2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 191/ШШ2025/01807

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 27 191/ШШ2025/01807

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: .............. дүүрэг, .... дугаар хороо, .... дугаар байр, .... тоот хаягт оршин суух, Б овогт Б Б /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ................. дүүрэг, .... дүгээр хороо, .............. дугаар гудамж, ..... тоот хаягт оршин суух, Б овогт Э О /РД:/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага:  тоотод байрлах ... нэрийн дэлгүүрийг ажиллуулж олсон цэвэр ашиг 116,400,000 төгрөг, ... өрөөг түрээслүүлж олсон орлого 11,640,000 төгрөг, нийт 128,040,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д,

Хариуцагч Э.О,

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Э.О холбогдуулан  тоотод байрлах  нэрийн дэлгүүрийг ажиллуулж олсон цэвэр ашиг 116,400,000 төгрөг,  өрөөг түрээслүүлж олсон орлого 11,640,000 төгрөг, нийт 128,040,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Б.Б миний бие нь 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр  тоотод байрлах  м.кв хувийн сууц, хүнсний дэлгүүр,  м.кв ажлын байр,  м.кв өмчлөх эрхийн гэрчилгээтэй газар зэрэг үл хөдлөх хөрөнгийг Э.О нийт 150,000,000 төгрөгөөр тооцож худалдахаар гэрээ хийсэн. Уг үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдах худалдан авах гэрээтэй холбоотой Э.О нь Б.Б надад холбогдуулан Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрээний үүргийн биелэлт хангуулах агуулга бүхий нэхэмжлэл, мөн миний бие Э.О нэхэмжлэлтэй холбогдуулан дээрх гэрээнүүдээс татгалзаж үл хөдлөх эд хөрөнгүүдийг чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл тус тус гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрэн хэлэлцэж тус дүүргийн шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 182\ШШ2022\00994 дугаартай захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Э.О бид дараах байдлаар эвлэрсэн. Э.О, хариуцагч Б.Б нар үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн хэмжээнд харилцан тохиролцож, нэхэмжлэлийн шаардлага болох 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан 571, 572, 573 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдээс татгалзаж, Б.Б нь 84,595,389 төгрөгийг Э.О, Э.О нь  тоот хаягт байршилтай газар, хувийг сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Б.Б тус тус буцаан өгөхөөр эвлэрсэн.

Б.Б миний бие нь 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан 571, 572, 573 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийн дагуу Э.О 84,595,389 төгрөгийг өөрт болон банкны зээлд төлүүлж хүлээж авсан бөгөөд хоёр тал хоёулаа гэрээнүүдээсээ татгалзаж өгсөн авсан буцаах болсон тул 84,595,389 төгрөгийг Э.О өгч үл хөдлөх эд хөрөнгүүдээ буцаан авсан. 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд Э.О нь дээрх эд хөрөнгүүдийг ашиглаж байгаа бөгөөд тэр дундаа  нэрийн дэлгүүрийг тасралтгүй ажиллуулж ашиг орлогыг өөртөө авч байгаа болно. Э.О нь миний үл хөдлөх эд хөрөнгүүдийг ашиглаж ашиг орлого олж байгаа учир миний зүгээс Э.О дээрх хугацаанд дэлгүүрийг ажиллуулж олсон орлогоос зөвхөн цэвэр ашгийг нь нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байгаа болно. Талууд гэрээнээс татгалзсан учир өгсөн авснаа буцаах, мөн тухайн эд хөрөнгийг ашиглаж олсон ашиг, үр шимийг мөн буцааж өгөх үүрэгтэй гэж үзэж байна.

Манай дэлгүүр нь байршил сайтай ашиг орлого сайтай  нэрийн дэлгүүр бөгөөд дэлгүүрийн орлогыг өдрийн хамгийн багаар бодоход 1,500,000 төгрөг бөгөөд үүнээс цэвэр ашиг нь 10 хувь байдаг гэж үзэхэд өдрийн 150,000 төгрөгийн цэвэр ашиг олсон гэж үзэж байна. Гэрээ байгуулж Э.Ононтуулд үл хөдлөх эд хөрөнгүүдээ хүлээлгэж өгсөн өдөр буюу 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс шүүгчийн захирамж гарсан өдөр хүртэл буюу 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл нийт 776 өдөр болж байгаа бөгөөд энэ хугацааны дэлгүүрийн цэвэр ашиг 116,400,000 төгрөг болж байна.

Мөн манай дэлгүүр дээрээ түрээслүүлдэг  өрөөтэй бөгөөд сарын 150,000-200,000 төгрөгийн хооронд түрээслүүлдэг. Иймд дунджаар сарын 450,000 төгрөгөөр бодохоор өдрийн 15,000 төгрөг болж байгаа бөгөөд нийт 776 хоногийн 11,640,000 төгрөг болж байна.

Иймд Э.О нь дээрх хугацаанд манай үл хөдлөх хөрөнгүүдийг ашиглаж нийт 128,040,000 төгрөгийн ашиг олсон байх тул уг ашгийг Э.О гаргуулах хүсэлтэй байна.

Э.О тоотод байрлах  нэрийн дэлгүүрийг ажиллуулж олсон цэвэр ашиг 116,400,000 төгрөг, түрээсийн  өрөөг түрээслүүлж олсон орлого 11,640,000 төгрөг, нийт 128,040,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодруулсан. Үүнд: Нэхэмжлэгч миний бие Э.О тоотод байрлах  нэрийн хүнсний дэлгүүрийг ажиллуулж олсон цэвэр ашиг 116,400,000 төгрөг, өрөө орон сууцны түрээс 11,640,000 төгрөг, нийт 128,040,000 төгрөг гаргуулахыг хүсэж тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэхүү нэхэмжлэлээ дараах байдлаар тодруулж байна. Миний бие 2019 оны 2 сард  тоотод байрлах  м.кв гэр бүлийн зориулалтай газар,  м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,  м.кв 2 давхар хувийн сууц, хүнсний дэлгүүрийн хамт худалдаж авсан. Уг үл хөдлөх хөрөнгийн худалдан авч хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа эрхэлсэн бөгөөд уг  нэрийн хүнсний дэлгүүр нь Н д ХХК-ийн нэр дээр үйл ажиллагаа явуулж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд зааснаар НӨАТ төлөгчөөр бүртгэгдсэн байсан. 2020 оны 02 сарын 21-ний өдөр Э.О нь худалдаж авах санал тавьснаар 571, 572, 573 дугаар үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж тэр өдрөө дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг Э.О хүлээлгэн өгсөн. Улмаар Э.О нь Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд дээрх үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж 81,844,839 төгрөг буцаан гаргуулах, хохиролд буюу засварын зардалд 2,750,550 төгрөг, барааны үнэ 46,199,600 төгрөг гаргуулах буюу дэлгүүрт үлдсэн дээрх төгрөгийг барааг хүлээн авахыг даалгах, алданги 56,250,000 төгрөг гаргуулах хүсэж, миний бие дээрх үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, үл хөдлөх хөрөнгүүдийг чөлөөлүүлэхийг хүсэж сөрөг нэхэмжлэл гаргаж улмаар бид эвлэрэн хэлэлцэж тус шүүхийн 2022 оны 04 сарын 07-ны өдрийн 994 дугаар захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон.

2022 оны 04 сарын 14-ний өдөр тоотод гэр бүлийн хэрэгцээний  м.кв газрыг 100,000,000 төгрөгөөр худалдахаар 0430 дугаар худалдах, худалдан авах гэрээ,  м.кв хувийн сууц, дэлгүүрийг 150,000,000 төгрөгөөр худалдан авахаар 0431 дугаар гэрээ, Н д ХХК-ийн хувьцааг худалдан авах 0492 дугаар гэрээ, дээрх компани эрх шилжүүлэх 0493 дугаар гэрээг тус тус Э.О байгуулж энэхүү гэрээнээс үүдэлтэй маргаан дуусгавар болсон.

Э.О 2020 оны 02 сарын 21-ний өдрөөс 2022 оны 04 сарын 14-ний өдөр хүртэл 2 жил 2 сар дээрх үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж,  нэрийн хүнсний дэлгүүрийг ажиллуулан өөртөө 116,400,000 төгрөгийн ашиг олсон бөгөөд уг олсон ашгийг би хүртэх ёстой тул нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Түүнчлэн дэлгүүрийн дээд талын 2 давхар хувийн орон сууцыг тусдаа орц гарцтай, тоолууртай тул бусдад түрээслэн ашиг олдог байсан бөгөөд уг түрээсийн төлбөрт 11,640,000 төгрөг гаргуулахыг хүссэн. Уг 3 өрөө орон сууцыг өнөөдрийг хүртэл Э.О нь түрээсэлж буй тул уг түрээсийн төлбөрийг дээрх хугацаагаар тооцож гаргуулахыг хүссэн.

Дээр дурдсанаар  нэрийн хүнсний дэлгүүр нь Н д ХХК-ийн нэр дээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авсан бөгөөд уг компани нь 2019 оны 06 сард Нэмэгдсэн өртгийг албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.19 дүгээр зүйд зааснаар НӨАТ суутган төлөгч болж мөн хуулийн 4.1.17 дугаар зүйлд зааснаар бүртгэлийн машинд борлуулалтын төлбөрийг баримтад заагдсаны дагуу бүртгүүлж, мөн хуулийн 5 дугаар зүйлд зааснаар албан татвар төлөгч болсон.

2020 оны 02 сарын 21-ны өдрийн 571,572,573 дугаар үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж Э.О дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн улсын бүртгэлийн гэрчилгээг бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй бөгөөд 2022 оны 04 сарын 14-ний өдрийн гэрээнүүдээр Э.О бүр мөсөн шилжүүлж өгсөн.

Э.О нь 2 жил 2 сар гаруйн хугацаанд дээрх үл хөдлөх хөрөнгө,  нэрийн дэлгүүрийг эзэмшиж өөртөө ашиг олсон бөгөөд би уг дэлгүүрийг ажиллуулж байсан бол нэхэмжлэлд дурдсан ашиг орлого олох байсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж уг эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа болно.

2020 оны 02 сарын 21-ний өдрийн 571,572,573 дугаар үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр тохирсон тохиролцоогоо Э.О нь биелүүлээгүй, өөрөөр хэлбэл үүргээ зөрчсөн тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд миний шаардах эрх дээрх зохицуулалтаар тодорхойлогдох бөгөөд мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын орлого зайлшгүй орох байсан орлого тул хохиролд тооцох ёстой юм. Мөн Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар үүрэг бүхий этгээд гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөнд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй тул зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийн тулд нэхэмжлэл гаргасан болно. 2020 оны 01 дүгээр сараас эхлэн дэлхий нийтийн хамарсан цар тахлын улмаас Монгол Улсын Засгийн газраас хэд хэдэн удаа хатуу хөл хорио тогтоосон. Энэхүү хатуу хөл хорио тогтоосон цаг хугацаанд хүнсний дэлгүүрийн хэвийн үйл ажиллагаатай байсан бөгөөд ердийн үеэс ашиг орлого их байсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа дээрх байдлаар тодруулан Э.О зайлшгүй олох байсан орлого 116,400,000 төгрөг, 3 өрөө орон сууцны түрээс 11,640,000 төгрөг, нийт 128,040,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

3. Хариуцагч хариу тайлбартаа: ... Б.Б нь нэхэмжлэлдээ өөрөө дурдан тайлбарласан байгаачлан нэхэмжлэгч нь анхнаасаа Үл хөдлөх эд хөрөнгүүдийг хариуцагч надад худалдахаар бичгээр гэрээнүүдийг байгуулсан ба талууд нь гэрээг байгуулах үед нэхэмжлэгчийн надад худалдаж байгаа үл хөдлөх эд хөрөнгүүд нь нэхэмжлэгчээс өөрийн Худалдаа Хөгжлийн Банкнаас авсан зээлийн гэрээний барьцаанд тавьсан байсан үл хөдлөх эд хөрөнгүүд юм.

Миний бие нэхэмжлэгчтэй байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүргээ шударгаар биелүүлж Б.Б Хаан банкны  тоот данс болон Худалдаа хөгжлийн банкин дахь түүний зээлийн  тоот дансанд нийт  төгрөгийг шилжүүлэн төлсөн бөгөөд гэрээнд заасан ёсоор үлдэгдэл төлбөрийг бүхэлд нь 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдөр төлөх гэж байтал 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр худалдагч Б.Б эхнэр болох У нь Э.О над руу утсаар залгаж Манайх танайд үл хөдлөх хөрөнгөө худалдахаа болилоо. Харин танайхаас авсан мөнгийг эргүүлж төлнө гээд өчигдрөөс авхуулаад мөнгө хайгаад л явж байна, одоо л хөөцөлдөж эхэлж байна гэсэн зүйлийг хэлсэн бөгөөд үүнээс үүдэлтэйгээр талуудын хооронд гэрээний маргаан үүссэн байдаг.

Улмаар Э.О миний бие Б.Б гэрээний үүргээ биелүүлж үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлэх болон үлдэгдэл төлбөрөө хүлээн авахыг даалгах нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан юм. Энэ маргааныг үргэлжлэх явцад Худалдаа Хөгжлийн Банк нь Б.Б хариуцагчаар татаж, зээлийн гэрээний үүргээ биелүүлэх, энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах гэсэн шаардлагыг гаргаж маргаан нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дээр хянан хэлэлцэгдэж, Б.Б болон Худалдаа Хөгжлийн Банк нар эвлэрч, тэдний эвлэрлийг баталсан тус шүүхийн шүүгчийн захирамж гарсан байдаг болно. Б.Б нь эвлэрсэн хугацаандаа эвлэрлийн гэрээний үүргээ биелүүлээгүй гэх шалтгаанаар Худалдаа Хөгжлийн Банк нь Шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхээр шүүх болон Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт хандаж, улмаар зээлийн гэрээний үүргийг барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүдээр хангахаар хуулийн дагуу ажиллагаа хийгдэж үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулахаар үнийг тогтоох ажиллагаа хийгдсэн байдаг ба үүнтэй шууд холбоотойгоор Худалдаа Хөгжлийн Банк нь Э.О миний нэхэмжлэлтэй Б.Б холбогдох Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дээр хянан хэлэлцэгдэж байсан иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож эхэлсэн.

Энэ бүх байдлаас буюу Б.Б 2 талд гэрээний үүргээ (Э.О болон Худалдаа Хөгжлийн Банкны өмнө хүлээсэн үүргээ тус тус биелүүлээгүй буруутай үйл ажиллагааны улмаас Э.О миний шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох гэрээний үүргээ биелүүлж, үлдэгдэл төлбөрөө хүлээн авахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага бодит байдал дээр биелэгдэх ямар ч боломжгүй болох нь тодорхой болсон ба миний бие энэ нөхцөл байдалтай холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан 571, 572, 573 дугаар Худалдах, худалдан авах гэрээ /Үл хөдлөх эд хөрөнгө/-ний үүрэгт нэхэмжлэгчээс хариуцагч талд шилжүүлсэн 81,844,839 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулах, хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас гэрээний үүрэг биелэгдэх боломжгүй болж нэхэмжлэгчид учирсан хохиролд нэхэмжлэгчээс хариуцагчийн үл хөдлөх эд хөрөнгөд хийсэн цахилгааны засвар үйлчилгээний зардалд 2,750,550 төгрөг, дэлгүүрт үлдсэн барааны үнэ болох 46,199,600 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, хариуцагчаас 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр гэрээнээс татгалзах хүртэл хугацааны алданги төлөх үүрэгт 56,250,000 төгрөг, нийт 187,044,989 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, дэлгүүрт байгаа барааг хүлээж авахыг даалгах болгож өөрчилсөн юм.

Гэхдээ талууд нь бодит байдалд нийцүүлэн харилцан тохиролцож эвлэрч шийдвэрлэхээр болж Б.Б нь миний нэхэмжлэлийн шаардлагаас Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүрэгт шилжүүлсэн 81,844,839 төгрөг, учирсан хохиролд буюу үл хөдлөх эд хөрөнгөд хийсэн цахилгааны засвар үйлчилгээний зардал болох 2,750,550 төгрөг, нийт 84,595,389 төгрөгийг хүлээн зөвшөөрч буцаан төлөх, миний бие үл хөдлөх эд хөрөнгүүдийг нь хүлээлгэн өгөхөөр эвлэрсэн бөгөөд шүүхийн шүүгчийн захирамж гарсан байдаг болно.

Энэхүү талуудын эвлэрлээр талуудын хооронд үүссэн маргааныг эцэслэн шийдвэрлэсэн байхад Б.Б нь одоо уг нэхэмжлэлийг гаргаж байгаа нь өөрөө үндэслэлгүй байна.

Мөн талуудын хооронд байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний харилцаа бодит байдал дээр биелэгдэх боломжгүй болсон нөхцөл байдалд Б.Б нь өөрөө буруутай болох нь дээрх үйл баримт, түүнийг нотолсон холбогдох нотлох баримтуудаар бүрэн дүүрэн тогтоогдох тул уг нэхэмжлэлийг надаас шаардах хууль зүйн үндэслэлгүй байна.

Түүнчлэн өнгөрсөн хугацаанд бидний хооронд түрээсийн гэрээний харилцаа болон ямар нэгэн ашиг хуваарилах талаар хамтран ажиллах гэрээг байгуулж байгаагүй, тийм ямар нэгэн тохиролцоог хийж байгаагүй болно. Тиймээс цэвэр ашиг гэх шаардлагыг надад холбогдуулан гаргах нь үндэслэлгүй байна.

Дээрх бүх үйл баримт болсны дараа Б.Б нь Үл хөдлөх хөрөнгүүдээ Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газрын албадан дуудлага худалдаанд хэд дахин бага үнээр алдаж Худалдаа Хөгжлийн Банкны зээлийн гэрээний үүрэгт төлөх нөхцөл байдал үүссэн үедээ Э.О надтай тохиролцож үл хөдлөх эд хөрөнгүүдээ дахин хэд дахин өндөр үнээр худалдсан болно. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээний хуулбар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШШ2022/00994 дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний хуулбар, 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээний хуулбар, эрх шилжүүлэх гэрээний хуулбар, 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний хуулбар, Баянмодот ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлангийн хуулбар, 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

5. Хариуцагчаас автомашин хүлээлцэх акт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ашид билгүүн ХХК-ийн дүгнэлт, МСМ групп ХХК-ийн нэхэмжлэх, Хаан банк ХК-ийн 2023.09.22-ны өдрийн 29/4931 дугаартай итгэмжлэл, фото зураг, 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний хуулбар, 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээний хуулбар, Н ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Н ХХК-ийн дүрэм, 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээний хуулбар, 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн нэмэлт гэрээний хуулбар, 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн баталгааны гэрээний хуулбар, 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээний хуулбар, 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээний хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

6. Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр  тоотод байрлах  нэрийн дэлгүүрийн үйл ажиллагаа явуулдаг гэх Н ХХК-ийн 2021, 2022 оны татварын тайланг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... 2020 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн 571,572,573 дугаар үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр тохирсон тохиролцоогоо Э.О нь биелүүлээгүй, өөрөөр хэлбэл үүргээ зөрчсөн тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирол, олох ёстой байсан орлогыг хариуцагчаас шаардах эрхтэй гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Б.Б нь үл хөдлөх хөрөнгүүдээ Худалдаа Хөгжлийн Банкны зээлийн гэрээний үүрэгт төлөх нөхцөл байдал үүссэн үедээ Э.О надтай тохиролцож үл хөдлөх эд хөрөнгүүдээ худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Талуудын хооронд байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний харилцаа бодит байдал дээр биелэгдэх боломжгүй болсон нөхцөл байдалд Б.Б нь өөрөө буруутай тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн эд хөрөнгийг ашигласнаас олсон орлого гэж тооцож нэхэмжилж байгаа үнийн дүнг ямар үндэслэлээр гаргаж ирсэн нь тодорхойгүй, баримтаар тогтоогдохгүй гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5. Зохигчийн хооронд 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 571, 572, 573 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотойгоор талуудын хооронд маргаан үүсэж, хариуцагч Э.О нь нэхэмжлэгч Б.Б холбогдуулан талуудын хооронд 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан 571, 572, 573 дугаартай худалдах, худалдах авах гэрээнүүдээс татгалзаж, 81,844,839 төгрөгийг буцаан гаргуулах, хохиролд засварын зардал 2,750,550 төгрөг, барааны үнэ 46,199,600 төгрөг гаргуулах буюу дэлгүүрт үлдсэн 46,199,600 төгрөгийн барааг хүлээн авахыг хариуцагчид даалгах, алданги 56,250,000 төгрөг, нийт 187,044,989 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Э.О холбогдуулан зохигчдын хооронд байгуулагдсан 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 571, 572, 573 дугаартай худалдах, худалдан авах гэрээнүүдээс татгалзаж, үл хөдлөх эд хөрөнгүүдийг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ.

 

6. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар: ... зохигчид хэн алин нь дээрх үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээнүүдээс татгалзаж, гэрээнээс татгалзсанаас үүссэн үр дагавар болох үл хөдлөх эд хөрөнгийн урьдчилгаа төлбөрт төлсөн 81,844,839 төгрөг, цахилгааны засварын зардал 2,750,550 төгрөг, нийт 84,595,389 төгрөгийг,  тоот хаягт байршилтай газар, хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг тус тус харилцан буцаан өгөхөөр тохиролцсон гэж үзнэ гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэгч Э.О, хариуцагч Б.Б нар 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан 571, 572, 573 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдээс татгалзаж, Б.Б нь 84,595,389 төгрөгийг Э.О, Э.О нь  тоот хаягт байршилтай газар, хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Б.Б тус тус буцаан өгөхөөр эвлэрсэн, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

 

7. Талууд дээрх 571, 572, 573 дугаар гэрээний зүйл болох эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэлтэй  тоот хаягт байршилтай  м.кв талбайтай, хувийн сууц, дэлгүүр зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэлтэй  нэгж талбарын дугаартай  м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэлтэй  м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах 0429, 0430, 0431 дугаартай гэрээнүүдийг 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр байгуулж, өмчлөх эрх 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Э.О шилжсэн байх бөгөөд эдгээр гэрээтэй холбоотойгоор талуудын хооронд маргаан байхгүй гэсэн тайлбарыг гаргасан.

 

8. Нэхэмжлэгч Б.Б нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа хариуцагч Э.О 571, 572, 573 дугаартай гэрээний үүргээ зөрчсөнөөс талууд гэрээнээс татгалзсан. Иймд үл хөдлөх эд хөрөнгүүдээ хүлээлгэж өгсөн 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гарсан 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд үл хөдлөх хөрөнгүүдийг Э.О ашиглаж нийт 128,040,000 төгрөгийн ашиг олсон байх тул уг ашгийг түүнээс шаардах эрхтэй гэж тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

9. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

10. Талуудын хооронд 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан 571, 572, 573 дугаартай худалдах, худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч нь маргаанд хамаарах гурван үл хөдлөх эд хөрөнгийг нийт 150,000,000 төгрөгөөр хариуцагчийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон байх ба 571 дугаар гэрээний 3.6-д 150,000,000 төгрөгөөс 30,000,000 төгрөгийг 2020.02.21-нд шилжүүлсэн, 20,410,239 төгрөгийг 2020.04.01-нд төлж, үлдэгдэл 99,589,760 төгрөгийг сар бүрийн 20-нд 2,619,554.10 төгрөгөөр нэг жилийн турш төлөхөөр харилцан тохиролцов гэжээ.

 

11. Дээрх 571, 572, 573 дугаартай худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлттэй холбоотойгоор хариуцагч Э.О нэхэмжлэгч Б.Б холбогдуулан 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан 571, 572, 573 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 66,844,839 төгрөгийг хүлээн авч, тус гэрээнүүдийн 4.1-д заасан өмчлөлийн ямар нэгэн маргаангүй үл хөдлөх хөрөнгүүдийг нэхэмжлэгчид шилжүүлэн өгөх үүргээ биелүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргаж,

 

12. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Б нь Худалдаа, хөгжлийн банктай байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 571, 572 ,573 дугаар худалдах, худалдан авах гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар худалдан борлуулах ажиллагаа явагдаж байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүхийн шийдвэр, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Худалдаа, хөгжлийн банкны хүсэлт, тайлбар зэргээр тодорхой болсон үндэслэлээр Э.О нэхэмжлэлийн шаардлагаа 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан 571, 572, 573 дугаартай худалдах, худалдах авах гэрээнүүдээс татгалзаж, 81,844,839 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулах, хохиролд засварын зардал 2,750,550 төгрөг, дэлгүүрт үлдсэн 46,199,600 төгрөгийн барааг хүлээн авахыг даалгах, алданги 56,250,000 төгрөг, нийт 187,044,989 төгрөг гаргуулах-аар өөрчилж, энэхүү шаардлагын хүрээнд шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

 

13. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, 227.2-т Нэг тал нь гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруугүй бол энэ хуулийн 227.1-д заасан үндэслэл хамаарахгүй гэж зохицуулсан.

 

14. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Э.О 571, 572 ,573 дугаартай худалдах, худалдан авах гэрээ байгуулах үед гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүд банкны барьцаанд байсан, улмаар барьцааны зүйлийн үнээс банкны шаардлагыг хангуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсан үйл баримтыг үгүйсгэж маргаагүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс банкны барьцаанд байсан үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчид худалдсан гэсэн тайлбар гаргасан нь 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ.

 

15. Иймд зохигчийн хооронд байгуулагдсан 571, 572 ,573 дугаартай худалдах, худалдан авах гэрээний үүргийг Э.О зөрчсөнөөс талууд гэрээнээс татгалзсан үйл баримт хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул гэрээнээс татгалзсанаас учирсан хохирол буюу олох ёстой байсан орлого 128,040,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

16. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсгийг хууль зүйн үндэслэлээ болгон мэтгэлцсэн хэдий ч гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор талууд гэрээнээс татгалзсан байх тул энэхүү тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

 

17. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Э.О 128,040,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 798,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ