| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноопын Болормаа |
| Хэргийн индекс | 2319000000147 |
| Дугаар | 2023/ДШМ/24 |
| Огноо | 2023-09-06 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 2023/ДШМ/24
Бд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч О.Однямаа, Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;
Прокурор: А,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: З.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Гандашгүй-Эрдэнэ нарыг оролцуулан,
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/117 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгчийн өмгөөлөгч З.Аийн давж заалдсан гомдлыг үндэслэн, шүүгдэгч Бд холбогдох 2319000000147 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Б,
2. Холбогдсон хэргийн товч агуулга:
3. Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Аөөс шүүгдэгч Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.
4. Анхан шатны шүүх: Шүүгдэгч Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Быг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Бд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагааг зохион байгуулахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Бд оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тооцож хийлгэхээр тогтоож,
хохирогч Б нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бариул хэсэг нь шар өнгийн 1 ширхэг заазуурыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж,
шүүгдэгч Б нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж,.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
5. Шүүгдэгчийн өмгөөлөгч З.А давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн ба хохирогч бусдад Бы талаар худал үг яриа тараасны улмаас хоорондын таарамжгүй харилцаа үүссэнээр гэмт хэрэг гарах болсон, Бы хувьд өөрийн буруутай үйлдлээ ухамсарлан ойлгож байгаа, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, дахиж алдаа гаргахгүй, бусдын үгээр үг хөөцөлдсөндөө маш их харамсаж байна гэж мэдүүлдэг. Мөн Б өндөр настай ээжтэйгээ цуг амьдардаг бөгөөд амьдрал ахуйн эх үүсвэр нь малаа маллаж малынхаа ашиг шимээр амьдрал ахуйгаа залгуулдаг, мал ахуйдаа Баас өөр туслалцах хүнгүй, малаа хариулж маллах ажилд Б явдаг, ээж нь хөл муутай учир малынхаа хариуллагад яваад байж чаддаггүй тул ар гэрийнх нь амьдрал ахуйн нөхцөл байдлыг харгалзан, Б хохирогчоос уучлалт гуйсан, хохирогчтой урьдын адил энгийн харилцаатай байгаа, хоорондоо учир байдлаа ярьж хэлж ойлголцсон нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Бы эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн өгнө үү” гэв.
6. Прокурор А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Улсын яллагчийн зүгээс шүүхийн оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж хор аюулд нийцсэн гэж үзэж байна. ... Мөн хохирогч Бг удаа дараа дарамталж, айлган сүрдүүлдэг байсан нь хохирогч Бгийн ээж Мы “... хамгаалах чадваргүй ийм хүнийг удаан хугацаанд ингэж дарамталдаг байсныг сая мэдлээ. Тэгээд дараа нь сонсоход Бг дээрэлхэж архи авхуулж уудаг байсан” гэж мэдүүлэг өгсөн байдаг. Мөн түүнчлэн хохирогч Б мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Баас хохирол төлбөр нэхэмжлэхгүй, энэ намайг дээрэлхэж, дарамталдаг, зоддог асуудлыг зогсоож өгнө үү гэдэг асуудлаар мэдүүлсэн байдаг. Мөн түүнчлэн энэ хэрэгт авагдаагүй ч гэсэн шүүгдэгч Б нь дахин гэмт хэрэг үйлдсэн тэр хэргийг нэгтгэж өгнө үү гэж урьдчилан хэлэлцүүлэг явуулахаар шүүхэд хүсэлт гаргаж байсан. Үүнээс авч үзэхэд Бы хэргийг шүүхэд шилжүүлсний дараа бусдын өмчлөх эрхэд халдаж гэмт хэрэг үйлдэж яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдсэн байгаа. Үүнтэй холбоотой өмгөөлөгч З.А тухайн яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэж дээд шатны прокурорт гомдлыг гаргасан байгааг дурдъя. Шүүгдэгчийн биеэ авч яваа байдал, үнэхээр чин сэтгэлээсээ гэмшиж байгаа бол өмнө нь гэмт хэрэг үйлдчихээд яагаад дахин гэмт хэрэг үйлдэх болов. Хохирогчийг удаа дараа дарамталж айлган сүрдүүлдэг байсан болох нь хохирогчийн мэдүүлэг, түүний хууль ёсны төлөөлөгч Мы мэдүүлгээр давхар тогтоогддог. Шүүх бүрэлдэхүүнээс түүний хувийн байдлыг харгалзаж үзнэ үү. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй, эрүүгийн хариуцлага тохирсон байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх, шүүгдэгчийн өмгөөлөгч З.Аийн давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлыг хангаж, хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.
1. Хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч Бгийн мэдүүлэг /хх 10-12/, гэрч Мийн мэдүүлэг /хх 15-17/, гэрч Р.Мы мэдүүлэг /хх 20-22/, Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 02/166 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 29/, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх 39-40/ зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Б нь 2023 оны 03 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Мандах сумын 2 дугаар баг Хөтлийн бууц гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Бг “...бусдад худал зүйл ярилаа” гэх зүйлээр шалтаглан түүнийг биеэ хамгаалах чадваргүй буюу 79 хувийн түлэгдэлттэй гэдгийг мэдсээр байж заазуураар зүүн тохой, зүүн сарвуу, баруун шагайн хэсгийг зүсэж мөн өшиглөх, цохих зэргээр зодож, түүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
2. Нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж, тогтоосон байх ба мөрдөн шалгах болон шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.
3. Прокуророос шүүгдэгч Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг шүүх хүлээн авч, шилжүүлсэн хэргийн хүрээнд яллах, өмгөөлөх талуудыг оролцуулан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
4. Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Б өндөр настай ээжтэйгээ цуг амьдардаг, малаа маллаж малынхаа ашиг шимээр амьдрал ахуйгаа залгуулдаг, мал ахуйдаа Баас өөр туслалцах хүнгүй, малаа хариулж маллах ажилд Б явдаг, ээж нь хөл муутай учир ар гэрийнх нь амьдрал ахуйн нөхцөл байдлыг харгалзан, Б хохирогчоос уучлалт гуйсан, хохирогчтой урьдын адил энгийн харилцаатай байгаа, хоорондоо учир байдлаа ярьж хэлж ойлголцсон нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн өгнө үү” гэсэн гомдол гаргасан байх ба мөн энэ хэргийн хохирогч Бгээс “...Б бид хоёр учир зүйгээ ололцсон, миний гомдлыг барагдуулсан, гомдол байхгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн баримтыг тус шүүхэд ирүүлжээ.
Давж заалдах шатны шүүхээс хохирогчийн ирүүлсэн хүсэлтэд үндэслэн мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан нөхцөл байдлыг харгалзан, хүсэлт болон гомдлыг хүлээн авч хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, шүүгдэгчид оногдуулсан албадан ажил хийлгэх ялыг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялын төлөх хугацааг 6 сар гэж тогтоож, энэ үндэслэлээр шийтгэх тогтоолын холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж, шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 4, 39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/117 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Быг 2,000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэж,
3 дугаар заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.” гэж
4 дүгээр заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэж тус тус өөрчилж,
5 дугаар заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч З.Аийн давж заалдсан гомдлыг хангасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧИД О.ОДНЯМАА
Н.БОЛОРМАА