2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 192/ШШ2025/00193

 

2025 оны 01 сарын 14-ний өдөр

Дугаар 192/ШШ2025/00193

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн **-р хороо, **-р байр, ** тоотод оршин суух Ц-ийн Ц /РД:УЖ******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн **-р хороо, туул тосгон, Х ААТҮГ-ын байранд байрлах Х ААТҮГ-т холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э,

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Ц,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Х,

Гэрч Ч.М, Г.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов. Нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 04-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Ц нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие Ц овогтой Ц нь Нийслэлийн хот тохижилтын газар анх байгуулагдахаас өмнө Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл нэртэй үйл ажиллагаа явуулж байх үеэс буюу 2014 оноос хойш тасралтгүй 10 жил гаруй хугацаанд Зам талбайн мастер-ын ажил үүрэг гүйцэтгэж ирсэн бөгөөд улмаар Хан-Уул дүүргийн зам талбайн цэвэрлэгээг хариуцсан Х ААТҮГ-т Зам талбайн мастер ажлын байранд шилжин ажиллаж байсан билээ. Миний хувьд 10 гаруй жилийн хугацаанд Зам талбайн мастерын албан ажил үүрэг гүйцэтгэхдээ ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй атал гэнэт 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр байгууллагын дотоод хурал дээр явж очиход чамайг халж байгаа гэж хэлээд хурлаас гаргасан. Улмаар 2024.07.08-ны өдрийн огноотой Б/189 дугаартай ажлаас чөлөөлсөн тушаалыг 2024.07.17-ны өдөр гардан авч гомдолтой тул байгууллагын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргасан. Учир нь ямар нэг алдаа дутагдал гаргаж байгаагүй. Ажлаас халсан тушаалаас үзэхэд яг ямар зөрчил гаргасан нь тодорхой бус, ойлгомжгүй, ажлаа хийж байсан хүнийг гэнэт халж болдог мэт, хууль зөрчсөн тушаал байсан. Тус тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн хэд хэдэн заалт болох 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.4-т заасныг үндэслэл болгосон нь мөн ойлгомжгүй байдаг. Зөрчил, дутагдал гаргаж байгаагүй тул эдгээр хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Хэрэв 10 жил ажилласан хүнийг ажил үүрэгтээ тэнцэхгүй гэж үзэж байвал шууд халахаасаа өмнө анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгох, эсвэл урьдчилаад хэлэх ёстой атал өмнө энэ талаар огт хэлж ярьж, сануулж байгаагүй. Хэрэв сахилгын зөрчил давтан гаргасан, эсвэл ноцтой зөрчил гаргасан гэж үзвэл яг ямар зөрчил гаргасан, тайлбар санал хэлэх боломжоор хангах ёстой боловч шууд чамайг халж байгаа гэж олон ажилтны өмнө хэлж халсныг буруу гэж үзэж байна. Байгууллагын дотоод журмын заалтыг үндэслэсэн байх бөгөөд бидэнд дотоод журам танилцуулж байгаагүй, журам ил байдаггүй. Хэрэв намайг яг ямар нэгэн зөрчил гаргасан гэж үзэж байгаагаа тодорхой илэрхийлсэн тохиолдолд тайлбар хэлэх боломжтой болох юм. Миний нэр дээр байгууллагын захиралд хэд хэдэн гомдол ирсэн гэх бөгөөд тухайн гомдлыг үнэн худал эсэхийг нягтлан шалгалгүйгээр, шууд ажилтнуудын дунд хурал дээр уншиж танилцуулсан нь миний нэр төр, алдар хүнд ажил хэргийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж байх бөгөөд түүнийг үндэслэж халсан гэж үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 123.3-т заасныг зөрчсөн байна. Улаанбаатар хотын бүхий л зам талбайд Зам талбайн мастерын ажил үүргийг 2014 оноос хойш гүйцэтгэхдээ ямар нэгэн алдаа, зөрчил гаргаж байгаагүй, шагнал урамшуулал хүртэж байсан, жилийн дараа өндөр насны тэтгэвэрт гарах насны болзол хангаж байгаа ажилтныг гэнэт ажлаас үндэслэлгүйгээр халж байгаад гомдолтой байна. Иймд намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн гэрээг 01 сарын 02-ны өдөр 24/36 хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж байсан. Өнгөрсөн хугацаанд ажил үүргээ сайн гүйцэтгэсэн. 01 сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэдэг нь 7 сарын 08-ны өдөр халагдаж байгаа юм. Ажлаас халсан шийдвэр бол хууль бус, шалтгаанаа мэдэхгүй байсан учир 7 сарын 8-ны өдөр гэдэг чинь наадмын өдрүүд, наадмын амралт дуусаад 7 сарын 16-ны өдөр халагдах тушаалаа авсан. Ажлаа хаяж явсан гэдэг бодол үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл төв цэнгэлдэхэд 2024 оны 07 сарын 06-ны өдрийн Бямба гаригт ажилласан. Тухайн өдөр бол энэ байгууллагын хувьд амралтын өдөр дуудаж ажиллуулсан. Өглөө 06 цаг 30 минутаас оройны 23 цаг 30 минут хүртэл тасралтгүй 17 цаг 30 минут ажил үүргээ гүйцэтгэсэн. Өглөө нь хариуцсан зам талбайгаа хариуцаж явж байгаад өдөр 10 цаг төв цэнгэлдэх дээр очиж, орой 23 цаг 30 минут хүртэл байсан. Тэгэхэд цэнгэлдэхээс ажлаа хаяж явсан гэдэг буруу ойлголт байгууллага дотроо үүсчихсэн. Хууль тогтоомжийн хувьд ажлаас халсан тушаал нь хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.4, гэсэн хоёр заалтыг үндэслэсэн. Байгууллагын дотоод журмын хоёр заалтыг бас үндэслэсэн байсан. Ингээд 80.1.2, 80.1.4, гээд хууль тогтоомжийг хоёуланг нь хэрэглэчихсэн буруу 80.1.2 болохоор ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино гэж заачихсан. Энэ заалтыг хоёр байдлаар зөрчиж байна. Тэнцэхгүй байсан гэдгийг тогтоогүй, ямар нэгэн шалгалт аваагүй байж, энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж байгаагүй, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацааг олгож байгаагүй. Тухайн заалтыг 2 байдлаар зөрчсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж хуульчилсан. Ажилтан бол ямар нэгэн сахилгын зөрчил гаргаагүй, ямар сахилгын зөрчил гарсан нь тодорхойгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 80.4-т тухайн үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, цуцлах тухай хүсэлтээ бичгээр, эсвэл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд, ажилтанд мэдэгдэл өгснөө шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй гэж заасан. Тэгэхээр 30 хоногийн өмнө бичгээр мэдэх ёстой байсныг зөрчсөн. 80.5-т болохоор 80.4-т заасны дагуу мэдэгдэл авсан ажилтнаар ажил үүргийг нь үргэлжлүүлэн гүйцэтгэх шаардлагагүй гэж үзвэл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хүртэл хугацаагаар олговор олгож ажиллуулахгүй гэж заасан. Үүнийг бас зөрчсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т заасны дагуу ажил олгогч бол ажилгүй байх хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжих хэмжээний олговор олгох үүрэгтэй. Энэ олговрыг хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 сарын 06-ны өдрийн а/192 тоотын дундаж цалин хөлс тооцох журмыг баримталж тооцож байгаа.. 01 сарын дундаж цалин 3,634,340.67 төгрөг, 1 өдрийн дундаж цалин 174.063 төгрөг, ажилтан 2024 оны 07 сарын 08-ны өдрөөс хойш, өнөөдөр 2025 оны 01 сарын 14-ний өдрийн байдлаар 6 сар 5 хоног ажилгүй байна. Нийт нэхэмжилж байгаа үнийн дүн бол 22,671,363.21 төгрөг болно. Сахилгын шийтгэл оногдуулсан 2 тушаал хоёулаа үндэслэлгүй гэв

 

2. Хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ц.Ц нь Х ААТҮГ-т Хот тохижилтын газраас шилжиж ирээгүй бөгөөд хуваарилагдсан байгууллага нь таалагдахгүй байсан учир ажлаа орхин өргөдөл өгч гарсан бөгөөд Х ААТҮГ-т хүсэлт гаргаж түр туршилтаар ажиллаж байсан болно. Ц.Ц нь тус байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн хуулийн заалт, ажлын байрны тодорхойлолт, тус байгууллагын ажлын онцлог, ажлын нөхцөл, удирдах, удирдуулах ёс зүйг бүх талаараа илт зөрчдөг, алдаагаа хүлээн зөвшөөрдөггүй, хамт олныг бутаргах, эв нэгдлээ илэрхийлэх чадваргүй, зохисгүй үйлдэл, үг хэлийг тогтмол гаргаж байсан нь туршилтаар ажиллах хугацаанд шат дараалсан арга хэмжээ авах нөхцөлийг бүрдүүлсэн ба цаашид тус хамт олны дунд ажиллах боломжгүй болж, Хөдөлмөрийн хуулийн заалтыг удаа дараа зөрчсөний улмаас Хөдөлмөрийн гэрээний 3.2.4-т заасны дагуу сахилгын шийтгэл удаа дараа авч байсан тул Хөдөлмөрийн гэрээний 3.2.9-т заасны дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн заалт, Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлаас чөлөөлсөн болно. Ц.Ц нь Хөдөлмөрийн гэрээний 4.2.6-г биелүүлэхээс эрс татгалзаж хариуцсан хэлтсийн даргын тавьсан шаардлагад тогтмол тайлбар өгөх, 4.2.10-д заасан заалтыг хэрэгжүүлэхээс илт татгалзаж нөхөрсөг эвсэг харилцааг эрхэмлэхийн эсрэг тогтмол хэл ам хийж Хөдөлмөрийн гэрээний 5.2.11-т заасан удирдах албан тушаалтны тавьсан зүй ёсны шаардлагыг биелүүлэхээс үндэслэлгүй татгалзаж 5.2.14-т заасан удирдах албыг гүйцэтгэх чадваргүй 5.2.17-д заасны дагуу бусдыг өдөөн турхирах, бригадын хамт олноо ялгаварлах, ятгах, зарим нэгэнд нь дарамт үзүүлсэн тохиолдол ч байгаа юм. Ц.Ц нь Хот тохижилтын газар ажиллаж байх хугацаандаа удирдсан бригадаа мөн бутарган хувааж хамт олондоо нэр хүндгүй болж, удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүйн улмаас хариуцлага алдаж арга хэмжээ авхуулж байсан ба үүний үр дүнд ажлаас чөлөөлөгдсөн байна. Ц.Ц Хот тохижилтын газар-аас Х ААТҮГ-т шилжиж ирсэн мэт тайлбарлажээ. Гэтэл уг хүн шилжиж ирсэн Хан-Уул дүүргийн Э ААТҮГ-таа ажлын байр болон удирдлага нь таалагдахгүй байгаа тул Х ААТҮГ-т ажиллах өргөдөл өгч ажилд түр туршилтаар томилогдсон болно. Туршилтын хугацааг дахин 3 сараар сунгасан учир нь Ц.Ц-ийн ажилд хандаж буй байдал, хамт олонч бус, шаардлага хүлээн авдаггүй байдлаас шалтгаалсан ба уг хүн нь урьд нь ажиллаж байсан газраасаа халагдаж байсан, ажилд орсон байгууллагадаа тогтворгүй, ажлын байр, хамт олон таалагддаггүй байдлаар тодорхойлогдож байгаа. Х ААТҮГ-т орсоноосоо хойш Захирлын зөвлөлийн хурлаар 4 удаа орж сануулга авсан, 2 удаа Хөдөлмөрийн хууль, Дотоод журмын заалтаар тушаалаар сануулга болон сахилгын арга хэмжээ авсан бөгөөд уг арга хэмжээнүүдээ хүлээн зөвшөөрдөггүй уг хурлаар асуудал хэлэлцэхэд биеэр оролцсоноо мэдээгүй мэтээр тайлбарладаг. 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Захирлын зөвлөлийн хурлыг Ц.Ц-ийн бригадын 10 хүний хүсэлтээр хийж Ц.Ц-д тушаалаар сануулах арга хэмжээ авсан. (Протокол хавсаргав) Уг сахилгын арга хэмжээ авсан үед туршилтын хугацаа давхцал үүсч сахилгын арга хэмжээтэй тул туршилтын 3 сарын хугацааг хуулийн дагуу дахин сунгаж уг ажилтанд алдаагаа засах боломж олгосон. Тус газрын Хөдөлмөрийн дотоод журмын 6.1.6, 11.5 дахь заалтын дагуу туршилтын хугацаанд сахилгын арга хэмжээ авагдвал ажлаас чөлөөлөгдөх заалттай байдаг боловч Ц.Ц-д боломж олгож туршилтын хугацааг сунгасан болно. Ц.Ц-ийн талаар бригадын хамт олноос нь тогтмол гомдол санал гарч ажилтан Э, Г, Б нараас ажлаас нь өөрчлөх хүсэлтийг өгсөн бөгөөд Зам талбай, ногоон байгууламжийн хэлтсийн дарга Р.Д, менежер Ч.М нараас мөн л 1-р бригадын мастер Ц.Ц-г өөрчлөхгүй бол бидэнтэй тогтмол маргалдаж өгсөн үүрэг даалгавар биелүүлэхгүй харьцааны соёлгүй, хариуцсан зам талбайд нь тогтмол гомдол гардаг тул иргэд аж ахуйн нэгж байгууллага, хорооноос хүртэл танай мастер харьцаа муутай гэх гомдол ирсэн тул Захирлын зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 25, 2024 оны 04 дүгээр сарын 12, 2024 оны 05 дугаар сарын 02-ны хурлуудаар анхааруулж (протоколууд эх хувиараа хавсаргав) удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй анхааруулсан байдал, сануулгыг эсэргүүцэн хэлтсийн даргатайгаа байнга хэрэлддэг болно. Наадмын бэлтгэл ажил эхэлсэн үед ажилчдаа удирдах ажлын байраа орхин явсан. Уг байдал даамжирч бригадын 3 хүн архи ууж согтуу байсан, уг байдал хэд хэдэн удаа давтагдсан, ажлын байранд архи уудаг, ажил тасалдаг, өөрийн гарын гэх нэр бүхий хүмүүс нь байнга ийм байдалтай байдаг, үүнийг нь нуун дарагдуулж машинд нь хүртэл согтуу Зам талбайн үйлчлэгч нар унтаж байсан талаарх мэдээлэл байгаа. Ажилчдыг хэсэг хэсгээр нь хувааж ялгаварлан харьцдаг талаарх өргөдөл ч байгаа. Удирдах удирдуулах ёс, хууль дүрмийг огт ойшоодоггүй. Уг байдлаа Хот тохижилтын газар ажиллаж байхдаа тогтмол гаргаж байсан талаар, дараа нь Зам талбай ногоон байгууламжийн хэлтсийн дарга, менежертэйгээ хэрэлдэж, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй, ажилчдаа буруу тийш нь турхирч ажил гүйцэтгэхгүй ажлын байраа орхиж явсан тул дээрх удирдлагуудын танилцуулснаар 2 дахь сахилгын шийтгэлээ авсан. Хувь хүний зан чанар нь хүн гүтгэдэг, худлаа ярьдаг нь нотлогдож байгаа. Энэ нь сахилгын хариуцлага авснаа мэдээгүй гэж худал мэдээлэл өгч байгаа нь өөрийн алдаагаа хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд тус газрын зүгээс зөрчлийн алдаа гаргаагүй хүнд хууль болон Дотоод журмын хариуцлага тооцох ямар ч үндэслэл байхгүй. Уг асуудлыг Захирлын зөвлөлөөр нээлттэй хэлэлцдэг болно. Удирдлагын өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй, өөрт нь сануулах арга хэмжээ авч анхааруулж байхад тогтмол үгүйсгэж эсэргүүцдэг. Өөрийн хариуцсан хэлтсийн даргатайгаа огт таарахгүй, өгсөн үүрэг даалгавар биелүүлэхгүй байгаа байдал дахин дахин гарсан тул 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Захирлын тушаалаар 2 дахь сахилгын арга хэмжээ авагдсан болно. Тус байгууллагын ажлын онцлог нь бүх баяр ёслол, төрийн баяр наадам, нийслэлийн арга хэмжээний цэвэрлэгээ арчилгааг бүрэн хариуцдаг, ард иргэдийн хоггүй орчинд наадамдах нөхцөлийг бүрдүүлж ажилладаг бөгөөд 2024 оны наадмаар тус газар нь Төв цэнгэлдэх хүрээлэнг бүрэн хариуцан ажиллаж байх үед ажлаа орхин ажилчдаа уруу татаж ажлын байраа орхин явсан, ажилчид нь согтуу байсан тул Захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэж Ц.Ц-г цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ажлаас чөлөөлсөн. Ц.Ц нь туршилтын хугацаа дуусаагүй байх хугацаандаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.2, 80.1.4 дэх заалтууд, Хөдөлмөрийн дотоод журмын 7.7, 7.12, 11.7.13, 11.1.2, 11.1.5, 11.7.2, 11.8.2 заалтуудын дагуу ажлаас чөлөөлөгдөх үндэслэл болсон. Ц.Ц-г ажлаас чөлөөлөхөд сунгасан туршилтын хугацаа дуусаагүй байсан ба Хөдөлмөрийн дотоод журмын 6.1.6 зүйл, Хөдөлмөрийн хуулиудын холбогдох заалтуудын дагуу ажлаас чөлөөлөх үндэслэл болсон. Ц.Ц нь Хөдөлмөрийн дотоод журмын 7.7, 7.12 дахь заалтуудыг удаа дараа зөрчсөн болох нь тогтоогдсон болно. Байгууллагын дотоод журмыг хамт олны хурлаар хэлэлцэж баталсан бөгөөд уг хуралд Ц.Ц өөрийн биеэр суусан байж Дотоод журмыг сонсоогүй мэт тайлбарлажээ. Ажилчдаас ирсэн санал гомдлыг хамт олны дунд нь ил танилцуулах нь зөв гэж үзэн хурал дээр Ц.Ц-ийн тухай ирсэн гомдлыг танилцуулсан болно. Ц.Ц нь Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн маргаан зохицуулах 3 талт хороо-нд гомдол гаргахдаа мөн л ямар ч алдаа хийдэггүй, үүрэг даалгавар биелүүлдэг, алдаа гаргадаггүй ажилтан гэж тайлбар өгсөн бөгөөд уг хурлын явцад маргаан таслах комиссын гишүүдээс Ц.Ц-д алдаа дутагдлаа ухамсарлах талаар зөвлөмж өгсөн бөгөөд уг хурлын дараа нь Ц.Ц-г Х ААТҮГ-ын захирал хүлээн авч удирдах албан тушаалаа хийх боломжгүй нь тогтоогдсон тул бригадын даргын үүрэгт ажил хийх санал тавьсан боловч хүлээж аваагүй болно. Ц.Ц өөрийн алдаагаа ухамсарлахын оронд 6 сарын цалинтай тэнцэх мөнгө нэхсэн бөгөөд тус газарт хуулиас давсан 6 сарын тэтгэмж олгох эрх хэнд ч байхгүй болно. Ц.Ц нь өөрийн алдаа дутагдлаа зөвшөөрч ажиллахын оронд ажиллаж буй газар бүртээ алдаа дутагдал гаргадаг, удирдлагын үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, хамт олноо ялгаварлан хуваагдуулж ажилладаг байдал нь 6 сарын хугацаанд хэт ихээр мэдрэгдэж даамжирсан болно. Өөрийнхөө тухай сайн ажилтан мэт тайлбар хийж өргөдөл санал бичүүлж буй Р.Д, Б.Б нар мөн л ажлын алдаа гаргадаг ажил тасалдаг, хөдөлмөрийн дотоод журам тогтмол зөрчиж байгаад сахилгын болон дотоод журмаар 2 удаа арга хэмжээ авхуулан ажлаас чөлөөлөгдсөн ажилтнууд болно. Мөн зам талбайн үйлчлэгч Б.О нь ажилдаа хариуцлагагүй ханддаг, ажлын байран дээр хөдөлмөрийн зөрчил гаргадаг тул 2 удаа тушаалаар арга хэмжээ авхуулсан ажилтан болно. Ц нь өөрийн хариуцсан бригадын зам талбайн үйлчлэгч нараа ч зөв удирдахгүй, алдаа дутагдалтай нь эвлэрч ажилчдыг ялгаварлаж ханддаг зарим нэгний алдааг хаацайлж хандаж байгаагаараа өөрийнхөө тухайн элдэв сайн мэт өргөдөл бичүүлж заншсан нь харагдаж буй юм. Тус байгууллага нь ажилтныг алдаагаа засах талаас нь олон талын зөвлөмж өгөх, хамтарч ажиллахыг хичээдэг бөгөөд тус байгууллагад ажиллаж буй 120-иод ажилчдын дунд байгаа ганц нэг хамт олныг бутаргах, гүйцэтгэх үүрэг даалгаврыг үл тоох байдлыг цаашид тэвчихгүй хуулийн хүрээнд хариуцлага тооцон ажиллах болно. Иймд Ц.Ц-ийн хүсэлт, шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй болохыг үүгээр илэрхийлье. Ц.Ц-ийн нэхэмжлэлийг хүлээн авахгүй, хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өөрт нь сахилгын арга хэмжээ авсныг танилцуулаагүй гэж тайлбарласан. Би бол зөвлөлийн хурал дээр яг ямар арга хэмжээ авч байгаа, ямар хүнийг гэрээгээр сунгаж байгаа гээд бүх үйлдлийг зөвлөгөө дээр ярьдаг. Тэр нь дээр ярьсан бүх зүйлийг протокол дээр хөтөлдөг. Түүнийг манай хүний нөөцийн ажилтан танилцуулаагүй өнгөрснийг үгүйсгэхгүй байна. Яагаад гэвэл 2 удаа протокол арга хэмжээ аваа гэж миний гаргасан шийдвэр байгаа учраас, тийм болохоор тэрийг танилцуулаагүй гээд, өөрийнхөө алдаа гаргасан зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаад харамсалтай байна. Улсын том наадам эхлэх гэж байхад, ажил эхэлсэн 6-ны өдөр согтуу ажилчдаа хаяад явчихсан. Өглөө ажилдаа ирсэн үү? ирсэн. Тэр зургаар баталгаажуулж байгаа нь өглөө болгон манай ажилчид 6 цагт ажилдаа ирэхдээ бид ажилдаа ирлээ гэж бүртгүүлдэг бүртгэл нь. Гэтэл энэ хүн үдээш хойш 4 цаг гэхэд ажилчид нь байхгүй, өөрөө ч байхгүй, одоо гэрчээр оролцох хүмүүс бүгд тэнд ажиллаж байсан. Согтуу байж байгаа 4 хүнтэй уулзсан. Яагаад ингэсэн гэхээр тар гэхээр нь тараад, 2 хоног ээлжилж илүү цагаар ажиллачихсан болохоор жоохон архи уучихсан юмаа захирлаа уучлаарай гэсэн. Тэгэхээр нь би за архи уучихсан юм чинь хариа гэсэн. Тэгээд маргааш ажилдаа ирээрэй гэсэн.. Гэтэл орой 23 цагт одоо хариуцсан н.Д, н.М хоёр над руу ярьсан. Ц.Ц мастер буцаад ирлээ, буцаж хүмүүс нь яасныг мэдэхгүй гэнэ гэсэн. Ийм юм болчхоод одоо болохоор 17 цаг ажилласан гэж байна. Энэ хүн 8-нд яагаад халагдсан бэ? гэхээр би танд нэг удаа тушаалаар сануулах, 4 удаа протокол, 2 удаа сануулга өгсөн. 4 сарын 9-ний өдөр хугацаа нь дуусаад үндсэн ажилтан болгохгүй, ажилд авах уу? байх уу? гэсэн нөхцөлтэй байсан. Таныг ажилдаа тэнцэхгүй гээд тушаалыг нь гаргавал гаргах байсан. Гэтэл би өөрт нь боломж олгож, дахиад 3 сар сунгасан хооронд ийм алдаа гаргасан. Тэгээд дахиад хурал хийгээд наадмын том арга хэмжээний асуудлыг хаяж явсан, хүмүүс нь согтуу байсан, энэ ажлыг хийх ямар ч нөхцөлгүй гээд ажлаас нь халж чөлөөлсөн. Нэхэмжлэгчийн өөрийнх хүнтэй харьцдаг харьцаа, хүнийг ялгаварладаг, тийм хуулиар 80.1.1, 80.1.2, 80.1.4, гэдэг заалтууд. Энэ хоёр заалт биш дээ. Нийт 6 заалтыг зөрчсөн. Хөдөлмөрийн дотоод журмын 7.7, 7.12, 11.7.13, 11.1.2, 11.8.2, 11.1.5 гээд бүх заалтыг зөрчсөн гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий 7 сарын 8-ны өдрийн тушаалаас өмнө нь хоёр удаа арга хэмжээ авсан тушаал гарсан юм байна. Тэгэхээр тухайн тушаал гарах болсон үндэслэлүүд ерөөсөө л байгууллагын хөдөлмөрийн дотоод журам дээр заасан ажилтны гаргасан ноцтой зөрчил, энэ хүн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй юм байна. Дуудсан цаг хугацаанд ажлаа гүйцэтгэдэггүй. Үүрэг болгосон ажлаа хангалттай хичээж гүйцэтгээгүй. Байгууллагын ажилтан алба хаагчдыг үл хүндэтгэсэн гэх юм уу холбогдох асуудлууд удаа дараа гарсан учраас хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулгаар, байгууллагын дотоод журмын 2 заалтыг удирдлага болгон 2 тушаал гаргасан. Шүүх дээр хэрэг маргаан анх үүсэхдээ ажилд эргүүлэн тогтоолгох асуудлууд хэлэлцэгдэж байсан. Хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй талаар тайлбар болон холбогдох баримтаа ирүүлсний дараа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх шаардлага нэмэгдүүлэх асуудал ирүүлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд заасан шүүх, шүүхэд хандах боломжит нөхцөл, тухайн нөхцөлд байдал шаардсан шаардлагыг хангасан эсэх. Хөдөлмөрийн хуульд заасан маргаан үүсгэх хуульд заасан хугацааг хэтрүүлж нэхэмжлэлээ гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тухайн шаардлагыг шүүхээс хангаж шийдвэрлэх нөхцөл бүрдээгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.2, 80.1.4 дэх заалтууд маргаан бүхий агуулга үндэслэл хангачихсан. Сахилгын зөрчлийг 2 болон түүнээс дээш давтан гаргасан тохиолдолд шууд цуцлахаар гэрээнд тусгасан тохиолдолд ноцтой зөрчил гаргасанд тооцно шүү гэдэг агуулга. Сахилгын зөрчлийг удаа дараа буюу давтан гаргасан байна уу? үгүй юу гэдэг нь маргааны гол үйл явдал болж байна. Тийм ч учраас сахилгын шийтгэлтэй холбоотой асуудлаар маргаан үүсгээгүй тохиолдолд дараа дараагийн гаргасан зөрчлөөр давтан гаргасан гэх шинжийг агуулна гэж харж байна. Тэгэхээр яах уу? 07 сарын 06-ны өдөр ч гэхиймуу, 8-ны өдөр ч юм уу? талууд харилцан адилгүй тайлбарлаж байна. Ямар ч байсан тодорхой хугацаанд үүрэг гүйцэтгэхээс татгалзсан ийм асуудал. Татгалзсан нь хуульд нийцсэн гэж тайлбарлаж байна. Шууд ажлын байрыг хаяж явсан үйлдэл нь хэр зүйд нийцэх вэ? цаашдаа тайлагнах үр дүнгээ тооцох хүндрэлтэй нөхцөл байдал тулгарсан талаар хэлэлцүүлгийн шатанд яригдаж байна. Сахилгын зөрчлийг давтан гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-т нөхцөл хангагдсан гэж үзэх хүчин зүйл байна. Зөрчил гаргасантай холбоотой асуудлыг тогтоох талаар хэргийн оролцогч нар өөрсдийн зүгээс шаардлагатай баримтыг гаргаж өгсөн. 2024 оны 01 сарын 02-ны өдөр томилогдохдоо тухайн этгээдийг туршилтын хугацаагаар томилуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлд зааснаар, туршилтын хугацаанд нэг удаагийн 3 сараар сунгаж болно гэдэг агуулгын хүрээнд. Хамгийн сүүлийн 4 сард гарсан тушаалаар хугацааг сунгахдаа 7 сарын 9-ний өдөр хүртэлх хугацаанд сунгасан. Энэхүү өдрийг дуусахаас 1 хоногийн өмнө тушаал гарсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.2-т уялдаж тайлбарлах юм бол ажилтны ажил мэргэжлийн үр дүн хангалттай хэмжээгээр үндэслэл бүхий , гэдэг асуудал дээр ажил олгогчийн зүгээс дүгнэлтээ хийсний үндсэн дээр тэрхүү этгээдийг үндсэн ажилтнаар томилох боломжгүй гэдэг дүгнэлт хийсэн юм байна. Эдгээр ажил олгогчийн ажлаас чөлөөлөх маргаан бүхий акт бол хуульд нийцсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.2, 42.2.7-т ажилтан хөдөлмөрийн тухай хуулиар хүлээсэн үүргээ захиргааны журмаар хангалттай хэмжээнд хэрэгжүүлж ажиллаагүй, тухайн ажиллаагүй зөрчил нь хэргийн материалд авагдсан баримтаар тогтоогдож байна. Эдгээр агуулгаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас, иргэний үнэмлэхийн хуулбар, 2024.01.02-ны өдрийн №24/36 дугаартай хөдөлмөрийн гэрээ, Х ААТҮГ-ын зам талбайн мастерын ажлын байрны тодорхойлолт, Хан-Уул дүүргийн Х ААТҮГ-ын захирлын 2024.07.08-ны өдрийн Б/189 дугаартай ажлаас чөлөөлсөн тушаал, Ц.Ц-ийн 2024.08.07-ны өдрийн Х ААТҮГ-ын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гаргасан гомдол, Х ОНӨААТҮГ-ын 2024.08.07-ны өдрийн 156 дугаартай албан бичиг, Ц.Ц-ийн 2024.08.28-ны өдрийн Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргасанд гаргасан гомдол, Ц.Ц-ийн 2024.09.16-ны өдрийн Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хүргүүлсэн хариу тайлбар, Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, Б.О, н.Д, Б.Б нарын 2024.07.09-ний өдрийн гаргасан өргөдөл, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, ажиллаж байх хугацааны шагналууд, 2024 оны 1,2,3,4 сарын цалингийн тодорхойлолт, Д.Б-ийн шүүхэд ирүүлсэн тодорхойлолт, фото зургууд зэрэг баримтыг шүүхэд ирүүлжээ.

 

4. Хариуцагч талаас хариу тайлбар, Х ААТҮГ-ын захирлын 2024.01.02-ны өдрийн Б/03 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулах тушаал, 2024.03.22-ны өдрийн Б/129 дугаартай сануулах арга хэмжээ авах тушаал, 2024.04.09-ний өдрийн Б/102 дугаартай туршилтын хугацааг сунгах тухай тушаал, 2024.06.27-ны өдрийн Б/178 дугаартай сахилгын арга хэмжээ авах тухай тушаал, 2024.07.08-ны өдрийн Б/189 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал, Г.Э, Н.Г, Т.Б, Ч.М нарын өргөдөл, Х ААТҮГ-ийн захирлын зөвлөлийн шуурхай хурлын 2024.03.25-ны, 2024.04.12-ны, 2024.05.02-ны, 2024.07.08-ны, 2024.09.11-ний, 2024.03.20-ны өдрүүдийн тэмдэглэл, Х ААТҮГ-ын захирлын 2024.01.02-ны өдрийн Б/31 дугаартай тушаал, 2024.02.14-ний өдрийн Б/72 дугаартай тушаал, 2024.07.08-ны өдрийн Б/188 дугаартай тушаал, Ц.Ц-ийн Х ААТҮГ-ын удирдлага, хүний нөөцийн хэлтэст хүргүүлсэн бичиг, Х ААТҮГ-ын захирлын 2024.09.09-ний өдрийн Б/269 дугаартай тушаал, 2024.10.31-ний өдрийн Б/332 дугаартай тушаал, 2024.01.02-ний өдрийн Б/12 дугаартай тушаал, 2024.02.01-ний өдрийн Б/58 дугаартай тушаал, 2024.08.02-ны өдрийн Б/218 дугаартай тушаал, 2024.01.02-ны өдрийн Б/13 дугаартай тушаал, 2024.07.08-ны өдрийн Б/188 дугаартай тушаал, 2024.09.09-ний өдрийн Б/268 дугаартай тушаал, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Х ААТҮГ-ын захирлын 2024.01.02-ны өдрийн А/04 дугаартай хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай тушаал, хөдөлмөрийн дотоод журам, фото зураг, Н.Г, Б.Х, Т.А нарын бичгээр ирүүлсэн тодорхойлолт, Ц.Ц-ийн 2024 оны цалин, нийгмийн даатгал төлөлтийн тодорхойлолт, Х ААТҮГ-ын захирлын зөвлөлийн шуурхай хурлын 2024.06.25-ны өдрийн тэмдэглэл зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн.

 

Шүүхээс гэрчээр Ч.М, Г.Э нарыг асуусан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ..Тус тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн хэд хэдэн заалт болох 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.4-т заасныг үндэслэл болгосон нь мөн ойлгомжгүй байдаг. Зөрчил, дутагдал гаргаж байгаагүй тул эдгээр хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Хэрэв 10 жил ажилласан хүнийг ажил үүрэгтээ тэнцэхгүй гэж үзэж байвал шууд халахаасаа өмнө анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгох, эсвэл урьдчилаад хэлэх ёстой атал өмнө энэ талаар огт хэлж ярьж, сануулж байгаагүй. Хэрэв сахилгын зөрчил давтан гаргасан, эсвэл ноцтой зөрчил гаргасан гэж үзвэл яг ямар зөрчил гаргасан, сахилгын арга хэмжээ авсан гэх тушаалуудыг маргаан таслах комисс дээр байхдаа л харсан учраас үндэслэлгүй. Иймд намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү.. гэв.

 

3. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэдэг. Үүнд: 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Захирлын зөвлөлийн хурлыг Ц.Ц-ийн бригадын 10 хүний хүсэлтээр хийж Ц.Ц-д тушаалаар сануулах арга хэмжээ авсан. Уг сахилгын арга хэмжээ авсан үед туршилтын хугацаа давхцал үүсэж сахилгын арга хэмжээтэй тул туршилтын 3 сарын хугацааг хуулийн дагуу дахин сунгаж уг ажилтанд алдаагаа засах боломж олгосон. Өөрийн хариуцсан хэлтсийн даргатайгаа огт таарахгүй, өгсөн үүрэг даалгавар биелүүлэхгүй байгаа байдал дахин дахин гарсан тул 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Захирлын тушаалаар 2 дахь сахилгын арга хэмжээ авагдсан болно. 2024 оны наадмаар тус газар нь Төв цэнгэлдэх хүрээлэнг бүрэн хариуцан ажиллаж байх үед ажлаа орхин ажилчдаа уруу татаж ажлын байраа орхин явсан, ажилчид нь согтуу байсан тул Захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэж Ц.Ц-г цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ажлаас чөлөөлсөн. Ц.Ц нь туршилтын хугацаа дуусаагүй байх хугацаандаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.2, 80.1.4 дэх заалтууд, Хөдөлмөрийн дотоод журмын 7.7, 7.12, 11.7.13, 11.1.2, 11.1.5, 11.7.2, 11.8.2 заалтуудын дагуу ажлаас чөлөөлөгдөх үндэслэл болсон. гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5. Нэхэмжлэгч Ц.Ц нь 2024 оны 01 сарын 02-ны өдрөөс Х ААТҮГ-н даргын Б/03 тоот тушаалаар 3 сарын туршилтын хугацаагаар, 2024 ны 04 сарын 09-ний өдрийн Б/102 дугаартай тушаалаар дахин 3 сараар сунгаж, зам талбайн мастерын ажилд томилогдон ажиллаж байсан болох нь зохигчдын тайлбар болон хөдөлмөрийн гэрээ, нэхэмжлэгчийн нийгмийн даатгал төлөлтийн лавлагаа, ажил олгогчийн тушаал зэргээр тогтоогдож байна.

6. Тус газрын даргын 2024 оны 07 сарын 08-ны өдрийн Б/189 дугаартай тушаалаар Ц.Ц-г туршилтын хугацаа дуусаагүй байх хугацаандаа удаа дараа сахилгын арга хэмжээ авагдсан, 2024-07-6 ний өдөр ажлын байран дээрээ бүрэн байгаагүй гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.2, 80.1.4 дэх заалтууд, Хөдөлмөрийн дотоод журмын 11.7.2, 11.8.2-д тус тус заасныг үндэслэн түүнд ажлаас халах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулжээ.

7. Хариуцагч байгууллага нь Ц.Ц-г сахилгын зөрчлийг давтан гаргасан, 2024-07-06 ний өдөр ажлаас буух удирдлагын чиг үүрэг ирээгүй байхад бууж, тасалсан сахилгын ноцтой зөрчлийг гаргасан үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, арга хэмжээ авсан үндэслэл хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх ба энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. гэж заасантай нийцэхгүй байна.

7.1 Нөгөөтэйгүүр, Ц.Ц нь дээрх зөрчлийг хэзээ гаргасан, түүнийг нь ажил олгогч хэзээ илрүүлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байх ба хэрэгт 2024-03-22 ний өдрийн Б/129 дугаартай тус байгууллагын даргын сануулах арга хэмжээ авсан тушаал, 2024-03-20 ний өдрийн Захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэл, 2024-06-27 ний өдрийн Б/178 дугаартай даргын сахилгын арга хэмжээ авах тухай тушаал, 2024-07-08 ний өдрийн Захирлын зөвлөлийн шуурхай хурлын тэмдэглэл зэрэг баримтууд байх боловч тэмдэглэлд зөвхөн хөтөлсөн этгээдээр Д.Л, танилцсан дээр захирал Ц.Ц гарын үсэг зурсан, эдгээр сахилгын арга хэмжээ авагдсан тушаалыг нэхэмжлэгчид хэрхэн танилцуулж байсан баримтууд авагдаагүй. Энэ нь мөн л Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ гэж хуулийн заасантай нийцэхгүй байна. Иймээс эдгээр сахилгын арга хэмжээ авсан тушаал нь хүчингүй юм.

8. Хариуцагч Х ААТҮГ нь Ц.Ц-г 2024-07-06 ний өдөр улсын баяр наадмын бэлтгэл хангах өндөр ачаалалтай өдөр удирдлагаас өгсөн ажлаас буух зааврыг хүлээлгүй ажлаас тарсан нь ажлаас халагдах үндэслэл болсон талаар тайлбарлах ба гэрч Ч.М нь ... Ц.Ц нь тус өдөр өглөөний 09-10.00 цагаас ажилдаа орой 10-11 цагийн үед нэхэмжлэгч буусан .гэж мэдүүлсэн тул ажлаа тасалсан гэдэг нь үгүйсгэгдэх ба тухайн өдрийн 23 цагаас хойш үргэлжлүүлэн ажиллуулахыг шаардах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 т Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно гэх заалттай нийцэхгүй юм.

9. Эдгээрээс үзэхэд нэхэмжлэгч нэхэмжлэгч Ц.Ц-г сахилгын давтан зөрчил гаргасан, ажил тасалж хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан арга хэмжээ авсан нь хуульд нийцээгүй байх тул Б/189 дугаар тушаалыг хүчингүй болгох үндэслэлтэй.

10. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор ... гомдол гаргах эрхтэй гэж заасан.

 

10.1 Нэхэмжлэгч Ц.Ц нь дээрх маргаанд байгууллагын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст 2024 оны 08 сарын 07-ний өдөр гомдол гаргасан, 2024 оны 08 сарын 28 ний өдөр дүүргийн хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасныг тус хороо 2024.09.25-ний өдрийн дугаар 24/45 тэмдэглэл гаргаж, талууд харилцан тохиролцоогүй үндэслэлээр дуусгавар болгосон байна.

10.2 Нэхэмжлэгч нь дээрх тэмдэглэлийг 2024 оны 09 сарын 25-ний өдөр хүлээн авснаар шүүхэд нэхэмжлэлээ 2024 оны 10 сарын 04-ны өдөр гаргасан нь хуульд заасан хугацаанд гаргасан байна.

11. Түүнчлэн нэхэмжлэгч Ц.Ц нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж зааснаар 159 хоногийн олговорт 22,671,363 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэв.

11.1 Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3-т зааснаар шүүх нэхэмжлэгч Ц.Ц-ийн цалингийн дунджийг түүний хэрэгт авагдсан Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг үндэслэн сүүлийн бүтэн ажилласан гурван сарын дундаж болох нэг сарын цалингийн дундаж 3,634,340 төгрөг, нэг өдрийн дундаж цалин 173,063 төгрөг болох нь хэрэгт авагдсан Ц.Ц-ийн нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаагаар тогтоогдоно. Шүүх нэхэмжлэгч Ц.Ц-ийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо түүний ажилласан сүүлийн 3 сар буюу 2024 оны 5,6,7 дугаар саруудын цалингаас тооцсон болохыг дурдаж байна.  

Иймд Ц.Ц-ийн ажилгүй байсан 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2024 оны 1 дугаар сарын 14ий өдрийг хүртэлх хугацааны ажлын хоногуудаар тооцож 22,671,363 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах гэж заасны дагуу хариуцагчид нэхэмжлэгч Ц.Ц-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасахгүйгээр тооцох, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах нь зүйтэй байна.

12. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1 хэсэгт заасныг баримтлан Х ААТҮГ-н захирлын 2024 оны 03 сарын 22 ний өдрийн Б/129 дугаартай сануулах арга хэмжээ авсан тушаал, 2024 оны 06 сарын 27 ний өдрийн Б/178 дугаартай сахилгын арга хэмжээ авсан тушаал, 2024 оны 07 дугаар сарын 08-ний өдрийн Б/189 дугаартай ажлаас чөлөөлөх тушаалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.Ц-г Х ААТҮГ-н зам талбайн мастерын ажилд эгүүлэн тогтоож, нөхөн олговорт 22,671,363 төгрөгийг хариуцагч Х ААТҮГ -аас гаргуулан нэхэмжлэгч Ц.Ц-д олгосугай.

2Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-т зааснаар нэхэмжлэгч Ц.Ц-ийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр дээрх олговроос шимтгэл тооцон нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Х ААТҮГ-т даалгасугай

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Ц-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ