| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/0126/Э |
| Дугаар | 172 |
| Огноо | 2018-01-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Алтансүх |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 172
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Тунгалаг,
Улсын яллагч Ч.Алтансүх,
Шүүгдэгч С.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн С.Аөд холбогдох 1806000640083 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1974 оны 07 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникийн слесарь мэргэжилтэй, 71 дүгээр бүрэн дунд сургуульд слесарь ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 53 дугаар гудамжны 410Б тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт С А
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
С.А нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн орой 22 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 48/1 дүгээр байрны 7 тоотод эхнэр П.Байгалмааг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Аийн өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч Д.Байгалмаагийн өгсөн: “... Би нөхөр Ариунтөгстэй 2005 оноос хойш амьдарч байна. Амьдрах хугацаанд зарим үед маргалдахаараа гар хүрдэг байсан, юм хэлдэггүй байсан. 2017 оны 10 дугаар сарын 20-ны үед нөхөр согтуурсан үедээ маргаанаас болж гар, толгойндоо цохиулж байсан, цагдаад хандаж байгаагүй, энэ үед том хүү Эрдэнэбат хоёр байсан. 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр нөхөр Ариунтөгс нь 20 цагийн үед согтуу орж ирээд хэрүүл хийгээд, янз бүрийн юм яриад хэрүүл өдөн маргалдаж байгаад намайг гараараа нүүрэнд 2 удаа цохьсон, тэгэхэд нь би шүүгээний ирмэг толгойгоороо мөргөж унахдаа толгойгоо хагалсан, мөн хамар хавдсан гэмтэл учирсан. Хамт байсан төрсөн эгчийн хүүхэд Эрдэнэбат том хүү Балжинням хоёр салгаж цагдаа дуудаж нөхрийг авч явсан. Тэгээд би гэмтлийн эмнэлэгт очиж толгойндоо оёдол тавиулсан” гэх мэдүүлэг /хх.13-14/,
Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч А.Балжиннямын өгсөн: “… Тэгсэн чинь аав босоод 00-руу орчихоод буцаад явж байхдаа ээжтэй юм ярина гээд жижиг өрөө рүү орсон тэр үед ээж орон дээр хэвтэж байсан. Бид 2 бол ардаас нь ороогүй, тэр 2 юм ярьж байснаа гэнэт ээж ёоё гээд хашгирсан ба бид 2 яваад орсон чинь аав ээжийн нүүр рүү цохьчихсон, ээж яах гээд байгаа юм бэ? гээд тэр 2 зодолдох маягтай байж байсан. Тэгэхээр нь бид 2 дундуур нь орж салгаад авсан чинь дахиад нүүр рүү нь гараараа цохисон бөгөөд боль гээд хэлсэн чинь дахиад цохих гээд дайраад байсан. Ээж зугатаад том өрөө лүү ороод цонхны хажууд очоод зогссон чинь аав ардаас нь явж очоод ээж рүү дайрсан ба бид 2-г салгаж байх үед ээж хажуугаар гарах гэсэн чинь түлхээд нүүр рүү нь гараараа түлхээд стенканы булан мөргүүлчихсэн юм. Тэгээд ээжийн духнаас их хэмжээний цус гарсан” гэх мэдүүлэг /хх.10/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2017 оны 12 сарын 29-ний өдрийн 828 дугаартай:
1. П.Байгалмаагийн биед дух, хамарт язарсан шарх, баруун бугалга, өгзөгт цус хуралт, баруун бугуйд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба шинэ гэмтэл байна.
3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
4. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
5. Шүүх эмнэлгийн гэмтлиин зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх.20/,
Мөрдөн байцаалтад С.Аийн яллагдагчаар өгсөн: “... би 2017 оны 12 дугаар сарын 28-ны орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 48/1 дүгээр байрны 7 тоотод байх гэртээ очсон юм. Тэр үед манай гэрт эхнэр, хүүхэд болон хамаатны нэг хүүхэд цугтаа байсан. Тэр үед тасарчихсан байсан болохоор юу болсноо санахгүй байна. Маргааш нь би эхнэрээ зодсоноо мэдсэн… би урьд нь эхнэртэйгээ маргалдаад нэг удаа бас зодож байсан. Гэхдээ тэр үед цагдаад бол хандаагүй эвлэрсэн. Харин энэ удаа бол би согтуудаа арай дэндүү цохисон байснаа маргааш нь мэдсэн ...” гэх мэдүүлэг /хх.16/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
С.А нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн орой 22 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 48-1 дүгээр байрны 7 тоотод өөрийн эхнэр П.Байгалмааг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч хохирогч Д.Байгалмаагийн өгсөн: “... 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр нөхөр Ариунтөгс нь 20 цагийн үед согтуу орж ирээд хэрүүл хийгээд, янз бүрийн юм яриад хэрүүл өдөж маргалдаж байгаад намайг гараараа нүүрэнд 2 удаа цохьсон, тэгэхэд нь би шүүгээний ирмэг толгойгоороо мөргөж унахдаа толгойгоо хагалсан, мөн хамар хавдсан гэмтэл учирсан” гэх мэдүүлэг /хх.13-14/,
Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч А.Балжиннямын өгсөн: “… тэр 2 юм ярьж байснаа гэнэт ээж ёоё гээд хашгирсан ба бид 2 яваад орсон чинь аав ээжийн нүүр лүү цохьчихсон, ээж яах гээд байгаа юм бэ? гээд тэр 2 зодолдох маягтай байж байсан. Тэгэхээр нь бид 2 дундуур нь орж салгаад авсан чинь дахиад нүүр рүү нь гараараа цохисон бөгөөд боль гээд хэлсэн чинь дахиад цохих гээд дайраад байсан. Ээж зугатаад том өрөө рүү ороод цонхны хажууд очоод зогссон чинь аав ардаас нь явж очоод ээж рүү дайрсан ба бид 2-ыг салгаж байх үед ээж хажуугаар гарах гэсэн чинь түлхээд нүүр рүү нь гараараа түлхээд стенканы булан мөргүүлчихсэн юм. Тэгээд ээжийн духнаас их хэмжээний цус гарсан” гэх мэдүүлэг /хх.10/,
Мөрдөн байцаалтад С.Аийн яллагдагчаар өгсөн: “... Тэр үед тасарчихсан байсан болохоор юу болсноо санахгүй байна. Маргааш нь би эхнэрээ зодсоноо мэдсэн… би урьд нь эхнэртэйгээ маргалдаад нэг удаа бас зодож байсан. Гэхдээ тэр үед цагдаад бол хандаагүй эвлэрсэн. Харин энэ удаа бол би согтуудаа арай дэндүү цохисон байснаа маргааш нь мэдсэн...” гэх мэдүүлэг /хх.16/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 828 дугаартай дүгнэлт /хх.20/,
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгтт заасан гэмт хэрэгт С.Аийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд С.Аийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцсон болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
С.Аийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа С.Аийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
С.Аөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч С.Аөд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж байна.
С.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч П.Байгалмаа нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Бовогт С А “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аөд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Аөд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг С.Аөд мэдэгдсүгэй.
5. С.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч П.Байгалмаа нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.Аөд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР