Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 178

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

Улсын яллагч Х.Ням-Эрдэнэ,

Шүүгдэгч Ч.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ч.Гт холбогдох 1706010590122 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1976 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужааны мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 23 дугаар хоро,о 1 дүгээр хэсэг Баатархайрханы 768 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 42 дугаар гудамжны 132 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Т овогт Ч Г

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Ч.Г нь 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 42 дугаар гудамжны 132 тоотод найз эмэгтэй Г.Болормааг өрөөний хаалга онгойлголоо гэх шалтгааны улмаас нүдэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Гийн өгсөн: “... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, нэмж мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Г.Болормаагийн өгсөн: “... Ганзориг намайг дуудаад би гэрт нь явж очоод 1 лааз пиво уугаад хамт хоносон, маргааш өглөө нь би гараа угаахаар бөөгийн өрөөний хаалганы хажууд байх угуултуурт гараа угаасан чинь цорго нь гацчихсан байсан, тэгэхээр нь ус гаргах гэж хүчтэй цохисон чинь Ганзориг хэвтэж байснаа босож ирээд яасан даварчихсан юм бэ бөөгийн шүтээний хаалга онгойлгочихлоо шүү дээ гээд гарч ирээд намайг цохисон юм. Уг нь хаалга нь онгорхой байсан юм. Г дүлий болохоор цорго руу цохиж дуугарсан чимээг хаалга онгойлголоо гэж бодоод уурласан юм...” гэх мэдүүлэг /хх.11-12/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 10356 дугаартай:

“1. Г.Болормаагийн биед баруун нүдний зовхинд хаван, цус хуралттай гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэл болно.

4. Цаашид эрүүл мэндийн хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.19/,

Мөрдөн байцаалтад Ч.Гийн яллагдагчаар өгсөн: “... Би Болормааг дуудаад пиводсон юм. Тэгээд хамт хоноод маргааш өглөө нь Болормаа босоод гар нүүрээ угаахаар явсан, би хэвтэж байтал миний бөөгийн тахилын өрөөний хаалга дуугарах шиг болоод яваад очтол онгойчихсон байхаар нь Г.Болормааг онгойлгосон байна гэж бодоод цохьчихсон юм...” гэх мэдүүлэг /хх.29/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Ч.Г нь 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 42 дугаар гудамжны 132 тоотод найз эмэгтэй Г.Болормааг өрөөний хаалга онгойлголоо гэх шалтгааны улмаас нүдэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн байцаалтад хохирогч Г.Болормаагийн өгсөн: “... маргааш өглөө нь би гараа угаахаар бөөгийн өрөөний хаалганы хажууд байх угуултуурт гараа угаасан чинь цорго нь гацчихсан байсан, тэгэхээр нь ус гаргах гэж хүчтэй цохисон чинь Ганзориг хэвтэж байснаа босож ирээд яасан даварчихсан юм бэ бөөгийн шүтээний хаалга онгойлгочихлоо шүү дээ гээд гарч ирээд намайг цохисон юм. Уг нь хаалга нь онгорхой байсан юм. Ганзориг дүлий болохоор цорго руу цохиж дуугарсан чимээг хаалга онгойлголоо гэж бодоод уурласан юм...” гэх мэдүүлэг /хх.11-12/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 10356 дугаартай дүгнэлт /хх.19/,

Мөрдөн байцаалтад Ч.Гийн яллагдагчаар өгсөн: “... би хэвтэж байтал миний бөөгийн тахилын өрөөний хаалга дуугарах шиг болоод яваад очтол онгойчихсон байхаар нь Г.Болормааг онгойлгосон байна гэж бодоод цохьчихсон юм...” гэх мэдүүлэг /хх.29/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгтт заасан гэмт хэрэгт Ч.Гийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд Ч.Гийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцсон болно.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Ч.Гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.       

Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Ч.Гийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

Ч.Гт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Ч.Гт оногдуулсан торгох ялыг 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж байна.

Ч.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 213.000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Болормаа нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:     

1. Т овогт Ч Г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гт 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Гт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.          

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ч.Гт мэдэгдсүгэй.

5. Ч.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 213.000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Болормаа нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ч.Гт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                               С.ӨСӨХБАЯР