн тус газар 1 удаа тус тус хутгалж, хохирогчийн гэр бүлийн хамаарал бүхий хүн болох төрсөн охиных нь хажууд буюу онц харгис хэрцгийгээр амь насыг нь хохироосон гэм буруутай гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байх ба нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж, дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, энэ гэмт хэргийн үйл баримтыг бүрэн нотолжээ.

 

Өөрөөр хэлбэл амь хохирогч Д.Оын үхлийн шалтгааныг тодорхойлсон шинжээчийн дүгнэлтэд үндэслэн шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь нас хохирч хохирол учирсан үр дагавар нь шууд шалтгаант холбоотой болохыг үндэслэлтэй тогтоосон байх буюу хохирогчийн төрсөн охины дэргэд түүнийг хутгалж, амь насыг нь хохироосон шүүгдэгч Гын үйлдлийг Эрүүгийн хуульд заасан хүнийг “онц харгис хэрцгийгээр алах” гэмт хэрэг гэж, хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хуулийг зөв тайлбарласан байна.

 

5. Энэ нь шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсэн хэрэг хянан шийдвэрлэх журам болон хэргийн бодит байдалтай нийцсэн бөгөөд анхан шатны шүүх дээр дурдсан нотлох баримтыг шийдвэртээ үндэслэсэн нь нотлох баримтыг шалгаж үнэлэх журмыг зөрчөөгүй улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 18 /арван найм/ жил хорих ял оногдуулж, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журам, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн, гэм буруугийн зарчимд нийцжээ.

 

6. Хэдийгээр давж заалдах шатны шүүхээс хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах эрхтэй боловч энэ хэргийн тухайд шүүгдэгч Гын гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь нас хохирсонтой холбоотой учруулсан хохирол, оршуулгын зардал, гэм хор учруулсны төлбөрийг төлөөгүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байх тул анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр  шийдвэрлэх үндэслэлгүй юм.

 

7. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн “...шүүгдэгчийг санаатай хутга мэс хэрэглэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэсэн санал хэргийн бодит байдал,  холбогдох хэрэг хянан шийдвэрлэх журамд нийцсэн байх ба  анхан шатны шүүх хуралдаанаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхдээ түүний санал, дүгнэлтийг харгалзан үзсэн нь үндэслэл бүхий байна.

Иймд эдгээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3,  39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/115 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Шын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Гын цагдан хоригдсон 71 хоногийг  ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай. 

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

 

                                              ШҮҮГЧИД                                   О.ОДНЯМАА

 

                                                                                                  Н.БОЛОРМАА